Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

 Л.Эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Өсвөр насны шүүгдэгч  Л.Э

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанхүү

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлээр  Л.Эд холбогдох эрүүгийн 1714000350052 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Л.Э, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

 Л.Э нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 52 дугаар байр 20 тоотод орших Н.Гийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг ж-3” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Л.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Л.Эд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-ийн 2.2-т зааснаар  Л.Эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар  Л.Эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Л.Э нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  Л.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд шүүхээс өсвөр насны шүүгдэгч  Л.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өвсөр насны шүүгдэгч  Л.Эд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-ийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч  Л.Эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.. гэх,

Мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй...” гэх хуулийн зүйл заалтууд нь Монгол улсын Эрүүгийн хуульд тусгагдаагүй зүйл заалтууд байх тул шүүхийг Эрүүгийн хуульд огт байхгүй зүйл заалт хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүхээс шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч  Л.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ, засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх...”, 4 дэх заалтад мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын тогтоох 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Өсвөр насны шүүгдэгч  Л.Эгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа тул шийтгэх тогтоолд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 болон 18.3 дугаар зүйлүүдэд заасан байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал: Хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолын төгсгөл хэсэг хэрэгт хавсаргагдаагүй байх тул уг тогтоолын дагуу тухай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж үзэх боломжгүй бөгөөд уг тогтоолыг хууль ёсны гэж үзэхээргүй байгаа болно.

Мөн  Л.Э нь өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянан үзэх боломжгүй болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын гишүүн О.Амармөнх, Н.Бямбадорж, С.Анхбаяр нар нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Н.Гийн “Самсунг жи-7” маркийн гар утасыг 200.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 26-27-р тал/ атлаа мөн уг бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн гар утсанд дахин үнэлгээ тогтоохдоо “Samsung G-3” маркийн гар утсыг 300.000 мянган төгрөгөөр үнэлсэн нь /хх-ийн 59-60-р тал/ утасны марк болон үнэ илт зөрүүтэй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн байх тул дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулж хохирлын хэмжээг үнэн зөв тодорхойлох шаардлагатай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлд өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар эрхтэй оролцохыг тайлбарлан өгөх, эдлэх эрхийг нь хуульчлан тогтоосон байна.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өсвөр насны яллагдагч  Л.Эгийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Баасанхүүг тогтоосон, хууль ёсны төлөөлөгчид өсвөр насны  Л.Эг яллагдагчаар татах тогтоол, шинжээч томилсон тогтоол, хавтаст хэргийн материал зэргийг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.4, 2.5, 18.9 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг зөрчсөн байна.

Мөн прокурорын яллах дүгнэлт /хх-ийн 87-89-р тал/-ийн “Тэмдэглэх” хэсэгт гэмт хэргийн улмаас яллагдагч  Л.Эгийн бусдад учруулсан хохирлын талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн байх тул яллах дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...шүүгч Н.Баасанбат...” даргалж гэсэн атлаа тогтоох хэсэгт “...даргалагч, шүүгч Ч.Байгалмаа...” гэсэн мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэнийг гэм буруутайд тооцсон нь тодорхой бус байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож  Л.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол  Л.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН