| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0024/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/29 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/29
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: Н.Г-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т дугаар зүйлд зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овгийн Г-гийн Ц- холбогдох 2027000100013 дугаарт хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум 3 дугаар баг ___ гэх газар мал маллан оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Л- овгийн Г-гийн Ц-, регистрийн дугаар:___,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг ___ гэх газар оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.Г-ийг "бусадтай хов яриад гэртээ эртхэн ирсэнгүй" гэх шалтгааны улмаас дух хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсоны улмаас духанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Г.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... Н.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээл төлөх гээд сумын төв рүү явсан. Тэгээд орой гэртээ ирэхээр нь би гэртээ эрт ирэхгүй яасан юм бэ гээд нүүрэн тус газар нь цохисон гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:” ...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал хохирол нэхэмжлэх зүйлгүй. Өөрийн гэсэн оршин суух хаягтай малтай, эдгээр байдлыг харгалзан үзээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Хохирогч Н.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээл төлөх гээд ээж дүүтэйгээ сумын төв орсон. Г.Ц- нь намайг дандаа гичий пизда гэж харааж элдвээр хэлдэг байсан. Би 4 хүүхэдтэйгээ аав ээжийн хамт амьдарч байгаа....” гэв.
Хохирогч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хужирт сумын 3 дугаар багийн нутаг ___ гэх газар байх гэрээсээ ээж, дүү Н.Б- нарын хамт Хужирт сумын төв орж автомашины лизингийн мөнгийг төлчихөөд сумын төвд хоночихоод дүү Н.Б-ийг хот хоорондын автобусанд суулгаж өгчихөөд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны 18 цагийн үед гэртээ харьсан. Гэтэл манай нөхөр Г.Ц- нь хөгшин залуу янхануудтайгаа ховоо ярьж байгаад ирэв үү гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чи яах гэж ингэж байдаг юм гэж хэлтэл хуц гэсэн тэгээд хэрүүл хийгээд надтай хэрэлдээд байсан би зуухныхаа өмнө хулдаас наагаад сууж байсан. ...Тэгээд гуйлгачингууд руугаа зайл гэхээр нь би явлаа гээд гэрээс гарах гэтэл миний автомашины түлхүүр, утас хоёрыг булааж аваад ор луу ахиад түлхсэн тэгэхээр нь би явлаа гэсэн намайг явуулахгүй ална гээд байсан тэгэхээр нь би явлаа гээд орон дээрээс бостол толгой буюу дух хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гоожоод байсан, цус гоожоод байхаар нь ширээн дээр байсан хайрцагнаас парацетмол, цитромон, амокциллин зэрэг 18 ширхэг эм уусан. Тэгээд тэр шөнө намайг явуулахгүй гэртээ хоноод маргааш нь Хужирт сум орж Эрүүл мэндийн төвд үзүүлж толгой дээрээ оёдол тавиулсан мөн хордлого тайлах дусал хийлгэсэн." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12-14рхуу/
Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай эгч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед над руу яриад урд шөнө Г.Ц- намайг зодчихлоо гэж утсаар хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "1.Үзүүлэгч Н.Г-ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн 51 дугаартай дүгнэлт, /хх-ийн 23р хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3-р хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-д гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Г.Ц- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Г-ийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Сайр гэх газар оршин суух өөрийн гэртээ эхнэрээ "бусадтай хов яриад гэртээ эртхэн ирсэнгүй" гэх шалтгааны улмаас дух хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсоны улмаас духанд нь шарх гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14 дугаар хуудас, гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17р хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ц- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц- нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Ц- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбаргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч Г.Ц- ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Л- овгийн Г-гийн Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г-гийн Ц-д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г-гийн Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г-гийн Ц- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА