| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0029/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/32 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/32
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Ч-ын А-д холбогдох эрүүгийн 2027000410020 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б- овогтой Ч-ын А- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ч.А- нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед Бат-Өлзий сум 3 дугаар баг ___ тоотод байх гэртээ архи ууж, хүүхэд загнасан гэх шалтгаанаар нөхөр Б.Д-ын нүүх хэсэгт самардаж” цээжин тус газар хайчаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь гаргасан тайлбартаа:”... Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Гандөш би шүүгдэгч Ч.А-тай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон энэхүү шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн шүүх хуралд ярьж байгаа тайлбар улсын яллагчийн хавтаст хэргээс шинжлэн судласан баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ. Улсын яллагчтай гэмт хэргийн зүйчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шийтгэл оногдуулахдаа дараах байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн цалин орлогын байдлыг харгалзан үзээд 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, мөн шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал хохирогчтой эвлэрсэн бага насны хүүхэдтэй байдал хавтаст хэргээс шинжлэн судласан баримт тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай эдгээр байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.
Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: "...2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Бат-Өлзий сум 3 дугаар багт найз Э-тэй хамт дэлгүүрээс 5 сав пиво худалдаж аваад ___-оос баруун тийш дэнж гараад дэлгүүрээс авсан пиво уучихаад гэртээ 17 цагийн үед орсон чинь манай гэрт манай эхнэр А-, 3 хүүхдийн хамт байж байсан. Тэгээд би гэртээ жоохон сууж байгаад хоол идчихээд байж байсан чинь манай эхнэр А- архи уулаа гэж загнахаар нь би ганц үг хэлээд зөрөөд маргалдсан чинь манай эхнэр А- дургуй хүргээд байвал хайчаар хатгачихан шүү гэхээр нь чаддаг юм бол хатгачих гэсэн чинь А- ирээд намайг хайчаар цээж рүү хатгаад нүүр самардсан: Тэгээд миний цээжнээс цус гараад байхаар нь эмнэлэг орж эмчид үзүүлсэн...Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Манай эхнэр А- надад 90000 төгрөгийн эмчилгээний зардал эм тариа авч өгсөн. Миний хохиролыг бүрэн барагдуулсан. Би цаашид. А-д ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би А-тай сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийн хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг, /хх-н 19-р хуудас/
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: "...Би энэ өдөр Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр хонож байсан юм. 23 цаг 50 минутанд манай эмнэлэгт Д- гэх хүн ирээд манай эхнэр миний цээжрүү хайчаар дүрчихсэн миний зүрх өвдөөд байна гээд ганцаараа ирсэн. Д-ын биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, үе мөчид хөдөлгөөн чөлөөтэй, арьс салст цэвэр чийглэг, өвчүүний доод хэсэгт өргөн нь 0.5 см, гүн нь 0.5 см, зүүн талруугаа 2.5 см урттай / гүнтэй / шархтай ирсэн, артерийн даралт 120-80 мл, МУБ- нь 2 гарт ижил, Рs-97, SРО2 -91, зүрхний авиа тод, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, элэг дэлүү хэвийн, хэвлийн зөөлөн байсан. Шарханд 2 оёдол тавьж, өвчин намдаах тариа хийсэн..." гэх мэдүүлэг, /хх-н 23-р хуудас/
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн "...Б.Д-ын биед цээж хэсэгт шарх, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхин хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,/хх-н 27-р хуудас/
Яллагдагч Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: "...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Бат-Өлзий сум 3 дугаар баг Наймын булан хороо 410 тоотод байх гэртээ гурван хүүхдийн хамт байж байсан чинь манай нөхөр Д- гэртээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд би хүүхдийн өмд оёоод хайч барьчихсан байсан. Тэгсэн манай хоёр том хүүхдийг загнаад байхаар би өмхий хар ус ууж ирчихээд яагаад хүүхэд загнаад байгаа юм гэсэн чинь Д- зүгээр байгаарай гээд намайг янз бүрийн үгээр хэлээд байхаар нь би хайч шаачихна шүү гэсэн чинь Д- чаддаг юм бол хайчаар шаачих гээд хэл амаараа уурыг минь хүргээд байхаар нь хажууд байсан хайчаа аваад П-ын цээж хэсэг рүү дүрээд хацар хэсэгрүү нь самардчихсан юм. Тэгээд Д-ын цээжнээс цус гараад байхаар нь цусыг тогтоогоод унтаж байсан чинь Д- чамайг би ерөөсөө цагдаад өгнө гээд эмнэлэг орж үзүүлээд эмнэлэгээс цагдаа дуудсан...Би Д-ын цээж хэсэг рүү хайчны үзүүрээр нэг дүрээд хацрыг нь гараараа самардчихсан юм...Намайг Д- зодож цохисон зүйл байхгүй... мөрдөгч асуулт: Таныг Д-ын цээж рүү дүрдэх үед хажууд чинь ямар хүмүүс байсан юм? хариулт: Манай гурван хүүхэд..." гэх мэдүүлэг, /хх-н 34-35-р хуудас/
-2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яплагдагчаар татах тухай тогтоол, тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, /хх-н 1-3-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт П.Д-ын цээжин тус газар нь хайчаар хатгаж бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №105 тоот актын Б.Д-ын биед цээж хэсэгт шарх, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхин хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,/хх-н 27-р хуудас/, хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.Д-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...цээж хэсэгт шарх, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхин хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.А- түүнийг хайчаар хатгаснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч Ч.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Д-ын биед учирсан “...цээж хэсэгт шарх, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхин хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм. Хохирогч Б.Д- нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ илэрхийлсэн баримт, мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ч.А- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, Ч.А- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй,” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой Ч-ын А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- нь 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА