Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1381

 

2020         07           28                                          2020/ШЦТ/1381

 

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

            улсын яллагч Б.Ганзориг,

            иргэдийн төлөөлөгч Г.Оюунтунгалаг,

             шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

            шүүгдэгч /хохирогч/ М.М, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Ц.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт М.Мнарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00514 0302 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт Ц.О,

2. Монгол Улсын иргэн, Т овогт М.М,

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.М, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод нөхөр М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оройн 18 цагийн үед Отэй маргалдсан. Өмнөх өдөр нь муудалцаад гэрээсээ явсан байж байгаад маргааш нь ирсэн. Охиноо аваад явлаа гэхэд О уурласан. Найз руугаа утсаар яриад намайг авчих гэхэд ирээгүй. Хувцсаа бэлдээд гэрээсээ явах гэж байтал шүүгээнээс хутга аваад миний хэвлий рүү нэг удаа хутгалсан. Тэгээд түргэн дуудахгүй 30 минут гаран болсон. Тэгээд Оийг худлаа яриад түргэн дуудаад өг гэж хэлээд Коспитал руу яваад хагалгаанд орсон. Дотуур цус алдаад эрхтнүүдээ угаалгасан, мөн цөс, элэгээ авахуулсан. Оны өмнө хагалгаанд ороод нарийн гэдсээ 45 см тайруулсан. Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр 2-8 см хутга орсон байна гэж хэлсэн. Энэ бүгд хутгалуулснаас болж гэмтсэн. Одоогийн байдлаар оёдол маань хэвийн байгаа боловч гадаа хүйтэн болохоор бие маань өвдөөд байдаг. Одоогийн байдлаар ажил эрхлэхгүй байгаа бөгөөд 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Миний хувьд хохиролд 6.250.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс 2.891.000 төгрөгийг авсан. Үлдэгдлийг нэхэмжилж байна. Манайх эмээгийн хашаанаас нүүх гээд хүн олдохгүй байсан. Тэгэхээр нь Ү, Б нар руу утсаар ярихад хүрээд ирсэн. Тэгээд Үр гэрийн эд зүйлээ оруулаад дууссан. Гэрийнхээ тавилгыг оруулчихаад, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд замдаа дэлгүүр орж юм авсан. Тэгээд Ү хүний автомашин шүргэсэн. Ү сандраад манай гэрт ирчихээд найз охинтойгоо маргалдаад байсан. Тэр 2 нэг нэгнийхээ хоолойг боогоод алчих гээд байсан. Тэрийг бид 2 салгасан. Тэгээд орой архи уусан. Тэр 2 маргалдаад байхаар нь бид 2 салгах гэхэд найз охин нь дайраад байсан. Манай гэрийн хамаг юмыг авч шидээд хүүхдүүдийг маань унтуулахгүй байсан. Тэр хоёрыг гэрээс гаргахад дахиад манай гэрт орж ирээд хутга авах гээд байсан. Тэгэхээр нь гэрээсээ чирч гаргасан. Хаалгаа дотроосоо онгойлгохгүй гэртээ байж байхад манай гэрийн цонхыг хагалсан. Тэгээд өөрөө гараа зүсчихээд гэр рүүгээ яваад өгсөн. Шөнө унтаж байхад ээж аав нь ирээд бид нар руу дайраад цагдаагийн байгууллага дуудсан. Тэгээд шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгсөн. Бид 2 өөрсдөө өргөдөл өгөх гэхэд хүлээж аваагүй. Над руу хутга аваад дайраад байхаар нь нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “…Бын хувьд манайх шөнө нүүгээд Үр гэртээ орсон. Ү манай нөхөртэй хамт цэцэрлэг рүү явсан. Ирэхдээ сандарсан байдалтай ирсэн. Тэгээд багийн найз нь архи, дарс авч өгөөд бид нар архи уусан байсан. Уугаад байж байтал эхнэр нь агсам тавиад байсан. Тэр хүүхэн манай гэрээс гараад хашаа мөргөөд байсан. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн олон асуудал болсон. Над руу дайрч байгаад миний хөлний цус шүүртэл намайг хазсан. Тэгэхээр нь тавиулах гээд нүүр рүү нь алгадсан. Манай нөхөр гэрээс оруулж гаргаад байсан. Тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. Би нэг удаа алгадсан бөгөөд тэрийг манай нөхөр болон хохирогчийн нөхөр харж байсан. Бусад гэмтлүүдийн хувьд машинаа унаад юм мөргөөд уур савсаад машин нь зогссон. Манай нөхөр машины хаалгыг онгойлгоход хүчтэй газар унасан. Манай гэрийн гадаа огцом уруу байдаг. Уг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би жирэмсэн болоод зулбаад хагалгаанд ороод 2020 оны 01дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтээд 01 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан. Танай нөхөр таныг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гэртээ ирж, хүүхдэдээ сүү, памперс авчирч өгөөгүй гэж манай хүүхдийг харж байсан 2 хүүхэд хэлсэн. Тэгээд нөхрийг ирэхээр бид нар муудалцсан. Тэгээд нөхрөөсөө яагаад чи ингэсэн юм бэ? гэхэд хамаатныхаа ахтай ПС тоглоод явсан байсан талаараа хэлсэн. Муудалцаад дахиад 2 хоног алга болсон. Энэ хугацаанд манай гэрийн байдал хүнд байсан. Тэгээд нөхрийгөө ПС-нээс олоод гэртээ хариад цаашдаа надтай хамт амьдрах юм уу? гэж асуугаад муудалцсан. Тэгэхэд манай нөхөр намайг боож унагаагаад түлхсэн. Зодуулсан шокондоо амиа хорлоё гэж бодсон. Ер нь гэр орон, нөхрийн байдал хүнд байсан. ПС тоглоод алга болчихдог. Би хагалгаанд орчихоод гарч ирээд биеийн байдал хүнд байсан. Тийм үед маань намайг боож унагаагаад, цохиж зодоод байсан болохоор хэцүү байсан. Өмнө нь намайг зодоод байхаар нь эрүүлжүүлэх дуудаж бариулж байсан тохиолдол байгаа. Намайг тэвчихийн аргагүй байдалд хүргэсэн учраас өөрөө үхээд өгье гэсэн бодол хамгийн түрүүнд орсон. Би шүүгээнээс хутга аваад босоход манай нөхөр миний хойно зогсож байсан. Тэгээд хутгаа хаяад яаанаа би чамайг хутгалчихлаа шүү дээ гээд уучлалт гуйсан. Цагдаагийн байгууллагад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Түүнээс өөдөөс нь харж байгаад шууд хутгалсан зүйл байхгүй. Өвлийн хүйтэнд хүүхдээ чармай нүцгэн тэвэрчихээд аваад явна гээд дайраад байхаар хэцүү санагдсан. Манай нөхөр юм л бол хүүхдээ аваад явна гээд сүрдүүлээд дайраад байдаг. Би 2 хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна. Чи ганцаараа явчих гэхээр яваагүй. Бид нар сар гарангийн хугацаанд батлан даалтад байхад хамт байсан. Хамт байхдаа хэлж ярьж байсан зүйл нь шүүх дээр орж ирэхээрээ өөр болчихдог юм байна. Намайг батлан даалтад байхад хадам ээж маань “чи хүүхдээ хүнд өргүүлээтэх, би хүнд өгсөн байна. Надаас бичиг баримтыг нь нэхээд байна. Ирээд өргөдөл бичээд гарын үсэг” зур гээд намайг дарамталсан. Миний зөвшөөрөлгүйгээр хүүхдийг маань авч яваад тийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Би хэрэг гарснаас хойш охинтойгоо уулзаагүй өдийг хүрч байна. Би М-с охинтойгоо хамт баймаар байна. Хүүхдээ авъя гэхээр надад авчирч өгөөгүй. Нэг өдөр авчирч өгчихөөд маргааш нь аваад Увс аймаг руу явуулсан байна гэсэн мэдүүлэг.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 2, 72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 3-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 8-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-н 10-16/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Мхохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 18-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай дүгнэлт /1хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.У-гийн өгсөн мэдүүлэг /1хх-н 35-36/, Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Оийн өгсөн мэдүүлэг /1хх-н 45-46/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-н 53-54/, хохирогч М.М-с гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх-н 56-61/, хохирогч Б.Бын Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1хх-н 73-75/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11294 дугаартай дүгнэлт /1хх-н 81/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үын өгсөн мэдүүлэг /1хх-н 86-87/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лгийн өгсөн мэдүүлэг /1хх-н 90-91/, М.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 94, 97/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Агийн өгсөн мэдүүлэг /1хх-н 98-99/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Оийн өгсөн мэдүүлэг /1хх-н 106-108/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.М өгсөн мэдүүлэг /1хх-н 111-113/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаартай дүгнэлт /1хх-н 164-166/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлт /1хх-н 170-171/, өвчний түүх /1хх-н 173-215/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүгдэгч М.М, Ц.О нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Хохирогч Б.Бын Мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн: “...манай нөхөр бид хоёртой хамт ажилладаг залуу ирээд архи, вино, пиво авч ирж өгчихөөд явсан. Би нэг их уудаггүй. Гэтэл намайг М.М эхнэр Ц.О шахаад байхаар нь нилээн уугаад бид нар унтацгаасан. Би 01 цагийн үед сэрээд 00 орчихоод буцаад орж ирэхэд М.М босчихсон зогсож байгаад миний толгойноос бариад 2-3 удаа хаалганд цохисон. Би яасан болоод чи намайг ингэж байгаа юм бэ гэхэд дуугараагүй. Тэгээд гэрээсээ чирч гаргачихаад М.М гэр рүүгээ орохоор нь би буцаад ардаас нь ороод хувцасаа өмсөх гэсэн чинь намайг дахиад чирээд гаргахаар нь би зам руу зугтаасан. Би зам дээр такси барих гээд ирэхэд М.М дагаж яваад байсан такси зогсоод чи наад эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чинь М.М “миний нөхөр юм шиг айл гэрийн асуудал танд хамаагүй” гэхэд таксины жолооч яваад өгсөн. Надад  учруулсан гэмтлийг М.М, Ц.О нар учруулсан.” гэх мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/,

гэрч Э.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Пиво уугаад сууж байх явцад Б амандаа 1 үг хэлэхэд Ц.О тэр үед Бг юу гэсэн бэ гээд пивоор шахаж эхэлсэн. Б хэсэг хугацааны дараа гараад гэрийнх нь гадаа сууж байсан. Би ардаас нь гараад оруулах гэсэн чинь Б орохгүй байсан чинь Ц.О гарч ирээд би оруулах гээд үзье гэж хэлэхээр нь би гэр рүү нь ороод Ц.О, Б хоёр гадна үлдсэн. Удалгүй тэр 2 гаднаас орж ирээд гал тогооны өрөөнд муудалцаад Б гэрээс нь гарахгүй гээд байхад Ц.О гаргана гээд нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохисон. М.М дараа нь Бг цохисон гээд ярьж байсан. Тэр асуудлаас хойш би М.М-д 2-3 хоносон. Тэр үед М.М “би Бг алгадсан газар чирсэн” гэж ярьж байсан. Бгийн нүүрэнд учирсан гэмтлийг Ц.О учруулсан." гэх мэдүүлэг /1хх-н 86-87/,

гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 02 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдээд Б орж ирсэн. Дүү 15 настай  А хаалга онгойлгож өгсөн. Хүн уйлаад байхаар нь би юу болсон бэ гэхэд А ааваа аниа хүнд аймар зодуулчихсан байна шүү дээ та босоод ир гэхээр нь эхнэр бид хоёр босоод харсан чинь Бын хацар нь хавдаад улайчихсан, нуруу өвдөөд байна гэхээр нь хувцасыг нь тайлаад үзсэн чинь тэр чигээрээ нуруу нь урагдаад шалбарчихсан байсан. Тэгээд Баас яасан, юу болсон юм бэ, хүн амьтан цохисон юм уу гэхэд Б Ү-гийн найз М намайг ийм болтол зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд яахаараа ингэтэл нь зодож байдаг юм бэ, чи гэрийг нь мэдэх үү очьё гээд Бг аваад эхнэр бид хоёр Мийн гэр рүү явсан. Замдаа Бгаас юунаас болж ингэтэл чамайг зодож байгаа юм бэ гэхэд Б би мэдэхгүй байна, би 00 орчихоод ороод ирсэн чинь нөхөр нь босож ирээд зодсон, зодоход нь хашаанаас гараад гүйсэн гэж ярьж байсан. Мийн гэрт очиход хаалгаа тайлахгүй нилээн удсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг тайлахаар нь ороход М эхнэртэйгээ нилээн согтуу байсан, хэл амаар ойлголцохгүй тэр эхнэр нь манай Б руу дайраад үсдэж аваад цохиод байсан. Тэнд манай охины найз залуу болох Ү хамт байсан. Тэр М болон түүний эхнэртэй үнэхээр хэл амаар ойлголцохгүй байсан. Бид нарыг зайл гээд хөөсөн. Эмэгтэй хүнийг яахаараа ингэж зоддог юм бэ гэхэд тэр 2 гэрч байгаа юм уу, цагдаагаа дуудаач гэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн." гэх мэдүүлэг /1хх-н 98-99/,

  Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....би Бг хойноос нь татаж авах үед миний гар руу Б цохьчихсон. Тэгэхээр нь би Бгийн үснээс зулгаахад Б миний цээж рүү хүчтэй түлхсэн. Энэ үед би үснээс нь зулгаачихсан байсан болохоор би хойшоо болоход Б газар унаад миний баруун хөлний шилбэний дотор талаас аймар хазаад зуугаад тавихгүй болохоор нь би баруун гараа зангидаж байгаад Бгийн нүүрэн тус газар маш хүчтэй нэг удаа цохисон. Б цаашаа болсон би хойшоогоо орон дээр суугаад уйлаад намайг ингээд хазчихлаа гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад Бгийн нэг гарын бугуйнаас бариад нөгөө гарынх нь булчингаас бариад гэрээс аваад таксинд суулгана гээд гарсан. Манай нөхөр Бгийн 2 гарнаас нь оруулж гаргахдаа нилээн хүчтэй барьж татаж нааш, цааш болгож байсан. Ү Бг цохисон зүйл байхгүй. Би гэмтэл учруусан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /1хх-н 107-108/,

   яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед ...Би Быг орилоод гичий нохойгоор дуудууд байхаар нь нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан, гэрээс гарахгүй болохоор өргөөд аваад гарсан. Буцаж орж ирэх гээд байхаар нь хаалгаа түгжсэн. Орох гээд цонх хагалчихаар нь буцаж гараад дахиад 1 удаа алгадсан." гэх мэдүүлэг /1хх-н 111-113/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаартай:

1. Б.Бын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод уруул, бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

      4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /1хх-н 164-166/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

                        шүүгдэгч Ц.О, М.М нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ц.Оийн гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Оийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод өөрийн нөхөр болох М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ аваад явна гэж хэлээд найз руугаа ярьтал манай найз амжихгүй гэж хэлсэн. Би эхнэртэйгээ маргалдаад байж байтал манай эхнэр манай ээжийг "янхан гэх мэтээр хараагаад байхаар нь би эхнэрийгээ газарт түлхэж унагаасан. Манай эхнэр надад уурлаж аяга шидээд байснаа гал тогооны шургуулганаас хутга аваад над руу хутгаараа ширвээд дайрахаар нь би гаран дээрээс нь барьтал хутгаараа нэг хатгасан. Би хутгаа авсныг мэдээд газарт унасан. Миний хамаг биенээс хөлс, уур гараад бие эвгүй болоод байхаар нь би өөрөө орон дээр гараад цамцаа бөөрөнхийлж байгаад дороо хийгээд хэвтсэн. Би эхнэрт хандаж энийг чангалах зүйл байна уу гэхэд миний гартаа ашиглаж байсан бинтийг гаргаж ирээд манай охиныг уядаг уяагаар боосон..." гэх мэдүүлэг /1хх-н 18-26/,

            А.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би том өрөөнд бага хүүхдэд нь сүү өгч байхад М.М ах том өрөөнд орж ирээд тамхи татаж байхад нь Ц.О эгч араас нь орж ирээд М.М ахыг түлхэж чиний эцэг, эх миний хүүхдийг авч яваад хоёр гурав хонуулаад тэрэгтэй нь гаргаад хаяна шүү гээд хөөгөөд байдаг биздээ гэж хэлсэн. М.М ах Ц.О эгчийг боож аваад чи яахаараа эцэг, эхийг минь хэрүүлдээ оруулаад байдаг юм гэсэн. Ц.О эгчийн хоолой нь улайгаад амьсгал нь боогдоод ирэхээр нь би салгасан. М.М жижиг өрөөний угаалтуурын тэнд очоод зогссон. Ц.О эгч босоод чи яахаараа хүнд гар хүрч байдаг юм. Өмнө намайг цустай нь холиод хөөгөөд гаргаж байсан гэх мэтээр хэрэлдэж байсан. Намайг ус буцалгагчтай усыг нь том өрөөнд оруулж тавиад эргээд гараад ирэхэд О эгч би үхээд өгье гээд баруун гартаа хутга бариад зогсож байсан. М ах О эгчийн өөдөөс хараад зогсож байсан. Би яг яаж хутгалсныг нь хараагүй М ах эвгүй дуу гаргаад газарт хэвтэхэд О эгч гартаа байсан хутгаа угаалгын машинаас гаргаж тавьсан хувцас руу шидсэн. О эгч сандарч яасан орцон уу яах уу түргэн дуудах уу, аав ээжид чинь хэлэх үү гэж асуухад М ах яах юм зүгээр түргэн дуудаад өгчих гэж хэлсэн. Удалгүй М ах би халууцаад байна гэсэн тул гадуур хувцсыг нь тайлаад М ах өөрөө том өрөөнд байдаг орон дээр гарч хажуу тийш хараад хэвтсэн. М ах О эгчид чи шийдний хажууд намайг хутгалуулсан гэж хэлээрэй гэж байсан. О эгч хувцас хунараа өмсөж бичиг баримтаа бэлдэж байхад нь би гэрийг нь цэвэрлэж байхдаа О эгчийн гартаа барьж байсан хутгыг гараараа иш хэсгээс нь барьж угаалтуурт зайлж цусыг нь цэвэрлэсэн. Тухайн үед хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан. Би зурагтны доор байрлах мөлхөө тавилгаас хуучин дэвтрийн цаас авч хутгыг боогоод гал тогооны тавилгын доод талын уут хийдэг хэсэгт хийсэн" гэх мэдүүлэг /1хх-н 35-36/,

                        яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...гэртээ тус өдрийн 15 цагийн орчимд ирээд бид хоёр хоорондоо муудалцсан. Бид хоёр эвлэрч муудалцсаар байгаад орой болсон байсан. Миний нөхөр сүүлдээ бага охиноо аваад гэрээсээ явна гээд хувцасаа бэлдээд байсан. Би нөхрөө битгий яв гээд байж байсан. Бид хоёр манай ээж танай ээж гэж хэрэлдээд барьцалдсан. Манай нөхөр намайг боож унагаад, гал тогооны өрөө рүү оруулаад ахин газарт унагаасан. Манай нөхөр гал тогооны тавилганы шургуулга нээхээр нь би босохдоо дотроос нь хутга аваад эргэж хараад хэвлийн хэсэгт нь хутгалсан." гэх мэдүүлэг /1хх-н 45-46/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

            1. М.М биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, хэвлийн хөндий дотор эрхтэн шалгах мэс заслын дараах байдал /2019.01.12/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /1хх-н 29/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай:

            1. М.М биед аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, элэгний 4 дүгээр сегмэнт, цөсний ерөнхий суваг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ" гэжээ /1хх-н 170-171/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

                        шүүгдэгч Ц.От  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайг  тогтоож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ял  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 198.000 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч М.Мд,         хохирогч Б.Б энэ гэмт хэргийн улмаас 300.000 төгрөг учирснаас шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.О, М.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

                        Харин хохирогч М.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

                        Шүүгдэгчид  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  

                        Шүүхээс Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Ц.От Эрүүгийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугцаагаар хорих ялыг нэиж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.От оногдуулсан 5 жил, 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн цагдан хоригдсон 143 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

            Шүүхээс шүүгдэгч M.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Мхөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Ц.О, Т овогт М.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Т овогт Ц.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц.Оийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ц.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, М.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Ц.От Эрүүгийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оийн цагдан хоригдсон 143 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.От оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

   8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оээс 198.000 төгрөгийг гаргуулж М.Мд, 150.000 төгрөгийг гаргуулж Б.Б тус тус олгох, М.М цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч М.М-с 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д тус тус олгосугай.

   9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

            10. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            13. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                          Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                                                Т.ШИНЭБАЯР