Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/004

 

Н.Аид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч  Н.А

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Н.Аийн гаргасан давж заалдах гомдлоор  Н.Аид холбогдох эрүүгийн 1714001460087 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Н.А, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хийдийн гэзэг” гэх газар Я.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Н.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хөвхийнхөн овогт  Н.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  Н.Аийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  Н.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  Н.Аид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар  Н.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар  Н.Аийн эзэмшлийн “мустанг-5 маркийн мотоцикль”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч  Н.Аид буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Н.А гаргасан давж заалдах гомдолдоо: Би ам бүл 2, өндөр настай ээжийн хамт айлын мал маллаж цалингаараа ээжийгээ тэжээж амьдардаг. Шүүхээс өөрт оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийхээр сумаас аймаг руу, аймгаас сум руу байнга явах боломжгүй надад 2 сар гаран таниж мэдэх айлгүй гадуур байж уг ажлаа хийх болоод, мөн энэ хугацаанд айлын малаа маллаж чадахгүй болохоор цалингүй, ээж минь миний эзгүйд хоол, түлшгүй гээд ар гэрийн ажил хүнд байдалд үлдэх гээд байна.

Иймд миний ар гэрийн гачигдалтай байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү. Уг торгуулийн мөнгийг өөрийн хөрөнгө болох мотоциклио зарж төлөөд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй өндөр настай ээжийгээ асран хамгаалж амьдрах болно гэжээ.

Шүүгдэгч  Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. 250 цаг нийтэд тустай ажил хийх гэхээр сумаас аймаг руу ирэх бензин болон хоолны мөнгө байхгүй тул торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан үзвэл  Н.А нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Хийдийн гэзэг” гэх газарт өөрийн хамтран амьдрагч Я.Эийн биед 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Я.Эийн “...намайг үүдэнд зогсож байхад ирсэнээ чи муу яасан овоо юм бэ? гэж хэлээд намайг газарт савж унагаагаад миний дээр гараад сууж байгаад гараараа миний толгой, нүүр рүү цохисон, 4-5 удаа цохиж аваад босоод явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-24 дүгээр тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №410 тоот “...1. Я.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн хөмсөг, чамархай, чих, мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 31-32 дугаар тал/

Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна..., ...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ ихээр гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан  Н.Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчээс Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.” хэмээн заасны дагуу  Н.Аийн үйлдсэн хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч  Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                          Н.ЭНХМАА