Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 075

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Толбо сумын  5 дугаар багийн оршин суугч А.Тий   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Тд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг тус хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  А.Тий өмгөөлөгч  Я.Сьезд, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж дарга Т.Ө,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жирэмсний амралтын тэтгэмжид 416148 төгрөг авахаар холбогдох бичиг баримтыг Толбо сумын нийгмийн даатгалын байцаач Е.Сабитаар уламжлуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албан ёсоор хүргүүлсэн юм. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 92 тоотоор жирэмсний, амаржсаны тэтгэмж авах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. А.Т би 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн ба сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн учраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж үзэж байна. А.Т би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс жирэмсний амралтын тэтгэмжид 416148 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус   шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  01694 тоот шүүгчийн захирамжаар маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх ёстой гэсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх маргаан шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гомдол гаргасан юм. Гэтэл тус байгууллага миний гомдолд  хуульд заасан 1 сарын дотор хариу өгөөгүй ба өнөө маргаашдаа тус байгууллагын мэргэжилтэн нар ээлжийн амралттай учраас таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж ярьж байгаа юм. Иймд иргэн А.Т би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд  А.Т миний жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Тий нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй шимтгэл төлж хуулийн шаардлагыг хангасан байна. Мөн нэхэмжлэгч нийтдээ нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сараас дээш хугацаагаар төлсөн юм. Хариуцагчийн ярьж байгаа “программ” гэдэг асуудлыг бид нар мэдэхгүй, сумын байцаагч мэдэхгүй байгаа зүйлийг жирэмсэн хүн яаж мэдэх вэ? Тийм учраас нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангаж, тэтгэмж авах эрх нь үүссэн учраас тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна  гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж дарга Т.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Толбо сумын иргэн, сайн дурын даатгуулагч, БА 88121201 регистрийн дугаартай А.Т 2018 оны 03 дугаар сард манай хэлтэст жирэмсний тэтгэмж авахаар холбогдох  бичиг баримтаа ирүүлсэн. Бичиг баримтыг шалгаж үзэхэд тухайн даатгуулагч сайн дурын даатгалыг 2017 оны 1-8 дугаар сар хүртэл болон 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл төлсөн байна. Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж сайн дурын даатгал төлж байгаа даатгуулагч ажилд орсон тохиолдолд уг гэрээний 4.3-т зааснаар сайн дурын даатгалын гэрээг цуцлах ёстой. Харин иргэн А.Тий хувьд тухайн үед сайн дурын даатгалын гэрээг цуцлаагүй, ажилд орсон талаар сумын байцаагчид мэдэгдсэн гэх боловч энэ нь нотлогдохгүй байгаа. Иймээс А.Тий дараа нь төлсөн шимтгэл нь ажилласан сард төлсөн шимтгэлтэй  давхацсан  байдалтай байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”  гэж заасан.

Иймд тухайн даатгуулагчийн жирэмсний чөлөө авахаас өмнөх сүүлийн 6 сарын цалин нь тасралттай учир эрх үүсэхгүй гэсэн шалтгаанаар бичиг баримтыг нь буцаасан болно. Мөн  даатгуулагч шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сар төлсөн тохиолдолд тэтгэмж олгохоор зохицуулсан байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нь 156,000 төгрөгөөс бодогдсон асуудал байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шимтгэл төлөгдөөгүй нөхцөлд тэтгэмж олгогдохгүй гэсэн журамтай гэв.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Тий  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  “Даатгуулагч нь А.Т нь Толбо сумын бүрэн дунд сургуульд ажилд орсон талаар сумын нийгмийн даатгалын байцаагчдаа мэдэгдэж, сайн дурын нийгмийн даатгалын гэрээний хугацааг дуусгавар болгоогүй тул уг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших саруудад  төлсөн  шимтгэл нь өмнөх саруудын шимтгэл гэж тооцогдож, сайн дурын нийгмийн даатгалын программд 2017 оны 1-ээс  8  дугаар сарын шимтгэл төлсөн гэж тусгагдсанаар “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байгаа.  Мөн жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх шаардлагатай, ингэхдээ даатгуулагчийн сарын  хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь  тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна гэснийг  хангахгүй байгаа тул тэтгэмж олгогдохгүй”  гэж тайлбарласан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, 25 дугаар зүйлийн  2-т “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно” гэж тус тус  зохицуулжээ.

Нэхэмжлэгч  А.Т нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчтай “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээг  2017 онд 1 жилийн хугацаатайгаар, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс 240000 төгрөг, сард төлөх шимтгэл 28800 төгрөг гэж,  2018 онд мөн 1 жилийн хугацаатайгаар, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс 240000 төгрөг, сард төлөх шимтгэл 31200 төгрөг гэж тохиролцон тус тус  байгуулсан.  Уг гэрээний дагуу даатгуулагч А.Т нь 2017 оны  1,2,7, 8, 9, 10,11,12 дугаар сарын болон  2018 оны 1,2 дугаар  сарын  шимтгэлийг төлсөн, харин 2017 оны  3 дугаар сараас 7  дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд Толбо сумын бүрэн дунд сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласнаар ажил олгогчоос уг саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлсэн, улмаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний чөлөө авч хуульд заасан  баримт бичгийг  бүрдүүлж Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус  тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Тий  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  байгуулсан 02101700003 дугаартай  “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээний 1.5-д “Гэрээний хугацаа:12 сар”,  3.2-т “Даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн сарын орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж буй  сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, ...байна”, 3.7-д “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон бол эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчид мэдэгдэж,мөн өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусгавар болгон шимтгэлийн тооцоог дуусгана”, 3.12-т “Даатгуулагч энэхүү гэрээний 1.5-д заасан хугацаанд өмчийн бүх хэвшлийн  аж ахуйн нэгж, байгууллага, төрийн, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулж ажилласан боловч энэхүү гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахаас өмнө ажлаа дуусгасан бол сайн дурын  даатгалын гэрээг үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж, даатгуулж болно” гэж тус тус заажээ.

2017 оны 3 дугаар сараас эхлэн 7 дугаар сар хүртэл Толбо сумын бүрэн  дунд сургуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон талаар тус сумын нийгмийн даатгалын байцаагчид ажилд орохоос өмнө  мэдэгдэж, 7 дугаар сараас эхлэн сайн дурын даатгалын гэрээний дагуу шимтгэлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон  гэж нэхэмжлэгч тайлбарласан ба  уг асуудлын талаар сумын нийгмийн  даатгалын байцаагчид  мэдэгдсэнээ нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж хариуцагчаас маргасан.  Гэтэл Толбо сумын нийгмийн даатгалын байцаагч нь даатгуулагч А.Тий нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 7,8,9,10,11,12 дугаар саруудад 28800 төгрөгийн шимтгэл төлсөн талаар бичилт хийж баталгаажуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож  байх тул А.Т нь  “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээнд заасан 1 жилийн хугацаа дуусахаас өмнө, тодруулбал 2017 оны 6 дугаар сард Толбо сумын бүрэн дунд сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгаснаар 7 дугаар сараас эхлэн сайн дурын нийгмийн даатгалын  гэрээг үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлсөн  гэж үзэхээр байна.  

Хэдийгээр хариуцагч талаас сайн дурын  нийгмийн даатгалын  программд  даатгуулагч А.Тий зөвхөн 2017 оны 1-ээс 8 дугаар сарын шимтгэл төлөгдсөнөөр  тусгагдсан гэж байгаа боловч бодит байдалд нэхэмжлэгч нь сайн дурын нийгмийн даатгалын гэрээний дагуу 2017 оны 1,2,7,8,9,10,11,12 дугаар, 2018 оны 1,2 дугаар  сарын шимтгэлийг төлсөн, 2017 оны 3,4,5,6 дугаар сарын шимтгэлийг Толбо сумын бүрэн дунд сургуулиас нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт Толбо сумын  нийгмийн даатгалын байцаагч нь дээрх байдлаар бичилт хийж баталгаажуулж өгсөн байх тул  А.Тий 2017 оны 1-12 сар , 2018 оны 1,2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч А.Т нь Толбо сумын  бүрэн дунд сургуульд ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сард 156172 төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэлд 15617 төгрөг төлсөн байгаа боловч ажил олгогчоос төлсөн шимтгэлийн хамт тухайн сард нийт 32776 төгрөгийн шимтгэл  төлөгдсөн байгаагаас гадна 2017, 2018 оны бусад саруудын болон 2015 онд төлсөн 7 сар, 2016 онд төлсөн  10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар[3] тогтоогджээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д  зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах эрх  даатгуулагч эхэд үүсэхээр зохицуулсан, өөрөөр  хэлбэл тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн байх 12 сарын хугацааны хувьд тасралтгүй байх гэсэн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч А.Т нь  энэ шаардлагыг дээрх байдлаар хангаж байх тул  хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй  гэж  үзсэн болно.

            Иймд нэхэмжлэгч А.Т нь 2018 оны 03 дугаар сарын 01-нд жирэмсний чөлөө авахаас  өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн  байх гэсэн шаардлагыг хангаж байхад   жирэмсний болон амаржсаны тэтгэмж  олгохгүй байгаа хариуцагч байгууллагын эс үйлдэхүй хууль бус байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Тд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр  зүйлийн 1  дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Тд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг  тус хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 


[1] Хэргийн 3-5,26-27,35-36,37-38,39,40,41-47,51,53-54-р хуудас

[2] Хэргийн 53-54,65-66-р хуудас

[3] Хэргийн 53-54-р хуудас