Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.У-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Д.А, Б.Б, Н.Э

Нэхэмжлэгч Х.У

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга

Гуравдагч этгээд Э.У

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0781/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.У нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай” Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сумын дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай Б/712 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Д.А, Б.Б, Н.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан бүхий захиргааны актыг 2 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Цагдаагийн албан хаагч Х.У нь ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасан эсэх, дээрх захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал байсан эсэх, энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас тодруулж, шинээр акт гаргах бүрэн боломжтой нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзжээ.

4.1. Гэтэл шийдвэр гаргахад болсон үндсэн шалтгааныг шүүхээс маш тодорхой тогтоож дүгнэсэн атлаа маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

4.2. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн 8 дугаар тал, 4 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу цагдаагийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх, халахыг хоригложээ” гэж, мөн 6 дугаар зүйлд “...дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгох бөгөөд ийнхүү зөрчил гаргасныг үндэслэл бүхий мэдээ баримтад тулгуурлан, албаны шалгалт явуулж холбогдох нотлох баримтаар тогтоосны эцэст гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна” гэж маш тодорхой дүгнэсэн.

4.3. Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт нь хуулийн үндэслэлгүй, хуулиар тогтоосон журам зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй зэргээр нэхэмжлэгч Х.У*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хууль бусаар хөндсөн захиргааны актыг хариуцагч гаргасан болохыг нотолсон атлаа ... нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэв.

4.4. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халахдаа тусгайлан гаргасан зөрчил дээр албаны шалгалт явуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй, тайлбар мэдээлэл гаргах боломжоор хангаагүй, зөвхөн авилгатай тэмцэх газраас шалгах гэж байгаа гэдгийг үндэслэл болгож халсан тухай дурдсаныг шүүх анхаараагүй байна.

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. Энэ нь захиргааны акт гаргахаас өмнө буюу урьдчилан нөхцөл байдлыг тогтоосон байхыг шаардаж байгаа заалт юм. Гэтэл хариуцагчийн зүгээс энэ ажиллагаа огт хийгдээгүй болохыг шүүх хуралдааны үед гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрдөг.

5.1. Ийм байхад шүүхээс ямар асуудлыг нэмж тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс буюу захиргааны байгууллага нэгэнт цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд зааснаар зөрчлийг хянан шийдвэрлэх процессыг хийгээгүй, зөрчлийг тогтоосон ямар нэг баримт байхгүй талаар хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан мөн шүүхээс уг ажиллагааны талаар нотлох баримт гаргуулахаар захирамж гарсан боловч уг ажиллагаа хийгдээгүй учир ямар нэгэн баримт ирээгүй талаар хариуцагчаас албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг.

 

6. Нэгэнт зөрчлийг тогтоогоогүй нэхэмжлэгч Х.У-ыг цагдаагийн албанаас халсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагчид өөрийн гаргасан актын талаар нөхцөл байдлыг тодруулах боломж, давуу байдлыг хариуцагчид олгож актыг засах боломжоор хангаж шийдвэрлэж байгаа явдал нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

6.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

2.1. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай” Б/712 дугаар тушаалаар “...ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад заасныг баримтлан албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хурааж шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “...хариуцагчийн зүгээс цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд зааснаар зөрчлийг хянан шийдвэрлэх процессыг хийгээгүй, зөрчлийг тогтоосон ямар нэг баримт байхгүй, ... нэхэмжлэгч Х.У*******ыг цагдаагийн албанаас үндэслэлгүйгээр халсан нь тогтоогдсон, ... шүүхээс хариуцагчид өөрийн гаргасан актын талаар нөхцөл байдлыг тодруулах боломж, давуу байдлыг хариуцагчид олгож актыг засах боломжоор хангаж шийдвэрлэж байгаа явдал нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

3.1. Учир нь Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба, түүний үйл ажиллагаанд хяналт тавих нэг төрөл нь дотоодын хяналт бөгөөд Цагдаагийн байгууллага өөрөө өөрийгөө цэвэрлэхэд чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Х.У-тай холбоотойгоор бусад байгууллагаас өргөдөл, гомдол, санал, мэдэгдэл, мэдээлэл ирсний үндсэн дээр түүнийг ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн энэ тохиолдолд хариуцагчаас Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсхүл мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан албанаас халах эсэх талаар шийдвэр гаргах нь түүний бүрэн эрхийн зохицуулалт байна.

3.2. Хариуцагчаас Х.У-тай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагааны хэргүүдийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан танилцсаны үндсэн дээр ... тушаал гаргасан гэж нэг үндэслэлээ тайлбарладаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1-д “Цагдаагийн төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг Аюулгүй байдал хариуцсан нэгж, бусад цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын даргын томилсон албан тушаалтан хүлээн авч, албаны шалгалт явуулна” гэж, 5.2-т “Албаны шалгалт явуулж байгаа албан тушаалтан нь шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл, бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах санал гаргах зарчмыг баримтална” гэж тус тус зохицуулснаас үзвэл, нэхэмжлэгчийн ямар ёс зүй болоод сахилгын ямар дүрмийг зөрчсөн талаар бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

3.3. Тодруулбал, шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий акт хууль бус гэдэг нь тогтоогдоогүй ч хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой буюу Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2041000640163 дугаар тогтоолд дурьдсан үндэслэлүүдээр тухайн акт нь хууль ёсны байж болохуйц байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

 

4. Түүнчлэн хариуцагчаас хуульд заасан холбогдох ажиллагааг хийснээр анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнээгүй өөр бусад үндэслэлээр хууль ёсны дагуу гарах боломжтой байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэрхүү боломжийг шүүхээс захиргаанд олгосныг буруутгахгүй тул нэхэмжлэгчийн “... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “... дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” хэлбэрийг шүүх сонгож хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгдөг, шүүхээс гарах шийдвэрийн үр дагаварт харьцуулалт хийдэг, энэхүү эрх нь шүүхэд өөрт нь хадгалагдах эрх хэмжээ учраас нэхэмжлэгчийн “...хариуцагчид өөрийн гаргасан актын талаар нөхцөл байдлыг тодруулах боломж, давуу байдлыг ... олгож актыг засах боломжоор хангаж шийдвэрлэж байгаа явдал нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Тиймээс анхан шатны шүүхийн “...Х.У нь ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасан эсэх, дээрх захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байсан эсэх, энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулж, шинээр захиргааны акт гаргах бүрэн боломжтой, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

5. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

 

 

                     ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

 

 

                     ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН