Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01366

 

Л  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дүгээр шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00007 дугаар магадлалтай,

Л  ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Д.Б-од холбогдох,  

Гэм хорын хохирол 30.081.321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани нь зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээ явуулдаг бөгөөд Д.Б-той 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээний гэрээ байгуулан Д.Б-ын эзэмшлийн 59-57 УБВ улсын дугаартай Истана маркийн бага оврын автобусыг өөрийн компаний нэр дээр бүртгүүлж тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Д.Б- нь 2010 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 59-57 УБВ улсын дугаартай техникийн ямар нэгэн доголдолгүй Истана маркийн авто машиныг жолоодон Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэн явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин хурд хэтрүүлсний улмаас Төв аймгийн Эрдэнэсант сумаас зүүн тийш 35 км зайд Бүслүүр хайрхан уулын ар шил гэдэг газар онхолдож зорчигч Ж.Сайханбаяр, Г.Ганбаяр, М.Баярсайхан нарын амь насыг хохироож Б.Батжаргал, Б.Жаргалсайхан нарын биед хүнд гэмтэл учруулж, Билэгжаргал, С.Сайнбилэг, С.Алтангэрэл нарын биед хүндэвтэр, Б.Батсайхан, С.Батсүрэн Т.Тунгалаг нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Манай компани нь жолооч Д.Б-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлж осол гаргасны улмаас хохирогч нарт шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу хохирогч Жанцандоржид 9.847.350 төгрөг, хохирогч Б.Гантөмөрт 3.498.560 төгрөг, хохирогч Д.Гандолгорт 532.000 төгрөг, хохирогч Б.Батжаргал 514.000 төгрөг, хохирогч Т.Тунгалагт 3.455.661 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Билэгжаргалын хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэцэгт 324.400 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Жаргалсайханы хууль ёсны төлөөлөгч Дэлгэрмаад 254.000 төгрөг нийт 18.425.971 төгрөг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 6 сарын 18-ны өдрийн 1/103 дугаар шийдвэрээр 1.363.510 төгрөгийг Л  ХХК-иас гаргуулж Б.Батжаргалд олгохоор, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 сарын 08-ны өдрийн 1/410 дугаар шийдвэрээр Л  ХХК-иас 2.059.520 төгрөгийг гаргуулж Б.Батжаргалд олгохоор, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 19-ний өдрийн 1182 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01087 тогтоолоор 8.232.320 төгрөгийг манай компаниас гаргуулж Б.Батжаргалд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлээр Д.Б-оос 30.081.321 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Истана маркийн авто машинаар хүн тээвэрлэж яваад осол гаргаж энэ хэрэгтээ 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар cap бүр 93.758 төгрөг гаргуулан С.Есөнмөнх, С.Билэгжаргал нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Б.Отгонтогтох, Б.Цэндсайхан, Б.Долгорсүрэн нарт cap бүр 31.200 төгрөг гаргуулахаар тогтоосон. Би нийт 5 хүүхдэд тэтгэлэг өгч байгаад одоо 2 хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Би ялаа бүрэн эдэлж гарсан. Олон жилийн ял эдэлж дуусаад 5 хүүхдийн тэтгэлэг төлсөн. Осол аваарын улмаас нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ч ял эдлээд эмчлүүлж чадаагүй. Уг гэмтлийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хяналтын шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн Л  ХХК-иас 18.425.971 төгрөгийг гаргуулан хохирлыг арилгуулсан. Тухайн үед Л  ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явсан. Гэтэл олон жилийн дараа шат шатны шүүхээс Л  ХХК-иас гэм хорыг арилгуулж шийдвэр гарсан байтал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-оос 30.081.321 төгрөг гаргуулж Л  ХХК-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Б-оос 308.357 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00007 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.Б- нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.Б- Л  ХХК-д нийтийн тээврийн ажил үйлчилгээний гэрээтэй ажиллаж байхдаа 2010 оны 3 дугаар сарын 18-нд зам тээврийн осол гаргаж бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учируулснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар Д.Б-ыг тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Хохиролын тухайд Иргэний хуулийн зохих заалтуудыг үндэслэн Л  ХХК-иас 30.081.321 төгрөг, Д.Б-оос 10.279.129 төгрөг мөн насанд хүрээгүй С.Есөнмөнх, С.Билэгжаргал, Б.Отгонтогтох, Б.Цэндсайхан, Б.Долгорсүрэн нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг сар бүр Д.Б-оос гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Б- ялаа биеэр эдэлж энэ хугацаанд өөрт оногдох төлбөрийг төлж барагдуулсан ба одоо зарим хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлэгийн зөрүүг үргэлжлүүлэн төлж байгаа. Л  ХХК нь иргэний журмаар нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. А.Баатарцогт уг компанитай хөдөлмөрийн ямар гэрээгээр ажиллаж байсан тэр гэрээнд байгуулагад учруулсан хохирлын талаар ямар байдлаар тусгагдсан, гэрээгээр хэрхэн зохицуулсаныг харах ёстой байсан. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн хуулийн этгээд гэм буруутай иргэнээс буцаан нэхэмжлэх эрхтэй гэж хуульчилсан. Гэтэл Л  ХХК нь бусдад хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Төлөхөөр шийдсэн шүүхийн тогтоолуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэнийг төлбөр төлсөн баримт гэж үзсэн нь буруу юм. Д.Б- шүүхийн тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдэлж оногдуулсан төлбөрийг төлж насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг төлж зарим нь одоо ч үргэлжлүүлэн төлж байгаа бөгөөд өөрөө ууц нурууны хүнд гэмтлийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Өрхийн орлогогүй нэн ядуу өрхөд хамрагдан тусламжийн бараагаар амьдарч байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Л  ХХК шүүхэд хандаж, Д.Б-оос 30.081.324 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчийн бусдад учруулсан гэм хорыг шийтгэх тогтоол, шийдвэрийн дагуу төлсөн гэснийг, хариуцагч биеийн эрүүл мэндийн байдлаас ажил эрхлэх боломжгүй, санхүүгийн хувьд төлбөр төлөх боломжгүй, хохирлыг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Д.Б- Л  ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн эзэмшлийн 59-57 УБВ улсын дугаартай Истана маркийн автобус жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчснөөс осол гаргаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр болсон Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг шалгах явцад Л  ХХК иргэний хариуцагчаар татагдсан ба Д.Б-ын бусдад учруулсан гэм хорын хохиролд 18.425.971 төгрөгийг шийтгэх тогтоолд зааснаар, хожим нь 11.655.350 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/103, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/410, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэрүүдээр төлөх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг.

Мөн нэхэмжлэгч Л  ХХК нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заажээ.

Шийтгэх тогтоол болон шүүхийн шийдвэрүүдэд Л  ХХК-с төлбөр гаргуулахдаа  дээрх хуулийн зүйл, хэсэгт заасныг үндэслэсэн байна.

Иргэний хуулийн 498.5-д “энэ хуулийн 498.1-т заасан этгээд өөрийн шууд санаатай илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  болохыг зохицуулжээ.

Шийтгэх тогтоолд Д.Б- Л  ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тухай дурдсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-д зааснаар ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.

Л  ХХК нь Д.Б-ын бусдад учруулсан гэм хорыг  төлснөөр өөрт учирсан хохирлоо дээр дурдсан үндэслэлээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Шийтгэх тогтоол, шүүхийн шийдвэрүүдэд Д.Б- нь Л  ХХК-ийн эзэмшлийн автомашинаар зорчигч тээвэрлэн ажил үүрэг гүйцэтгэж явсан үйл баримт тогтоогдсон, тус компани бусдад төлбөрийг төлсөн гэх байдлыг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаагүй байх тул “хэрэгт Л  ХХК болон Д.Б- нарын хооронд байгуулагдсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ, төлбөр төлөгдсөн баримт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн”   гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагчийн ар гэр, эрүүл мэндийн байдал нь түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй болно.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 145/ШЗ2018/01598 дугаар захирамжаар  хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 308.357 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ