Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1560

 

 

 

 

 

 

 

  2020         08          27                                      2020/ШЦТ/1560

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Аад холбогдох 2003 00350 0263 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1957 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Цийн А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.А нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Japan town” хотхоны урд замд Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Баярмандахыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах их сургуулийн баруун хойд замд үйлдэгдсэн байх бөгөөд зам орчны байдал нь шулуун, тэгш, хуурай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвасгүй, явган хуний замтай, хашлагатай, хайсгүй эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ, асфальтан зам байлаа... А, Б цэгүүдийг явган зорчигч Т.Баярмандахаар заалгаж жолооч Ц.Аыг байлцуулан үзлэгийг эхлэв. ...тээврийн хэрэгсэлд ослын улмаас урд салхины шил хагарсан, урд копуд хонхойсон байв...” гэх тэмдэглэл /хх.11-12/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан  гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-10, 13-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмандахын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 07-ны өглөөгүүр би ганцаараа шараа тайлж нэг шил 0.75 граммын архи уусан... орой 22 цагийн орчимд дэлгүүрээс тамхи авах зорилгоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах 17 дугаар байрны талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч түргэн үйлчилгээний цэгээс тамхи худалдаж авчихаад эргэж гэр лүүгээ орох гээд хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал баруунаасаа зүүн чиглэлтэй явсан машинд мөргүүлж зам дээр унасан юм...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7270 дугаартай:

          “1. Т.Баярмандахын биед бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэн, ууцны 1-р нугалмын их бие, баруун ламин, арын сэртэн, ууцны 2-р нугалмын баруун ламины хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.37-38/,

Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 543 дугаартай: “... Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ азтомашин ...зүүн гар талын урд гэрлийн тогтоогч сэнжнүүд хугарсан, салхины шил зүүн гар талдаа бяцарч, цацарсан, урд буфер гол хэсгийн дээд талд цуурч, хагарсан нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байж болох тул осол гарахад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44-50/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Алтанцоожийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай:

“... 1. Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодож явсан жолооч Ц овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Таяа овогтой Баярмандах нь Монгол Улсын Замын хедөлгөөний дурмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хх.53-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.А нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Japan town” хотхоны урд замд Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Баярмандахыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-10, 13-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярмандахын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах 17 дугаар байрны талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч түргэн үйлчилгээний цэгээс тамхи худалдаж авчихаад эргэж гэр лүүгээ орох гээд хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал баруунаасаа зүүн чиглэлтэй явсан машинд мөргүүлж зам дээр унасан юм...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7270 дугаартай:

          “1. Т.Баярмандахын биед бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэн, ууцны 1-р нугалмын их бие, баруун ламин, арын сэртэн, ууцны 2-р нугалмын баруун ламины хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.37-38/,

Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 543 дугаартай: “... Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ азтомашин ... зүүн гар талын урд гэрлийн тогтоогч сэнжнүүд хугарсан, салхины шил зүүн гар талдаа бяцарч, цацарсан, урд буфер гол хэсгийн дээд талд цуурч, хагарсан нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байж болох тул осол гарахад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44-50/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Алтанцоожийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр:

“... 1. Тоёота Приус-20 маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодож явсан жолооч Ц овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Таяа овогтой Баярмандах нь Монгол Улсын Замын хедөлгөөний дурмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хх.53-54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Т.Баярмандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Аыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ц.Арживихын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.А нь хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.Баярмандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч Т.Баярмандах нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ц.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Т овогт Цийн Аыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Аад сануулсугай.

5. Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Т.Баярмандах нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР