| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1494/Э |
| Дугаар | 1566 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1566
2020 08 28 2020/ШЦТ/1566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаа,
Өсвөр насны шүүгдэгч Н.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунханд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0425/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өвсөр насны шүүгдэгч Н.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02714 1947 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын политехник коллежийн 2 дугаар курсийн оюутан, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 22 дугаар гудамжны 826 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Нгийн Х /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 16 дугаар байрны орцонд найз болох С.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэг лүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө хавсарч толгойгоор нь газар унагаан зодож, түүний биед дагз ясны шугаман хугарал, бага тархи, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи аалзан хальсан доорх бага хэмжээ цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунхандын өгсөн: “Миний зээ хүү Х зан авирын авирын хувьд зөөлөн тусархуу хүүхэд. Цаашдаа энэ хүүхдийг ийм байдалд орохгүй тал дээр анхаарна. Хд тавих анхаарал халамж дутсаны улмаас Хүсэн гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчид цаашид эмчилгээний зардал гарвал төлж барагдуулах боломжтой. Хохирогчийн гэр бүлтэй танилууд болоод олон жил болж байна. Ийм зүйл болсонд хамарсаж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөрийн өгсөн: “Х бид 2 нийлээд 3, 4 жил болж байна. Хэрэг болдог өдөр найзуудын уулзалт болоод Хгийнд бид нар очсон. Би хэсэг байж байгаад явлаа гэсэн чинь Х намайг үлдчих гэхээр нь би үлдэхгүй гэсэн. Х намайг үлдчих гээд тэвэрч байгаад унагаачихсан юм...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөрийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хгийн гэрт очиж хоол унд хийж идсэн. Хэсэг хугацааны дараа Х найзуудтайгаа пиво ууж эхэлсэн. Тэгээд тэдний гэрээс гарах гэтэл Х намайг “андаа чи үлдчих” гэж гуйсан би түүнд хандан “ээж дуудаад би явлаа” гэж хэлэн гэрээс нь гарсан. Би лифтэнд суух гэж байхад Х гэрээсээ гарч ирээд миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн миний хоолойноос боогоод өргөж газарт толгойгоор савсан тул ухаан алдсан. Миний гавал тархины яс нь хугарч цус хурсан. Тухайн гэмтлийг Х хоолойноос боож байгаад намайг өргөж газарт толгойгоор савж учруулсан. Х 4-5 том пиво уугаад их хэмжээний согтолттой байсан. Намайг гэрт нь үлдээгүй гээд уурандаа газарт унагаасан байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.17-18, 57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхбатын өгсөн: “... Төгөлдөр лифтний хажууд зогсож байсан чинь Х уурлаад гүйж очин нуруу хэсэгт нь нэг удаа жийсэн. Тэгтэл Төгөлдөр хана руу биеэрээ түлхэгдсэн, Х үргэлжлүүлээд нэг удаа Төгөлдөрийг баруун хөлөөрөө хавсарсан тул Төгөлдөр газарт ар дагз, нуруу хэсгээрээ уначихсан. Газар унахдаа чанга дуу гарч унасан. Тухайн үйл явдал болсон орц хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Хгийн өгсөн: “... Х уурлаж Төгөлдөрийн араас хоёр мөрнөөс нь бариад хавирах үйлдэл хийсэн. Тэгтэл Төгөлдөр толгойгоороо газар маш хүчтэй савсан тул толгойгоогоо бариад газраас өндийсөн. Тэгсэн Х Төгөлдөрийг заамдаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Төгөлдөрийн хамраас нь цус гарсан, уруул нь сэтэрсэн байсан. Мөн толгойгоороо маш хүчтэй газар унасан. Тухайн гэмтлийг Х нэг удаа мөрнөөс барьж байгаад хөлөөрөө хавсарч газар унаган, нэг удаа нүүр хэсэгт нь цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийн 6803 дугаартай:
“1. С.Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, бага тархи, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн яллагдагчаар өгсөн: “... Би Төгөлдөрийг манай гэрт үлдчих гэж гуйтал үлдэхгүй явна гээд байсан. Ингээд тэр хэд гэрээс гараад лифтний урд зогсож байхад би араас нь гараад Төгөлдөрийг дахин үлдчих гэж гуйтал үлдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Төгөлдөрийн урдаас нь тэвэрч өргөөд газар унагаасан. Төгөлдөр газар унахдаа толгойгоороо унасан тул хажуу талаас намайг Мөнхбат тэврээд гэр лүү оруулсан. Би найз Төгөлдөрийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд гэм буруугаа хүпээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.55-56/,
Нас тоолсон тэмдэглэл /хх.34/,
Эрүүгийн хариуцага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 16 дугаар байрны орцонд найз болох С.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэг лүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө хавсарч толгойгоор нь газар унагаан зодож, түүний биед дагз ясны шугаман хугарал, бага тархи, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи аалзан хальсан доорх бага хэмжээ цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд наснад хүрээгүй хохирогч С.Төгөлдөрийн өгсөн: “... Би лифтэнд суух гэж байхад Х гэрээсээ гарч ирээд миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн миний хоолойноос боогоод өргөж газарт толгойгоор савсан тул ухаан алдсан. Миний гавал тархины яс нь хугарч цус хурсан...” гэх мэдүүлэг /хх.17-18, 57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхбатын өгсөн: “... Төгөлдөр лифтний хажууд зогсож байсан чинь Х уурлаад гүйж очин нуруу хэсэг нь нэг удаа жийсэн. Тэгтэл Төгөлдөр хана руу биеэрээ түлхэгдсэн, Х үргэлжлүүлээд нэг удаа Төгөлдөрийг баруун хөлөөрөө хавсарсан тул Төгөлдөр газарт ар дагз, нуруу хэсгээрээ уначихсан. Газар унахдаа чанга дуу гарч унасан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Хгийн өгсөн: “... Х уурлаж Төгөлдөрийн араас хоёр мөрнөөс нь бариад хавирах үйлдэл хийсэн. Тэгтэл Төгөлдөр толгойгоороо газар маш хүчтэй савсан тул толгойгоогоо бариад газраас өндийсөн. Тэгсэн Х Төгөлдөрийг заамдаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Төгөлдөрийн хамраас нь цус гарсан, уруул нь сэтэрсэн байсан. Мөн толгойгоороо маш хүчтэй газар унасан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийн 6803 дугаартай:
“1. С.Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, бага тархи, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн яллагдагчаар өгсөн: “... би Төгөлдөрийн урдаас нь тэвэрч өргөөд газар унагаасан. Төгөлдөр газар унахдаа толгойгоороо унасан...” гэх мэдүүлэг /хх.55-56/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөрийн өгсөн: “... Х намайг үлдчих гээд тэвэрч байгаад унагаачихсан юм...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өвсөр насны шүүгдэгч Н.Хгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Н.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул өсвөр насны шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Н.Хгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөрийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 3.000.000 төгрөгөөс өсвөр насны шүүгдэгч Н.Х 1.800.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж байх бөгөөд шүүгдэгчээс 1.200.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаа нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Хгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохрогчийн гомдолгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Н.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг улмаас учруулсан бодит хохирлоо төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Х овогт Ны Хг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Н.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Н.Хд 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Н.Хд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Н.Хд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.800.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хгээс 1.200.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөрт олгосугай.
9. Насанд хүрээгүй хохирогч С.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаа нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Хгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР