Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1568

 

 

 

 

 

 

    2020        08         28                                       2020/ШЦТ/1568

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч П.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бөд холбогдох 2006 00000 1891 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, “Оюу Толгой” ХХК-д дата оруулдаг ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 7-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 42/1 дүгээр байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Тын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.Б нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 42/1 байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Пүрэвсүрэнтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр хэсэгт цохиж, хоолойг боож, унасан байхад нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь зүүн дээд 5-р шүдний эмтрэл, зүүн хацрын дотор салстын язарсан шарх, хүзүүний баруун талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бий өгсөн: “Би тодорхой маргалдсан шалтгааны улмаас болоод гэрээсээ хол байсан. Өөрийнхөө лизинг төлж байгаа байрандаа наадмын өмнө эхнэртэйгээ эв зүйгээ ололцъё гэсэн байдлаар ирэхэд гэр харанхуй байсан. Би гэрт хүн байхгүй болохоор хүүхдүүдтэйгээ Хөвсгөл явсан юм байна гэж үзэн хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгаа онгойлгуулахад 10 гаруй минут болсон. Би гэр лүү хүн байхгүй байна гэж бодоод хүүхдүүдээ ирэхэд нь гэртээ байж байя гэсэн. Ороод цаана нь эхнэр байсан болохоор нь би гайхаад ямар учраас хаалга тайлахгүй байсан юм бол гэсэн маягаар гэрээ тойрч үзсэн. Тэгсэн чинь эхнэр хагас нүцгэн байдалтай, унтлагын өрөөнд эрэгтэй хүний дотуур хувцас олж харсан. Тэрийг хараад энэ ямар учиртай юм бэ гээд асуусан чинь “чи хэн бэ? юу юм бэ? наадах чинь миний найз залуугийнх” гэж хэлсэн. Би тойруулаад бурхан тахилаа харахад тоос шороонд дарагдчихсан, том аягатай эрэгтэй хүний гэмээр дутуу идсэн хоол байсан. Тойроод харахад нилээн бусниулсан байдалтай байсан. Эхнэрийн хэлж байгаад тайлбар хүсэн асуусан боловч чи хэн юм гэсэн маягаар хариулсан. Тэрнээс нь болж маргалдаад би нүүрэнд нь цохисон. Биед нь учруулсан хохиролдоо уучлалт гуйж байна. Би 2 цохьчихоод гарч явах гээд үүд рүү очсон. Эхнэр цохиулаад тэрнээсээ болж газар унаад байсан юм бол байхгүй. Гарах гэтэл эхнэр надаас зүүгдэн зуурч үүргэвчнээс татаад байсан. Би болиулах гээд гарнаас нь түлхэж цааш нь болгосон. Тэр үед миний үүргэвчний мөр тасарсан. Тэрийг үүдэнд гол сольж байсан хүн харсан. Би гарах гээд салгах гэсэн боловч салахгүй байсан болохоор ноцолдож байтал хаалганы гол сольж байсан хүн боль гээд салгасан. Гэхдээ газар унагаагаад өшиглөсөн юм байхгүй. Би уул нь эхнэртэйгээ эв зүйгээ ололцъё гэсэн маягтай байсан боловч тийм зүйлийг харчихаад би биеэ барьж чадаагүй. Тэгээд тэндээс гараад шууд явсан.  Өөрөө гэрээсээ хол байсан ч гэсэн гэрийнхээ зээлээ төлөөд хүүхдүүдээ байлгаж байгаа байранд тиймэрхүү байдалтай байх, хэлж байгаа зүйл нь миний тэвчээрийг алдагдуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Би нэг өрөөгөө нэмэлт орлого олох зорилгоор хүнд түрээслүүлж байсан юм. Тэр орой манай хажуу талын эмэгтэй дахин дахин орж гаран яваад байсан. Мөн цаад талын айл засвар хийж байсан. Би чимээ гарахад нь энэ 2 зүйлийн нэг байх гэж бодоод унтах гээд хэвтэж байсан. Хажуу талд хүн амьдардаг учраас би өрөөнөөсөө гараад байдаггүй. Ажлаасаа таран орж ирээд орондоо хэвтчихдэг. Би ганцаараа амьдарч байсан учраас хэрэв намайг зорьж хүн ирвэл над руу урьдчилан залгах ёстой гэдэг үүднээс хажуу өрөөний хүнийг орж гараад  байна гэж бодсон. Гараад очсон чинь хаалга эвдэн орж ирээд зогсож байсан. Надтай мэндлээгүй, юм асуугаагүй бичлэг хийгээд өрөөнд орсон. Би “чи юу хийгээд байна” гэтэл намайг цохисон, өшиглөсөн, унагаасан, 2-3 удаа гарнаас бариад эргүүлэн унагааж байсан. Тэр цаад өрөөнд болсон учраас хүн хараагүй. Хамгийн сүүлд зулгаасан гэж байгаа нь би сольсон голынхоо түлхүүрийг надад өг гэж хэлэхэд өгөхгүй байсан. Гэхдээ тэр гол сольсон хүн нь манай нөхрөөс булаан авч надад 2 хувийг нь  өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд гэртээ ганцаараа байж байхад хүн орж ирсэн..., тэгсэн салсан нөхөр н.Б нэг эрэгтэй хүнтэй ирсэн байсан... би “юу болж байна” гэсэн чинь шууд нүүрэн тус газарт цохисон... унасан байхад гэдэс хэсэгт өшиглөсөн... тэгсэн цуг явсан хүн нь салгасан... миний баруун хацар хавдсан, уруулын баруун талд язарсан, 2 гарын шуу язарсан, элэг өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.7-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гансэлэмийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 42-1-7 тоотод хаалга цоож янзлуулах талаар дуудлага ирсэн... 2 давхар, 7 тоот хаалга дутуу хаасан байсан... тэгсэн тэр хоёр хүн цаад талын өрөөнд орж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7840 дугаартай:

“1. Д.Пүрэвсүрэнгийн биед зүүн дээд 5-р шүдний эмтрэл, зүүн хацрын дотор салстын язарсан шарх, хүзүүний баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Б нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 42/1 байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Пүрэвсүрэнтэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр хэсэгт цохин, хоолойг боож, унасан байхад нь өшиглөх зэргээр зүүн дээд 5-р шүдний эмтрэл, зүүн хацрын дотор салстын язарсан шарх, хүзүүний баруун талд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд гэртээ ганцаараа байж байхад хүн орж ирсэн..., тэгсэн салсан нөхөр н.Б нэг эрэгтэй хүнтэй ирсэн байсан... би “юу болж байна” гэсэн чинь шууд нүүрэн тус газарт цохисон... унасан байхад гэдэс хэсэгт өшиглөсөн... миний баруун хацар хавдсан, уруулын баруун талд язарсан, 2 гарын шуу язарсан, элэг өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.7-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гансэлэмийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 42-1-7 тоотод хаалга цоож янзуулах талаар дуудлага ирсэн... 2 давхар, 7 тоот хаалга дутуу хаасан байсан... тэгсэн тэр хоёр хүн цаад талын өрөөнд орж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7840 дугаартай:

“1. Д.Пүрэвсүрэнгийн биед зүүн дээд 5-р шүдний эмтрэл, зүүн хацрын дотор салстын язарсан шарх, хүзүүний баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20-21/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... намайг цохисон, өшиглөсөн, унагаасан, 2-3 удаа гарнаас бариад эргүүлэн унагааж байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Т.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 128.000 төгрөгийг Т.Бөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан Сиди 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Г овогт Тын Бийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Бөд сануулсугай.

5. Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бөөс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пүрэвсүрэнд олгосугай

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР