Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 823

 

Б.Орхонтуул Б.Жаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын  09-ний өдрийн  102/ШШ2017/00165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Орхонтуул Б.Жаргал нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Баярмаа, В.Төгсжаргал нарт холбогдох

 

2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280”, 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашиныг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, В.Баясгалан болон В.Төгсжаргал нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны  өдөр байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, В.Төгсжаргалаас 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашины үнэ 3 000 000 төгрөг, В.Баясгалан болон В.Баярмаа нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, В.Баярмаагаас 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер прадо” маркийн автомашины үнэ 10 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Баттулга,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Баярмаа, В.Төгсжаргал нар нь бидний талийгаач аав В.Баясгалангийн төрсөн дүү нар нь юм. 2015 оны эхээр аавын маань “ходоодны хорт хавдрын эцсийн шатанд орсон” гэсэн онош тогтоогдсон бөгөөд эмнэлгүүдээр явж үзүүлэхэд эмчлэгдэх боломжгүй" гэж хариу өгч байсан. Ингээд аав маань 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан. Аавын өмчлөлд 2728 УБМ улсын дугаартай “Венз Е280” маркийн суудлын авто машин, 6579 УБС улсын дугаартай “Ланд крузер Прайдо” маркийн суудлын авто машин байсан. Аавыг нас барснаас хойш одоог хүртэл энэ 2 машин нь В.Баярмаа, В.Төгсжаргал эгч хоёр унаж, эзэмшиж байгаа бөгөөд “чаддаг юм бол шүүхдээд ав” гээд бидэнд өгөхгүй байгаа. 2015 оны 6 дугаар сард дээрх 2 машиныг бид хоёр өөрсдийн нэр дээр шилжүүлж авах гээд Авто тээврийн үндэсний төв дээр очиход “нас барсан хүний нэр дээрх хөрөнгийг 1 жилийн дараа шилжүүлдэг” гэж хэлээд шилжүүлж өгөөгүй. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дээрх 2 машин аавын нэр дээр хэвээрээ байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сард В.Баярмаагаас 2 машиныг авах гээд очиход түүний нөхөр нь машиныг уначихсан, бичиг баримт нь В.Баярмаа, В.Төгсжаргал эгч хоёрын нэр дээр шилжчихсэн байсан. Ямар журмаар энэ хоёр машиныг В.Баярмаа болон В.Төгсжаргал эгч өөрсдийн нэр дээр шилжүүлж авсныг мэдэхгүй байна. Аав маань бие нь муудсан байхдаа энэ хоёр машиныг бид хоёрын нэр дээр шилжүүлнэ гэж байсан бөгөөд аавыг нас барахаас 10 хоногийн өмнө машиныг чинь шилжүүлж өгнө гээд В.Баярмаа эгч нотариатын туслах гэсэн нэг эмэгтэйг дагуулж ирээд ааваар гарын үсэг зуруулаад байсан. Тухайн үед машиныг бид 2-ын нэр дээр шилжүүлж байна гэж ойлгож байсан боловч одоо бодоход үгүй байсан байна. Энэ хоёр машиныг зараад аавыгаа Солонгос Улс руу эмчилгээнд авч явъя гэж байтал В.Баярмаа эгч дургүйцэж болиулж байсан. В.Баясгалан нь нас барахаасаа өмнө 2015 оны 04 сарын 02-ны өдөр талийгаач В.Баясгалан, хариуцагч В.Баярмаа, В.Төгсжаргал нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байсан. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2015 оны 03 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2/52/49 гэсэн тоот албан бичигт талийгаач В.Баясгалангийн нэр дээрх 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашин, 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо маркийн автомашины захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Энэ нь Автотээврийн Үндэсний газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байгаа. Энэхүү автомашинуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь талийгаач В.Баясгаланг нас барснаас хойш 2015 оны 06 сарын 30-ны өдөр цуцлагдсан. Үүний дараа энэ хоёр автомашин хариуцагч нарын нэр лүү шилжиж үүний дараагаас гуравдагч этгээдийн нэр лүү шилжсэн байна. Талийгаач В.Баясгалангийн өвчин хүндрээд 2015 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн морфин тариаг хийлгэж эхэлсэн байдаг. Үүнд хариуцагч тал маргадаггүй. Түрүүчийн шүүх хуралдаан дээр В.Баярмаа би морфин худалдан авч өгч байсан гэж байсан. Морфин нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист хамаардаг. НҮБ-ийн 1961 оны мансуурах эмийн тухай конвенц, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1974 оны конвенцийн жагсаалтад морфин нь орсон байдаг. Мөн  Засгийн газрын 2003 оны 08 сарын 27-ны өдрийн мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх хавсралтад морфин нь орсон. Мөн морфины талаарх холбогдох лавлагааг хавдар судлалын үндэсний төвөөс ирүүлсэн байдаг. Үүнд уг бодис нь төв мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэл  сэргээх, өвдөлт намдаах, үйлчилгээтэй гэж тайлбарласан байсан. Хариуцагч нар 1 000 000 төгрөгийг талийгаачид шилжүүлсэн баримт байхгүй байдаг. Нэхэмжлэгч нар автомашины энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулахад “Мерседесс Бенз Е280” маркийн автомашины 3 000 000 төгрөг, “Тоёота Ландкруйзер Прадо” маркын автомашины 10 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч нар нь талийгаач В.Баясгалангийн өвчин нь эмчлэгдэх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Талийгаач В.Баясгаланг морфин тариулж байсныг мэдэж байсан ба В.Баясгалангийн өмчлөлийн автомашинууд түүний төрсөн хоёр охинд өвлөгдөх байсан гэдгийг сайн мэдэж байж худалдах, худалдан авах гэрээ хийснийг харахад байж болшгүй зүйл. харахад энэ гэрээний цаана халхавчлах зорилгоор хийсэн бэлэглэлийн гэрээ харагдаж байна.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл юм. Иргэний хуулийн 272 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ хийгдсэнд тооцдог. Энэ бүхнээс харахад энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус тохиолдолд анхнаасаа хэлцэл хийгээгүй гэж үзэх үр дагаварт хүргэдэг. Харамсалтай нь автомашинууд хариуцагч нарын өмчлөлд байхгүй, өөр хүний нэр дээр шилжсэн учраас автомашинуудын үнийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч В.Баярмаагийн өмчилж байсан 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо маркийн автомашин, хариуцагч В.Төгсжаргалын 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж  үзэж байна. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан талийгаач В.Баясгалангийн нас барсны гэрчилгээгээр бол 2015 оны 04 сарын 19-ний өдөр нас барсан байдаг ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлд өвлүүлэгч нас барсан өдрөөс хойш өв нээгдэнэ гэж заасан байдаг. Талийгаач В.Баясгалангийн нас барсан 2015 оны 04 сарын 19-ний  өдөр өв нээгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нар 2015 оны 04 сарын 19-ний өдөр талийгаачийн нэр байсан эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч талийгаачийг нас барахаас өмнө 2015 оны 04 сарын 02-ны өдөр хуулийн дагуу хийгдсэн хэлцэлд заагдсан эд хөрөнгийг авахаар өвлөх эрхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага байна. Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.2 дахь хэсэгт хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар заасан байдаг бөгөөд хууль ёсны өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгон гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу нэхэмжлэгч нар 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 00 цагт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.  Гэтэл нэхэмжлэгч нар 2015 оны 09 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Шүүх 2015 оны 09 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.  Гэтэл нэхэмжлэгч нарт 2015 оны 09 сарын 09-ний өдөр өвлөх эрхээ нээлгэх эрх нь зөрчигдөөгүй байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах эрх  нээгдээгүй байсан. 2016 оны 10 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашины үнийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан анхны хүсэл зоригийн илэрхийлэлээ дэмжээгүй вэ гэвэл нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан учир хууль зөрчиж өв нээгдэх эрхтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Шүүх шийдвэр гаргах нөхцөлгүй нэхэмжлэл гаргасан гаргасан байна. 2015 оны 04 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг 4 үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байна. Эрүүгийн хуулийн 244 дүгээр зүйлд заасан төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтны битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан гэж байна. Хэрвээ үнэхээр тийм бол эрүүгийн хэрэг үүсгүүлээд шалгуулах боломж нэхэмжлэгч нарт байгаа. Маргаан бүхий автомашинуудыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 1/23381 тоот албан бичгээр битүүмжлэлээс гарсан. Хэрвээ эд хөрөнгө зөрчилтэй байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба худалдах, худалдан авах гэрээний дагуу В.Баясгалангийн нэр дээр байсан тээврийн хэрэгслүүдийг хариуцагч нарын нэр лүү шилжүүлэхгүй байсан.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжлэл байхгүй байсан учраас хариуцагч нарын нэр лүү шилжүүлсэн. Талийгаачийг морфин хэрэглэсэн, үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй байхдаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж байна. Хэрэгт талийгаачийг үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй байсныг тогтоох ямар ч баримт байхгүй байна. Хавтаст хэргийн 191-211 дүгээр хуудсанд авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхэд ирүүлсэн өвчний түүх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн шүүхэд ирүүлсэн өвчний түүх гэх мэт баримт дээр талийгаач В.Баясгалан  үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байсан нь нотлогдоно. Мөн Төрийн банкнаас ирсэн нотлох баримтаас харахад 2015 оны 03 сарын 30-ны өдөр талийгаач хэлцэл хийсэн байдаг. Үүнд талийгаачийн Төрийн банкинд эзэмшиж байсан данс дахь 22 500 000 төгрөгөө охин Б.Жаргалд шилжүүлэх санхүүгийн анхан шатны баримт дээр талийгаач гарын үсэг зураад Төрийн банкны ажилтнууд түүний дагуу охин Б.Жаргалын нэр дээр данс нээн В.Баясгалангийн 22 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл явдал болсон. Тэгэхээр В.Баясгалан энэ хэлцлийг хийхдээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан байна. Тиймээс энэ үйл баримтаас харахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар няцаагдаж байна. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Татгалзсан шаардлагаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа нь хууль зөрчсөн  ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар зах зээлийн үнээс хэт доогуур үнээр автомашинуудыг худалдах худалдан авах гэрээнд үнэлсэн гэж байна. Гэвч тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх тухайн автомашинуудын үйлдвэрлэсэн огноо болон Монголд улсад орж ирсэн огноо, эдэлгээ чанараас шалтгаалан үнийг талууд тогтоосон. Хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, нотариатын үйлдлээр гэрчилсэн хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ. Нотариат худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг тайлбарласны үндсэн дээр Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу  хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Тэгэхээр нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байсан учраас нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хуульд заасан хэлбэрээр харилцан тохиролцож талууд хэлцлийг  амаар буюу бичгээр байгуулна гэж зааснаар хийж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн  43.2 дахь хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр байх нөхцөлийг заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн  43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр байна гэсэн хуулийн шаардлага хангасан гэрээ юм. Нөгөө талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан байна. Тэгэхээр талийгаачийн нас барахаас өмнө хийсэн 2015 оны 04 сарын 02-ны өдрийн хэлцэл нь хүчин төгөлдөр байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 515 дугаар зүйлийн 515.1-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч В.Төгсжаргал, В.Баярмаа нарт холбогдуулан гаргасан 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280”, 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашиныг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, В.Баясгалан болон В.Төгсжаргал нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, В.Төгсжаргалаас 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашины үнэ 3 000 000 төгрөг, В.Баясгалан болон В.Баярмаа нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, В.Баярмаагаас 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашины үнэ 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  Б.Орхонтуул, Б.Жаргал нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Орхонтуул, Б.Жаргал нар нь Д.Амаржаргалд холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр В.Баясгалан болон В.Төгсжаргал, В.Баярмаа нарын хооронд тус тус байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, хариуцагч В.Баярмаа, В.Төгсжаргал нараас В.Баясгалангийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон өвчин эмгэгийн талаарх мэдээлэл, шинжилгээний хариу, өвчний картыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Орхонтуул, Б.Жаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "Эрүүгийн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан буруутай этгээдэд хариуцлага тооцохоор хуульд заасан. Гэвч битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан асуудлаар гэм бурууг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна" гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээг талууд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан байдаг. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2/5249 тоот албан бичиг, 2728 УБМ улсын дугаартай "Benz Е280" маркийн суудлын автомашин, 6579 УБС улсын дугаартай "Land Cruiser Prado" маркийн автомашины талаарх Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд эдгээр хоёр атомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр битүүмжилсэн буюу захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх бөгөөд энэхүү битүүмж нь В.Баясгаланг нас барснаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цуцлагдсан байдаг. Эрүүгийн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас битүүмжилсэн эд хөрөнгийг иргэний эрх зүйн гүйлгээнд оруулахыг хориглосон буюу төрийн эрх төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулахаар хэлцэл байгуулахыг шууд хориглосон байна. Гэтэл талийгаач В.Баясгалан болон хариуцагч нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ нь гэрээний зүйл болох эд хөрөнгө/автомашин/-ийг битүүмжийг төрийн эрх бүхий байгууллагаас цуцлаагүй байхад гэрээ хийгдэж, Эрүүгийн хуулиар тогтоосон хоригийг зөрчжээ. Дээрх тохиолдолд Эрүүгийн хэрэг нь шалган шийдвэрлэгдсэний дараа гэрээ хүчингүй төгөлдөр байх эсэх асуудал яригдах шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын хувьд зөвхөн тухайн гэрээ нь хууль зөрчсөн эсэх нь ач холбогдолтой бөгөөд эрүүгийн хэргийн .асуудал шийдвэрлэгдсэн байх нь гол нөхцөл биш байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл талууд мэдсээр байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар хэлцэл байгуулсан нь уг хэлцэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрснийг харуулж байна. Нэхэмжлэгч тал автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлд хангалттай няцаалт өгөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэнгүй. Анхан шатны шүүх "В.Баясгаланд өвчин намдаах зорилгоор морфин хэрэглэдэг байсан баримтгүй" гэж талууд маргахгүй байгаа асуудлаар дүгнэлт хийсэн. Өмнөх анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал талийгаач В.Баясгаланг морфинийг тариураар хэрэглэдэг байсныг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч В.Баярмаа нь морфиныг өөрөө худалдан авдаг байсан талаар тайлбарлаж байсан бөгөөд гагцхүү хариуцагч В.Баярмаа морфиныг хаанаас авдаг байснаа хэлээгүй, тодорхойгүй байсантай холбоотой талийгаач В.Баясгаланд зориулан морфин худалдан авч байсан талаарх баримтууд нь хавтас хэрэгт бичгэн хэлбэрээр авагдаагүй болно. Харин ч эмнэлгийн байгууллагуудаас ирүүлсэн баримтуудаар талийгаач В.Баясгалангийн биеийн байдал болоод сэтгэл санаа нь маш хүнд, маш их өвдөлт мэдэрч байсан, үхмээр санагддаг талаар бичсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.Орхонтуул, Б.Жаргал нар нь хариуцагч В.Баярмаа, В.Төгсжаргал нарт холбогдуулан 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280”, 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашиныг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, В.Баясгалан болон В.Төгсжаргал нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны  өдөр байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, В.Төгсжаргалаас 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашины үнэ 3,000,000 төгрөг гаргуулах, В.Баясгалан болон В.Баярмаа нарын хооронд 2015 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, В.Баярмаагаас 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашины үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

2015 оны 04 сарын 02-ны өдөр В.Баясгалан В.Төгсжаргал нарын хооронд 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашин, мөн өдөр В.Баясгалан В.Төгсжаргал нарын хооронд 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер Прадо” маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан. /хх-ийн 32, 33 / В.Баясгалан өвчний учир 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нар В.Баясгаланд өвчин намдаах зорилгоор морфин хэрэглэдэг байсан баримтгүй, түүнчлэн В.Баясгалан нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй,  сэтгэцэд өөрчлөлт орсон байсан болох нь нотлогдохгүй, /хх- 213-217/ Эрүүгийн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заасны дагуу битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан асуудлаар гэм бурууг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, худалдах худалдан авах гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, нотариатчийн туслах очиж бичүүлсэн гэрээг нотариатч баталгаажуулсан гэх боловч энэ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ болохыг нотлохгүй байна. /хх-31-32

 

2015 оны 04 сарын 02-ны өдөр В.Баясгалан В.Төгсжаргал нарын хооронд 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашин, мөн өдөр В.Баясгалан В.Төгсжаргал нарын хооронд 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер прадо” маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт  “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан ба зохигчдын маргааны зүйл болох 2728 УБМ улсын дугаартай “Мерседесс Бенз Е280” маркийн автомашин, 6579 УБС улсын дугаартай “Тоёота Ландкруйзер прадо” маркийн автомашинууд нь , 2015 оны 04 сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу В.Баярмаа, В.Төгсжаргал нарын өмчлөлд шилжсэн байх тул Б.Жаргал, Б.Орхонтуул нарыг эдгээр эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй гэж үзнэ. Худалдагч В.Баясгалан нь гэрээ байгуулснаас хойш нас барсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, түүний хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Шүүх эдгээр үндэслэлээр болон нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ  нотлох баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                             Б.НАРМАНДАХ