Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/005

 

Д.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч С.Ц

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор  Д.Мд холбогдох эрүүгийн 1714000000130 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.М, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан

Д.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 2-40 тоотод 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч С.Цыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Алтан өөлд овогт  Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  Д.Мг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар  Д.Мд 240 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар  Д.М нь 240 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар  Д.Мгийн эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч  Д.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар  Д.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Д.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч оногдуулсан ялыг тухайн зүйл ангид заасан өөр төрлийн ялаар буюу торгуулийн ялаар сольж өгөхийг хүсч байна.

Миний бие өөрийн гэм бурууг бүрэн ойлгож байгаа ба гэр бүлийн хүнээ дахин зовоож, ичгэвтэр үйлдлийг дахин хийхгүй гэдгээ амлаж байна. Миний бие уурхайд улирлын чанартай ажил хийдэг ба ажил өвлийн улиралд амардаг боловч ажилладаг байгууллагаас өвлийн улиралд хийх ажил гэрээлсэн, ирж ажилдаа ор гэсэн тул Улаанбаатар хот руу явж ажиллах болсон. Тиймээс ахуйдаа дэм болох үүднээс ажлаа хийх боломжоор ханган ялыг тухайн зүйл ангид заасан торгуулийн ялын доод хэмжээгээр тогтоон сольж өгнө үү. Дахин ийм үйлдэл гаргахгүй та бүхний итгэлийг дааж амьдрах болно. Миний эдгээр хүсэлтийг харгалзан ялыг сольж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Д.М нь согтуурсан үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 2-40 тоотод өөрийн хамтран амьдрагч С.Цыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “...би хог, шороо шүүрдээд, ойр зуурын зүйл хийгээд байж байтал  Д.М нь чи архи уусан байна, янхан энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээс нь гараад зугтаасан чинь араас хөөгөөд би хашаанаас нь гарч чадалгүй баригдсан. Миний үснээс зулгаагаад чирээд гэртээ оруулсан. Би гэрт нь орохоос өмнө  Д.Мг утсаар ээжтэй яриулаад өг гэхэд миний утсыг өгөхгүй байсан, гэтэл манай найз Э.Эрдэнэмаам нь миний утас руу залгахад  Д.М утсыг аваад ярихаар нь би наанаас манай гэрийнхэнийг дуудаад өг гэж орилсон.  Д.М намайг газарт унагаагаад нүүрэн дээр хөлөөрөө дэвсээд хацар руу гараараа 4-5 удаа алгадсан, мөн хоёр хөл рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33-р тал/

С.Цэцэгбаярын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...миний төрсөн эгч С.Цын найз Э.Эрдэнэмаам над руу залгаад С.Цыг  Д.М зодоод байх шиг байна, очоод аваадхаач гэхээр нь би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 40 тоотод очиход  Д.Мгийн ээж нь ирчихсэн миний эгч С.Ц зодуулсан байдалтай,  Д.М согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41-р тал/

Х.Лхамсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...С.Ц дуу муутай сууж байсан,  Д.М халамцуу байхаар нь би загнахад С.Ц энэ найзынхаа хамт уусан гэж байсан. Тэгээд удаагүй С.Цагийн дүү охин ирээд эгчийгээ аваад явсан,  Д.М нь дараа нь надад онцын зүйл болоогүй бид хоёр муудалцсан гэж байсан, намайг ороход бол гэрийн хоёр талд зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43-р тал/

Э.Эрдэнэмаамын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...найз С.Цын 89914244 дугаар руу залгасан чинь  Д.М авсан ба цаана нь С.Ц ээж рүү яриад дуудаадах гээд орилсон. Тэгэхээр нь би дотроо  Д.М агсам тавьж байна гэж бодоод С.Цын дүү С.Цэцэгбаяр руу залгаж болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45-р тал/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №553 тоот “...1. С.Ц-н биед тархи доргилт, духанд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 48-49-р тал/

 Д.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн “...би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна..., ...бид хоёр хоёр шил 0.5 литрийн архи уусан..., ...би согтоод тасарчихсан байсан, согтуу байхдаа С.Цаг зодож гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан  Д.Мгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч  Д.М нь уурхайд улирлын чанартай ажил хийдэг, ажилладаг байгууллагаас өвлийн улиралд ажил хийх талаар бусад газартай гэрээ байгуулсан тул Улаанбаатар хотод очин ажлаа хийх боломжоор хангаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  Д.М нь төрийн болон хувийн хэвшлийн ямар нэгэн байгуулага, компанид ажилладаг талаар баримт авагдаагүй, түүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтэд эрхэлсэн тодорхой ажилгүй талаар тэмдэглэгдсэн, түүний ажилладаг гэх байгууллагаас ажилдаа ирж ажиллах талаар баримт хавсаргагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс  Д.Мд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтандаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг хэрэглэж хэрэгт битүүмжлэгдсэн зүйлийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл хэсгийн 1 дэх хэсэг гэх дэд заалтыг орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.1, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...21.5 дугаар зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                          Н.ЭНХМАА