Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01364

 

О.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаар магадлалтай,

О.Н-гийн  нэхэмжлэлтэй

Ж Т  ХХК-д холбогдох,  

Гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 57.005.040 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч О.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын аманд амины сууц бариулахаар Ж Т  ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.5-д зааснаар гүйцэтгэгч Ж Т  ХХК нь 4 сарын хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд барилгыг барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Гэтэл дээрх хугацаанд барилгыг барьж дуусгаагүй тул захиалагчаас нэмэлт хугацаа тогтоож, 2 жилийн хугацаанд барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан. Хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин 08/2016 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч талд 2014 онд гэрээ байгуулснаас хойш нийт 50.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 21.484.000 төгрөгийг барилга дуусч түлхүүр хүлээлгэн өгөхөд төлөхөөр болсон. Гэвч Ж Т  ХХК нь дахин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл амины сууцыг барьж ашиглалтад оруулаагүй учир гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагч Ж Т  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 50.000.000 төгрөг, гэрээний 3.12-т заасны дагуу алданги 7.005.040 төгрөг, нийт 57.005.040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж Т  ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани 2014 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын аманд Нийслэлийн захирагчийн албаны ажилчдын 60 айлын амины сууцнаас 22 айлын амины сууцыг барихаар болж газар шорооны ажил болон бэлтгэл ажлаа 2014 оны 7 дугаар сараас эхэлж, 22 айлын амины орон сууцны газар шорооны ажил, суурь цутгах, зам талбай, бохир цэврийн хоолой татах зэрэг туслах ажлыг 2015 оны хавар бүрэн дуусгаж эхний ээлжийн гэрээ хийсэн айлуудын сууцуудыг барих ажилдаа орсон. О.Н-гийн орон сууцны хувьд анхны гэрээнд заагдсан хэмжээ өөрчлөгдсөн учраас суурь нь өөрчлөгдөж дахин шинээр цутгах шаардлагатай болж 2015 оны зун байшингийн суурийг томсгон цутгаж, карказны зургийг өөрчлөн захиалах ажил хийгдэж, намар 10 дугаар сард карказ босгосон. О.Н- нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн боловч дараагийн 40 хувийн санхүүжилтийг өгөөгүй учир бид мөнгөө өгсөн айлын барилгыг барьсан. О.Н- нь төлбөрөө хугацаанд нь өгөлгүй хугацаа алдсан тул 2016 оны 5 дугаар сард гэрээг дахин шинээр байгуулж 30.000.000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Гэвч санхүүжилт дутуу шалтгаанаар бидний ажилд хүндрэл гарсан. 2017 оны хавар О.Н-гийн эхнэртэй уулзахад тэрээр үлдэгдэл 21.484.000 төгрөгийг өгөх боломжгүй гээд биднийг өөрсдийн хөрөнгөөр гүйцээн баривал худалдан борлуулна гэх саналыг гаргасан учраас тохиролцож чадаагүй. Бид олгогдсон санхүүжилтийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй, урьдчилгаа мөнгийг материал болон ажлын хөлсөнд бүрэн зарцуулсан. Гэвч ажил дуусахад 21.484.000 төгрөгөө өгнө гэх баталгаагүй байсан. Манай компани нь О.Н-гийн орон сууцны барилгыг үргэлжлүүлэн хийхэд бэлэн болсон, материалын нөөц ч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Ж Т  ХХК-иас 55.080.000 төгрөг гаргуулж О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.925.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 433.350 төгрөг гаргуулан О.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Магадлалд дурьдаснаар “...гүйцэтгэгч Ж Т  ХХК нь барилгын суурийг цутгаж, каркас босгосон үйл баримтад маргаангүй, харин гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар маргаж, хариуцагч шинжээч томилж, барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоолгохыг хүсчээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээнээс татгалзаж болохгүй нөхцлийг зохицуулсан бөгөөд талууд гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд дээрх барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоох нь гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна хэмээн дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаа бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх” тухай хүсэлт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан тул уг хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхисон гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч Ж Т  ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан ба анх гэрээ байгуулж барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх байсан хугацаанаас 3 жил 6 сар, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноос 1 жил 10 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь заавал шинжээч томилох шаардлагагүйгээр хариуцагчийн төлөөлөгчийн хангалттай нотлогдож байна. Хариуцагч нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаан хугацаагаар хугацаа хожимдуулсан болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар суурь цутгаж карказ угсарснаас өөр ажил гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байхад барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг болон хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн төлбөрийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг үр дүн гаргаагүй байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй байна. Анх гэрээ байгуулахад 4 сарын хугацаанд гүйцэтгэх байсан үүргийг 3-4 жил хугацаанд гүйцэтгээгүй байгааг үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тэрнээс давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа үндэслэл болгосон Иргэний хуулийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байхгүй. Тодруулбал Иргэний хуулийн 225.4-д заасан “үүргийг ялимгүй зөрчсөн” асуудал байхгүй ба хариуцагчийн олон жил сараар үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн үйлдлийг нь яагаад ч үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй нь ойлгомжтой. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлдэг бөгөөд гүйцэтгэгч орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр үүргээ гүйцэтгэсэнд тооцно. Тэрнээс орон сууцны суурь, хагас дутуу карказ нь гүйцэтгэгчийн өмч тул барилгын гүйцэтгэл нь захиалагчид ямар ч хамаагүй юм. Мөн давж заалдах шатны шүүх “...Түүнчлэн маргаан бүхий амины орон сууцыг барьж буй газар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн эсэх талаар зохигчид маргаж байх тул анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.” гэжээ. Энэхүү үйл баримтыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй бөгөөд шүүх ч өөрөө яагаад гэж бичсэнээс нь үндэслэлгүй дүгнэлт гэдэг нь тодорхой юм. Орон сууцыг барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулах агуулгатай маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд газар өмчлөх эрхтэй холбоотой маргаан биш билээ. Нөгөө талаар хэрэгт ач холбогдогдолтой гэж үзсэн ч иргэний хэргийн материалд газар хэний өмчлөлд байгаа талаар бичгэн нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагч үнэхээр газар нэхэмжлэгчийн нэр дээр байгааг харуулах хүсэлтэй байсан бол түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, эсхүл газрын албанаас лавлагаа тодруулга гаргуулах хүсэлт гаргах боломжтой. Гэвч газар хэний өмчлөлд байгааг тодруулах санал хүсэлтийг гаргаагүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаанд ажлыг гүйцэтгээгүй гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг, алданги 7.005.040 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасанд, хариуцагч нэхэмжлэгч ажлын хөлсөө бүрэн төлөөгүй, ажлыг гүйцэтгэж өгөх боломжтой гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 20-ны болон 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээгээр амины орон сууц барьж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байдал, ажлын үр дүн гарах боломжгүй нөхцлийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэйг дүгнэж, 50.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг заажээ.

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар  талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Анхны буюу 2014 оны гэрээнд зааснаар хариуцагч Ж Т  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн, 22 дугаар хороо, Тахилтын аманд канад технологиор 4 улиралд амьдрах зориулалттай, 1 автомашины гараж бүхий нийт 86.2 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцыг 4 сарын хугацаанд барьж 2014 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөх үүрэг, нэхэмжлэгч О.Н- ажлын хөлс нийт 63.432.000 төгрөгийг хуваарийн дагуу 4 хувааж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч хариуцагчид төлбөрийн урьдчилгаа 30 хувь буюу 20.000.000 төгрөг төлснийг хариуцагч маргаагүй байна.

Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй  хугацаа хэтрүүлжээ.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, баригдах амины орон сууцны талбайн хэмжээг 99.4 м.кв болгож, ажлын хөлсийг 71.484.000 төгрөгөөр тохиролцож,  ажлын үр дүнг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэхүү гэрээ байгуулагдснаас хойш нэхэмжлэгч ажлын хөлсөнд 30.000.000 төгрөг нэмж төлснөөр нийт 50.000.000 төгрөг дээрх 2 гэрээний дагуу төлөгдсөн болохыг зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь одоог хүртэл орон сууцны суурь, карказаас өөр ажлыг  гүйцэтгээгүй нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сард шүүхэд хандсан ба 2 удаагийн гэрээгээр тогтоосон хугацаанд хариуцагч ажлыг гүйцэтгээгүй байх тул гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлын хөлс төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажлын хөлсөнд 50.000.000 төгрөг төлсөн ба үлдэх төлбөрийг түлхүүр гардуулах үед төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх, Ж Т  ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоох нь гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Анх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдснаас хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд гэрээнд хариуцагч өөрийн зардлаар ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн, энэ хугацаанд ажил бүрэн гүйцэтгэгдэж үр дүн гараагүй, үр дүн гарахгүй нь илт атал давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Үүргийг ялимгүй зөрчсөн, хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд  бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлгч өөрөө буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол гэсэн үндэслэлүүдийг гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан хэдий ч эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ тогтоогдох нь зохигчийн хооронд үүссэн маргааны  талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой гэх үндэслэлгүй байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Харин анхан шатны шүүх алдангид 5.080.040 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаас учирсан хохирол шаардаагүй байна. Гэрээний 3.12-т заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.02 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байгаа нь гэрээнээс татгалзсан тохиолдолд энэ зохицуулалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах болгомжгүй.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх алданги гаргуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул алданги гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “55.080.000 төгрөг”  гэснийг “50.000.000 төгрөг” гэж, “1.925.400 төгрөг” гэснийг “7.005.040 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “хариуцагчаас 433.350 төгрөг” гэснийг “хариуцагчаас 407.950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 433.350 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ