Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1569

 

 

 

 

 

 

    2020        08         28                                       2020/ШЦТ/1569

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч Ц.Цэндрагчаа, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /ҮД:0852/,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Над холбогдох 2006 02779 1852 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнийн 3 дугаар гудамжны 87-24 тоотод оршин суух бүртгэлтэй, Шинэ Налайх 7-13 тоотод түр оршин суух, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн авто зогсоол дээр Ц.Цэндрагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний эрх чөлөөнд халдаж, Ц.Цэндрагчаагийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Энэ хэрэг нь 2020 оны 06 сарын 11-ний өдөр болсон явдал. Яагаад болох болсон бэ гэхээр энэ хэрэг нь 2013 оноос эхтэй.  Манай хадам ээж болох Цэндрагчаа Увс аймгаас нүүж ирсэн. Анх нүүж ирэхдээ охиныдоо амьдарна гэж ирсэн. Нүүж ирэхэд нь манай нөхөр ээжийгээ би авмаар байна гэхээр нь би охин луу нь утасдаад бид нар байлгая гэсэн. Тэгээд Цэндрагчаа гэдэг хүн Увс аймгаас өөрийнхөө гэр, тавилга бүх юм аа ачаад ирсэн. Ирэх зардлыг нь би гаргасан. Тэгээд 7 хоног амьдарсан тэгээд шууд салсан. 2 жил зүв зүгээр амьдарч байгаад энэ хүн ирээд 7 хоноод би салсан. Тэр үед хүү маань 7 сартай байсан. Намайг салаад явахад хүүхдийг минь өгөөгүй. Чи чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн. Аргагүй эрхэд би энэ хүнтэй муудалцсан. Тэр нь хэрэгт байна лээ энэ хүнд 15000 төгрөгөөр захиргааны хэргийн арга хэмжээ авагдсан. Би тухайн үед шүүхээр яваагүй. Яагаад салах шийдвээрээ гаргасан бэ гэхээр би энэ хүнтэй 7 хоног амьдрахад би сэтгэл санааны стресст ороод миний 2 чих дүлийрсэн. Миний 2 чих багын жоохон асуудалтай байсан. Хэнгэрэг цоорхой гэдэг гэхдээ огт өвддөггүй байсан. Энэ хүнтэй 7 хоног амьдраад миний чих таг дүлий болсон. Би эмнэлэг дээр очсон. Эмч эмчилгээ хийлгэвэл зүгээр болно гээд би эмчилгээнд явж эхлээд чих зүгээр болсон. Тухайн үед би энэ хүнтэй 7 хоноод чих дүлий болчихож байгаа юм чинь 1 жилийн дараа ямар байхаа мэдэхгүй. Хамаатнуудаас нь маш их сэтгэл зүйн дарамт ирдэг байсан. Магадгүй гэрчийн мэдүүлэг аваад ир гэвэл энэ хүн маш олон хүн олоод ирж чадна. Н гэдэг хүн ямар муухай хүн бэ галзуу солиотой хүн бэ гээд. Би салахдаа энэ хүний дургүйг одоо хүртэл хүргэдэг бүлэг үг хэлчихсэн. Одоо ч надад дургүй. Би юу гэж хэлсэн бэ гэхээр 5 хүний ард гарсан хүн миний ард гарахад асуудалгүй байх гэж хэлсэн. Би өөрийгөө үхэх юм байна гэж бодоод хэлчихсэн юм. Би хэлсэн үгэндээ уучилалт гуйгаагүй явж байгаа. Салаад явсны дараа хамаатнууд нь бэрээ 7 хоногийн дотор хөөгөөд явуулчихлаа гээд муу ярина гээд надад одоо болтол дургүй байдаг. Надад хүүхдийг маань өгөөгүй би 1 жил 4 сар болж байгаад шүүхээр хүүхдээ авсан. Тэгээд  06 дугаар сарын 11-ний өдөр энэ хүмүүс ахиад хүүхдийг минь авна гээд иргэний хэргийн шүүхэд хурал болсон. 6 сарын 11-нд  Идэрмөнх гэдэг хүн над руу залгасан шүүх хурлын дараа мэдүүлэг дээрээ намайг залгасан гэсэн байсан. Би дуудаагүй энэ хүмүүс хүүхдийнхээ бэлгийг өгмөөр байна гээд дуудсан гэсэн. Утасны дуудлага шалгасан бол гараад ирэх байсан. Би уулзчихаад Оргил руу орж юм авсан. Оргилоос буцаж гарч ирээд машин дээрээ очтол миний хүүхдүүд уйлчихсан байж байсан. Хамгийн зүүн талд нь Цэндрагчаа тэрний цаана Одмаа Батхүү баруун талд нь Идэрмөнхийн байсан. Би Идэрмөнхийн талаас хаалга онгойлгоод хүүхдээ авах гэсэн чинь Идэрмөнх надад хүүхдийг минь өгөөгүй. Идэрмөнхтэй би хүүхдээ салгаж авах гээд зууралдсан гэхдээ Одмаатай зууралдсан зүйл байхгүй уйлсан байсан. Гэтэл  өргөдөл дээр Идэрмөнхийг самардсан гэсэн. Хэрвээ би самардсан юм бол самардсан зүйл байх ёстой. Өргөдлийн агуулга тэр чигтээ худлаа байсан. Энэ хүнд гэмтэл би учруулаагүй. Яагаад энэ хүн гэмтэл учруулсан гээд байгааг би ойлгуулах гээд их зүйл яриад байна. Энэ хүмүүс хүүхдийг минь надаас салгаж авах гээд бараагүй хүмүүс  108-аас надад  дуудлага ирсэн. Хүүхдээ зодсон гэж ирээд шалгаад тийм зүйл болоогүй байна гээд явсан. Тэгээд аргаа бараад ээж нь өөрийг нь зодсон гээд намайг цагдаад өгч байна. Хамгийн гол нь энэ шүүх хурлаар намайг ялтай болгочихвол иргэний хэрэг дээр ялна гэж бодсон байх. Би Идэрмөнхтэй зууралдсан энэ хүн цаад талд нь суусан байсан. Хэрвээ би  ээжийг нь зодож байсан юм бол Идэрмөнх юу хийж байсан юм. Одмаагийн мэдүүлгийг уншаад би гайхсан. Чи яагаад эгчийгээ ингэж хэлж байгаа юм бэ гэсэн чинь Одмаа “Мэдэхгүй ээ эгээ намайг шийтгэн гээд байсан” гэж хэлсэн. Тэр хүүхэд болсон үйл явдлыг тэгж нарийн харах сөхөөгүй уйлж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цэндрагчаагийн өгсөн: “Би шүүх хуралдаанд гэрчээр орсон. Шүүх хуралдаан дуусаад энэ хүн өөрөө манай хүүтэй уулзъя гэсэн. Миний хүүхдэд машин авч ир, дугуй авч ир гэхээр нь аваад очсон. Би ач хүүгээ 7 жил өгсөн. Би уулзах гэтэл надтай уулзуулаагүй, намайг загнаад “яадаг муу балай авгай вэ” гээд харааж ерөөгөөд байсан. Би ач хүүтэйгээ уулзах гээд машин дээр очоод байж байсан чинь энэ хүн гүйж ирээд “яадаг муу балай авгай вэ” гээд толгой руу аймаар хүчтэй 2 удаа цохисон. Бас манай хүүгийн нүүр лүү цохисон. Би их гомддог юм. 7 жил хүүг нь асарсан. Энэ хүн өөрөө хүүгээ 6 сартай байхад нь орхиод явсан. Би хөдөөнөөс ирээд хүүгийндээ зүгээр 7 хоносон. Тэгсэн чинь энэ хүн танд хамаагүй гээд бүх юмаа цуглуулаад гарч явсан. Дараа нь ирээд халаадаа авч явсан. Намайг энэ хүн 2 дахь удаагаа зодож байна. Миний толгойд гэмтэл учирсан. Би өмгөөлөгчтэйгөө шүүх эмнэлэг дээр очсон чинь томографийн зураг авхуул гэсэн. Миний толгой өвдөөд, толгой эргээд, хүйт даагаад байсан. Та унаж тусах аюултай байна гэсэн. Би 4-5 хоног нойргүй хоносон, 7-9 хоног хавагнасан. Намайг хяналтад ор, бичиг өгчихлөө, Шаргалжуут ор гэсэн. Миний толгойд зүү тавьж өгөөд толгой өвдөх арай гайгүй болсон. Гэхдээ одоо бага зэрэг өвдөөд л байна. Би эмчилгээний төлбөрт 160.000, сувилалд хэвтсэн 439.000, өмгөөлөгчийн төлбөр 600.000, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цэндрагчаагийн өгсөн: “... ээж нь ирээд “юу гээд байгаа балай авгай вэ” гээд намайг гараа атгаж байгаад дух руу 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд би машинаас буутал намайг дахин 2 удаа дух руу гараараа шаагаад цохисон. Нийт 169.471 төгрөгийн 7 ширхэг баримт аваачиж өгсөн. Надад хохирол мөнгөтэй холбоотойгоор гаргаж өгөх өөр баримт байхгүй. Би Наас өөрт учирсан хохиролд нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.15-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Одмаагийн өгсөн: “... Идэрмөнх ахын машин дотор Н эгчийн 7 настай хүүхэд болох Батхүүгийн хамт суусан юм. Идэрмөнх ахын машин дотор Батхүү бид хоёрыг суухад Идэрмөнх ахын ээж нь хамт машинд нь явж байсан. Н эгч тэр Идэрмөнх ахын ээжийнх нь толгой, дух орчим гараараа цохисон. Би айгаад өөрсдийнхөө машин руу гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Идэрмөнхийн өгсөн: “... Н хүрч ирээд миний өвөр дээр сууж байсан Батхүүг барьж авангуутаа манай ээж Цэндрагчаагийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6923 дугаартай:

“1. Ц.Цэндрагчаагийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Хохирлын баримтууд /хх.52-54, шинээр гаргасан 6 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн авто зогсоол дээр Ц.Цэндрагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, Ц.Цэндрагчаагийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цэндрагчаагийн өгсөн: “... намайг гараа атгаж байгаад дух руу 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд би машинаас буутал намайг дахин 2 удаа дух руу гараараа шаагаад цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Одмаагийн өгсөн: “... Н эгч тэр Идэрмөнх ахын ээжийнх нь толгой, дух орчим гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Идэрмөнхийн өгсөн: “... Н хүрч ирээд миний өвөр дээр сууж байсан Батхүүг барьж авангуутаа манай ээж Цэндрагчаагийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6923 дугаартай:

“1. Ц.Цэндрагчаагийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цэндрагчаагийн өгсөн: “... Би ач хүүтэйгээ уулзах гээд машин дээр очоод байж байсан чинь энэ хүн гүйж ирээд “яадаг муу балай авгай вэ” гээд толгой руу аймаар хүчтэй 2 удаа цохисон. Бас манай хүүгийн нүүр лүү цохисон... Намайг энэ хүн 2 дахь удаагаа зодож байна. Миний толгойд гэмтэл учирсан. Би өмгөөлөгчтэйгөө шүүх эмнэлэг дээр очсон чинь томографийн зураг авхуул гэсэн. Миний толгой өвдөөд, толгой эргээд, хүйт даагаад байсан. Та унаж тусах аюултай байна гэсэн. Би 4-5 хоног нойргүй хоносон, 7-9 хоног хавагнасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нын өгсөн “би хохирогчийг цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ц.Цэндрагчаагийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 169.471 төгрөг, сувиллын төлбөрийн зөрүү 270.000 төгрөг, нийт 439.471 төгрөгийг шүүгдэгч Б.Н нөхөн төлсөн бөгөөд харин өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгаагүй байх учир сэтгэл санааны хохирлын 4.000.000 нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Мөн хохирогч Ц.Цэндрагчаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Наас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг улмаас учруулсан бодит хохирлоо төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Над оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Над оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Над сануулсугай.

          5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 439.471 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Ц.Цэндрагчаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Наас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР