| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1555/Э |
| Дугаар | 1588 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1588
2020 09 03 2020/ШЦТ/1588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Уод холбогдох 2006 02294 2160 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын гудамжны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Ш овогт Эын У /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.У нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 45 тоот өөрийн гэртээ иргэн Г.Мөнхболорыг унтаж байх хооронд нийт 764.100 төгрөгийн үнэлгээ бүхий “Redmi Note-8 Pro” маркийн rap утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхболорын өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд найз Уын гэрт ирсэн. Ирээд У, Төрболд нарын найз Золоо гэж дууддаг хүүхэн бид дөрөв архи пиво уугаад хоносон. Тэгээд маргааш нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд хоёр ихрийн найз Заяа гэж дууддаг охин, Бямбаа гэж дууддаг ах нэмэгдэж ирсэн... бид нар 19 цагийн үед унтсан. Тэр үед У сэрүүн байсан. Би унтахынхаа өмнө 2 дугаар луу залгаж яриад толгойныхоо хажууд гар утсаа тавиад унтсан. Тэгээд 21 цаг 10 минутын орчимд сэрээд хүн рүү ярих гээд утсаа хайхад утас олдоогүй. Тэгээд би тэр хэдээс асуухад У “Гаднаас хүн амьтан орж ирээд авсан юм биш биз дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төрболдын өгсөн: “... орой нь 21 цагийн орчимд сэрэхэд Мөнхболор миний зүүн талд, Заяа нь миний баруун талд унтаж байгаад сэрсэн. Мөнхболор “Миний гар утас алга болчихсон байна” гээд унтсан газартаа үзэж байхад Заяа гэдэг охин “Би сүүлд дуу сонсож байгаад утсыг чинь чамд өгсөн шүү” гэхэд “Намайг унтах гэж байхад байсан юм” гэж хэлж байсан. Тэгээд хайж үзэж байгаад “Унтаж байхад хүн амьтан орж ирээд аваад гарна гэж баймааргүй юм” гээд найзтайгаа миний утсаар ярьж, найз нь ирээд авч явсан... Э.У нь утас алга болдог өдрөөс хойш 1-2 хоногийн дараа гэртээ хүнсний зүйл бэлдсэн. Бид 2 ээлжпээд гэртээ хоол хүнсээ бэлддэг болохоор би мөнгө төгрөг хаанаас олсон талаар асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх.23-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхзаяагийн өгсөн: “... би жаахан пиво ууж байгаад Төрболдтой хамт унтсан. Тэгээд намайг нэг сэрэхэд Мөнхболор миний хажуунаас босоод “Би утсаа толгойныхоо харалдаа хийгээд унтсан. Миний утас байхгүй байна” гэж хайгаад байсан. Тэгээд хүн болгоноос “Миний утас харсан уу?” гээд асуугаад байсан. Тэгээд асуугаад явж байхад нь гэрт Төрболд, би У, Мөнхболор бид 4 байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Алтансүхийн өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр юм уу 5 сарын эхээр би өдрийг нь санахгүй байна. Үл таних, туранхай, цайвардуу царайтай, масктай залуу байсан юм. Би ногоон өнгийн Redmi Note-8 pro маркийн rap утас 180.000- 220.000 төгрөгийн хооронд худалдаж авсан. Би худалдаж авсан хүнээ харвал танина... “Ахаа утас худалдаж авах уу?” гээд орж ирэхээр нь авчихсан юм. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.33-39/,
“Дамно” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б3Д2-20-302 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.42-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уын яллагдагчаар өгсөн: “... тэгээд тэр оройдоо шөнөжин уугаад 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө мөн үргэлжлүүлж уугаад орой 21 цагийн үед манай том өрөөнд матрасан дээр манай ихэр Төрболд, найз Мөнхзаяа, найз Мөнхболор нар унтсан. Мөнхболор унтах үедээ өөрийнхөө гар утсыг толгойныхоо хажуу хэсэгт тавьчихсан унтаж байхаар нь би утсыг нь авч нуугаад унтраачихсан юм. Тэгээд Мөнхболор унтаж сэрээд “Утас алга болчихсон байна” гэхээр нь “Би яаж мэдэх вэ?" гээд хэлчихсэн. Тэгээд би маргааш нь Тэди орж утсыг нь 200.000 төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан. Би уг гар утсыг зарж борлуулсан мөнгөөрөө гэртээ хоол хүнсний зүйл бэлдсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийсэндээ одоог хүртэл гэмшиж явдаг. Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.66-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.У нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 45 тоот өөрийн гэртээ иргэн Г.Мөнхболорыг унтаж байх хооронд нийт 764.100 төгрөгийн үнэлгээ бүхий “Redmi Note-8 Pro” загварын rap утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхболорын өгсөн: “... бид нар 19 цагийн үед унтсан. Тэр үед У сэрүүн байсан. Би унтахынхаа өмнө 2 дугаар руу залгаж яриад толгойныхоо хажууд гар утсаа тавиад унтсан. Тэгээд 21 цаг 10 минутын орчимд сэрээд хүн рүү ярих гээд утсаа хайхад утас олдоогүй. Тэгээд би тэр хэдээс асуухад У “Гаднаас хүн амьтан орж ирээд авсан юм биш биз дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төрболдын өгсөн: “... Мөнхболор “Миний гар утас алга болчихсон байна” гээд унтсан газартаа үзэж байхад Заяа гэдэг охин “Би сүүлд дуу сонсож байгаад утсыг чинь чамд өгсөн шүү” гэхэд “Намайг унтах гэж байхад байсан юм” гэж хэлж байсан... Э.У нь утас алга болдог өдрөөс хойш 1-2 хоногийн дараа гэртээ хүнсний зүйл бэлдсэн...” гэх мэдүүлэг /хх.23-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхзаяагийн өгсөн: “... Мөнхболор миний хажуунаас босоод “Би утсаа толгойныхоо харалдаа хийгээд унтсан. Миний утас байхгүй байна” гэж хайгаад байсан. Тэгээд хүн болгоноос “Миний утас харсан уу?” гээд асуугаад байсан. Тэгээд асуугаад явж байхад нь гэрт Төрболд, би У, Мөнхболор бид 4 байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Алтансүхийн өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр юм уу 5 сарын эхээр би өдрийг нь санахгүй байна. Үл таних, туранхай, цайвардуу царайтай, масктай залуу байсан юм. Би ногоон өнгийн Redmi Note-8 pro маркийн rap утас 180.000- 220.000 төгрөгийн хооронд худалдаж авсан. Би худалдаж авсан хүнээ харвал танина... “Ахаа утас худалдаж авах уу?” гээд ороод ирэхээр нь авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.33-39/,
“Дамно” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б3Д2-20-302 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.42-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уын яллагдагчаар өгсөн: “... Мөнхболор унтах үедээ өөрийнхөө гар утсыг толгойныхоо хажуу хэсэгт тавьчихсан унтаж байхаар нь би утсыг нь авч нуугаад унтраачихсан юм. Тэгээд Мөнхболор унтаж сэрээд “Утас алга болчихсон байна” гэхээр нь “Би яаж мэдэх вэ?" гээд хэлчихсэн. Тэгээд би маргааш нь Тэди орж утсыг нь 200.000 төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан. Би уг гар утсыг зарж борлуулсан мөнгөөрөө гэртээ хоол хүнсний зүйл бэлдсэн...” гэх мэдүүлэг /хх.66-69/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.Уын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Мөнхболор нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Э.Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Э.У нь хохиролд 764.100 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Мөнхболор нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэн, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Э.Уод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч хорих Э.Уод ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ш овогт Эын Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уод хорих ял оногдуулагүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, Э.Уод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.Уод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 764.100 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Мөнхболор нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Уод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР