Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1590

 

 

 

 

 

 

  2020         09          03                                    2020/ШЦТ/1590

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0445/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Бд холбогдох 2006 00000 2244 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1981 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Нарантуул олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны наймаа хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хорооллын 904 дүгээр байрны 49 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Хийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Тэмжүүжингийн хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохьсоны улмаас түүний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж. зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжингийн өгсөн: “... Би найзуудтайгаа Сэрүүлэг гэх пабад орон 1 шил архи уугаад 14 цагийн үед гарч ирээд Их Монгол хороололд байх гэр лүүгээ явж байсан. Ингээд замдаа дахин архи уумаар санагдаад байсан ба манай хороололд амьдардаг зүс таних залуу таарахаар нь түүнтэй нийлж дахин нэг шил 0.75 литрийн Хараа архи уусан. Архи нэлээн дуусахын алдад зүс таних залуу агсам согтуу тавьж эхлэсэн тул би гэр лүүгээ орохоор болсон. Тэгээд гэр лүүгээ алхаж байтал зүс таних залуу миний араас алхаж ирээд миний цавь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн элэг рүү гараараа нэг удаа цохисон тул би элгээ дараад тонгойж байх хооронд миний зүүн нүд болон нүүр хэсэгт гараараа олон удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндсайханы өгсөн: “... Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын харуулаар ажиллаж байсан. Өдөр 14 цаг өнгөрөөд байж байтал 902 дугаар байр 1 дүгээр орцны үүдэнд хүмүүс зодолдож байгаа талаар оршин суугчид хэлсэн. Тэгэхээр нь би харуулын байрнаасаа гараад 902 дугаар байр 1 дүгээр орцны үүдэнд очиход 902 дугаар байрны 2 давхарт оршин суудаг бор арьстай Х.Б гэх залуу үл таних өндөр биетэй залуутай хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар тодруулахаар тэр 2 дээр очтол үл таних өндөр залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай, харин Х.Бын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зогсч байсан... үл таних өндөр залууг Х.Б гэх залуу зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Анх зодоон болсон газар очиход үл таних залуугийн хамраас цус гарсан байсныг анзаарсан. Харин эхнэрээ дагуулаад ирэхэд нүд нь хавдаж эхлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9022 дугаартай:

          “1. С.Тэмүүжингийн биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.15-16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Тэмжүүжингийн хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохьсоны улмаас түүний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж. зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжингийн өгсөн: “... Тэгээд гэр лүүгээ алхаж байтал зүс таних залуу миний араас алхаж ирээд миний цавь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн элэг рүү гараараа нэг удаа цохисон тул би элгээ дараад тонгойж байх хооронд миний зүүн нүд болон нүүр хэсэгт гараараа олон удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндсайханы өгсөн: “... Х.Б гэх залуу үл таних өндөр биетэй залуутай хэрэлдэж маргалдаад зогсч байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар тодруулахаар тэр 2 дээр очтол үл таних өндөр залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай, харин Х.Бын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зогсож байсан... үл таних өндөр залууг Х.Б гэх залуу зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Анх зодоон болсон газар очиход үл таних залуугийн хамраас цус гарсан байсныг анзаарсан. Харин эхнэрээ дагуулаад ирэхэд нүд нь хавдаж эхэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9022 дугаартай:

          “1. С.Тэмүүжингийн биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.15-16/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Х.Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Х.Б нь хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Тэмүүжин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Хийн Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Бд сануулсугай.

5. Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч С.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР