| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1714001080114 |
| Дугаар | 2018/ДШМ/006 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2018/ДШМ/006
С.Мад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч С.М
Шүүгдэгч С.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Мад холбогдох эрүүгийн 1714001080114 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С.М, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
2003 оны 02 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,
2006 оны 05 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2007 оны 02 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2016 оны 01 дүгээр сарын 07-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан
С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3-19/Б тоотод 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд хамтран амьдрагч С.Мг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хамтран амьдрагч С.Мг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт С.Мыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Мыг 7 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Мад оногдуулсан 7 сар хорих ял дээр нэмж зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчийн тодорхойлолт, рентген зургийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалж,
С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар С.Мын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч С.Мад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар С.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 680 дугаар Шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүгчийн захирамжаар “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 5 дахь заалтад байгаа хохирогч С.Мгийн шүүх хуралдаанд 2017 оны 10 дугаар сарын 28-ны үүрээр согтуу орж ирээд намайг зодсон, тэгээд цагдаа 15000 төгрөгөөр торгож байсан” гэсэн мэдүүлгийг “2017 оны 5 дугаар сарын 31, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зодсон, өмнө нь цагдаа торгож байсан” гэж шүүх өөрийн санаачлагаар шийтгэх тогтоолыг залруулжээ.
Шүүгдэгч С.М гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Мг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож улмаар намайг гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүхээс 7 сарын хорих ялаар шийтгэсэн нь намайг хэт буруутгасан гэж үзэж байна.
Учир нь би эхнэрээ 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зодоогүй гэдгийг тэнд байсан хүмүүс бүгд мэдэж байгаа, тэр хүмүүс энэ талаараа шүүхэд хэлсэн байхад яагаад намайг ингэж буруутгаж хорьж байгааг ойлгохгүй байна. Би С.Мтэй сайн сайхан амьдрах зорилготой байдаг, хэдэн дүү, ар гэрээ харахын зэрэгцээ хань, үр хүүхдээ сайн сайхан явуулах гэсэн гол зорилготой.
Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, харин ам мурийж, эхнэртэйгээ хэрэлдэж маргадаг байсан. Энэ байдлаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр ч гэсэн өөрөө бас намайг янз бүрээр хэлдэг байсан талаар би шүүх хурал дээр хэлж байсан юм.
Иймд эрхэм шүүгч та бүхэн миний энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: С.М нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2017оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Мг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 сар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм.
Прокурорын газраас С.Мад холбогдуулан С.Мг хоёр удаа зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад Эрүүгийн хуулийг хүндрүүлэн хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гол шинж нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэсэн үндсэн шинжийг агуулдаг, байнга гэдэгт гурав буюу түүнээс дээш удаа зодсон байхыг ойлгож хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн тайлбар байхад шүүх энэ тайлбар болон бусад хуулийн үндэслэлийг зөв тайлбарлаж, хэрэглэж чадаагүй.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Мад холбогдох хэргийг зөв зүйлчилж өгнө үү гэжээ.
Хохирогч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.М нь С.Мтай таарамжгүй харилцаанаас болж маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоогоор бидний охин М.Бадамцэцэг нь Баянхонгор аймгийн хүүхдийн тасгийн эрчимтэд бие нь тааруу эмчлүүлж байна. Цаашид бид 3 ямар нэгэн хэрүүл маргаангүй сайхан амьдарна. Надад гомдол, санал байхгүй тул ялыг нь тэнсэж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Мын үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжийг агуулж байхад түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: С.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан сайтар судлан үзвэл С.М нь 2017 оны 05 дугаар сарын 31, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд хамтран амьдрагч С.Мг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3-19/Б тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Мгийн “2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад манай салсан нөхөр С.М намайг дуудхаар нь би нялх хүүхдээ аваад манай найз *******ийн хамт очсон..., ...С.М машинаа согтуу барьж явах гээд байхаар нь би явуулахгүй гээд машиных нь түлхүүрийг нуучихсан чинь орилоод намайг элдвээр хэлээд байсан тэгснээ намайг гараараа баруун талын хацар руу алгадчихсан..., ...түлхүүрийн авчихсан байсан чинь л уурлаад намайг нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-28-р тал/
“...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-3-18/Б тоотод байдаг хадмындаа байж байсан чинь С.М нь өдөр гадагшаа гараад явсан ба тэгээд би хадмындаа байж байсан чинь гаднаас жоохон согтуу орж ирсэн..., ...хүүхдийн баяр болох гэж байхад архи дарс уугаад тэнээд яваад байх юм гэж уурласан чинь над руу дайраад надаас 50.000 төгрөгийг авсан, тэгээд би мөнгийг нь авах гээд булаацалдаад байсан чинь өгөхгүй зууралдаж байгаад С.М миний хамар руу толгойгоороо мөргөчихсөн, тэгээд миний хамарнаас цус гараад удалгүй хавдчихсан...” гэх мэдүүлгүүд. /хх-ийн 29-42-р тал/
Гэрч *******ын “...намайг хамт байхад бол С.М, С.М хоёр машиныхаа түлхүүрийг бие биенээсээ асууж жаахан уурласан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48-р тал/
Гэрч *******ийн “...С.М машиных нь түлхүүрийг өгөхгүй байсан чинь тэр хоёр хэрэлдэж маргалдаад С.М нь С.Мгийн баруун талынх нь хацар руу гараараа нэг удаа алгадсан..., ...С.М бид хоёр 2017 оны 06 дугаар сар дөнгөж гарч байсан 06 дугаар сарын эхээр 5, 6-ны өдрүүдийн үед уулзахад л нүүр нь хавдчихсан байсан, тэр үед уулзахад С.Мгийн хамар нь мурийчихсан, хамарныхаа тэр хавиар бас нүднийх нь доод хэсэг рүү хүртэл хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51-р тал/
Гэрч *******ийн “...2017 оны 05 дугаар сарын 31-ний шөнө би гэртээ унтаж байсан чинь 00 цагийн үед шиг санагдаж байна С.М над руу утсаар яриад С.М намайг зодчихлоо хүрээд ирээч гэсэн..., ...С.М намайг зодчихлоо миний хамар руу цохьчихсон гэж байсан тэр үед нь түүний хамар хэсэгт хавдчихсан байсан..., маргааш нь дахиад С.Мтэй уулзахад хамар, нүүр нь бүр хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-54 дүгээр тал/,
Хохирогч С.Мгийн биед 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, мөн түүний биед хамар ясны хуучин хугарал таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон, эдгээр нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаарх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 388, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 430 /нэмэлт/ тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 63-64, 69-70-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.
Гэтэл прокуророос С.Мын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнд уг зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь хэвшмэл маягтай буюу гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон, эсхүл хууль бусаар хорих, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх зэргээр харгис хэрцгий хандан тарчлаасан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, ичгүүр сонжуургүй догшин авирласан байхыг хэлэх бөгөөд шүүгдэгч С.Мын С.Мг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь дээр дурдсан шинжийг агуулаагүй байгаа болно.
Иймд С.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэж энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч С.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүхээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхдээ хуулийн заалтуудын дэд хэсгүүдийг орхигдуулсан, тогтоох хэсгийн зарим заалтыг давхардуулан дугаарласан зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр
зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
11 дэх заалт болгон “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,
1 дэх заалтад “...Шүүгдэгч ******* овогт С.Мыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч ******* овогт С.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт С.Мыг долоон /7/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Мыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт С.Мад долоон /7/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...С.Мад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, биелэлтэд нь хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж,
7 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8...,” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8...” гэж,
10 дахь заалтад “...С.Мад хэрэглэсэн цагдан хорих...” гэснийг “...С.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 болон 2 дахь 7 дугаар заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Мыг сулласугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Мын 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Н.ЭНХМАА