Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2018/0038/З |
Дугаар | 079 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 079
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б.Сум 4 дүгээр багийн оршин суугч, Узынмылтых овогт Х.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргаас огцруулах тухай” Б/30 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Б.Сум Хурлын даргын өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:
Миний бие Х.Х нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Б.Сум Засаг даргаар сонгогдон, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/645 дугаар захирамжаар Б.Сум Засаг даргаар томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар намайг үндэслэлгүйгээр огцруулах тухай санал гаргаснаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тухайн саналыг баталж огцруулах тухай захирамж гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн акт болсон. Тухайлбал, Сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхгүйгээр шууд Хурлаар авч хэлэлцсэнээр хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг даргыг огцруулах тухай асуудал тусгагдаагүй байсан.
Сумын Засаг даргыг огцруулах талаар эрх баригч намын бүлэгт танилцуулаагүй, намын дэмжлэг аваагүй байсан. Ардчилсан намын бүлгийн 9 төлөөлөгчийн гаргасан Засаг даргыг огцруулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хын хамаатан садан Монгол Ардын намын бүлгийн 5 төлөөлөгч нийлж хуульд заасан журмыг зөрчиж тухайн хуралдаанаар хууль бусаар хэлэлцүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан ...энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэснийг зөрчиж тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х болон түүний дүү Б.Хажымурат, эхнэрийн төрсөн дүү Х.Өсерхан, ах нь А.Малгаждар, баз нь орлогч дарга К.Хавдилмалик нар албан тушаалын төлөө хууль зөрчиж хэлэлцсэн юм.
Б.Сум Засаг даргын 2017 оны хийж гүйцэтгэн дүгнүүлсэн ажлыг намайг огцруулсан 7 дугаар хуралдаанаар дахин хэлэлцэж дүгнэсэн. 2017 оны ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар дүгнэж, “хангалттай” үнэлгээ өгч байсан боловч 7 дугаар хуралдаанаар дахин хэлэлцүүлж “хангалтгүй” хэмээн үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага зэрэг баримтуудыг надад хамруулан авч үзэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн Төрийн аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/42 тоот албан шаардлага нь 2017 онд гүйцэтгэсэн Б.Сум Засаг даргын Тамгын газрын дарга болон Санхүүгийн албаны даргад хамааралтай асуудлууд байсан юм. Тухайн албан шаардлага нь надад хаяглагдаж буруутай албан тушаалтнуудаас арга хэмжээ авахыг шаардсаны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэж байсан.
Төрийн аудитын газраас Б.Сум Засаг дарга Х.Х надад холбогдуулан шалгалт хийж байсан боловч ямар нэгэн зөрчил дутагдал илрүүлж, санхүүтэй холбоотой ямар нэгэн акт тогтоож байгаагүй. Аймгийн Засаг дарга намайг огцруулахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийж, сонсох ажиллагаа огт явуулаагүй.
Аймгийн Засаг дарга намайг огцруулах тухай үндэслэлийг тогтоогоогүй байдаг. Тухайлбал Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолын үндэслэл болсон материалтай танилцаагүй, хурлын тэмдэглэл, сумын Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх талаар нотлох баримт байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хянаж баталгаажуулалт хийх ёстой байсан боловч хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэр нотлох баримт болон хуульд нийцсэн эсэхийг шалгаагүй байна.
Аймгийн Засаг дарга намайг огцруулах тухай захирамж гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, Засаг даргыг огцруулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн байхад энэхүү алдааг залруулаагүй.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр надтай байгуулсан сумын Засаг даргатай байгуулсан нэг жилийн хугацаатай гэрээг дүгнэхгүйгээр чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулж байгаа нь хууль бус байна. Өмнөх оны гэрээгээр ажлаа хангалттай дүгнүүлж байсан ба энэ оны гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй байсан юм.
Б.Сум “Тошинт” болон “Хатуугийн гол” ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг хурлаар батлуулалгүйгээр шууд “Монгол сафари” ХХК-тай гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр намайг буруутгаж байгаа.
Гэхдээ 2017 оны 03 дугаар сард гарсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолоор “Тошинт” болон “Хатуугийн гол” ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг баталсан байсан.
Иймд Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай” Б/30 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/15 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Баасан” гаригт сумын төвд хуралдуулахаар товлосон. Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит 7 дугаар хуралдаанд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон бөгөөд дарааллын 6-д “сумын Засаг даргын үйл ажиллагааны тайлан” хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх” талаар тусгасан юм. Гэвч хуралдааныг тодорхой шалтгааны улмаас хойшлуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/18 дугаартай тогтоолоор 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулахаар Хурлын хуралдааны товыг дахин тогтоосон болно.
Улмаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 7 дугаар хуралдаан төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэлж, сумын Засаг даргын үйл ажиллагааны тайлан сонсох, Засаг даргыг огцруулах тухай асуудлыг тус тус хэлэлцүүлэхээр хуралдааны дотоод журам, хуралдааныг удирдах болон хэлэлцэх асуудлын дараалал, төлөвлөгөөнд оруулан шийдвэрлэсэн.
Тэрээр сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан шалтгааны хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арчилсан намын бүлгийн нэр бүхий 9 төлөөлөгч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн огноотой Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад хаяглагдсан сумын Засаг даргыг огцруулах санал оруулах тухай бичгийг уламжилж, ээлжит 7 дугаар хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахаар хандсан бөгөөд сумын Засаг даргыг огцруулах 7 үндэслэл бүхий шаардлага тавьж, үүнтэй холбогдох тооцоо, судалгаа, холбогдох баримтуудыг хүргүүлсэн билээ. Тэрээр уг саналыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлөөлөгчдөд танилцуулж, гарын үсэг зуруулсан. Мөн үүнийг Засаг дарга байсан Х.Хт танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзаж, тухайн хуралдааны үед надад танилцуулаагүй хэмээн худал тайлбар гаргасан болохыг дурдаж байна.
Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу эхний 5 асуудлыг хэлэлцсэний дараа сумын Засаг даргын үйл ажиллагааны тайланг сонссон. Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс сумын Засаг даргын хагас жилийн үйл ажиллагааны тайлантай холбоотой өөр өөрсдийн саналаа илэрхийлж, улмаар сумын Засаг даргын ажлыг хангалтгүй гэх саналыг тавьсан байх ба сумын Засаг даргын ажил хангалттай эсэх талаар санал хураалт явуулснаар тухайн хуралдаанд оролцсон 17 төлөөлөгч сумын Засаг даргын ажлыг хангалтгүй, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хуулийг зөрчсөн хэмжээн дүгнэж, олонхийн саналаар огцруулж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ:
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар ээлжит хуралдаанд оролцсон 17 төлөөлөгч буюу 80,9 хувийн саналаар Х.Хыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн огцруулах санал ирүүлсэн. Үүний дагуу Б.Сум Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн эсэхийг судалж үзэхэд Х.Х нь тухайн шатны орон нутгийн төсөвт хамаарах 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахгүйгээр шууд өөрөө хуваарилан зарцуулсан үйлдэл гаргасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “б” заалтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын өргөн мэдүүлсээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж, батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэж, батлах хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг эдэлдэг юм.
Сумын Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахгүйгээр зарцуулсан хууль бус үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээнд зарцуулахыг хориглоно гэсэн заалт, 66 дугаар зүйлийн 66.1.1-д заасан тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төсвийг боловсруулахаар хэлэлцүүлэн батлуулах төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах гэсэн заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а”-д нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсөв болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах батлагдсан хөтөлбөр, төсвийн төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах заалтуудыг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгч эдгээр хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн нь Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 32 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд, нэгдүгээрт, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот тогтоолоор сумын Засаг дарга Х.Хын хагас жилийн ажлыг хангалтгүй гэж дүгнэж, мөн хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр түүнийг албан тушаалаас нь огцруулсан байсан. Уг тогтоолыг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн. Үүнд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй асуудлыг хуралдаанаар шууд хэлэлцүүлсэн. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4 зааснаар Хурлын төлөөлөгчид тодорхой асуудлыг санаачлан хэлэлцүүлэх эрхтэй боловч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д зааснаар холбогдох тооцоо судалгааг гаргаж, шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах ёстой байсан.
Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй асуудлыг Хурлаар хэлэлцүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д заасныг ноцтой зөрчсөн байна.
Хоёрдугаарт, тухайн хуралдаанаар Засаг даргаар ажиллаж байсан Х.Хын хагас жилийн ажлыг дүгнэсэн. Хагас жилийн тайланг тухайн жилийн 6 дугаар сарыг оролцуулан 7 дугаар сараас эхлэн дүгнэх ёстой юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар албан бичгээр зөвхөн эхний улирлын ажлын тайланг хэлэлцэнэ гэж Засаг даргад мэдэгдсэн. Гэвч хуралдаанаар 6 дугаар сар дуусаагүй байхад хагас ажил тайланг хэлэлцээд улмаар ажлаа хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр Засаг даргыг огцруулж түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймээс хариуцагч байгууллагын “Засаг даргын огцруулах тухай” 27 тоот тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй асуудлыг хуралдаанаар шууд хэлэлцсэн, яригдаагүй асуудлын талаар дүгнэлт гаргасан ба маргаан бүхий акт нь хууль зүйн хувьд агуулгын алдаатай захиргааны акт учраас шууд хүчингүй болох ёстой юм. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс харахад, Засаг дарга хууль зөрчсөн талаар хэлсэн байх ба Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь ямар байдлаар хууль зөрчсөн бэ гэдгийг шүүх нарийвчлан шалгаж дүгнэх ёстой гэж харж байна. Тухайн захиргааны акт зорилгодоо хүрсэн үү, хүрээгүй үү гэдэг асуудлыг давхар хянаж үзэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х.Хыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэж хариуцагч тал маргаж байгаа боловч иргэд, төрийн байгууллагыг хохироосон ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж бид үзэж байна.
Дээд шатны Засаг дарга нэхэмжлэгчийг огцруулахдаа төсөл боловсруулан байж, үүнийг нутгийн өөрөө удирдах байгууллагад танилцуулсны үндсэн дээр захиран зарцуулах ёстой гэсэн Төсвийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлан тайлбарласан байна. Гэвч Х.Хын хувьд батлагдсан бэлэн төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22 тоот тогтоол гаргаж зарцуулах эрхийг нь олгосон, уг зөвшөөрлийн дагуу захиран зарцуулсан байгаа.
Ингэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга нарын саналыг аваад хамгийн эхэнд дэмжигдсэн санал, төслийг эхний ээлжид хэрэгжүүлээд явсан. Үүнээс болж, иргэдэд хүртэх ёстой төрийн үйлчилгээг хүргэж чадаагүй нөхцөл байдал байхгүй. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй гэж харж байна. Хэрэв Засаг даргын буруугаас болж иргэд, төрийн байгууллагын эрх ашиг хохирсон, эд хөрөнгийн хохирол учруулсан байвал маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй ч гэсэн зорилгодоо нийцсэн гэж үзэхээр байсан.
Нэхэмжлэгч сумын Засаг дарга байхдаа хэдэн хүнийг ажлаас халсан ба эдгээр хүмүүс шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон гэх боловч үүний зарим нь 2016 оны, зарим нь 2017 оны асуудал байсан. Өнгөрсөн жилийн асуудлыг 2018 оны эхний улиралд хийсэн ажилд оруулан тооцох үндэслэл байхгүй. 2018 оны эхний улирлын хяналтын зүйл болж байгаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Засаг дарга хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй байгаа талаар Хурлын төлөөлөгчдийн аль нэг нь ямар ч нотлох баримт гарган өгч чадаагүй байгаа.
Судалгаа, тооцоо, лавлагаа гаргаж өгөөгүй зөвхөн 2017 онд холбоотой асуудлыг оруулж ирсэн ба энэ асуудал 2017 оны бүтэн жилийн тайланд хэлэлцэгдээд хангалттай гэж дүгнэгдсэн учраас уг асуудлыг дахин оруулж ирснийг бид нар зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс гадна тайлан судалгаатай холбоотой асуудлыг Хурлын Тэргүүлэгч нарт танилцуулаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Огцруулах санал гаргасан Ардчилсан намын бүлгийн дарга А.Асылбек гэрчийн мэдүүлэг өгөхдөө бид 5, 6 хүнд саналыг танилцуулаагүй байсан ба тухайн хүмүүс судалгаа, тооцоотой танилцах эрхгүй гэж мэдүүлсэн байдаг.
Нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэх боловч 2018 оны эхний улиралд Х.Х нь уг хуулийг зөрчсөн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн эрхийн акт гаргаагүй байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлан оруулж ирсэн асуудлыг Засаг дарга давхар санаачлан гаргасан асуудал байгаа. Хэрэв Засаг даргын огцруулах асуудлыг Засаг дарга санаачлан оруулж ирсэн бол Хурлын тогтоол эцсийн шийдвэр байх ёстой. Тэгвэл Засаг даргын санаачилсан асуудлыг өнөөдрийн байдлаар тухайн шатны Хурал авч хэлэлцээгүй байна.
Засаг даргыг огцруулах санал хүргүүлсэн Хурлын шийдвэрт Засаг дарга Төсвийн тухай хуулийг зөрчсөн талаар тусгаагүй боловч энэ асуудлыг аймгийн Засаг дарга өөрөө санаачлаад огцруулах захирамжид тусгасан нь өөрөө үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас оруулж ирсэн санал өөр байхад, дээд шатны Засаг даргаас доод шатны Засаг даргыг огцруулах үндэслэл нь ийм байсан гэж Төсвийн тухай хуулийг зөрчсөн асуудлаар захирамж гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан шинэ санал гэж үзэхээр байна.
Гэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын гаргасан саналыг авч хэлэлцсэн асуудал байхгүй. Хурал болон Засаг дарга нь ижилхэн нэг үндэслэлээр огцруулах ёстой ба өөр өөр асуудлаар сумын Засаг даргыг огцруулж, эрх ашгийг хөндөж болохгүй юм. Үүнээс гадна Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар зарцуулж болохгүй асуудалд төсөв зарцуулсан гэх боловч сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь зарцуулж болохгүй асуудалд төсөв зарцуулсан зүйл байхгүй байгаа.
Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчсөн талаар аймгийн Засаг дарга захирамжид тодорхой тусгаагүй, хуулийг зөв баримтлаагүй, утга агуулгын хувьд алдаатай байна. Хурлын тэмдэглэлд Х.Хыг Хурлаас хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн хоёр үндэслэлээр огцруулсан, хоёр санал хураалт явуулсан мэтээр явагдаж байгаа.
Гэхдээ нотлох баримтуудаас харахад, зөвхөн хагас жилийн үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн эсэх асуудалд санал хураалт явуулаад явсан ба хууль тогтоомж зөрчсөн гэх асуудлыг хурал авч хэлэлцээгүй байгаа. Энэ асуудлыг дээд шатны Засаг дарга гаргаж ирсэн ба Засаг даргын захирамж гарснаас хойш энэ асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яриад явж байгаа.
Дээрээс нь “Монгол сафари” гэх ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай гэрээ байгуулсан гэх үндэслэлээр сумын Засаг даргыг буруутгаж байгаа. Гэхдээ дээд шатны Засаг дарга “Монгол сафари” ХХК-тай гэрээ байгуулсан гэх асуудлаар доод шатны Засаг даргыг огцруулсан талаар захирамжид дурдаагүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолд “Монгол сафари” ХХК-тай гэрээ байгуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон учраас Хурлын шийдвэрийг биелүүлж гэрээг байгуулсан. “Монгол сафари” ХХК нь орон даяар ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани бөгөөд Хурлын шийдвэрийн дагуу сумын Засаг даргаас тухайн компанитай гэрээ байгуулснаас болж байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн асуудал байхгүй тул энэ асуудлаар сумын Засаг даргыг буруутгаж болохгүй байна. Дээрх асуудлуудыг хариуцагч тал зөрчил гэж үзээд уг зөрчил болгоныг Засаг дарга эхний хагас жилд гаргасан гэж дүгнэсэн байна.
Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрхээ хэтрүүлж, тавигдаагүй тайланг Засаг дарга тавьсан мэт дүгнэлт гаргаж, хагас жилийн тайланг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд уг хуульд зааснаар дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг огцруулахдаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал явуулсан байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд захиргааны акт гаргах гэж байгаа талаар мэдэгдэж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, тайлбар авах, сонсох ажиллагаа явуулах зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцоог нь хангах ёстой байсан боловч нэг ч ажиллагаа хийгээгүйгээс гадна өөрөө доод шатны Засаг даргыг огцруулах давхар санаачилга гаргаад захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа. Тийм учраас нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд харьяалах шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан тул хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан аймгийн Засаг даргын захирамж болон Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тогтоол хуульд нийцсэн эсэх талаар тайлбараа хэлэхэд, Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд хоёр үндэслэлийг заасан байгаа. Үүнд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг баримталсан ба хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр огцруулах санал гаргаж дээд шатны Засаг даргад уламжилсан.
Маргааны гол агуулга нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 31.8 сая төгрөгийг Б.Сум Засаг дарга хууль бусаар зарцуулсан уу, үйл ажиллагааны тайланг хангалтгүй биелүүлсэн үү, эсхүл хангалттай юу, “Монгол сафари” ХХК-тай шууд гэрээ байгуулсан гэх асуудлууд гарч ирж байгаа.
Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн эхний хэсгээс үзэхэд, төлөөлөгч А.Асылбекээс хуралдаан эхлэхээс өмнө саналаа гаргаж 6 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргыг огцруулах саналаа албан тоотоор хүргүүлсэн, бусдад тарааж танилцуулсан гэдгээ хэлсэн байгаа. Дараа нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахаар горимын санал гаргасан бөгөөд энэ нь юугаараа нотлогдож байгаа вэ гэвэл тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Харлыбай нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуралдаан болохоос өмнө Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг танилцуулсан гэжээ.
Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.3-д заасан бүрэн эрхийг Хурлын төлөөлөгчид эдэлсэн байна.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Жумагүлийн гэрчийн мэдүүлгээс үзэхэд бүх төлөөлөгчдөд Засаг даргыг огцруулах асуудал хэлэлцэх талаар мэдээлэл тараасан нь тогтоогдож байгаа. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “...Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй...” гэж заасан байх ба хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тооцоо судалгааг тарааснаар энэ үйл баримт хуульд нийцэж байгаа гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч Х.Х нь Б.Сум Засаг даргаар ажиллаж байхдаа “Монгол сафари” ХХК-тай шууд гэрээ байгуулсан асуудал байгаа. Хэдийгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэрээ байгуулахыг үүрэг болгосон ч эхлээд төлөвлөгөө гаргаж танилцуулан батлуулсны дараа гэрээ байгуулах ёстой байсан юм. Гэтэл шууд гэрээ байгуулсан нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан асуудал байгаа.
Дараагийн асуудал бол 31.7 сая төгрөгтэй холбоотой зүйл байгаа. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлээс харахад, төлөөлөгч Ержанатаас саналаа гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар ч тогтоол гараагүй байхад өөрөө шууд төлөвлөн төсөв зарцуулсан нь хууль бус, Хурлаас зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эрхийг нээх тогтоол гаргасан болохоос зарцуулах эрх олгоогүй гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч Х.Хын тус сангийн хөрөнгийг шууд зарцуулсан нь Төсвийн тухай хууль болон бусад салбар хуулийг зөрчсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа аймгийн Засаг даргын захирамжид Төсвийн тухай хуулийг баримтлаагүй гэдэг нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд аймгийн Засаг дарга Х.Хыг огцруулсан тул Төсвийн тухай хууль болон болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн талаар тайлбар гаргасан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/15 дугаартай тогтоолоор[1] сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Баасан” гарагт хуралдуулахаар товлон зарлаж, тус хуралдаанаар “сумын хэмжээнд байгаа төрийн өмчийн талаар, 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тухай, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн тухай, татварын биелэлтийн тухай, ангийн гэрээний төсөл, менежментийн тухай, Засаг даргын ажлын тайлан” зэрэг 6 үндсэн асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
Сумын Засаг дарга /нэхэмжлэгч/ уг хуралдааныг хойшлуулах талаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай албан бичгээр Хурлын Тэргүүлэгчдэд хандсанаар[2] Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/18 дугаар тогтоолоор 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хуралдааныг хойшлуулсан хугацаанд 06 дугаар сарын 12-ны өдөр А.Асылбек нарын нэр бүхий 9 төлөөлөгчөөс сумын Хурлын даргад хандаж, сумын Засаг даргыг огцруулах саналыг гаргасан байжээ.
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанд нийт 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцож, сумын Засаг даргыг огцруулах тухай дээрх саналыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр уг саналыг болон Засаг даргын тайланг тус тус хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг дарга Х.Хын хагас жилийн үйл ажиллагаанд нь “хангалтгүй” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримтлан сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлахаар 27 дугаартай тогтоол гаргажээ.
Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг Б.Сум Засаг даргын албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн байна.
Хуулийн[3] 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан, хариуцагч талаас уг заалтыг баримтлан Засаг даргыг огцруулсан үндэслэлээ “...Засаг даргын хагас жилийн ажлын тайланг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, “хангалтгүй” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгч огцруулах шийдвэрийг гаргасан, нэхэмжлэгч сумын Засаг даргаар ажилласан хугацаанд Төсвийн тухай хуулийг зөрчиж, Б.Сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахгүйгээр зарцуулсан, эдгээр нь хуулийн 32.2-т заасан “...Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлд хамаарна, түүнчлэн нэр бүхий 9 төлөөлөгчөөс гаргасан Засаг даргыг огцруулах тухай саналыг мөн үндэслэлтэй гэж үзсэн гэж тайлбарлан маргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар сумын Засаг дарга ажлаа тухайн Хуралд жил бүр тайлагнах бөгөөд Засаг даргын тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д”-д зааснаар сумын Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр байна.
Нэхэмжлэгч Х.Х нь сумын Засаг даргын хувьд 2017 оны ажлаа сумын Хуралд тайлагнаснаар Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор түүний үйл ажиллагаанд нь “хангалттай” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгсөн байх боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2018 онд ажлаа мөн Хуралд тайлагнахаар байна. 2018 оны 06 дугаар сарын байдлаар сумын Засаг даргын тайланг Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх болсон үндэслэлийг хариуцагч Б.Сум Хурлын даргаас “...сумын Засаг дарга Х.Х нь 2018 оны эхнээс сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан болох хүртэлх хугацаанд 31.750.000 төгрөгийг өөрөө захирамж гаргаж, Хурлын тогтоолгүйгээр захиран зарцуулсан хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг мэдээд, үйл ажиллагааных нь тайланг хэлэлцүүлэх саналыг Хурлын Тэргүүлэгчийн хувьд н.Ержанат болон би гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын ажлын тайланг хэлэлцүүлэхээр баталсан” гэж тайлбарлажээ.[4]
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын Тэргүүлэгчид асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй ба дээрх байдлаар Хурлын зарим Тэргүүлэгчдээс сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцүүлэхийг санаачлан, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, урьдчилж баталсан нь хууль зөрчөөгүй, түүнчлэн Хурлын хуралдаан болохоос өмнө энэ талаар сумын Засаг даргад мэдэгдсэн, нэхэмжлэгч тухайн хуралдаанд оролцож, “Б.Сум Засаг даргын 2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн хагас жилийн биелэлт” сэдвээр ажлаа тайлагнасан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс Б.Сум Хурал нь дээр дурдсан тодорхой шалтгаанаар хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд ээлжит 7 дугаар хуралдаанаар 2018 оны 06 дугаар сарын байдлаарх сумын Засаг даргын ажлын тайланг сонсож, хэлэлцүүлэх болсныг, сумын Засаг даргаас ажлын тайлангаа танилцуулснаар хэлэлцсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Тухайн хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлын нэг нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тухай байх ба Засаг даргаас 2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн хагас жилийн биелэлт сэдэвт тайлангийн[5] холбогдох хэсгээр тухайн ондоо тус сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлагнажээ.
Хуралдааны тэмдэглэлээс[6] үзэхэд Хурлын төлөөлөгчдөөс 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөвтэй холбогдуулж сумын Засаг даргыг тус сангийн мөн онд батлагдсан нийт төсвөөс 31 сая гаруй төгрөгийг зарцуулах талаар Хурлын байгууллагаас шийдвэр гараагүй байхад зарцуулж, Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн үндсэн маргааныг дараах байдлаар үндэслэлтэй байна гэж үзлээ.
Үүнд, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Аймгийн 2018 оны төсөв батлах тухай” тогтоолын холбогдох хэсгээр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Б.Сум орон нутгийн хөгжлийн санд анх 80.044.700 төгрөгийг хуваарилжээ. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан болсон 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус санд хуваарилагдсан төсвийн нийт хэмжээ 97.100.000 төгрөг байх ба энэ талаар талууд маргаагүй болно.
Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан ...тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах бүрэн эрхийн хүрээнд Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь оны эхэнд буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Сумын 2018 оны төсвийн орлого, зарлагыг батлах тухай” Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 18 дугаартай[7] тогтоолоор сумын төсвийг баталж, орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны төсвийг тогтоолын холбогдох хэсгээр анх аймгийн Хурлаас дээрх байдлаар хуваарилсан хэмжээгээр баталж[8], “Сумын 2018 онд орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сангаас хуваарилагдсан хөрөнгийн эрхийг нээлгүүлэх тухай” тэргүүтэй, дээрх сангуудаас хуваарилагдсан хөрөнгийн эрхийг олгуулахыг зөвшөөрсөн гэх агуулга бүхий 22 дугаартай тогтоол[9] гаргаж, тогтоолын 2 дахь заалтаар хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.
Сумын Засаг дарга Х.Х нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, сумын Хурлын 2018 оны 22 дугаартай дээрх тогтоолыг баримтлан сумын мөн оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээрх тогтоолын дагуу зарцуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг санхүүгийн албаны даргад, 2018 оны тус сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санхүүжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын болон гэрээний дагуу шилжүүлэн өгөхийг төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч нарт зөвшөөрч шийдвэрлэсэн А/25 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” захирамж[10] гаргажээ.
Мөн “Б.Сум төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө” нэртэй баримтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 13 нэр төрлийн 97.095.000 төгрөгийн төсөвт ажил үйлчилгээний төлөвлөгөөг[11] боловсруулж баталсан байх ба үүнээс Б.Сум Хурлын 2018 оны 22 дугаар тогтоол болон сумын Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийгдэх 31.380.000 төгрөгийн ажил үйлчилгээг эхлүүлж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус сумын тодорхой газарт камер байршуулах, сумын Засаг даргын Тамгын газрын дээврийг засах, тус байгууллагад дотоод засвар хийх, автомашины зогсоол бий болгох, хог асгах газар бий болгох зэрэг ажил үйлчилгээнд 27.000.0000 төгрөг зарцуулагдсан нь, энэхүү 27.000.000 төгрөгийг оролцуулж 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төрийн сангаар дамжуулж дээрх 31.380.000 төгрөгийн мөнгөн гүйлгээ хийгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Сумын Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны үеэр Хурлын төлөөлөгчдөөс сумын Засаг даргыг орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг дээрх байдлаар зарцуулах болсныг хууль бус гэж үзэж, тус сангийн төсвийн зарцуулагдаагүй хэсгээс 11 нэр төрлийн ажил, үйлчилгээнд зарцуулагдах 65.300.000 төгрөгийн төсвийг баталж, энэ талаар 28 дугаартай “Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах тухай” тогтоол[12] гаргажээ.
Төсвийн тухай хуульд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий орон нутгийн хөгжлийн сантай байна, 63 дугаар зүйлийн 63.1.-д баг, хорооны Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна, 63.2.-т энэ хуулийн 63.1.-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно, 63.3.-т энэ хуулийн 63.2.-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ, 63.4.-т сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3.-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална, 60 дугаар зүйлийн 60.3.6.-д орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээнд 60.3.-т зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглоно гэж тус тус заажээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хийгдсэн Бугат сумын тодорхой газарт камер байршуулах, сумын Засаг даргын Тамгын газрын дээврийг засах, тус байгууллагад дотоод засвар хийх, автомашины зогсоол, хог асгах газар бий болгох зэрэг ажлын талаар Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар тухайн багийн иргэдээс гаргасан гэх саналыг зарим багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн гэж нэхэмжлэгчээс тайлбарлан, холбогдох нотлох баримтыг гаргасан, түүнчлэн гэрч Б.Сум Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Харлыбайгаас[13] “...2017 онд сумын зарим багийн иргэдийн Нийтийн Хурлаас тухайн багт хийгдэх ажлын талаарх саналыг сумын Засаг даргад ирүүлсэн. Сумын Засаг даргаас тухайн саналуудыг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр би танилцаж байсан. ...Эхний ээлжид хийх боломжтой ажил, үйлчилгээг тухайн үед сумын Засаг дарга төлөвлөж, хийх ажлын хуваарийг гаргасан.. Эдгээр ажил үйлчилгээний талаарх саналыг сумын Засаг даргын Тамгын газраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлээгүй байсан.” гэж шүүхэд мэдүүлж, Б.Сум 1,2,3,4 дүгээр багийн иргэдээс гаргасан гэх орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийлгэх төсөл, арга хэмжээний саналын талаарх иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл бүхий баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн ба хуулийн[14] 63.1, 63.2.-т зааснаар гаргасан гэх саналтай холбогдуулж хариуцагч талаас маргаагүй байна.
Дээрх байдлаар тус сумын холбогдох багаас ирүүлсэн саналыг эрэмбэлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 13 нэр төрлийн арга хэмжээг тусган Засаг даргаас баталсан “Б.Сум төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө” нэртэй баримтыг сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байх боловч 97.095.000 төгрөгийн төсөвтэй уг арга хэмжээний талаарх багийн иргэдээс гаргасан гэх саналыг Төсвийн тухай хуулийн 63.3-т зааснаар Б.Сум Засаг даргын Тамгын газраас төсвийн төсөлд тусган сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлээгүй, ингэснээр 63.4-т зааснаар Бугат сумын Хурлаас нь “Б.Сум төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө” нэртэй уг баримтаар эрэмбэлэгдсэн тус суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх талаар иргэдээс гаргасан гэх 13 нэр төрлийн ажил үйлчилгээний саналыг хэлэлцсэн, уг арга хэмжээнд зарцуулагдах төсвийг төсвийн төсөлд тусган, баталсан шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй байна.
Энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6.-д зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглох бөгөөд нэхэмжлэгч Х.Х нь сумын Засаг даргаар ажиллах явцдаа дээрх байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах талаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/25 дугаартай захирамж гаргасан нь, уг захирамжийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 31.380.000 төгрөгийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэхээр эхлүүлж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус сангийн хөрөнгөнөөс 27.000. 000 төгрөг зарцуулагдсаныг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3.6, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсгүүд тус тус зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгчээс уг А/25 дугаартай захирамжийг гаргахдаа сумын Хурлын 2018 оны 22 дугаартай тогтоолыг баримталсан гэх боловч Б.Сум Хурлын 2018 оны 18, 22 дугаартай тогтоолууд нь 01 дүгээр сарын 03-ны өдөр Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу гарсан, холбогдох хэсгээр тухайн оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хэмжээг баталсан, тус сангийн хөрөнгийн эрхийг нээлгэхийг зөвшөөрсөн гэх агуулгатай шийдвэрүүд байх ба эдгээр нь Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.-т заасан журмаар гараагүй буюу Бугат суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэдээс гаргасан гэх саналыг хэлэлцэж, тухайн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусган баталсан шийдвэрүүд биш байна.
Дээрх байдлаар Төсвийн тухай хуульд заасан журмаар сумын орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр тодорхой ажлуудыг хийх саналуудыг Хурлын байгууллагаас хэлэлцэж, шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусган батлаагүй байхад сумын Засаг даргаас өөр агуулга бүхий Хурлын 22 дугаар тогтоолыг баримтлан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах талаар А/25 дугаартай захирамж гаргасан нь Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, сумын Засаг даргын уг шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах зохицуулалттай нийцээгүй, хуулиар ологдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хууль бусаар гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд нутгийн өөрөө удирах ёс гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэж тодорхойлсноор ойлгоно.
Мөн 23.1-д зааснаар Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд 25.1.-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар батална гэж заасан.
Сумын Засаг дарга нь дээрх байдлаар Төсвийн тухай хуулийг зөрчсөн тохиолдол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан ...Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлд хамаарах бөгөөд уг зүйлд зааснаар хэрэв сумын Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ заасан.
Сумын Засаг даргын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх, сумын Засаг даргыг огцруулах санал гаргаж, аймгийн Засаг даргад уламжлах эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-ийн “г”, “д”-д зааснаар сумын Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх бөгөөд энэхүү онцгой бүрэн эрхийн хүрээнд сумын Хурлын хуралдаанаар Засаг даргын тавьсан ажлын тайланг хэлэлцэж, “хангалтгүй” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгсөн, улмаар сумын Засаг дарга Төсвийн тухай хуулийг дээрх байдлаар зөрчсөн нь тогтоогдсоноор төлөөлөгчдийн олонхийн саналаар түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах санал гаргаж, дээд шатны Засаг даргад уламжлахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн дээрх байдлаар Б.Сум Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр сумын Хурлын Тэргүүлэгчдээс урьдчилж баталсан өөр нэг асуудал нь “Ангийн гэрээний төсөл, менежментийн тухай” байх ба тухайн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сумын Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол гараагүй гэх үндэслэлээр Засаг даргыг сумын “Хатуугийн гол”, “Тошинт” ангийн бүсийн менежментийг хариуцах гэрээг “Монгол Сафари” ХХК-тай байгуулсныг хууль зөрчсөн гэж үзжээ.
Энэ талаар нэхэмжлэгчээс сумын “Тошинт”, “Хатуугийн гол” ангийн бүсийн менежментийг хариуцах гэрээг тус компанитай сумын Хурлын 2017 оны 31 дугаартай тогтоолын дагуу байгуулсан, уг тогтоолоор дээрх ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг баталсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан. Б.Сум Хурлын 2017 оны 31 дугаартай тогтоолоор[15] тус сумын “Тошинт”, “Хатуугийн гол” агнуурын бүс нутгийн хилийн цэс, зураглалыг баталж, эдгээр ан агнуурын бүсийн менежментийг “Монгол Сафари” ХХК-д хариуцуулж, гэрээ байгуулан ажиллахыг Засаг дарга Х.Хт даалгаж шийдвэрлэсэн байх ба “Монгол Сафари” ХХК-ийг шинээр бий болсон дээрх ангийн бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон шийдвэр Хурлын байгууллагаас гараагүй гэх хариуцагч Б.Сум Хурлын даргын тайлбар[16] үндэслэлгүй байна.
Харин сумын Засаг даргыг “Монгол Сафари” ХХК-тай дээрх ан агнуурын бүсийн менежментийг хариуцах гэрээг шууд байгуулсан нь хууль бус гэх маргааны хувьд сумын Хурлын 2017 оны 31 дүгээр тогтоолоор Засаг даргад тус компанитай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байх боловч уг тогтоол нь тухайн ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг хэлэлцүүлсэн агуулгагүй байна. Иймээс сумын Засаг дарга “Монгол Сафари” ХХК-тай Б.Сум “Тошинт”, “Хатуугийн гол” ан агнуурын бүсийн менежментийг хариуцах гэрээг шууд байгуулсан нь хууль бус гэх маргаан үндэслэлтэй байна.
Учир нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.-т агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно, 22.6.-д энэ хуулийн 22.4.-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна гэж тус тус заасан.
Ан агнуурын менежментийн төлөвлөгөө гэдгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11.-т зааснаар тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ам амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгох ба ан агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч гэж Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.4.-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5.-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд байх юм.
Мөн “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”[17]-ын Нэгийн 1.3.-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, иргэн хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ гэж, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2.-т зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агнуурын нөөц бүхий болон ангийн аж ахуйн менежментийн төлөвлөгөөг батална гэж заасан.
Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд тухайн ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчийг сум, дүүргийн Хурлын байгууллагаас тогтоож, тухайн менежментийн хариуцагч нь уг ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх, уг төлөвлөгөөг сумын Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцсэн байх, улмаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталсан байх, ингэснээр менежментийн хариуцагч нь тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5.-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллахдаа ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авахаар байна.
Сумын Засаг дарга “Монгол Сафари” ХХК-тай сумын “Тошинт”, “Хатуугийн гол” ангийн бүсийн менежментийг хариуцуулахаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 03 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б.Сум “Тошинт”, “Хатуугийн гол” агнуурын бүсийн хамгааллын менежментийн хариуцах гэрээ”-г[18] байгуулахаас өмнө уг компани нь тухайн ангийн бүсүүдийн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн, мөн холбогдох яамнаас уг төлөвлөгөөг баталсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад дээд талдаа “Баян-Өлгий аймгийн Б.Сум “Тошинт-Хатуугийн гол” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө,2017” гэсэн бичигтэй, батлав, боловсруулсан, танилцсан гэсэн хэсэгт холбогдох этгээдээс гарын үсэг зурж, тамга дарсан нэг хуудас хуулбар баримтыг гаргаж өгсөн боловч, уг баримтыг холбогдох газраас баталсан дээрх нэр бүхий ангийн бүсийн менежментийн төлөвлөгөө гэж үзэхээргүй байгаа ба сумын Засаг дарга /нэхэмжлэгч/ “Монгол Сафари” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулах үед тус бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулаагүй буюу батлагдаагүй байсан нь уг гэрээний Хоёрын 2.1.-д “Тухайн бүс нутгийн ан амьтдыг оновчтой хамгаалалтад авч, тогтвортой өсөлтийг хангах, зохистой ашиглалтын горимыг тогтоох ... биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх цаашид урт хугацааны менежментийн төлөвлөгөөг боловсруулан мөрдөж ажиллахад гэрээний гол зорилго оршино” гэж тусгасан хэсгийн агуулгаар тодорхойлогдож байна.
Иймээс сумын Засаг дарга /нэхэмжлэгч/ дээрх ангийн бүсийн менежментийн төлөвлөгөө байхгүй байхад тус компанитай тухайн ангийн бүсийн менежментийг хариуцах гэрээ байгуулсныг Амьтны тухай хуулийг зөрчсөн гэх үзэхээр байна.
Иймээс сумын Хурлаас хуулийн 32.2.-т заасан Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах санал гаргаж, энэ талаар 27 дугаартай тогтоол гаргасныг, Хурлаас гаргасан саналын дагуу сумын Засаг даргыг хуулийн 32.2.-т заасан хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлд хамаарах Төсвийн тухай хуулийн зөрчсөн гэж үзэж огцруулж шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын Б/30 дугаартай захирамжийг тус тус хууль бус гэж үзэхгүй гэж дүгнэлээ.
Харин Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар А.Асылбек нарын 9 төлөөлөгчөөс гаргасан сумын Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэж, уг саналыг мөн үндэслэлтэй гэж үзсэн гэх хариуцагч талын маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь, Хурлын төлөөлөгч нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй боловч ингэхдээ 24.3 дахь заалтын дагуу тухайн саналдаа холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах үүрэгтэй ба энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан.
Нэр бүхий 9 төлөөлөгчийн гаргасан саналд сумын Засаг даргыг 7 үндэслэлээр огцруулахыг хүссэн байх боловч тухайн саналын үндэслэлд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг саналд хавсаргаагүй нь, уг саналын талаар хуралдаан болохоос өмнө зарим төлөөлөгч нарт мэдэгдэж, танилцуулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс нэр бүхий 9 төлөөлөгчийн сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн нь хуулийн 24.3.-д заасныг зөрчсөн байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.
Гэвч дээрх байдлаар сумын Засаг дарга Төсвийн тухай хуулийг болон Амьтны тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 32.2.-т заасан сумын Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах санал гаргах үндэслэл болох бөгөөд сумын Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тухайн хуралдаанаар сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцэх явцад ...хууль тогтоомж зөрчсөн, хангалтгүй ажиллаж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэн улмаар огцруулахаар санал гаргаж шийдвэрлэсний дагуу дээд шатны Засаг даргаас нэхэмжлэгчийг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн сумын Засаг даргаар ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14.-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-ийн “г”, “д”, 20 дугаар зүйлийн 20.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хын тус шүүхэд гаргасан “Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай” Б/30 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” -ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА
[1]Хэргийн 1 дүгээр хавтас, 158 дугаар хуудас
[2]Хэргийн 2 дугаар хавтас, 59 дүгээр хуудас
[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
[4]Хэргийн 2 дугаар хавтас, 56 дугаар хуудас
[5]Хэргийн 1 дүгээр хавтас, 150-168 дугаар хуудас
[6] 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б.Сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл
[7]Хэргийн 2 дугаар хавтас, 100 дугаар хуудас
[8]18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
[9]Хэргийн 2 дугаар хавтас, 6 дугаар хуудас
[10]Хэргийн 1 дүгээр хавтас, 195 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтас, 117 дугаар хуудас
[12]Хэргийн 2 дугаар хавтас, 7 дугаар хуудас
[13]Хэргийн 2 дугаар хуудас, 189-190 дүгээр хуудас
[14] Төсвийн тухай хууль
[15] Хэргийн 2 дугаар хавтас, 62 дугаар хуудас
[16] 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбар, хэргийн 2 дугаар хавтас,56 дугаар хуудас
[17] Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан
[18] Хэргийн 2 дугаар хавтас 74-77 дугаар хуудас