Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0629

 

Л.Г-ын нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.Г-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Г-ыг урьд эрхэлж байсан Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгожшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Монгол Улсад цар тахал орж ирэх болзошгүй нөхцөл бий болж Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт Л.Г-ыг албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн тул Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалт, 273.2, 274.2-т заасныг үндэслэл болгон шууд томилсон байтал шүүх “Л.Г-ыг шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан алин болох нь тогтоогдохгүй байгаагаас тухайн захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар Л.Г-ыг сэлгэн болон шилжүүлээгүй, хүн хүчний хэрэгтэй газарт шууд томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д анх төрийн албанд орох иргэнд чиглэсэн, харин Гаалийн тухай хуулийн 2711 зүйлийн 2711.1.10-д гаалийн албан хаагчийг томилох эрхийг гаалийн байгууллагын удирдлагад олгосон байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Г “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Л.Г-ыг албан тушаалд томилох тухай Б/170 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар “нэхэмжлэгч Л.Г-ыг эрхэлж байсан Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж”, өөр албан тушаалд томилсон үндэслэлээ “Улаанбаатар хот дахь гаалийн газрын орон тоо хэтэрсэн, Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар батлагдсан орон тоондоо албан хаагчид хүрдэггүй, албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн тул Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 273 дугаар зүйлийн 273.2, 274 дүгээр зүйлийн 274.2-т заасны дагуу томилсон” гэж тодорхойлжээ.

Гаалийн байгууллагын удирдлага Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 /гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох/, 274 дүгээр зүйлийн 274.3 /Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно/-д заасан хугацаагаар гаалийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулах бүрэн эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Гаалийн тухай хуулиар зохицуулаагүй тухайн харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлах ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга маргаан бүхий захиргааны актаар гаалийн улсын байцаагч Л.Г-ыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, тус газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно/-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрснөөр тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын Гуравын 3.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна/-т зааснаар өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тохиолдолд мөн зүйлийн 3.6 /Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна/-д заасны дагуу сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах ёстой.

Хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулаагүй, тодруулбал, Баян-Өлгий аймгийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар сэлгэн ажиллуулах тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч Л.Г зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

Нөгөөтээгүүр, захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах/-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны акт чиглэгдсэн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах учиртай.

Хариуцагч албан тушаалтан энэ ажиллагааг явуулаагүй нь хэрэгт авагдсан хариуцагч болон нэхэмжлэгчийн тайлбарууд, бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хуульд заасан дээрх зарчимд нийцээгүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохдоо мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр явуулах ёстой.

Хэдийгээр хариуцагч албан тушаалтан “цар тахлын улмаас сонсох ажиллагаа хийгээгүй” гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлүүдэд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 /утсаар санал авах/, 27.4.5 /цахим хэлбэрээр санал авах/-д заасан утсаар болон цахимаар тайлбар, санал гаргах зэрэг хэлбэрүүдээр явуулах боломжтой.

Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д заасан “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, ... өөр албан тушаалд ... сэлгэн ажиллуулах бүрэн эрх нь тэдгээрийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхийг олгоогүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 62 дугаар зүйлд зааснаар гаалийн улсын байцаагчид Гаалийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа нэгэн адил хамаарна.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР