| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1584/Э |
| Дугаар | 1617 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1617
2020 09 07 2020/ШЦТ/1617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Уранцэцэг /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2006 00000 2088 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Сибирь талх” ХХК-д цехийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 32 дугаар гудамжны 705 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол, 115 дугаар байрны 187 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Уранзаяатай маргалдан улмаар нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт сандлаар 2-3 удаа цохих, зүүн гуянд хутгалах үйлдлээр баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Уранзаяагийн өгсөн: “... Тэгээд 23 цагийн үед нөхөр Б согтуу пиво барьчихсан орж ирээд юм яриад сууж байсан, тэгээд бид хоёр өчигдрийн талаар яриад хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь ах ГанБ “айл амьтан амраахгүй хэрүүл хийлээ” гэсэн чинь Б өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд над руу дайраад байхаар нь ГанБ ах салгах гээд хоорондоо барилцаж аваад бөөн юм болсон. Б хутга аваад “өөрийгөө ална” гэж орилоод байсан. Тэгээд би хутга булааж авах гээд ноцолдсон. Тэгж байгаад гараа зүсүүлсэн, зүүн гуянд Б 1 удаа хутгалсан. Тэгээд миний нүүр лүү гараа атгаж байгаад цохиод байсан, бас өшиглөсөн, үсдээд чирсэн. Модон явган сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Б архи уухаараа хааяа зоддог. Хутга бариад өөрийгөө эсвэл чамайг ална гээд дайрсан...” гэх мэдүүлэг /хх.13-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ГанБын өгсөн: “... “ГанБ ахаа та Заяадаа юм хэлж бай л даа” гээд авгай руугаа аяга болон сандал шидсэн. Заяагийн толгой руу сандлаар 2-3 удаа цохисон юм. Би салгах гэтэл хүргэн маань над руу дайрч зуухны төмрөөр зүүн бөөр лүү цохисон. Би дуугарч чадахгүй гадаа гарсан. Тэгээд буцан ороод иртэл Б хутга барьчихсан зогсож байсан. Эхнэрийнх нь гар болон хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.21-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8568 дугаартай:
“1. Э.Уранзаяагийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор зарим болсон зүйлсийг санахгүй байна. Тэгээд Уранзаяатай маргалдаж, гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад “өөрийгөө ална” гэсэн чинь Уранзаяа миний гарнаас хутга авах гэж булаацалдаж байгаад гараа хутганд эсгэсэн. Би гартаа барьсан байсан хутгаараа Уранзаяагийн зүүн хөлийн гуя хавьцаа нэг удаа хутгалж, нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохисон. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшин харамсаж байна. Уранзаяа бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Манай эхнэр Уранзаяа бид хоёр нэг гэртээ хамт амьдарсан хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх.103-104/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Уранзаяатай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт сандлаар 2-3 удаа цохих, зүүн гуянд хутгалах үйлдлээр баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Уранзаяагийн өгсөн: “... Тэгээд би хутга булааж авах гээд ноцолдсон. Тэгж байгаад гараа зүсүүлсэн, зүүн гуянд Б 1 удаа хутгалсан. Тэгээд миний нүүр лүү гараа атгаж байгаад цохиод байсан, бас өшиглөсөн, үсдээд чирсэн. Модон явган сандлаар миний толгой руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ГанБын өгсөн: “... авгай руугаа аяга болон сандал шидсэн. Заяагийн толгой руу сандлаар 2-3 удаа цохисон юм. Би салгах гэтэл хүргэн маань над руу дайрч зуухны төмрөөр зүүн бөөр лүү цохисон. Би дуугарч чадахгүй гадаа гарсан. Тэгээд буцаад ороод иртэл Б хутга барьчихсан зогсож байсан. Эхнэрийнх нь гар болон хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.21-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8568 дугаартай:
“1. Э.Уранзаяагийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Уранзаяа миний гарнаас хутга авах гэж булаацалдаж байгаад гараа хутганд эсгэсэн. Би гартаа барьсан байсан хутгаараа Уранзаяагийн зүүн хөлийн гуя хавьцаа нэг удаа хутгалж, нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.103-104/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бын холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ч.Гантуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Быг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Э.Уранзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Батжагалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Бын Быг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Уранзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР