Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

  2020         09          07                                      2020/ШЦТ/1627

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Бод холбогдох 2006 02802 2257 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторчин, гагнуурчин мэргэжилтэй, “Да хүрээ” зах дээр авто гоёл хийж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 46 дугаар гудамжны 1040 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Хын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Б нь таксинд үйлчилж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 26-наас 2020 оны 06 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын орчим Э.Нямжаргалыг хүргэж өгөхдөө, түүний автомашинд гээсэн Самсунг-А70 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Нямжаргалын өгсөн: “... тухайн үед би утсаараа бичлэг үзэж байгаад таксины жолоочийг “таксины мөнгөө” өг гэхэд нь өвөр дээрээ байсан өөрийн Самсунг-А70 маркийн гар утсыг тухайн автомашинд орхиод буусан. Байгальмаа эгчийн гэрт байхдаа утсаа гэнэт санаад цүнхэндээ хайсан чинь байгаагүй юм. Тэгэхээр нь хэсэг хугацаанд Байгальмаа эгчийн гэрт хайгаад олдохгүй, өөрийн гар утас руу залгаж үзтэл дуудаж байсан. 20 орчим минутын дараа миний утас холбогдох боломжгүй болчихсон...” гэх мэдүүлэг /хх.11-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жаргалмаагийн өгсөн: “... би тэр өдөр орой 23 цагийн үед ажил тараад Нямжаргал, Хандмаа нарын хамт цайз 16 байрлах Саруул кафены урдаас барьсан. Инсайт маркийн автомашинд суугаад Жанжин клубт очоод би машинаас бууж явсан. Намайг тухайн таксинд байхад Нямжаргалын эгчийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Уранбайгалийн өгсөн: “...таксинаас буухдаа Нямжаргал нь таксины мөнгийг өгөөд манай гэрт орсон юм. Нямжаргал нь гартаа гар утсаа барьж байсныг нь би хэлсэн. Миний утсаар нөхрийнхөө дугаарт залгасан боловч дуудаад ерөөсөө авахгүй байсан. Манай нөхрийн дугаараас залгасан боловч авахгүй байж байгаад сүүлдээ гар утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

“Ашид Билгүүн” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-120/15 дугаар хөрөнгө, даатгалын үнэлгээний дүгнэлт /хх.29-31/,

“Юнител” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5082 дугаартай “359320105775042 имэй кодтой утсанд 88745075 дугаарыг 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хийж ашигласан байна...” гэх албан бичиг, хавсралтаар дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх.51-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Б нь таксинд үйлчилж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 26-наас 2020 оны 06 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын орчим Э.Нямжаргалыг хүргэж өгөхдөө, түүний автомашинд гээсэн Самсунг-А70 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Нямжаргалын өгсөн: “... таксины жолоочийг таксины “мөнгөө өг” гэхэд нь өвөр дээрээ байсан өөрийн Самсунг-А70 маркийн гар утсыг тухайн автомашинд орхиод буусан. Байгальмаа эгчийн гэрт байхдаа утсаа гэнэт санаад цүнхэндээ хайсан чинь байгаагүй юм. Тэгэхээр нь хэсэг хугацаанд Байгальмаа эгчийн гэрт хайгаад олдохгүй, өөрийн гар утас руу залгаж үзтэл дуудаж байсан. 20 орчим минутын дараа миний утас холбогдох боломжгүй болчихсон...” гэх мэдүүлэг /хх.11-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жаргалмаагийн өгсөн: “... Намайг тухайн таксинд байхад Нямжаргалын эгчийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Уранбайгалийн өгсөн: “... таксинаас буухдаа Нямжаргал нь таксины мөнгийг өгөөд манай гэрт орсон юм. Нямжаргал нь гартаа гар утсаа барьж байсныг нь би хэлсэн. Миний утсаар нөхрийнхөө дугаарт залгасан боловч дуудаад ерөөсөө авахгүй байсан. Манай нөхрийн дугаараас залгасан боловч авахгүй байж байгаад сүүлдээ гар утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

“Ашид Билгүүн” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-120/15 дугаар хөрөнгө, даатгалын үнэлгээний дүгнэлт /хх.29-31/,

“Юнител” ХХК-й 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5082 дугаартай “359320105775042 имэй кодтой утсанд 88745075 дугаарыг 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хийж ашигласан байна...” гэх албан бичиг, хавсралтаар дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх.51-54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Нямжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Х.Быг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Х.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Э.Нямжаргал нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Хын Быг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Бод сануулсугай.

5. Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Нямжаргал нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР