| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0303/И |
| Дугаар | 371 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 371
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-57-5 тоотод оршин суух, ВЮ77012870 регистрийн дугаартай Буйлстын боржигон Дагвадоогийн Батбэхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-52-16 тоотод оршин суух, ХЛ46020816 регистрийн дугаартай Хиад овогт Сүхбатын Бямбадоржид холбогдох Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Өлзийт ХАА-н МСҮТ-д 2009 оны 09 сарын 01-ний өдөр Төсөл онолын барилгын захиалагч гэсэн орон тоон дээр ажилд орсон. 2010 онд тус сургуулийг үүсгэн байгуулагч Ю.Адъяа захирал өөрийн оруулсан хөрөнгийг зарж Өлзийт МСҮТ-ээс гарах болсон.
Миний бие 2010 оны 09 сарын 20-ны өдөр Ю.Адъяатай худалдах худалдан авах гэрээ байгуулж, Ю.Адъяа захирлын хөрөнгийг худалдаж авсан. Тус гэрээний 3-д заасан үүсгэн байгуулагч эрх надад үүссэн.
Ингээд С.Бямбадорж захирал болж бид хамтран ажиллах болсон.
2013 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш С.Бямбадорж нь С.Дагвадоо болон бид хоёроос хөндийрч уулзах гэхээр чамтай яриа байхгүй, гэдэг болсон.
Миний бие аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт В.Адъяагаас авсан газар обьектыг өөрийн нэр дээр шилжүүлэх өргөдлийг 2012 оны 03 сарын 28-ны өдөр гаргасан боловч шийдэхгүй удсан. Учир нь С.Бямбадорж газрын албанд нөлөөлж давхар өргөдөл өгсөн байсан. Ю.Адъяатай хамт хөөцөлдөж байж 2015 оны 04 сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
Энэ хугацаанд цалин байхгүй, газар байхгүй 40.000.000 төгрөгөөр С.Бямбадоржийг захирал болгочихоод өөрөө хоосон явж байлаа.
Миний авсан хичээлийн байранд 2013-2014 онд 120 хүүхэд, нэг хүүхдийн хувьсах зардал 600.000 төгрөг, нийт 72.000.000 төгрөг, Оюу толгой төслийн 65 насанд хүрэгчид нэг хүний хувьсах зардал 700.000 төгрөг нийт 45.500.000 төгрөг, мөн бяслаг сүү цагаан идээний цех ажиллаж байсан юм.
Иймд Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү? гэжээ.
Хариуцагч С.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь иргэн Ю.Адъяа, С.Цэнд нартай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулах “Өлзийт” МСҮТ-ийг хамтран байгуулахаар сургалт хөтөлбөр төлөвлөгөө, стандартыг боловсруулан МУ-ын Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн заалтыг үндэслэн БСШУ-ы сайдын 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 308 тоот тушаалаар сургалт явуулах эрх авч ажилласан. Хамтран ажиллагч Ю.Адъяа, С.Цэнд нар хамтран ажиллахаас татгалзсан учир Хөдөлмөрийн сайдын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн А/250 тоот тушаалаар хасагдсан. Үүсгэн байгуулах асуудлыг харъяалах яам шийддэг учир миний бие хөрөнгө оруулагч Д.Батбэх нь 2015 онд тус МСҮТ-тэй холбогдох тооцоо хийж өөрт ногдсон газар хөрөнгөө тооцож өөрөө авсан тул /блансаас тушаал гаргуулж/ үүсгэн байгуулагч болох боломжгүй гэж үзэж байна..гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчдийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Д.Батбэх миний бие тус шүүхэд хандан С.Бямбадоржид холбогдуулан Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан Өлзийт МСҮТ-ийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэлээр тохиролцсон төлбөр болох 10682000 төгрөгийг Д.Батбэх нь Өлзийт МСҮТ-өөс дансаар гаргуулан авах, 5118400 төгрөгийн үнэ бүхий Бонго маркийн автомашин буюу түүний үнийг ах Д.Гантулгаас авч С.Бямбадоржид өгөхөөр тус тус тохиролцож эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? 10682000 төгрөгийг 2016 оны 06 сарын 08-ны дотор шилжүүлнэ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Батбэх нь хариуцагч С.Бямбадоржид холбогдуулан Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
2010 оны 09 сарын 20-ны өдрийн “Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”ээр Баянхонгор аймгийн Өлзийт ХАА-н МСҮТ-ийн хөрөнгө болох хичээлийн байрыг түүний өмчлөгч Ю.Адъяа нь Д.Батбэхэд 40.000.000/дөчин сая/ төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь эхний 20.000.000/хорин сая/төгрөгийг шилжүүлснээр хөрөнгийн үүсгэн байгуулагч эзэмшигч, захиран зарцуулах эрх үүснэ гэж тохиролцжээ.
Улмаар Хөдөлмөрийн сайдын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн А/250 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 308 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн Юмдал овогтой Адъяа, Сүрэн овогтой Цэнд гэсэн хэсгийг хассугай” ..гэсэн өөрчлөлтөөр Баянхонгор аймгийн Өлзийт ХАА-н МСҮТ-нь нэг хүн буюу С.Бямбадорж үүсгэн байгуулагчаар тогтоогдсон байна.
Баянхонгор аймгийн Өлзийт МСҮТ-ийн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Д.Батбэхийн эзэмшлийн 104.782.685 төгрөгийн үнэ бүхий барилгын хөрөнгийг хөрөнгө оруулагч Д.Батбэхэд шилжүүлж блансаас хассан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.Батбэх нь Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түрээсийн төлбөр болох 10.682.000 төгрөгийг авахаар, хариуцагч С.Бямбадорж нь 10.682.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Д.Батбэх, хариуцагч С.Бямбадорж нар нь эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдсон, зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч С.Бямбадорж нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 10.682.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Д.Батбэх нь Өлзийт МСҮТ-ийн үүсгэн байгуулагч хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түрээсийн төлбөр болох 10.682.000 төгрөгийг авахаар, хариуцагч С.Бямбадорж нь 10.682.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тал хувь болох 35100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Батбэхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ