Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 762

 

 

М.Янжиндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Янжиндуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 62 864 113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Янжиндулам,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Янжиндулам нь “Сандэй” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс Товер оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 4 дүгээр давхрын №3С, нийт 58,47 м.кв талбайг /1м.кв-ыг 3 150 ам.доллар/ захиалж “Сандэй” ХХК нь уг барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, миний бие гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 184,180.5 ам.долларыг төлөх нөхцөлтэйгөөр “Сандэй” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/09/30 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн үйлчилгээний талбайн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 55 000 000 төгрөг, 19 ам.доллар, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 6.000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 113,480 ам.доллар, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3.044 ам.долларыг тус тус “Сандэй” ХХК-д төлсөн болно. Гэтэл гүйцэтгэгч нь уг барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Барилгыг гэрээнд заасан хугацаанаас 2 жилийн дараа буюу 2014 оны 2 дугаар улиралд хүлээлгэж өгсөн. Ийнхүү “Сандэй” ХХК нь худалдаа үйлчилгээний барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс би энэ хугацаанд банкны зээл, хүү төлж эд хөрөнгө болон сэтгэл санааны их хэмжээний хохирол амсаж байна. 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/09/30 тоот гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай барилгаас 4 дүгээр давхрын №3С, нийт 58,47 м.кв талбайг надад хүлээлгэж өгөх ёстой байсан. Харин худалдаа үйлчилгээний талбайн ашиглалтын төлбөрөөс үүдэлтэй маргаантай асуудал гарсан тул миний хүсэлтийн дагуу “Golden Мorgan констракшн” ХХК үйлчилгээний талбайн хэмжилтийг хийсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр үйлчилгээний нийт талбайн хэмжээ 9,6 м.кв /1м.кв 3150 ам.доллар/ талбайн зөрүүтэй буюу 48,87 м.кв болохыг тогтоосон. “Golden Мorgan констракшн” ХХК-ийн хийсэн энэхүү хэмжилтээр би 30,240 ам.долларыг “Сандэй” ХХК-д илүү төлсөн байна. “Сандэй” ХХК нь одоог хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасны дагуу худалдаа, үйлчилгээний талбайн зөрүү 30,240 ам.доллар буюу 62 737 113 төгрөг, ажлын хөлс 127 000 төгрөг, нийт 62 864 113 төгрөгийг “Сандэй” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Янжиндулам нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн “Golden Мorgan констракшн” ХХК гэх хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэсэн гэх бөгөөд уг хэмжилт нь өөрөө хууль зөрчиж хийгдсэн болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352.2.3-т заасны дагуу хариуцагч “Сандэй” ХХК-иас 62 737 113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Янжиндуламд олгож, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 127 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сандэй” ХХК-иас 471 635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Янжиндуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн нөхөн төлүүлэх зардал шинжээчийн дүгнэлтийн төлбөр 97 200 төгрөгөөс 97 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд тухайлбал, орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартаар хэмжсэн хэмжилтийн дүгнэлтүүд юм. Гэтэл дээрх стандартын хамрах ба хэрэглэх хүрээг уг стандартад тодорхойлохдоо “орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна, орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайн хэмжээг тооцоход энэхүү стандартыг хэрэглэнэ” гэснээс үзвэл энэ нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан дээрх тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээ нь тус стандарт бөгөөд харин үйлчилгээний талбай хэмжиж дүгнэлт гаргаж буй иргэний эрх зүйн харилцаанд үүнийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Түүнчлэн, дээрх хэмжилтийн дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй болохыг Стандартчилал хэмжил зүйн газраас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нотолж буй баримт болно. Ийнхүү тус маргааны талаар дээрх MNS 6058:2009 стандартын агуулга зорилгыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй эсхүл байгаа нь тодорхой бус гэж шүүх үзсэн тохиолдолд хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй гэсэн нь шүүх зайлшгүй нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх ёстой гэсэн ойлголт биш юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон талбайн хэмжилтийн дүгнэлт болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн хэмжээ хоорондоо зөрүүтэй байсан. Энэ тохиолдолд шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийн аль нь зөв болохыг нэг мөр болгох нь зүйтэй байсан бөгөөд дүгнэлт дахин гаргах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ ямар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Янжиндулам нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 62 864 113 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэсэн нь хууль зөрчсөн, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч М.Янжиндулам нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахтай холбоотой “Төлбөр тооцоо дууссан албан бичиг”-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүсэлт гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэргийн 53 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд нийцэхгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэл болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзнэ.

 

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж талуудыг мэтгэлцүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үйлчилгээний талбайд хэмжилт хийлгэхээр шинжээч томилсон байх боловч уг шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор гаргасан талбайн хэмжилтийн дүгнэлтээс хэмжээ зөрүүтэй байгаа тохиолдолд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ тохиолдолд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулан зөрүүтэй эдгээр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй болохыг тогтоох шаардлагатай байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сандэй” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ