Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          28                                   2020/ШЦТ/616

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

шүүгдэгч: Д.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1902 00007 0348Т дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн ажилтай, ам бүл 2 хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхоны 601-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж хамжигчаар хамтран оролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд болон шинжлэн судласан нотлох баримтууд.

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2003 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургууль төгссөн. Үүнээс хойш Төрийн байгууллагад тасралтгүй 13 жил ажиллаж байна. 2017 оны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт томилогдож ажилласан. Тухайн ажлын хэсэгт ерөнхий газрын даргын тушаалаар орж ажилласан. Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхдөө Газрын даргын тушаалаар томилогдсон байсныг мэдсэн. Н.Б надад төслүүдийг өгч байсан. Ажлын хэсгийн гишүүн Н.А бид хоёр суугаад танилцаж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлын хэсгийн хурал болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнүүдийг оролцуулах саналтай байна. Би санхүүгийн хэлтэст ажилладаг учраас ачаалал ихтэй байна гэж хэлэхэд Б.Ш нэгэнт томилсон, төсөл сонгон шалгаруулалт дуустал ажилла гэж хэлсэн учраас би ажилласан. Би нэг удаагийн ажлын хэсгийн хуралд суусан. Мөрдөгч дараа дахин дуудаж мэдүүлэг өгсөн. Мөрдөгч надаас ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан талаар асуусан. Би сайн мэдэхгүй. Эхний удаагийн хуралд суусан гэж хэлсэн. Авилгатай тэмцэх газраас дуудсан. Мөрдөгч Нямдагва мэдүүлэг авсан. Надаас ажлын хэсгийн хурал болсон эсэх талаар асуусан. Би хариулахдаа эхний хуралд суусан. Бусад хурал болсон эсэх талаар мэдэхгүй. Би эхний хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэж хэлсэН.Б нэг л удаа зуруулсан.Бусад нь миний гарын үсэг биш, дуурайлгаад зурсан юм шиг байна. Прокуророос дуудаж яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлттэй танилц гэж хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ:

-Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Нэгэнт шүүх гэм буруутайд тооцсон учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би хүүтэйгээ хамт амьдардаг гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Монгол улсын сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/3968 дугаартай албан бичиг /10 дугаар хх-ийн 117-140 дүгээр хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн  Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичиг /11 дүгээр хх-ийн 138-190 дүгээр хуудас/,

Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /11 дүгээр хх-ийн 193-215 дугаар хуудас/,

Хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3818 дугаартай албан бичиг /13 дугаар хх-ийн 7-24 дугаар хуудас/,

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны “Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “ ...Н.Н: Урд нь ийм сангийн мөнгөөр үндсэндээ тоглодог байсан нөгөө бетон авч тараахаас эхлээд нийтдээ 17 төсөл хөтөлбөр гоё гоё нэртэй тодорхой үр дүн илэрхийлсэн зүйл байхгүй үр дүнд хүрсэн зүйлгүй. Бид бас ажил аваад 2016 оны төсвийн захиран зарцуулсан байдал дээр дүгнэлт хийж үзсэн туйлийн хангалтгүй гарсан. Хууль хүчний байгууллагуудтай хамтраад шалгалтаа хий гээд дөнгөж өнөөдөр бас Ерөнхий сайдын хийсэн уулзалтын дараа авлигатай тэмцэх газрынхантай уулзсан холбогдох мэдээллүүдийг өгсөн

Манай Засгийн газар харин ч энэ бүгдийг хасаж танаад яг тоймтой үр дүн илэрхийлсэн 6 төсөл хөтөлбөр болгож өөрчилсөн байгаа. Үүнийг би нэлээн өөрчилчихсөн. Энэ хүрээнд өшөө томоохон нэг шинэчлэл юу гэхээр аймаг, дүүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу өөрсдийн эдийн засгийн хөгжлийн гарцаа тодорхойлсон. Энд нь дэм өгөх үүднээс өөрсөд нь санхүүгийн эрхийг нь өгчхөж байгаа гэрээний үндсэн дээр. Энэ дотроо гурав хуваагдаж байгаа.

Нэгдүгээрт: Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах гэх мэтчилэн тэр нь харьцангуй байгаа. Урьд нь 100 хувь эргэн төлөгддөг байсан. Би юу гэж шийдвэр гаргасан гэхээр одоо эргэн төлөгдөнө гэж байгаа. Эргэн төлөгдөхдөө хоёр замаар нэг нь арилжааны банкаар дамжуулж байгаа. Өмнө Засгийн газрын хуралдаан дээр хүүгүй тооцдог зохицуулалттай байсныг хүүтэй болгочихсон.

Энэ нь 7-8 хувийн хүүтэй арилжааны банкаар дамжигдаад зээл олгох, Өшөө нэг арга нь аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгаа. Зөвлөлийн дарга нь одоо аймаг дүүргийн засаг дарга болсон. Зөвлөл гурван талаас бүрдэж байгаа. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, гээд төрийн бус байгууллагуудын төлөөллөөс.

Зөвлөл маань өөрсдөө орон нутгийнхаа онцлогт тулгуурласан байдлаар тодорхой удирдамж чиглэлийн дагуу нөгөө ахмадыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдыг дэмжих гээд энэ хөтөлбөрүүдийн хүрээнд  удирдамжийн дагуу зээлээ олгоно. Энэ нь юу гэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа итгэлийн зээл, 21:100-тай уялдуулж бид энэ шийдвэрийг гаргасан юм. Тэгэхлээр энэ ерөөсөө концессын агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн...” гэх дэлгэрэнгүй тэмдэглэл /13 дугаар хх-ийн 28-37 дүгээр хуудас/,

“...Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн санхүүжилт болох 3,9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд,  Б.Нгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож байсан тушаалын хуулбар, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолтой холбоотой ирүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/98 дугаартай албан бичиг /13хх-ийн 42-60 дугаар хуудас/,

Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжийг ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн х/25 дугаартай албан бичиг /13хх-ийн 77-81 дүгээр хуудас/,

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 021 дугаартай, Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Монгол Улсын Их Хурлын 14 дугаартай тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14/41 дугаартай албан бичиг /13хх-ийн 85-89 дүгээр хуудас/,

“...Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус шаардлага хангуулан хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг /13хх-ийн 94-104 дүгээр хуудас/,

“2017 онд Тус ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/117 дугаартай албан бичиг /13хх-ийн 105-112 дугаар хуудас/,

“..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуй, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай албан бичиг /13хх-ийн 120-178 дугаар хуудас/,

Гэрч С.Эрдэнэбатын”...Хөдөлмөрийн яамнаас тухайн төслийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд танилцуулаад Үндэсний зөвлөл уг төслийг баталсан байдаг юм. Тухай шийдвэрийг үндэсний зөвлөлөөс гаргасан. Тухайн үед бол би энэ мөнгийг аймаг орон нутагт нь өгөөд тэгээд тэндээсээ зээлээ олгох нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 64-65х/, 

Гэрч Б.Батчулууны”...Би Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн. Тус зөвлөлд 2012 оноос хойш гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Монголын үйлдвэр, үйлдвэрчдийн холбооноос сонгогдож тус зөвлөлд гишүүнээр орж байсан...Би яг хэдэн удаа хуралдаж байсныг нь бол одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн оны анхны хурлаар тэр ондоо хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө баталдаг юм. Тогтмол хэрэгждэг 4-5 хөтөлбөр байдаг юм...Зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагыг бол яамнаас оруулж ирсэн байсан. Ер нь бол тухайн орон нутагтаа байгаа ажилгүйдлийг багасгах боломжтой байсан тул тухайн төслийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр сууринаас л хандаж байсан...Төслөөр хэдэн аж ахуй нэгж, иргэнд зээл өгсөн талаар танилцуулаагүй. Явцыг нь шалгах саналыг би Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр гаргаж байсан...” гэх мэдүүлэг /11х-ийн 70-72х/, 

Гэрч Ч.Нанжидсамбуугийн “...Би Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлд 2016 оноос хойш ажиллаж байгаа...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар Нийслэл, Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг баталсан. Миний санаж байгаагаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Орон нутгийн засаг захиргааны санаачилгаар уг төслийг санаачилж байсан байх аа...” гэх мэдүүлэг /11хх-ийн 76-77х/,

Гэрч Д.Бийн ”...ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б хурал хийсэн танилцаад гарын үсэг зурчих гэхээр нь ажлын хэсгийн дарга Б.Штай биечлэн уулзаж намайг гарын үсэг зур гэж байна гэхэд наад асуудлууд чинь дээрээс буюу яамнаас чиглэл өгсөн гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд намайг хариуцсан дарга гарын үсэг зур гэсэн болохоор ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй танилцсан болоод гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан гэгчийг бүүр сүүлд хэдэн сарын дараа хийсэн гээд гарын үсэг зуруулсан тухайн хоёр аж ахуйн нэгжийг дэмжиж шалгаруул гэж яамнаас чиглэл өгсөн гээд зуруулж байсан, миний санаж байгаагаар тухайн хоёр төслийн нэг нь Баян-Өлгий аймгаас, нөгөөх нь Баянзүрх дүүргийн төсөл байсан...Би тухайн ажлын хэсгийн хуралдаануудад огт оролцоогүй. Сүүлд нь ажлын хэсгийн нарийн бичгийн даргын бичсэн хурлын тэмдэглэлд Ажлын хэсгийн дарга Б.Ш даргаар асууж байгаад зур гэхээр нь зурсан...Ажлын хэсгийн дарга Б.Ш асуух болгонд яамнаас тухайн төслүүдийг шалгаруул гэдэг чиглэл өгсөн гэж байсан энэ хэмжээний мөнгөн дүнтэй асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хүн нь бол тухайн үеийн сайд байсан. Тэгэхээр сайдаас чиглэл өгсөн байх...” /11хх-ийн 79-81х/,”...энэ төсөл нь хуулийн хүрээнд үндэсний зөвлөлд олгосон эрх хэмжээний дагуу орон нутаг, нийслэлийн онцлогт нийцүүлсэн төсөл хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэхдээ тухайн төсөл нь засгийн газраас  тогтоосон нэг төсөл хөтөлбөрт 5,0 сая хүртэл төгрөг олгоно гэсэн заалтыг зөрчиж их хэмжээний мөнгө олгосон асуудал болсон. Энэ талаар би ажлын хэсгийн дарга Б.Шд хэд хэдэн удаа сануулж хэлж байсан. Тэгэхэд Б.Ш дарга санаа зоволтгүй дээрээс /яамнаас/ шийдвэртэй гэдэг байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 236-239х/,

Гэрч Н.У-ын “...Би 2017 онд Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон. Нийт 100 гаран иргэн, аж ахуй нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн хүрээнд зээл авахаар төсөл ирүүлсэн байсан. Би бол төслийн материалуудыг бүрэн гүйцэт ирүүлж байна уу, татвар, нийгмийн даатгал өртэй байна уу үгүй юу гэдгийг хянасан...Миний мэдэж байгаагаар 4 удаа хурал болсон. Би 4 удаа хуралд суусан...Хамгийн эхний хурлаар бол ажлын хэсгийн бүх гишүүдийг танилцуулсан. Үүний дараа ямар ямар төсөл материал хүлээж авах уу, тендер яаж зарлах уу мөн Сангийн яамнаас тендерийн дугаар авах билүү яах билээ ийм асуудлын талаар хуралдсан. Үүний дараа төслийн материалууд ирсний дараа 2 удаа хуралдсан... 29 гэсэн байхаа би яг хэдэн аж ахуй нэгж, байгууллага сонгон шалгаруулсан талаар сайн мэдэхгүй байна. Би яам эцсийн сонгон шалгаруулалтыг яам явуулах юм байна гэж бодоод бага зэрэг анзааргагүй хандчихсан юм аа...Би бол яг юуг нь мэдээгүй ямар ч байсан нэг удаа нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулж байсан...” гэх мэдүүлэг, /11хх-ийн 82-84х/,

Гэрч Н.А-ын “...Би тухайн тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан. Би ажлын хэсгийн анхны хуралдаанд оролцож яагаад хүнээс нь асуулгүй ажлын хэсэгт томилдог юм бэ? хариуцсан мэргэжилтнүүд нь орж ажиллах юм бол дараа нь ажлаа сайн ойлгох юм биш үү гэх саналыг хэлж байсан. Дахиж би тухайн ажлын хэсэгт ороогүй шалгаруулалтад оролцоогүй. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авч биеэр эдэлсэн...Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын эсэхтэй холбоотой өөр надад мэдэх зүйл байхгүй...” /11хх-ийн 93-94х/,

“...2017 оны 07-р сарын 17-ны өдөр, 2017 оны 09-р сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй, сүүлд надаар нөхөж зуруулсан...” гэх мэдүүлэг /12хх-ийн 7-10х/,

Гэрч М.Н-ийн “...ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б болон дарга Б.Ш нарт би шалгаруулалтад оролцохгүй намайг шалгарсан төслүүдийг дэмжсэн гэдгээр оруулаарай би дараа нь гарын үсэг зурна гэсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б миний ажлын өрөөнд ирж төсөл сонгон шалгаруулалттай холбоотой хурлын тэмдэглэл шийдвэрүүдэд гарын үсэг зуруулсан...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанд огт оролцоогүй...Би өрөө 2017 оны 08 дугаар сарын сүүлээр тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б манай ажлын өрөөнд хурлын тэмдэглэлүүдийг авчирч гарын үсэг зуруулсан...” /11хх-ийн 88-89х/,

”...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ийм төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан учраас 21 хуулийн этгээд, 8 иргэний бичсэн төсөлд 5 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээл гаргасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /11хх-ийн 240-243х/,

Гэрч Н.Бийн “...Би 2017.04.20 өдрийн ХХҮЕГ-ын дарга Б.Нгийн ажлын хэсэг байгуулах А/88 тоот ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар орж ажилласан...” /11хх-ийн 102-104х/,

“...Ажлын хэсэг анх 2017.04.27-д Б.Ш даргын өрөөнд 16 цаг 10 минутаас 17 цаг 20 минутын хооронд хуралдаж байсан хуралд гишүүд бүрэн оролцож төсөл сонгон шалгаруулах, зар хэрхэн өгөх талаар хэлэлцэж байсан. Ажлын хэсгийн хоёрдугаар хурал 2017.07.17-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 5 давхрын хурлын зааланд 11 цаг 20 минутаас 11 цаг 40 минутын хооронд болсон. Хуралд ажлын хэгсийн гишүүд бүгд, 100 хувь оролцож иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийт 111 материалаас хамгийн сайн үнэлгээтэй 27 төслийг сонгон шалгаруулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд танилцуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н ажлын хэсгийн тэнцсэн 27 төслийн нэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад баталгаажуулахаар 2017.07.17-ны өдрийн 1/1134 дугаартай албан тоотоор хүргүүлсэн. Тухайн албан тоотын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гарын үсэгтэй 2017.08.30-ны өдрийн А/133 дугаартай албан тоотоор тухайн 27 аж ахуйн нэгжийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгосон байсан. Нэмэлт санхүүжилт олгох болсонтой холбоотойгоор 2017.09.27-ны өдөр ажлын хэсэг дахин хуралдаж тухайн ирүүлсэн төслөөс нэмэлтээр хоёр төслийг сонгон шалгаруулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд танилцуулсан. Шалгарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар нь үндсэн чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж санхүүжилтийг олгож, гүйцэтгэл дээр хяналт тавьж ажиллах ёстой...

Ажлын хэсгийн 2017.04.27-д Б.Ш даргын өрөөнд болсон хуралд бол ажлын хэсгийн гишүүд бүгд оролцсон. Дараагийн ажлын хэсгийн хуралдаанууд гэж болоогүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Ажлын хэсгийн дарга Б Б.Ш нар намайг өрөөндөө дуудаад ажлын хэсгийг хуралдуулаад байх шаардлага байхгүй гээд 27 аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэрийг өгч эдгээр төслүүдийг шалгаруулж хурлын тэмдэглэлийг зохиож бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад ир, бүх зүйлийг хуулийн дагуу зөрчилгүй хийгээрэй гэсэн. Би дарга нарын шахалт, дарамтад орж тэдгээрийн өгсөн хууль бус үүрэг даалгавар, шийдвэрийн дагуу тэмдэглэлийг зохион бичиж гишүүдээр гарын үсгийг зуруулсан.

Тухайн төсөлд шалгарсан 27 аж ахуйн нэгж нь Улсын их хурлын гишүүн, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н тухайн үед надад өгч байсан материалд шалгарсан 27 аж ахуйн нэгжийн ар талд ямар хүн, албан тушаалтан байгаа талаар жагсалтаар бичсэн байсан. Сүүлийн нэмэлт санхүүжилтээр хийсэн гэх 2 төсөл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, сайд Н.Н нарт хамааралтай байсан гэж бодож байна. Тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нгийн өгсөн материалыг файл хэлбэрт оруулж флашинд хадгалж байгаа. Б.Н дарга надаас тухайн жагсаалтыг хэд хэдэн удаа хэвлүүлж авч байсан. Тухайн жагсаалтыг хадгалж байгаа флаш одоо гэрт байгаа шаардлагатай бол гарган өгч болно. Флашинд хадгалж байгаа жагсаалтад шалгарсан 27 төсөл хөтөлбөр нь хэн хэн гэж хүний хамааралтай аж ахуйн нэгж болох талаар тэмдэглээстэй байгаа...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг Б.Ш дарга зааварчилгаа өгч хянан би бичиж байсан. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гишүүд мэдээж болоогүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж байсан болохоор мэдэж байсан гэж бодож байсан. ...Анх намайг тухайн ажлын хэсэгт оруулна гэж байхад нь би орж ажиллах боломжгүй гэдгээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Саналбаяр нарт би өөрийгөө дотоод хяналт мониторингийн газрын мэргэжилтэн ажилтай гэдгийг хэлж байсан боловч миний хэлсэнг үл тоон тушаал гаргаж ажлын хэсэгт оруулан нарын бичгийн даргаар томилсон. Ингээд намайг нарийн бичгийн даргаар томилсны дараагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Б.Ш дарга нар өрөөндөө дуудаж оруулаад яамнаас ирсэн шийдвэр тул яаралтай биелүүл гээд надад Улсын Их Хурлын гишүүд сайд нарын нэрийн жагсаалтыг харуулаад ямар нэг асуудал бол байхгүй бүгд ардаа гишүүн, сайд нарын хамааралтай компаниуд тул шалгаруулалтыг хурдан хий гэж үүрэг өгсөн. Тухайн үзүүлж байсан жагсаалтад тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Н, хууль зүйн сайд Бямбацогт нарын нэр байсан болохоор би айгаад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй үүргийг нь биелүүлсэн...” /11хх-ийн 131-134х/,

“...Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажилласан гэдгийгээ урд өмнө нь мэдүүлсэн. Энэ төсөл сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа эхнээсээ хууль бус болно гэдгийг мэдээгүй ажлын хэсэгт орсон. Ингээд надаас хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа флаш дискт хадгалаастай байгаа хүснэгтэн мэдээллийг би өөрөө хийж боловсруулсан байгаа. Учир нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дарга Б.Н нь тухайн үедээ хүснэгтэд байгаа хүмүүсийн нэрс шалгаруулах төслийн нэр, хуулийн этгээд, үнийн дүн зэргийг надад гараараа бичиж өгөөд би үүнийг нь хүснэгтэд оруулж өөрийнх нь өгсөн үүргийн дагуу бэлдээд, ингээд хүснэгтэд хийгээд оруулаад ирлээ гэж танилцуулсан. Одоо надад энэ хүснэгтийг хийж байсан программ нь компьютер дээр байхгүй байгаа хэдий ч флаш диск дээр хадгалж авч  үлдсэн. Дараа нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс авч үлдэж байсан. Тухайн үед Б.Н дарга надад хэлэхдээ хүснэгтэд оруулж хийснийхээ дараа мэдээллүүдээ устгаарай гэж хэлж байсан ба устгачхаад хувийн флаш диск дээрээ хадгалж авч үлдэж байсан юм...” гэх мэдүүлэг /12хх-ийн 11-12х/,

Гэрч Д.Г “...би эхний 2 удаагийн хуралд өөрийн биеэр оролцсон, сүүлийн 2 удаагийн хуралд оролцож чадаагүй...Сүүлд оролцоогүй хурлын тэмдэглэлд би нөхөж гарын үсэг зурсан, хурлын нарийн бичиг Н.Б гарын үсэг зуруулаад явж байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 244-247х/,

Гэрч Г.Янжинсүрэнгийн “...Орон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл гэдэг шинэ хөтөлбөр арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор анх 2017 онд шинээр бий болгосон байсан. Дээрх Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний хүрээнд 200 сая төгрөг хүртэлх зээлийг иргэн, ААНБ-д санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон. Энэ нь Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 5.3-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран үйл ажиллагаа эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь нэг төсөлд 5 сая хүртэл төгрөг байна” гэж заасан байхад нэг иргэн, ААНБ-д олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээг 200 хүртэл сая төгрөгөөр тогтоож, 2 жилийн хугацаатайгаар хүүгүй олгохоор тооцсон, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 22-24 дэх сараас эхлэн тооцохоор тогтоосон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцэхгүй уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан учраас энэ зээлийг эргэн төлүүлж хугацаанд нь барагдуулах талаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Үүнийг тухайн үед Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга болон нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч албан шаардлагад гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан болно. Дээрх албан шаардлагын дагуу албан шаардлагын биелэлтийг Сангийн яаманд гаргаж 2019 оны 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулахаар үүрэг өгөгдсөн, үүний дагуу гүйцэтгэлийг гаргуулж байгаа болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс шинэ төсөл арга хэмжээг бий болгож баталж мөрдүүлэх эрх олгосон байдаг. Хэдийгээр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шинэ төсөл хөтөлбөр арга хэмжээг бий болгож баталж байгаа ч гэсэн энэ нь Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заасан эрх хэмжээний хүрээнд үйлчлэх ёстой. Гэтэл Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн зээл /санхүүгийн дэмжлэг/ нь хууль болон Засгийн газрын тогтоолоос давсан эрх хэмжээг бий болгосон байна гэж үзэж байна. Ийм учраас санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийг тухайн иргэн, ААНБ-аар төлүүлж төсөвт төвлөрүүлэх асуудлаар албан шаардлага бичсэн...Хууль зүйн талаас нь авч үзвэл аливаа төсөл хөтөлбөр, арга хэмжээг шинээр бий болгосон шийдвэр нь Засгийн газрын тогтоол болон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохицуулагдах ёстой. Иймээс хууль болон тогтоолоос давсан хэм хэмжээ эрхийн акт байж болохгүй ээ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 136-137, 138-140х/,

Гэрч Б.Батцогтын “...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг дэмжих үндсэн чиглэлтэй. Энэ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, малчдын хөдөлмөр эрхлэлтийг хэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвлөл байгаа юм...” гэх мэдүүлэг /12хх-ийн 168-171х/,

Гэрч Г.Оюунтунгалагийн “...Н.Н сайдын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулгад санхүүжилттэй холбоотой асуудал нь зөвхөн эдгээр буюу танилцуулга дээрээ дурдсан байсан 6 зорилтот төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200 сая хүртэл төгрөг байна гэж дурдсан байсан. Үүнийг нь засгийн газрын гишүүд хэчнээн ч төсөл хэрэгжүүлсэн нийт дүн нь 200 хүртэл сая төгрөг байна гэж ойлгосон байхаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд зөвхөн санал болгож байгаа зорилтот төслийн чиглэлийг дэмжиж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Н.Нт даалгасан байдаг ба санхүүжилттэй холбоотой ямар ч асуудлын талаар чиглэл болгоогүй. Энэ нь 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилла гэсэн ойлголт юм.

Засгийн 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.9 дэх хэсэгт зааснаар жижиг зээлийн хэмжээ нь иргэнд 10 сая, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл, аж ахуйн нэгж байгууллагад 20 сая төгрөгийг олгохоор заасан байдаг. Тэгэхээр нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаа зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг хүртэл гэж байсаар байтал 200 хүртэл сая төгрөгийг олгосон нь 276 дугаар тогтоолоор баталсан журмаа зөрчиж байгаа асуудал болсон байна...Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 13 дугаар тэмдэглэл нь санхүүжилтийг нэмэгдүүлж олгох үндэслэл болохгүй ээ. Энэ тэмдэглэл нь зөвхөн зорилтот 6 төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, чиглэл нь аймаг, нийслэл, дүүрэгт хэрхэн хэрэгжиж байгаа явцад нь хяналт тавьж ажиллахыг даалгасан шүүдээ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 242-243х/,

Гэрч Нэргүй овогтой Н.Бөөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг маркийн 1 ширхэг флаш хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /12хх-ийн 13-17х/,

эд зүйлд буюу цагаан өнгийн флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 119х/,

шүүгдэгч Д.Г “...миний бие 2012 оноос 2017 оны хооронд Нийслэлийн засаг даргын тамгын газрын харъяа хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сард ХХҮЕГ-ын даргын тушаалаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд иргэн, ААНБ-уудыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон байсан. Ажлын хэсгийн эхний хуралдаан бол ХХҮЕГазар дээр болж өнгөрсөн. Энэ хуралдаанаар ажлын хэсэг юу ярьсан бэ гэхээр ХЭҮЗөвлөлөөс баталсан орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд манай газраас сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдлаа тийм учраас төслийн хүрээнд иргэн, ААНБ-уудаас ирүүлсэн төслүүдээс бид нар сонгон шалгаруулалт явуулна гэдэг зүйлийг яриад өнгөрсөн. Үүнээс хойш ажлын хэсэг дахин хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаагүй, яг ямар төсөл шалгаруулах гэж байгаа, хичнээн төгрөгийн санхүүжилт олгох гээд ер нь төслийн талаар сайтар ойлголт байгаагүй. 2017 оны 09 дүгээр сард шиг санагдаж байна, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Б нь хурлын тэмдэглэлүүд дээр гарын үсэг зурчих гээд тэмдэглэлүүд бариад ирэхээр нь миний нэртэй хэсэг дээр нь гарын үсгээ зурж  өгөөд л явуулсан, тухайн тэмдэглэлүүд дээр  юу гэж тусгагдсан ямар асуудал яригдаж ямар иргэн, ААНБ-уудыг шалгаруулсан талаар огт сонирхоогүй. Н.Б-ийг өөрөө мэдэж байгаа юм байлгүйдээ гэж бодоод л гарын үсгээ зураад өгч явуулсан...”гэх мэдүүлэг /15хх-ийн 95-96х/,

шүүгдэгч Н.Б-ийн “...Би урд өмнө нь гэрчээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгч байсан тухайн мэдүүлэгүүдээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй ээ. Ерөнхийдөө хэргийн талаар мэдүүлэхэд 2017 онд ХЭҮЗ-өөс батлагдсан Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхээр тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Үндэсний зөвлөлөөс гарсан тогтоолоор ХХҮЕГазар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие тушаалаар ажилласан. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн сонгон шалгаруулалт бодитоор явагдаагүй, шалгарсан төслүүд нь бүгд ХХҮЕГ-ийн дарга Б.Нгийн надад үүрэг болгосны дагуу л шалгаруулсан төслүүд, эдгээр төслүүдийн ард талд нь буюу тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд байгаа гэж Б.Н дарга надад хэлснийг нь би шалгаруулах төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтад оруулж мөн хурлын тэмдэглэлийг өөрөө зохиож үйлдсэн байгаа. Ажлын хэсгийн хуралдаан бол эхний 1-2 удаагийнх нь бодитоор явагдаж яг төсөл сонгон шалгаруулсан тухай хуралдаан бол болоогүй, би үүнийг нь нэгэнт ерөнхий газрын даргаас үүрэг болгож байгаа юм чинь гээд л тэмдэглэлийг нь үйлдэж бусад гишүүддээ хэлэхдээ энэ хуралдааны тэмдэглэл дээр дарга гарын үсгээ зур гэж байна гэж хэлээд л зуруулсан байгаа. Болсон асуудал бол ердөө энэ. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 29 иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан байгаа. Санхүүжилт олгох асуудал нь тусдаа санхүүгийн алба болон эрх бүхий албан тушаалнууд л шийдвэрлэсэн байх...Тухайн үедээ би Булган аймагт төлөвлөгөөт шалгалтаар явж байсан юм. Тэгтэл араас тухайн үеийн дэд даргаар ажиллаж байсан Б.Ш, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Нацагдорж нар утасдаад яамнаас нэмэлт санхүүжилт орж ирж байна, дахин нийт ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүд дотороос нэмэлтээр 2 төсөл сонгон шалгаруулмаар байна гэж хэлж байсан тэгэхээр нь би нэгэнт шалгаруулах ёстой төслүүдийг шалгаруулаад ажлын хэсэг чинь тарчихсан шүүдээ дахин сонгон шалгаруулах боломжгүй шүүдээ гэдгийг хэлэхэд ямар ч байсан ажлаа дуусгаад ирэхээр чинь уулзаж байгаад ярилцъяа гэж хэлсэн би ч Булган аймаг дахь ажлаа дуусгаад ирсэн. Тэгтэл Б.Н даргатай уулзсан, Б.Ш даргатай ч уулзсан тэгэхэд Б.Ш дарга надад хэлэхдээ Б.Н дарга 2 төслийг нэмж шалгаруул гэж хэлээд байна ингэж болохгүй гэдгийг би мэдэж л байна лдаа гэхдээ даргаас өгч байгаа үүргийг хэрэгжүүлж ажилласан нь дээр байх яамнаас бол санхүүжилт нь батлагдаад ХЭДС-нд орчихсон юм байна лээ тийм учраас шийдсэн нь дээр байх гэсэн, тэгэхээр нь би хурлын тэмдэглэлийг дахин л урд өмнөх шигээ бичээд л хүмүүсээр дахин гарын үсэг зуруулж авахуулсан, ажлын хэсгийн гишүүд ямар учиртай юм бэ гэж асуухаар нь даргаас өгсөн үүрэг гэж хэлээд л гарын үсэг зуруулсан, харин Б.Ш дарга хэлэхдээ тэмдэглэл дээрээ намайг дэмжихгүй байна гэж бичиж оруулаарай гэж хэлсний түүгээр нь бичиж гарын үсэг зуруулсан байгаа. Ингэж тэмдэглэлээ, бусад зүйлсээ бэлдэхээсээ өмнө Б.Н даргатай орж уулзахад яамнаас нэмэлт санхүүжилт батлагдсан тийм учраас дахин 2 төслийг шалгаруулах шаардлагатай байна энэ 2-ыг шалгаруулаарай гэж Азат компани болон иргэн Атармаагийн нэрийг өгөхөөр нь болохгүй ээ даргаа ажлын хэсэг чинь тарчихсан байгаа шүүдээ гэхэд дээрээс нэгэнт батлагдаад ирсэн юм чинь хурлын тэмдэглэлээ үйлдээд оруулаад ир яаралтай яамруу энэ 2 компанийг шалгаруулсан талаарх бичгээ явуулмаар байна гэсний дагуу л би дээрх зүйлсийг хийж дарга руу буцаан оруулж өгсөн байгаа... би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байгаа тийм учраас хуулийн дагуу надад холбогдох үйлдлийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /15хх-ийн 80-81х/,

шүүгдэгч Б.Н-гийн “...Эхэлж санхүүжилт нь батлагдан дараа нь төслийг нь сонгон шалгаруулсан байх л гэж бодож байна, энэ талаар холбогдох материалуудыг нь хараад мэдүүлж болох байхаа. Сүүлд сонгон шалгаруулсан 2 иргэн, ААНБ-ын төслийг шалгаруулах талаар миний зүгээс сайдруу өмнөх 27-ийн явуулсан шиг албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичиг архивт хадгалагдаж л байгаа байх...Эхэлж ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүд дотороос л төсөл сонгон шалгаруулах комисс нь шалгаруулаад оруулаад ирэхээр нь би үүнийг нь сайдруу хүргүүлсэн асуудал байгаа...” гэх мэдүүлэг /15хх-ийн 82-83х/,

мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /15хх-ийн 140-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /15хх-ийн 141-х хуудас/,  хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчигдөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.

Д.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

Мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг тус тус зөрчиж

“Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болж төрийн үйлчилгээ иргэдэд шударгаар хүрэх, сонгон шалгаруулалтын тэгш байдал, төрийн албаны хууль дээдлэх зарчим тус тус алдагдсан үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү хууль, журмаар тогтоосон үйл ажиллагаа, эрх мэдлийн хэмжээ хязгаар зөрчигдөж, бусдад давуу байдал олгогдсон үйлдэлд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн Д.Г нь хууль бус үйл ажиллагаа болж буйг мэдсээр байж, сонгон шалгаруулалт явагдсан мэтээр гарын үсэг зурж, гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл оролцоог шүүх хуралдаанд шинжлэн судласан Монгол улсын сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/3968 дугаартай албан бичиг /10 дугаар хх-ийн 117-140 дүгээр хуудас/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн  Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичиг /11 дүгээр хх-ийн 138-190 дүгээр хуудас/, Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /11 дүгээр хх-ийн 193-215 дугаар хуудас/, Хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3818 дугаартай албан бичиг /13 дугаар хх-ийн 7-24 дугаар хуудас/, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны “Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /13 дугаар хх-ийн 28-37 дүгээр хуудас/, “...Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн санхүүжилт болох 3,9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд,  Б.Нгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож байсан тушаалын хуулбар, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолтой холбоотой ирүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/98 дугаартай албан бичиг /13хх-ийн 42-60 дугаар хуудас/, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжийг ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн х/25 дугаартай албан бичиг /13хх-ийн 77-81 дүгээр хуудас/, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 021 дугаартай, Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Монгол Улсын Их Хурлын 14 дугаартай тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14/41 дугаартай албан бичиг /13хх-ийн 85-89 дүгээр хуудас/, “...Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус шаардлага хангуулан хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг /13хх-ийн 94-104 дүгээр хуудас/, “2017 онд Тус ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/117 дугаартай албан бичиг /13хх-ийн 105-112 дугаар хуудас/, “..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуй, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай албан бичиг /13хх-ийн 120-178 дугаар хуудас/, гэрч С.Эрдэнэбатын мэдүүлэг /11хх-ийн 64-65х/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /11х-ийн 70-72х/,  гэрч Ч.Нанжидсамбуугийн мэдүүлэг /11хх-ийн 76-77х/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /11хх-ийн 79-81, 236-239х/, гэрч Н.У-ын мэдүүлэг /11хх-ийн 82-84х/, гэрч Н.А-ын мэдүүлэг /11хх-ийн 93-94, 12хх-ийн 7-10х/,гэрч М.Н-ийн мэдүүлэг /11хх-ийн 88-89х, 11хх-ийн 240-243х/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /11хх-ийн 102-104х, 11хх-ийн 131-134х, 12хх-ийн 11-12х/, гэрч Д.Г мэдүүлэг /11хх-ийн 244-247х/, гэрч Г.Янжинсүрэнгийн мэдүүлэг /12хх-ийн 136-137, 138-140х/, гэрч Б.Батцогтын мэдүүлэг /12хх-ийн 168-171х/, гэрч Г.Оюунтунгалагийн мэдүүлэг /12хх-ийн 242-243х/, гэрч Н.Б-өөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг маркийн 1 ширхэг флаш хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /12хх-ийн 13-17х/, эд зүйлд буюу цагаан өнгийн флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 119х/, шүүгдэгч Д.Г     мэдүүлэг /15хх-ийн 95-96х/, шүүгдэгч Н.Б-ийн мэдүүлэг /15хх-ийн 80-81х/, шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг /15хх-ийн 82-83х/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн тогтоов.   

Шүүгдэгч Н.Н нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуй нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж заасныг зөрчиж 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Хөдөлмөр эрхэлтийг дэмжих зөвлөлийн тогтоол гаргасныг Д.Г нь мэдсээр байж 29 иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулсан мэтээр гэмт хэрэгт хамтран үйлдсэн тэдний үйлдэл холбогдлууд хоорондоо шалтгаант холбоотой байна.

Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н, Д.Г нарын хамтран үйлдсэн хэргийн үр дагавар зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчийн хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд бодитой үүсэх боломжгүй болж, гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байсан бөгөөд тэдний тус тусын үүрэг, оролцооны үр дүнд  нэр бүхий 29 иргэд, аж ахуйн нэгж давуу байдал олж авсан нь нэг гэмт хэргийг дээр тэмдэглэгдсэн хамтран оролцогчид үйлдсэн гэж үзэх агуулга, хууль зүйн үндэслэл болно.

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тодорхойлон тогтоодог.

Гэмт хэргийг хэн санаачилж, үр дүнг хэн хүсч байсан нь тухайн гэмт хэргийг зүйлчлэлд хамаарах субьектийг тогтоох шалгуур болох бөгөөд уг этгээдийн эрх зүйн байдлаар гэмт хэрэг зүйлчлэгдвэл, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдын зүйлчлэл мөн адил зүйлчлэгдэх үр дагавартай байдаг. Хэрэв тус тусдаа өөр өөр үр дагавар хүсч үйлдэгдсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг тухайн субьектын шинж байдлаас хамаарч өөр өөрөөр зүйлчилж болно. Мөн хамжигчаар оролцож байгаа тохиолдолд эрх зүйн статусын хувьд ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран энэ хэрэг төгсөхөд дэмжлэг үзүүлсэн этгээд байна.

Тодорхойлох хэсгийн үйл баримтаас дүгнэхэд Н.Н нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, тодорхой шийдвэрүүдийг хамтын зарчмаар шийдвэрлэхэд биечлэн оролцох, уг шийдвэрийн биелэлтийг хянах, удирдан зохион байгуулах, даргалах албан тушаалын эрхтэйн хувьд гаргаж буй шийдвэрүүд нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд илт нийцэхгүй байгааг мэдсээр байж хүсч зөрчин, үүний улмаас үүсэх үр дагаваруудыг Б.Н, Б.Ш, Н.Б нараар гардан гүйцэтгүүлж, М.Н, Д.Б, Н.У, Д.Г нарын урьдчилсан дэмжлэгийг авч үйл явдлыг төгсгөсөн нь албаны эрх мэдлээ бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тус тус хангасан, тэдний энэхүү үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан тусгай ангийн тохирох хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь агуулга болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон байна.

Өөрөөр хэлбэл Прокуророос Д.Г-н хамтран үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлига”-ын гэмт хэргийн бүлэгт багтах албан тушаалтны гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд халддаг, улмаар иргэдийн төрөөр үйлчлүүлэх нийтлэг эрх ашиг, төрд итгэх итгэлийг алдагдуулдаг үр дагавартай, үүнийг хамгаалсан Эрүүгийн эрх зүйн хамгаалалт, хориглолтын шинжтэй хэм хэмжээ байдаг.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:

Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн хувьд маргаж, цагаатгах байр сууринаас оролцож санал дүгнэлтээ гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо зэргийг дүгнэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн  гэм буруугийн хэмжээнд тохируулан торгуулийн ялыг  сонгож шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл ангийг журамлан,

Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СД /хуулбарласан/ 1 ширхэг ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-г “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ