Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 744

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга C.Цэрэндулам,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч М.Ж,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л-ийн М-д холбогдох эрүүгийн 1905047461027 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 0000 төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “   ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт дүүргийн 7 дугаар хороо,  хороолол, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Л.М /РД: 0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй зочид буудалд иргэн М.Ж-ыг “чи ямар зэвүүн хэгжүүн хулгайч вэ” гэж зодож түүнд тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ:

“...Хохирогчтой хамтарч ажиллаж байсан. Урьд өмнө нь ямар нэгэн өс хонзон байгаагүй. Жанчив нь ажил хийж байхдаа алдаа дутагдал их гаргадаг байсан. Тухайн үед би Ж-г зодсон, цохисон, маргасан асуудал байхгүй. Хохирогчид учирсан гэмтэл юунаас болж учирсныг мэдэхгүй. Би учруулаагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ж мэдүүлэхдээ:

“...Тухайн үед ажил хийсэн боловч цалингаа 2 сараар авч чадаагүй байсан. “Цалингаа авъя” гэхэд тайлангаа өгч явуул гэсэн. Утсаар тайлангаа явуулсан боловч “бичгээр тайлангаа өг” гэсэн. Улмаар тайлангаа бичээд цалингаа авахаар очсон. Очоод уулзахад тайлан чинь чанарын шаардлага хангахгүй учир цалинг чинь өгөхгүй гээд улмаар намайг заамдаад толгой, шанаа чих хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Гараараа цохисон. Би газар унахад миний нурууны зүүн булчин хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Би босоод сандал дээр сууж байхад миний ар дагз руу алгадаад би газарт унахад бос гээд миний нуруу руу өшиглөсөн. Би үнэхээр их гомдолтой байна. Надтай Л.М- нь нохой шиг харьцсан...” гэв.       

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Жын:

“...2019 оны 10 дугаар сарын 21-нд тайлангаа бичээд “цалингаа явъя” гээд очсон тэгэхэд миний тайлантай танилцаад “тайлан болж байна, чи барилгаас хулгай хийгээд ажил хийж байгаа бригадуудыг шантаачилж мөнгө авдаг, архи уудаг” гээд худлаа шалтаг хэлээд байсан. Би М “та наад хэлээд байгаа зүйлүүдээ нотол, би тийм асуудал гаргаагүй” гэхэд М “чи ямар зэвүүн хэгжүүн хулгайч вэ” гээд намайг заамдаад толгой шанаа хэсэг рүү 2 гараараа цохисон. Би газар унахад миний нурууны зүүн булчин хэсэг рүү хөлөөрөө жийсэн тэгээд буцаад явсан. Би босоод сандал дээр сууж байхад миний ар дагз руу алгадаад би газар унахад бос гээд миний бөгс рүү нуруу руу өшиглөсөн. Би босоод сандал дээрээ сууж байхад дахин тайлангаа бич гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

2. Гэрч М.Б-ийн:

“...Цалингаа авах гээд захиралтайгаа уулзаад зодуулчихлаа гээд 2019 оны 10 дугаар сарын 21-нд над руу залгасан. Бид нар тухайн үед санхүү хэрэглээ их байсан тэгээд миний уур хүрээд “чи өөдөөс нь цохихгүй яасан юм” гэсэн. Намайг цохисон, тэгээд унахад мөн цохисон толгой өвдөж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

3. Гэрч Г.Т-ийн:

“...Би тухайн он, сар, өдрийг сайн санахгүй байна. Манайх ажлаа дуусгаад нэлээд хэд хоногийн дараа намайг очиход ил гэмтэл шарх байхгүй байсан. Тэгээд барайчихсан сууж байсан. Би “яагаад зодож байгаа юм” гэхэд “цалингаа авах гээд зодуулчихсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

4. Гэрч Ц.Б-ийн:

“...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед "Оффис" нэртэй зочид буудлын уулзалтын өрөөнд манай захирал Л.М- ганцаараа сууж байхад гаднаас Жанчив уулзахаар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

5. Гэрч Н.М-ийн:

“...2019 оны 10 дугаар сарын 21-нд би “Оффис” зочид буудалд зөөгчийн ажлаа хийж байсан. 1 давхарт ресторантай залгаа уулзалтын өрөө байдаг. Уг өрөөнд захирал Л.М ажлынхаа хүн гэж Ж гэгчтэй уулзаж байхдаа надад “ус оруулаад ир” гэж захиалахаар нь би оруулж өгсөн, тэгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

6. Гэрч Б.С-ийн:

“...Тухайн үзлэг хийхэд нурууны хуучин үе холбоос зөөлөн эдийн эмзэглэлтэй, уг нуруу хэсэгт ил харагдах шарх байгаагүй. Би нарийн шинжилгээ өгөх, MRI зураг авахуулах зэрэг зөвлөгөө өгөөд эм бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12909 дугаартай:

“...М.Ж-ын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №474 дугаартай:

“...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12909 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. М.Ж-ын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. М.Ж-ын биед учирсан гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн гэмтэл бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гарсан байна. М.Ж-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

9. Шинжээч М.А-ийн:

“...Нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй тархи доргилт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2019 оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд аль өдөр нь үүссэн эсэхийг ялгах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

10. Шинжээч Ж.Г-ийн:

“...М.Жын биед үүссэн гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 21-нд үүссэн шинэ гэмтэл байна. 2020 оны гэсэн нь техникийн алдаа гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,

11. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Энигма Констракшн” ХХК-ний ажлаас чөлөөлөх тухай албан бичиг, тушаал, цалин олгосон баримт /хх-ийн 109-112-р хуудас/,

12. “Энигма Констракшн” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн 2020.08.14-ний өдрийн 02/243 тоот албан бичиг, цалингийн тодорхойлолт,

13. Хохирогч М.Ж нь эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 364.295 төгрөг нэхэмжилсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М-нь хохирогч М.Ж-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа: “Хохирогчид учирсан гэмтлийн Л.М учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй зочид буудалд иргэн М.Ж-ыг “чи ямар зэвүүн хэгжүүн хулгайч вэ” гэж зодож түүнд тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Ж-ын “чи ямар зэвүүн хэгжүүн хулгайч вэ” гээд намайг заамдаад толгой, шанаа чи хэсэг рүү 2 гараараа цохисон. Би газар унахад миний нурууны зүүн булчин хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Би босоод сандал дээр сууж байхад дагз руу алгадаад би газар унахад бос гээд бөгс, нуруу руу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Гэрч М.Б-ийн “Цалингаа авах гээд захиралтайгаа уулзаад зодуулчихлаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч Г.Т-ын “би яагаад зодож байгаа юм” гэхэд “цалингаа авах гээд зодуулчихсан” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед “Оффис” нэртэй зочид буудлын уулзалтын өрөөнд манай захирал Л.М-ыг ганцаараа сууж байхад гаднаас Ж уулзахаар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Гэрч Н.М-ын “...2019 оны 10 дугаар сарын 21-нд захирал Л.М- ажлынхаа хүн гэж Жанчив гэгчтэй уулзаж байхдаа надад “ус оруулаад ир” гэж захиалахаар нь би оруулж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

- Гэрч Б.С-ын “Тухайн үзлэг хийхэд нурууны хуучин үе холбоос зөөлөн эдийн эмзэглэлтэй байсан. Би нарийн шинжилгээ өгөх MRI зураг авахуулах зэрэг зөвлөгөө өгөөд эм бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12909 дугаартай: “М.Ж-ын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №474 дугаартай: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12909 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. М.Ж-ын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. М.Ж-ын биед учирсан гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн гэмтэл бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гарсан байна. М.Ж-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

- Шинжээч М.А-ийн “Нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй тархи доргилт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

- Шинжээч Ж.Г: “М.Жын биед үүссэн гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 21-нд үүссэн шинэ гэмтэл байна. 2020 оны гэсэн нь техникийн алдаа гарсан байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Л.М нь хохирогчийн биед гэмтэл хэн учруулсаныг мэдэхгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчээс хохирогч нь цалин хөлсөө шаардахад шүүгдэгч Л.М нь эсэргүүцэн үг хэлээр доромжлох байдлаар биед нь халдаж гараараа цохих, хөлөөрөө жийх зэргээр зодож гэмтэл учруулсан, хохирогч М.Ж нь зодуулсан даруй гэр бүлийн хамаарал бүхий хүнд буюу гэрч М.Б болон гэрч Г.Т нарт хэлсэн болох нь тэдний мэдүүлгээр буюу дам нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдээр хохирогчийн биед учирсан тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч М.Жт учирсан гэмтэл нь шүүгдэгч Л.М-ын үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Л.М-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд нэхэмжилсэн 364.295 төгрөгийг шүүгдэгч Л.М-аас гаргуулж, хохирогч М.Жт олгох, цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.М-д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Л.М-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905047461027 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
 
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ээс 364.295 / гурван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Ж-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ж нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
 
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
  
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ