| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0748/э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 748
2020 08 12 2020/ШЦТ/748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Л.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, О.Батболд нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цувдаг овгийн Лхамрагчаагийн Лд холбогдох эрүүгийн 2009000000747 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Нет капитал ХХК-нд эдийн засагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 5-330 тоотод оршин суух, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, Цувдаг овогт Лхамрагчаагийн Л, /РД: ИЧ94032008/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Л.Л нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нет капитал банк бус санхүүгийн байгууллагьн байранд иргэн С.Долгорлхамд автомашины лизингийн зээл гаргаж өгнө гэж хуурч Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад Зээлийн ажилтан албан тушаалд ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, автомашины зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх шаардлатай гэж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000747 дугаартай хэргээс:
Хохирогч С.Долгорлхамын “...Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудалд байрлах Нет капитал банк бус санхүүгийн байгууллагын ажилтан эдийн засагч Лхамрагчаагийн Л гэх эмэгтэйтэй уулзсан бөгөөд 12.500.000 төгрөгийн үнэ бүхий Портер загварын тээврийн хэрэгсэл лизингээр авах гэж байгаа тухайгаа хэлтэл урьдчилгаа мөнгө болох 4.000.000 төгрөгийг авах болно гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр өдөр 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5027886127 дугаартай данснаас тухайн өдөртөө нээлгэсэн Капитрон банкны өөрийнхөө данс руу шилжүүлсэн бөгөөд тус дансыг Л.Л надад Мост монегоор өөрөө нээж өгөөд тус данс руу мөнгөө хийчих гэж хэлэхээр нь би 1.500.000 төгрөгийг хийгээд дараа нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг мөн адил дахин шилжүүлсэн бөгөөд зээл чинь болчихсон 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирээд машины нэрийг шилжүүлж авах албан бичгээ аваарай гэхээр нь тэр өдөр нь яваад очтол би сургалттай байна 2020 оны 05 сарын 06-ны өдөр болъё гэхээр нь дахин тэр өдөр ярьтал миний сургалт болоогүй завгүй байна гэсэн. Тэгэхлээр нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин ярьтал сонгосон машин чинь эвдрэлтэй байна өөр машин сонго гэж хэлсэн бөгөөд би дахин өөр машин сонгочихоод түүнд хэлтэл 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгэхлээр нь би тэр өдөр очтол ажлын цаг дуусчихлаа ирэх 1 дэх өдөр болъё гэсэн юм яриад байхаар нь би түүнд болъё би өөр байгууллагаас очиж зээл авъя миний урьдчилгаа мөнгийг өг гэтэл болно та өргөдлөө бичээд өгчих гэхээр нь би өргөдлөө бичиж өгсөн бөгөөд надад 2020 оны 05 сарын 11-ний өдөр урьдчилгаа чинь буцаад орчихно гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 11- ний өдрийг хүлээтэл мөнгө орохгүй байхаар нь би Лтай орой уулзтал би 1.500.000 төгрөгийг өөрөө аваад хувьдаа хэрэглэчихсэн юм, 2.500.000 төгрөг нь манай байгууллагын дансанд байгаа, би 1.500.000 төгрөгийг чамд эргүүлээд өгчихье. Харин 2.500.000 төгрөгийг байгууллагаас буцаагаад гаргаад өгнө гэж хэлээд бид хоёр салсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин утсаар ярьтал би 4.000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олоод өгчихнө гэхээр нь өнөөдрийг хүртэл хүлээтэл мөнгө орохгүй байхаар нь Неткапитал дээр очоод уулзтал Л.Нямчамбыг 7 буудлын салбарын захирал 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа гарчихсан гэсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Ш.Алтансуурийн “...манай байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Чингэлтэй 2 салбарт зээлийн ажилтнаар 3 сарын туршилтын хугацаанд ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны байгууллагын хурлаар орж халагдсан. Зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, харилцагч өөрөө заавал компанийн данс руу шилжүүлэх ёстой. Л нь Долгорлхамтай зээлийн гэрээ байтугай зээлийн данс ч нээгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...“...Долгорлхам нь Портер машин авах гээд урьдчилгаа 1.500.000 төгрөг, 2.500.000 төгрөгийг дипозит дансанд байршуулсан. Тэгээд би тэр мөнгийг нь капитал банкны мост мони апликейшн ашиглаад өөрийнхөө 5111042687 дугаартай хаан банкны дансанд шилжүүлэн аваад хувьдаа ашигласан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогч С.Долгорлхамын эзэмшлийн Капитрон банк дахь 3032001964 тоот депозит дансны хуулга /хх-ийн 36 дугаар хуудас/,
Нэткапитал ХХК-ийн дэд захирлын тушаалын хуулбарууд /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Л нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нет капитал банк бус санхүүгийн байгууллагьн байранд иргэн С.Долгорлхамд автомашины лизингийн зээл гаргаж өгнө гэж хуурч Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад Зээлийн ажилтан албан тушаалд ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, автомашины зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх шаардлатай гэж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Долгорлхамын “...Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 11- ний өдрийг хүлээтэл мөнгө орохгүй байхаар нь би Лтай орой уулзтал би 1.500.000 төгрөгийг өөрөө аваад хувьдаа хэрэглэчихсэн юм, 2.500.000 төгрөг нь манай байгууллагын дансанд байгаа, би 1.500.000 төгрөгийг чамд эргүүлээд өгчихье. Харин 2.500.000 төгрөгийг байгууллагаас буцаагаад гаргаад өгнө гэж хэлээд бид хоёр салсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин утсаар ярьтал би 4.000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олоод өгчихнө гэхээр нь өнөөдрийг хүртэл хүлээтэл мөнгө орохгүй байхаар нь Неткапитал дээр очоод уулзтал Л.Нямчамбыг 7 буудлын салбарын захирал 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа гарчихсан гэсэн.” гэх мэдүүлэг, хохирогч С.Долгорлхамын эзэмшлийн Капитрон банк дахь 3032001964 тоот депозит дансны хуулга, Нэткапитал ХХК-ийн дэд захирал Я. Адъяахүүгийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Ажлаас халах тухай тушаалын хуулбарууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Нямчамбын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.Нямчамбыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Л.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохиролыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 577 дугаартай яллах дүгнэлтийн хасралтын 4 дахь заалтад шүүгдэгч Л. Лас 5000.000 төгрөгний хохирол нэхэмжилсэн гэж хохиролын дүнг зөрүүтэй бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Нямчамбыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоол гаргахаас өмнө үйлдэгдсэн байх ба өнөөдрийн байдлаар 2 сарын хорих ялыг биеэр эдэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Л. Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тухайн зүйл ангид заасан гэмт хэрэгт оногдуулж болох хөнгөн ялыг сонгон хэрэглэх боломжтой талаар дүгнэлт танилцуулсанаас шүүх шүүгдэгчийн хувийн байдал / бага насны хүүхэдтэй, өндөр настай ээж нь хүнд өвчтэй / , эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л. Лд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан , нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 / нэг /жил 4 / дөрөв / сар 90 /ер / хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Л. Нямчамбын үйлдсэн гэмт хэрэг нь 554 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн тул энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хүндрүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Долгорлхамд 4.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цувдаг овгийн Лхамрагчаагийн Нямчамбыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нямчамбыг 720 /долоон зуун хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 , 6.9 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л. Лд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 11-ны өдрийн 2020/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 / нэг / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 / нэг / жил 4 / дөрөв / сарын хугацаатай хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 / долоон зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найм/ цагийг хорих ялын 1 / нэг/ хоногоор тооцож 90 хоногийн хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв / сар 90 / ер / хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Л нь хохирогч С.Долгорлхамд төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Лд энэ хэрэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож үргэлжлүүлэн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ,эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л. Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН