Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

 

 

 

 

2020         08          10                                   2020/ШЦТ/741      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттогтох,

Гэрч Э.Түвшинбаяр,

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваанчиг овгийн Баасанхүүгийн Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2009004360521 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1959 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 26а дугаар байрны 14 тоотод оршин суух,ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ваанчиг овгийн Баасанхүүгийн Эрдэнэ-Очир, /РД:У059052510/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Энь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Юнеско гудамж, 26а дугаар байрны 14 тоотод иргэн Э.Өсөхбаярыг “Хаалга чанга нүдсэн, мөнгө төгрөг нэхэж гэрт орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан” гэх хувийн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009004360521 дугаартай хэргээс:

            Хохирогч Э.Өсөхбаярын “...Эгарч ирээд хаалга чанга нүдлээ гээд намайг заамдаад гэрт оруулсан. ...Би мөнгө төгрөг өг, гадуур хоноод яваад байх хэцүү байна гэсэн чинь зүүн нүдэн тус газар гараараа 2 удаа, дээд уруул руу гараараа 1 удаа цохиход миний уруулнаас цус гарсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 10-11, 12-13, 16 дугаар хуудас/

            Шүүгдэгч Б.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн үед Өсөхбаяр хаалга нүдсэн. Урьд нь үргэлж амгалан тайван байдал алдагдуулдаг. Гэрт байхаараа хулгай хийдэг. Тэр үед би гэртээ оруулаад миний хүү хоол идчих гэж хэлсэн. Тэгтэл чиний муу хоолыг идэхгүй. Тэгвэл миний хүү явчих гээд түлхтэл миний гарыг мушгиад буйдангийн урд талд дарж унагаасан. Нилээн удаан ноцолдсон. Өмнө миний гарыг хугалж байсан. Намайг хачин болгоноо гэж хэлээд гарсан. Удалгүй цагдаа ороод ирсэн. Тэгээд намайг аваад цагдаагийн газар руу явсан. Дандаа мөнгө төгрөг нэхдэг...” гэв.

Гэрч Э. Түвшинбаяр мэдүүлэхдээ  : 2019 оны 12 сарын 24-ны өдөр би гэртээ байгаагүй. Гэр рүү явж байхад аав залгаад Өсөхөө орж ирээд хоол ид гэсэн чинь идэхгүй, гар гэсэн чинь гарахгүй гээд , гарч яваад цагдаатай ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход аав ганцаараа байсан, юу болсон талаар хэлээд цагдаа руу явъя гээд бид хоёр хамт ирсэн. Би бодохдоо Өсөхбаяр ах согтуу байсан юм байх л гэж бодсон. Аавыг нүд рүү цохьсон гээд байсан гэсэн. Манай ээжийг амьд байхад сохорчихлоо, эмнэлэгт хэвтэж байна мөнгө явуул гэж ярьсан. Мөн нэг эмэгтэй залгаад би сувилагч байна та нар чинь хүүхдийнхээ нүдийг сохорсон байхад  мөнгө явуулдаггүй юмуу гэж ярьсан. Тэр нь худлаа байсан. Ярьсан эмэгтэй нь одоогийн хамт амьдраад байгаа эмэгтэй нь байсан. Өсөхбаяр эрүүл согтуу байгаа нь мэдэгдэхгүй, харьцахад их хэцүү болсон. 12 сарын 24-нд аав гэрээсээ гаргасан нь зөв гэж бодож байна. Урьд нь   аавыг зодож байхыг нь би харсан. 2014 оны аав ээжтэй хэрүүл хийгээд байхаар нь би боль гэсэн чинь шууд миний нүд рүү цохиод ухархай хугалж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас /

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2345 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:      

1. Э.Өсөхбаярын биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар, ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шинжээч эмч Т. Чимэдочирын мэдүүлэг: Нүүр рүү нь гараараа түлхэх үед үүсэх боломжтой. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хөнгөн,  нийтдээ мөн  хөнгөн гэмтэлд хамаарна. Эдгээр гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хэрэг гарснаас хойш 14 хоног эмчилгээ хийхгүйгээр явах боломжтой...”гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/

“Healt-Aid” үүдэн эмнэлгийн Толгойн компьютерт томографийн шинжилгээ / хх-ийн 24 дүгээр хуудас/  

Хохирогч Э. Өсөхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд / хх-ийн 31-39, 53-67 дугаар хуудас/

Шүүгдэгч Б. Эрдэнэочирын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 69 дүгээр хуудас/

“Хийлс –эйд” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, рентгэн зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Эрдэнэочир нь хохирогч Өсөхбаярыг цохиж гэмтэл учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ “ алгаараа нүүрэн хэсэг рүү нь хойшоо түлхэх үйлдэл хийсэн ” гэж мэдүүлсэн нь түүнийг өөрийгээ хамгаалсан гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан толгойн компьютер томографийн шинжилгээнд шинжилгээ өгсөн баримтанд хохирогчийн насыг 37 настай гэж зөрүүлж бичсэн ба энэ баримтыг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан нь хууль бус юм.  Мөн хохирогч нь 2019 оны 12 сарын 24 ны өдөр буюу зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 20 хоног  эмнэлэгт үзүүлэхгүйгээр хаана юу хийж явсан нь эргэлзээтэй байна. Хохирогчийн зүгээс Эрдэнэочирын гэрийн хаалгыг 30-40 минут нүдэж гэрт нь орж ирээд гарыг нь дарж унагаасан. Тэгэхээр эрүүгийн хуульд заасан аргагүй байдал, гарцаагүй байдалд хохирол учруулсан байх боломжтой гэж... мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б. Эрдэнэочир нь  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Юнеско гудамж, 26а дугаар байрны 14 тоотод иргэн Э.Өсөхбаярыг “Хаалга чанга нүдсэн, мөнгө төгрөг нэхэж гэрт орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан” гэх хувийн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Өсөхбаярын “Эгарч ирээд хаалга чанга нүдлээ гээд намайг заамдаад гэрт оруулсан. ...Би мөнгө төгрөг өг, гадуур хоноод яваад байх хэцүү байна гэсэн чинь зүүн нүдэн тус газар гараараа 2 удаа, дээд уруул руу гараараа 1 удаа цохиход миний уруулнаас цус гарсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2345 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т . Чимэдочирын “ Нүүр рүү нь гараараа түлхэх үед үүсэх боломжтой. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хөнгөн,  нийтдээ мөн  хөнгөн гэмтэлд хамаарна. Эдгээр гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хэрэг гарснаас хойш 14 хоног эмчилгээ хийхгүйгээр явах боломжтой ” гэх мэдүүлэг болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан “Health Aid” үүдэн эмнэлгийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд Э. Өсөхбаярын насыг  зөрүүтэй бичсэн  нь техникийн шинжтэй алдаа болох нь хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн рентген зурагт бичигдсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Тодруулбал: Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн 2 ширхэг рентген зургаас хохирогч Э. Өсөхбаяр нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр тус үүдэн эмнэлэгт үзүүлж, үзлэг шинжилгээнд хамрагдсан болох нь  тогтоогдож байх тул дээрх шинжилгээг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.  Мөн хохирогч Э. Өсөхбаярын зүгээс шүүгдэгч Б. Эрдэнэочирын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоо хийсэн эсхүл тулгарсан аюулыг өөр арга хэрэгсэлээр арилгах боломжгүй нөхцөл байдал учирсан зэрэг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “ аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас хохирол учирсан” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Эрдэнэ-Очирт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч Э.Өсөхбаяр нь шүүгдэгч Б.Эрдэнэочиртой урьдын таарамжгүй харьцаа үүсгэж, эрх чөлөөнд халдаж байсан талаар гэрч Э. Түвшинбаяр мэдүүлсэн ба шүүгдэгч Б. Эрдэнэочирыг гэртээ байхад нь ирж хаалгыг нь хүчтэй цохиж, мөнгө төгрөг нэхсэн хохирогчийн зүй бус  үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн  шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас” /хх-69 дүгээр хуудас/-аар, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх  Б.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Энь эрхэлсэн тодорхой ажилгүй ч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэврийн тогтмол орлоготой талаар шүүхэд хандан  мэдүүлж байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэлээ. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

  Э.Өсөхбаяр нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ томографийн зураг авхуулахад 95000 төгрөг, 7 дугаар төвийн эмнэлэгт үзүүлэхэд 38000 төгрөг, эм тариа авахад 65000 төгрөг зарцуулсан гэх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй ба харин компьютер томографын зураг авхуулахад 80.000 төгрөг зарцуулсан болох нь баримтаар нотлогдож байх тул дээрх хохиролыг гаргуулахаар шийдвэрлэсэнийг шүүгдэгч хохирогчийн өмгөөлөгчийг байлцуулан хохирогч Э. Өсөхбаярын дансанд шилжүүлсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн нэхэмжлэлээс 118000 төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Э.Өсөхбаяр нь хөнгөн гэмтэл учирсан эмчилгээтэй холбоотой зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүлийн 1. 5. 6. 8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ваанчиг овгийн Баасанхүүгийн Эрдэнэ-Очирт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг  шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

             5. Шүүгдэгч Б.Энь хохирогч Э.Өсөхбаярт эмчилгээний төлбөрт 80.000 / наян мянга/ төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй,  болохыг тус тус дурдсугай.

             6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 118000 / нэг зуун арван найман мянга / төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж,  цаашид эрүүл мэндэд учирсан хохиролоо шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

    7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны проурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН