| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0777/э |
| Дугаар | 777 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 777
2020 08 31 2020/ШЦТ/777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Хохирогч Г. Ганчимэг
Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Шүүгдэгч: Т.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч н. Чинзориг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чухал овогт Түмэн-Өлзийгийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 2009000000906 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрол жолооч мэргэжилтэй, Таван толгой түлш ХХК-д жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15-р хороо, 23-260 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар Зөрчлийн хуульд зааснаар 14 хоног баривчилсан, хэрэг хариуцах чадвартай, Чухал овогт Түмэн-Өлзийгийн Жаргалсайхан /РД:ЦБ87060671/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Т.Жаргалсайхан нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр Монгол зочид буудлын 215 тоотод хохирогч Г.Ганчимэгийг “чи намайг түлхэж унагасан” гэх асуудлаас зодож эрүүл мэндэд нь “биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000906 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Ганчимэгийн “ Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Одноо залгасан, би ажил дээрээ байна гэсэн, удалгүй Одноо орж ирсэн, Одноо хэлэхдээ “найз нь нэг залуутай явдагийн гэсэн, би манайх коронавирүс гээд хүн орохгүй байгаа ганц нэг өрөөг түрээслүүлж байгаа гэсэн, тэгсэн Одноо би энэ залууд хэлье байр хайж байгаа гэсэн, тэгээд миний гар утсаар нөгөө залуутайгаа чатаар яриад өрөөнүүд үзүүлээд байсан. Тэгээд байж байтал Одноо би нөгөө залуугаа дуудчихлаа надад 20.000 төгрөг өгөөч гэхээр нь би өгсөн. Одноо тэгээд гарсан, нэг шил 0.75 хараа архи, самар, ундаа аваад ороод ирсэн. Одноо нөгөө залуугаа дуудсан байсан намайг дээшээ ороод ир гэж дуудсан, ороход архиа задлаад уугаад сууж байсан....тэр залуу одоо нэг юм уучихвал болох гээд байна гэсэн, тэгэхээр нь би хамгаалагчаа явуулаад 0.5 литр архи авчирч өгсөн. Би тэр залуутай юм ярьж суунгаа ууж байхад тэр залуу Одноог орон дотроо араас базаж аваад байсан ба би миний найзыг хайрлаарай нөхөр нь хүртэл гар хүрч үзээгүй, та хоёр дэмий л юм хийж байна даа гэсэн чинь тэр залуу над руу утсаа шидсэн, тэгэхээр нь би утсыг нь зөрүүлээд шидсэн. Тэгээд байж байсан чинь тэр залуу босож ирээд над руу гар далайхаар нь би түлхсэн чинь цаашаа орны өнцөг мөргөөд унасан, тэгээд босож ирэхдээ хамраас нь цус гарсан байсан, тэгээд намайг цохиж, зодож байхад Одноо, Сувдаа хоёр салгасан. Одноогийн талаар ярьж байгаад маргалдсан. Уг бэртэл гэмтлийг Одноогийн найз залуу Жагаа гэх нэртэй хүн гараараа нэг удаа цохиж учруулсан. Би эмчилгээ хийлгэж чадаагүй байна, мөнгө төгрөг байхгүй, хагалгаанд ор гэсэн орж чадаагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Ганчимэг над руу агсам тавьж дайрсан, тэгэхээр нь миний амьдрал чамд хамаагүй гээд түлхсэн, намайг түлхэх үед газар унасан. Намайг түлхэх үед газар унасан. Газар унахдаа нүүрээрээ унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Д.Алтансувдын “...Одноо Ганчимэгт гар хүрээгүй, найз залуу нь Ганчимэгийг нэг удаа цохисон. Уг өрөөнд Ганчимэг, Одноо, Одноогийн найз залуу тэр гурав байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Г.Одонтунгалагийн “...Ямар ч байсан Жаргалсайхан Ганчимэгийг нэг удаа түлхсэн, цохиж зодсоныг бол мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №6512 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Г.Ганчимэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цэс хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр Монгол зочид буудлын 215 тоотод хохирогч Г.Ганчимэгийг “чи намайг түлхэж унагасан” гэх асуудлаас зодож эрүүл мэндэд нь “биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ганчимэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6512 дугаартай дүгнэлт, гэрч Д.Алтансувд, Г.Одонтунгалаг нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Жаргалсайхангийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Жаргалсайханг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-47 дугаар хуудас/-аар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6512 дугаартай дүгнэлтээр хохирогч Г. Ганчимэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Хохирогчоос дээрх гэмтлийн улмаас хамрын хагалаанд зайлшгүй орох шаардлагатай талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт ЭМЖЖ эмнэлийн 3415000 төгрөгний үнийн дүн бүхий баримтыг гарган, эмчилгээний зардал нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд 10.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Т.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байдлыг нь харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чухал овогт Түмэн-Өлзийгийн Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жаргалсайханг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жаргалсайханд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жаргалсайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Жаргалсайханаас 10.000 / арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г. Ганчимэгт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3.145.000 / гурван сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эрүүл мэндэд учирсан хохиролоо шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН