Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 806

 

“Хөнх дама” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/0583 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Хөнх дама” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК-д холбогдох

 

            18 135 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хөнх Дама" ХХК-ийн ерөнхий захирал Т.Золжаргал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "Хөнх дама" ХХК-ийн Zone харуул хамгаалалтын алба нь гэрээт харуул хамгаалалтын ажлыг хуулийн дагуу албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Манай хамгаалалтын алба нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-д харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах 13/164 дугаартай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талаас манай байгууллагад хандаж улсад эдийн засгийн байдал муудаж байна тийм болохоор анх ажиллаж эхэлсэн ажлын хөлсийг буулгаж өгөхийг хүсч санал тавьсныг бид хүлээн авч хүндэтгэн үзээд тухайн сараас эхлэн сарын үнийн дүнгээ буулган ажилласан. Гэвч мөн л мөнгөө өгөх цаг хугацаагаа алдаж байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бид гэрээний 7 дугаар бүлгийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцох болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хариуцагч байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манайд албан бичиг өгч тус бичигтээ, бид цаашид хамгаалагч ажиллуулах боломжгүй болсон тул 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс гэрээг цуцалъя гэсэн. Бид 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзаж "2016 оны 11 дүгээр сардаа багтааж урьд болон үлдэгдэл төлбөрөө өгч дуусгаад 12 сард гэрээгээ цуцалъя" гэж санал тавьсныг бид хүлээн авч бидний 2 тал уулзалтаар ярьж тохирсон. Гэвч хариуцагч тал мөн л худлаа хэлж, бичиж баталгаа болгосон зүйлдээ хүрч чадаагүй тул манай байгууллага 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээгээ албан ёсоор цуцалж байгаагаа мэдэгдэж албан бичиг, санхүүгийн тооцоо нийлэх акт хүлээлгэн өгсөн. Мэдэгдэлд дурьдаж ярьж тохирсноороо 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамгаалалтаа буулгаж хүн хүчээ татан авч, хариуцагч байгууллагын эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан авсан. Иймд манай хамгаалалтын алба нь "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-д харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний дагуу авах ёстой ажлын хөлс нийт 12 090 000 төгрөг, гэрээнд заасан алданги төлбөр 11 147 980 төгрөг болж байна. Гэвч манай байгууллага хуульд заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 6 045 000 төгрөгийн алданги, нийт 18 135 000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг дэмжиж байна. Хариуцагчийн 1 000 000 төгрөг төлснийг хасч, уг 1 000 000 төгрөгт бодогдсон алданги 500 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 500 000 төгрөгөөр бууруулж үндсэн төлбөрт 11 090 000 төгрөг, алдангид     5 545 000 төгрөг, нийт 16 635 000 төгрөг нэхэмжилж байна. Алданги авсан гэх "Хөнх дама" ХХК-ийн албан бичигт андуурал гарсан байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Би Би Кью Эм Жи Эл" ХХК нь нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн атал нэхэмжлэгч үүнийг хасч тооцоогүй байна.  "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчээс гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ авахгүй, гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2016 оны 11 дүгээр cap хүртэлх алдангийг хариуцагч төлөхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэхгүй байх нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээг сунган ажиллуулахаар болсон. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алдангийг бодохдоо хоногийг давхардуулж бодсон байна. Мөн алдангийн тооцоо дууссан талаар 2016 оны 9 дүгээр 14-ний өдрийн 227 тоот албан бичигт бичсэн байна. 2016 оны 4 дүгээр 14-ний өдөр алданги тооцох талаар мэдэгдсэн үеэс хойш тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал алданги нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж чадахгүй байна. Манайх алдангийн үндэслэлийг нотлох үүрэггүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх алдангийг үндсэн мөнгөө төлвөл авахгүй гэж тохирсон. Мөнгөө ав гэж удаа дараа утсаар болон мессежээр хэлэхэд ирж аваагүй тул алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангид 83700 төгрөгөөс бусдыг төлөхгүй. 11 090 000 төгрөг төлөх нь үнэн, энэ талаар маргахгүй гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-аас 11 173 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Хөнх Дама" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 461 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 193 729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хөнх Дама" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтыг буруу үнэлэж, шаардлагын 5 461 300 төгрөгийг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Хэргийн болсон бодит байдал нь зохигчид 2013 оны 11 дүгээр 16-ны өдөр №13/164 тоот "Харуул хамгаалалтын гэрээ" байгуулан нэхэмжлэгч харуул хамгаалалтын үйлчилгээг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч "Би Би Кью Эм Жи Эл" ХХК нь 2015 оноос ажлын хөлсөө хугацаа хожимдуулан төлөх болж 2016 оны 12 дугаар 12-ны өдрийг хүртэл 11 090 000 төгрөгийн ажлын хөлс төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр дараахи үндэслэлээр няцаагдана. Үүнд: Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн ажлын хөлс төлсөн төлбөрийн баримтын огноог үндэслэж үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алдангийн тооцооллыг бодож нэхэмжлэлд хавсарган өгсөн бөгөөд дээрх баримтанд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон үндсэн төлбөр 12 090 000 төгрөг, алданги 6 045 000 төгрөг, нийт 18 135 000  төгрөг нэхэмжилсэн тухай тусгасан байсан. Хариуцагч 11 090 000 төгрөгийн  төлбөрийн үлдэгдэл үлдсэн тухай маргах зүйлгүй гээд зохигч нар 2016 оны 11 дүгээр cap хүртэл алданги тооцохгүй гэж тохиролцсон тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн тухай зохих байгууллагаас тодруулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Иймд миний бие Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 42.4 дэх хэсэгт "Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын задаргаа буюу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тухайд маргаагүй тул дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд хариуцагчийн 26 удаагийн хөлс төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...“Би Би Кью Эм Жи Эл" ХХК хөлс төлөх хугацааг хэтрүүлэн, хэсэгчлэн төлж байсан нь тогтоогдсон. Хариуцагч тал үүргээ хугацаа хэтрүүлэн төлсөн талаар маргахгүй байгаа..." хэмээн үзсэн боловч дээрх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүйгээс үйл баримт нь бичгэн нотлох баримтаар тогтоогдохгүй тул алданги 5 461 300 төгрөгийг тооцож гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл зөрчилдөхөд хүргэсэн. Хэрэв хариуцагч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын төлбөр төлсөн огнооны хувьд маргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 25.2 дахь хэсэгт зааснаар "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасны дагуу хугацаа хожимдуулахгүй төлж байсан гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын алдангийг бодохдоо тооцооллын алдаа гаргаж нийт 8 306 680 төгрөгийн алданги байх ёстойг 11 147 980 төгрөг хэмээн бодсон нь үнэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4 дэх хэсэгт "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг үндэслэн алдангийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувиар тооцож 5 545 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийг тооцооллын алдаа гаргасан хэмээн буруутгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд холбогдох хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Хөнх Дама” ХХК нь хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 12 090 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч байгууллага үндсэн төлбөрт 11 090 000 төгрөг, алдангид 83700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргасан байна. 

 

            Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч “Хөнх дама” ХХК нь хамгаалагч ажиллуулж, хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК-ийн объектын эд зүйл, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, хариуцагч байгууллага нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хоронд хөлсөөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК нь гэрээний дагуу хөлсөө бүрэн гүйцэт төлөөгүй байх тул нэхэмжлэгч буюу  ажиллагч “Хөнх Дама” ХХК нь ажилласан хугацааны хөлсөө шаардах эрхтэй.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээ 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч ажлын хөлс 11 090 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байгаа бөгөөд хариуцагч байгууллага “Би Би Кью Эм Жи Эл” ХХК нь нэхэмжлэгч “Хөнх Дама” ХХК-д 11 090 000 төгрөг төлөх асуудлаар зохигчид маргаагүй болно.

 

            Хэргийн 10 дугаар талд талуудын хооронд 2016 оны 12 сарын 9-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн акт авагдсан байх бөгөөд уг тооцоогоор тухайн өдөр хариуцагч байгууллага 12 090 000 төгрөгийн үндсэн цалингийн үлдэгдэл төлбөртэй байсан байна.

 

            Иймд дээрх тооцооны актыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч “Хөнх Дама” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээний үндсэн үүрэгт 12 090 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

 

            Гэрээний 7.2 дахь заалтад талууд алдангийн талаар тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 12 090 000 төгрөг байх тул 6 045 000 төгрөгийн алданги төлөх тооцоо байна.

 

            Нэхэмжлэгч “Хөнх Дама” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 227 тоот албан бичгээр хариуцагч “Би Би Кью Эм Жи Эл” ХХК-аас 7 597 890 төгрөгийн алдангийг хүлээн авсан, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл алдангиа авсан болохоо нотолсон бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Иймд хариуцагчийн төлбөл зохих 18 135 000 төгрөгөөс /12 090 000 + 6 045 000 / нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 7 597 890 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч      9 531 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 11 173 700 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлсэн нь хуулийн заалтай нийцэхгүй байгаа боловч хариуцагч уг шийдвэрт гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулахаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Г.Намуунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                

                                                                        Ц.ИЧИНХОРЛОО