Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 081

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2018/0081

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн оршин суугч, Ах сум овогт Г.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргад тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай албан бичиг бүхий тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч К.Х, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

         Г.Д  миний бие  Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч  Х. Айынгүл нь өндөр насны тэтгэвэрт  гарсантай холбогдуулан уг орон тоонд  түр орлон гүйцэтгэгчээр, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Давхарбаярыг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилох тухай” Б/22 тоот  захирамжаар тухайн орон тоонд  жинхлэн  томилогдсон  болно. Миний бие Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд, байнгын ажлын байранд 2017 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн  одоо хүртэл   1 жил 10 сар ажиллаж байгаа бөгөөд ажилласан хугацаанд ажлын доголдол, дутагдал гаргаагүй  билээ. Уг албан тушаалд  томилогдсоны дараа Бугат сумын Засаг дарга, Баян-Өлгий  аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн”  гурван талт гэрээ  байгуулж, гэрээнд заасан чиг үүргийг “ хангалттай” гүйцэтгэж байгаа. Би тухайн  албан тушаалд томилогдоход урьд  ажиллаж байсан Х.Айынгүл нь шүүхэд гомдол  гаргаж, Г.Д  би тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, Баян-Өлгий  аймаг дахь Сум дундын иргэний  хэргийн   анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 13-ны  өдрийн 263 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212\МА2017\00082 тоот магадлал, УДШ-ийн Хяналтын  шатны Иргэний хэргийн шүүх  хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001\ХТ 2017\01230 тоот магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэсэн. Уг орон тоо  сул орон тоо биш бөгөөд  тухайн орон тоонд Г.Д миний бие 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа юм.

        2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах” журмын  Хоёрдугаар хэсгийг 2.1-д  сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалтын захиалгыг  салбар  зөвлөлд ирүүлнэ гэж заасан. Тэгвэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айынгүл нь Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Г. Давхарбаяр  би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн албан тушаалд томилогдсон тул журамд заасан “Сул орон тооны захиалга өгөх” хугацаа хэтэрсэн байна.  Бугат сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгчийн орон тоог “сул орон тоо” хэмээн үзэж  захиалга өгч буй  Бугат сумын орлогч дарга К.Х нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд  биш, түүний чиг үүрэгт боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх эрх хэмжээ  байхгүй болно.

       Бугат сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгч нь сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай даргатай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээгээр  ажилладаг тул аймгийн Эрүүл мэндийн газрын санал дүгнэлт, захиалга уг асуудлыг шийдвэрлэхэд  мэргэжлийн байгууллагын хувьд зайлшгүй шаардлагатай юм.

      Иймд шүүхээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны  өдрийн 190 тоот албан бичгээр хүргүүлсэн  сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгчийн сул орон тоонд  сонгон шалгаруулалт явуулах  тухай захиалга бүхий шийдвэрийг, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны  шийдвэрийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн орон тоонд  сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгохыг хүсэж байна гэв.

        Хариуцагч Бугат сумын Засаг даргын орлогчоос гаргасан тайлбарт:

        Бугат сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Айынгүлийг сумын Засаг дарга байсан Х.Хайв ажлаас нь чөлөөлж Г.Дыг томилсон 2017 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн Б\07 тоот захирамжийг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр  сарын 13-ны  өдрийн 263 дугаар  шийдвэрээр, мөн Баян-Өлгий  аймгийн  иргэний  хэргийг  давж  заалдах  шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  212\МА\2017\00082 магадлалаар хүчингүй болгосон,  Монгол Улсын  дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001\КГ\2017\01230 тоот тогтоолоор  эцэслэн шийдвэрлэсэн.

        Аймгийн Засаг даргын захирамжаар Бугат сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Х нь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх бүрэн эрх бүхий этгээд мөн.

        Сумын Засаг дарга асан Х.Хайвын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\07тоот захирамж нь дээр дурдсан хууль тогтоомжуудын заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус эрхийн акт байсан тул Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн орон тоог сул орон тоо гэж үзээд сонгон шалгаруулалт зарлуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргаснаар сонгон шалгаруулалт зарлагдсан юм.

          Г.Д нь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хууль  тогтоомжийг  ноцтой зөрчсөн  үйл явдал бөгөөд Г.Д нь зөвхөн 1 жилийн сувилагчийн курсийг эчнээгээр төгссөн бакалаврын зэрэггүй, хүн эмчлэх эрхийн гэрчилгээгүй хүн юм. Өөрөөр хэлбэл энэ хүн  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байгаа албан  тушаалын шаардлагыг огт хангахгүй, мэргэжил, ур чадварын  хувьд   тухай  албан  тушаалд нийцэхгүй гэж үзэн тухай албан тушаалд тэнцэх хүнийг  сонгон шалгаруулах журмаар  томилон ажиллуулахыг хүссэн юм.

          Г.Д нь нэхэмжлэлдээ “өөрийг нь уг албан тушаалд тэнцэх тухай 3 шатны  шүүхээс  эцэслэн шийдвэрлэсэн болно” гэж дурдсан байна. Шүүхийн гурван шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Г.Дыг уг  албан тушаалд тэнцэнэ гэсэн ямар  нэгэн  үг өгүүлбэр  алга байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбарт:

        Бугат сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 тоот албан бичгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгчийн сул орон тоонд  сонгон  шалгаруулалт явуулж  өгөх тухай  хүсэлт ирүүлсэн. Уг захиалгыг салбар зөвлөлийн 18 дахь  хуралдаанаар хэлэлцээд  Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах тухай зар хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.

       Гэтэл Бугат  сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн  сул орон тоог зарласан  талаар дахин дахин  өргөдөл, гомдол ирүүлсэн, шүүхэд гомдол гаргасан тул Төрийн  албаны зөвлөлд захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй хойшлуулаад байна.

        Нэхэмжлэгчийн Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №001\ХГ 2017\01230 тоот    эцсийн шийдвэр нь Г.Дтай  холбоогүй ба өмнөх Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг ажлаас  чөлөөлсөн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01дүгээр сарын 05-ны өдрийн Б\07 тоот захирамжийг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Бугат сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Х.Айынгүлийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр юм.

       Иймд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн  сул орон тоог хуулийн  дагуу зарлаж, сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй  гэж үзнэ. Г.Дын  гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргаар иргэн Х.Айынгүл ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнөөр мөн үеэс уг албан тушаалын сул орон тоо гарсан байх ба ажил олгогчоос энэхүү сул орон тоонд  дээрх захирамжаар нэхэмжлэгч Г.Дыг анх түр  томилсон байжээ.

Иргэн Х.Айнгүлээс өөрийг нь ажлаас чөлөөлсөн Бугат сумын Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч Б/07 дугаартай  захирамжийг хүчингүй болгож, сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01230 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Х.Айынгүлийг тус албан тушаалаас чөлөөлсөн сумын Засаг даргын Б/07 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож маргааныг эцэслэн шийдвэрлэжээ. 

Ингэснээр Бугат сумын Засаг дарга  Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолыг баримтлан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түр ажиллаж байсан нэхэмжлэгчийг 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүр томилсон Б/22 дугаартай захирамж гаргасан байх боловч хяналтын шатны шүүхийн уг тогтоол нь нэхэмжлэгч Г.Дыг маргаан бүхий албан тушаалд томилогдон  ажиллах эрхтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй, энэ нь тухайн албан тушаалд ажиллаж байсан Х.Айынгүлийн шүүхэд гаргасан түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоохыг хүссэн маргаанд дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн шийдвэр байх тул шүүхийн уг шийдвэр нь нэхэмжлэгч Г.Дыг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын /эрхлэгч/ албан  тушаалд ажиллах эрхтэйг тогтоосон шийдвэр биш гэх хариуцагч талын маргаан үндэслэлтэй байна.

            Сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд  9.2-т заасны дагуу Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаартай “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор баталсан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосон 5 дугаар хавсралтад  зааснаар төрийн удирдах албан хаагчийн ангилалд хамаарах юм.

Маргаан бүхий албан тушаалд урьд ажиллаж байсан иргэн Х.Айынгүл нь дээрх байдлаар ажлаас чөлөөлөгдсөнөөр Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон бий болсон байх ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулсан.

Журмын Нэгийн 1.2-т зааснаар удирдах албан тушаалтанд томилогдох ажилтанд  Төсвийн тухай хуулийн 16.4.1.-16.4.17.-д зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно.  Түүнчлэн Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын 6.2.1-д сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн даргыг хууль, тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулж, эрх бүхий этгээд томилж, чөлөөлнө гэж заасан.  Мөн дээрх журмын[1] Хоёрын 2.1-д удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд ... харьяаллын дагуу ирүүлнэ, Нэгийн 1.4.2-т аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага (хүн эмнэлэг,театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллагын)-ын дарга (захирал,эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтыг тухайн аймаг нийслэл дэх салбар зөвлөл зохион байгуулна, 1.5.-д удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тооны захиалгын тоо, ажлын шаардлагыг харгалзан сонгон шалгаруулалт явуулах хугацааг салбар зөвлөл ...тухай бүр шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан байна.

. Уг журмын зорилго нь журмын Нэгийн 1.3-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасны дагуу болон албан тушаал \ажлын байрны тодорхойлолтод заасан\-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулахад  орших бөгөөд  хуулийн[2] 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д зааснаар төрийн албанд “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмуудыг баримтална.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд томилох эрх бүхий этгээд болох Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болох Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарсан тухайн үед холбогдох журамд заасны дагуу сул орон тоог нөхөх захиалгыг салбар зөвлөлд[3] хүргүүлээгүй байх ба уг орон тоонд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаа явагдаагүй байхад  нэхэмжлэгчийг дээрх байдлаар шууд томилон ажиллуулсан нь хууль бус  бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж үзнэ.  Иймээс нэхэмжлэгчийн “Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын орон тоог сул орон тоо биш, уг орон тоонд намын бүлгээс намайг томилох нь зүйтэй гэж дэмжсэн шийдвэр гаргаад томилсон” гэх маргаан үндэслэлгүй бөгөөд хууль бус байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сум тосгоны Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасан. Томилох эрх бүхий этгээд болох Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хайвыг  аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан байх ба   Засаг даргыг шинээр томилох хүртэл уг албан тушаалын бүрэн эрхийг Засаг даргын орлогчид хариуцуулж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилогдох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан.

              Иймд Бугат сумын Засаг даргын орлогчоос сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоог нөхөх,  уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай албан бичгээр салбар зөвлөлд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй томилох эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга Х.Хайв нь уг албан тушаалаас огцорсон, шинээр Засаг дарга томилогдоогүй тохиолдолд Бугат сумын Засаг даргын орлогчоос дээрх байдлаар сул орон тооны захиалга өгснийг эрх хэмжээгүй этгээдээс захиалга хүргүүлсэн гэж үзэхгүй, иймээс нэхэмжлэгчийн “Бугат сумын Засаг даргын орлогч нь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд  биш, түүний чиг үүрэгт боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх эрх хэмжээ  байхгүй гэх” маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээрх байдлаар хариуцагч Бугат сумын Засаг даргын орлогчоос 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 190 дугаартай албан бичгээр харьяа салбар зөвлөлд маргаан бүхий сул орон тооны захиалга хүргүүлсэн нь, улмаар уг захиалгын дагуу салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийн холбогдох хэсгээр маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн  нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дээрх зохицуулалттай нийцсэн байна. Хууль дээдлэх нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төрийн албаны үндсэн зарчим  тул захиргааны байгууллагын эдгээр үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй юм.

Хариуцагч Бугат сумын Засаг даргын орлогчоос сул орон тооны захиалга өгөх болсон өөр үндэслэлээ нэхэмжлэгч Г.Д нь тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй, түүнийг тус албан тушаалд томилон ажиллуулах талаарх сумын Засаг даргын саналыг анх аймгийн Эрүүл мэндийн газрын дарга зөвшөөрөөгүй гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлтэй байна. Үүнд, Бугат сумын Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн байгууллага болохын хувьд Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж,  Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын 6.2.2-т сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эрүүл мэндийн дарга нь өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байна гэж заажээ.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилон ажиллуулах асуудлаар томилох эрх бүхий этгээдээс тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлсэн зөвшилцөх саналд нэхэмжлэгчийг “...  мэргэжлийн хувьд сумын эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй учир зөвшилцөх боломжгүй, цаашид Эрүүл мэндийн төвийн даргыг ...журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцуулан томилгоо хийхийг санал болгож байна” гэж хариу хүргүүлсэн нь, мөн нэхэмжлэгч “сувилагч” мэргэжилтэй болох нь тус тус хэрэгт авагдсан “БНМАУ, Улаанбаатар хот дахь Сувилагчийн сургуулийн 4047 дугаартай диплом”, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Ингэснээр нэхэмжлэгч сумын эрүүл мэндийн төвийн дарга  нь “өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан хүний их эмч мэргэжилтэй байх”  талаарх  Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын 6.2.2 заалтын болон Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар батлагдсан сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын  үлгэрчилсэн загварт заасан мэргэжил, мэргэшлийн шаардлагыг буюу Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар сумын Эрүүл мэндийн төв нь хүн амын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн байгууллагын хувьд тус төвийн дарга нь мэргэжлийн хувьд  өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан, их эмч мэргэжилтэй байх шаардлагатай байх ба нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар жинхлэн томилогдсон гэж маргасан боловч ажлын байранд тавигдах шаардлагыг  дээрх байдлаар нэхэмжлэгч хангаагүй, түүнчлэн  сул орон тоо гарсан тухайн үед томилох эрх бүхий этгээдээс уг орон тоог нөхөх захиалгыг холбогдох газарт хүргүүлээгүй, нэхэмжлэгч  Төрийн албаны тухай хууль болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар  сонгогдон томилогдоогүй байх тул уг орон тоог сул орон тоо гэж үзэж,  хууль, журмын шаардлагын дагуу маргаан бүхий албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахаар  хариуцагч  талаас захиалга өгч, улмаар уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус биш байгаагаас гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 10 дугаар зүйлийн 10.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Дын тус шүүхэд гаргасан “Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай албан бичиг бүхий тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.РИЗА

 

 

 


[1] Төрийн удирдах албан тушаалтанд

[2] Төрийн албаны тухай хууль

[3] Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл