Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 10

 

Б.Буян-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаар магадлалтай, 201511000025 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар 153.1 дэх хэсэгт зааснаар 5,508,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Иөншөөбү овогт Батжаргалын Буян-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсгүүдэд заасан “Давтан үйлдлээр догшин авирлаж, зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Буян-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон, Б.Буян-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Буян-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Буян-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.Буян-Эрдэнэ нь ажилгүй эхнэр болон хөгжлийн бэрхшээлтэй охин Б.Буянзаяа, хоёр ихэр Б.Буянтогтох, Б.Буянхишиг нарын хамт амьдардаг бөгөөд ар гэр, амьжиргаагаа “Портер” маркийн 18-07 улсын дугаартай машинаар залгуулж явдаг юм. Гэтэл Б.Буян-Эрдэнэд Дорнод аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоогүй юм. Т.Сансарбаяр гэгч гудамжны тэнүүлч архичин, өөрөө өөрийгөө гэмтээгч этгээдийн гэмтэл авсан гэх зургийг  2 дугаар хавтаст хэргийн 38  дугаар хуудсанд харуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2 удаа хатгагдсан шарх байдаг ба уг шарханд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Харин бусад шарх, сорви байгаа эсэхэд тухайн үед дүгнэлт гаргаагүй байдаг. Гэтэл тухайн хэсэгт хэзээ хатгагдаж гэмтээгдсэн нь үл мэдэгдэх хэдэн шархны сорви тодорхойгүй үлдсэн ба энэ асуудалд хэн ч хариу өгөөгүй. Т.Сансарбаярыг хутгалж гэмтээсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Шүүх хохирогч Т.Сансарбаяр, гэрч н.Мөнгөнцэцэг, н.Байгалмаа, н.Баярмаа нарын мэдүүлэг болон эмчийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг огт үнэлээгүй байхаас гадна ямар ч няцаалт өгөөгүй. Хилсээр ял тулгаж буй прокурорын шийдвэрт тохируулж хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Хохирогч Т.Сансарбаярын мэдүүлэг худал юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой байсан.

- Иргэн Д.Эрдэнэбатын бие махбодид учирсан гэмтлийн зэрэгтэй маргаагүй. Гагцхүү ямар санаа сэдэлтээр түүнийг зодов, маргаан үүсгэсэн талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Д.Эрдэнэбат, гэрч н.Пүрэвсүрэн нарын мэдүүлэгт тодорхой дурдсан байна.

-Иргэн Л.Түвшинбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэж ял халдаасан байна. Уг хэрэгт шүүх эмнэлгийн шинжээч эмч дүгнэлт гаргахдаа Л.Түвшинбаярын биед зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн боловч анхны эмчийн үзлэгийн тодорхойлолтод зүүн гуяны гэмтлийн хэмжээг тодорхойлж өгөөгүй байхад шинжээч эмч хөнгөн зэргийн гэмтэл гэж гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд “...ямаа авна гэхээр нь чи ямар цайрсан хулгайч вэ? гээд зодоон болсон өөрөөр хэлбэл Б.Буян-Эрдэнэд өшиглүүлсэн...” гэснээс үзэхэд хувийн таарамжгүй харьцаа ч энд харагдаж байна. Эдгээр хэргүүдийн хохирогч нараас хэн нь ч хохирол нэхэмжилдэггүй.

Иймд Б.Буян-Эрдэнийн Т.Сансарбаярыг хутгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Эрдэнэбатыг зодсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Харин Л.Түвшинбаярыг зодсон гэх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.  

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Буян-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Буян-Эрдэнэ нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10-11 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын нутагт байрлах “Аригүн” зоогийн газрын урд талд “хонь авсан эсэх”-ээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч Т.Сансарбаярыг хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23-24 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Д.Эрдэнэбатад хүч хэрэглэн зодож, бие махбодид нь “доод уруулд язарсан шарх, цээжинд буглаа” бүхийн хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Бүрд” гэх газарт хонины хашааны амыг тайлах гэсэн түүний үйлдлийг хориглосон хохирогч Л.Түвшинбаярыг үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, багалзуурдах, гуя руу өшиглөх зэргээр хүч хэрэглэж, бие махбодид нь “гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Б.Буян-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Буян-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь гэмт этгээд олон нийтийг үл хүндэтгэн өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүйгээр эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан маргаан өдөх, агсам тавих зэрэг сэдэлтээр илрэн гардаг онцлогтой.

Түүнчлэн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал Б.Буян-Эрдэнэ нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр, юм ярилгүйгээр Д.Эрдэнэбатын уруул руу цохиж, газар унасны дараа цээж рүү нь өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн айлын хашааны амыг тайлах гэсэн шүүгдэгчийн үйлдлийг хориглосон Л.Түвшинбаярыг үл ялих зүйлээр шалтаглан  үсдэх, багалзуурдах, өшиглөх зэрэг олон нийтийн өмнө бусдад хүч хэрэглэсэн үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрахдаа догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Буян-Эрдэнэ болон хохирогч Д.Эрдэнэбат нар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж зодолдсон эсхүл гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдал хэргийн материалаар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан “Т.Сансарбаярыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Д.Эрдэнэбатыг зодсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх, Л.Түвшинбаярыг зодсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР