Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 307

 

А.Назымын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/474 дүгээр магадлалтай, А.Назымын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Х.Дүйсенбек болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Назым шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд зарласан төрийн албаны шалгалтанд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оролцож, хамгийн өндөр оноо буюу 77 оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар дүгнэлтээр уг албан тушаалд томилуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлтэй уулзахад 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилно гэсэн юм. Ингээд 3 дугаар сарын 01-ний өдөр очиж уулзахад намайг ажилд авахгүй, хуучин ажиллаж байгаа ажилтнаа үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргатай очиж уулзахад шүүхэд ханд гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.8-д заасныг зөрчиж миний эрх ашгийг хохироож байх тул намайг Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар томилсон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байранд нэгдүгээр байранд орсон иргэнийг томилох болно. Гэвч цаг хугацааны хувьд болон ажлын дотоод зохион байгуулалтын тухайд тодорхой хугацаа шаардлагатай байгаа учир томилгоо хойшлогдсон юм гэжээ.

Гуравдэгч этгээд Х.Дүйсенбек шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэж байгаа, үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа албан тушаалтан тул А.Назымыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд өндөр оноо авсан гэдэг үндэслэлээр миний ажлын байранд ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

Миний бие Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд “...төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө...” гэж заажээ. Миний эрхэлж байгаа албан тушаал буюу Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд сул орон тоо гараагүй бөгөөд миний бие тухайн албан тушаалд ажиллах хуулийн шаардлага хангасан, ажлаас чөлөөлөгдөх болон халагдах зөрчил гараагүй тул миний ажлын байранд А.Назым ажиллах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд асуудлыг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Назымын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож А.Назымыг Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 474 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Х.Дүйсенбек болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Назымын нэхэмжпэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 474 дүгээр магадлалыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг миний бие шүүх нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн магадлалыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч миний бие гардаж авсан бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 2016 оны 08 сарын 08-ны өдрөөр дуусч байгаа тул хугацаандаа гомдлыг гаргасан болно.

Үүнд:

1. Нэхэмжлэгч А.Назым нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохоор очиж уулзсан” гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар нотлогддоггүй.

Тухайн албан тушаалд орох хүсэл сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байхад шат шатны шүүх хариуцагчийг “эс үйлдэхүй” гаргаж, хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө хүсэл сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, манай аав очиж уулзсан гэж тайлбарладаг. Хэдийгээр төрийн албаны шалгалтанд орж, тэнцсэн ч тухайн албан тушаалд орж ажиллах иргэний өөрийн хүсэл зоригийн илэрхийллээс шалтгаална.

Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар “хэнийг ч  албадан хөдөлмөрлүүлж” болохгүй. Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүх өөрөө бүрдүүлдэг онцлогтой. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн А.Назым нь тухайн албан тушаалын ажилд орохоор хүсэл сонирхлоо илэрхийлсэн эсэхийг хариуцагчаас ч тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

2. Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 -д заасныг зөрчиж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх “захиргааны эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой хугацааны асуудлыг Төрийн албаны тухай хуулинд нарийвчлан зохицуулаагүй тул хугацаа тоолох үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч А.Назым нь “ажилд орохоор хүсэл сонирхлоо илэрхийлсэн” гэж тайлбарладаг боловч тэр нь нотлох баримтаар нотлогддоггүй. Захиргааны хэргийн шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан, мөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3. Шүүх нь гуравдагч этгээд Х.Дүйсенбекийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны   удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байх тул “зөвхөн Баян-Өлгий аймагт л ажиллах эрхтэй” гэж дүгнэжээ.

Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журамд” зааснаар уг сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Монгол Улсын иргэн нь удирдах болон гүйцэтгэх аль ч албан тушаалд орж ажиллах эрхтэй болохыг журамласан байгаа. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль болон Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зав тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч А.Назым нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ховд сум хариуцсан Нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөхөх төрийн албаны шалгалтанд хамгийн өндөр оноо авсан, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор түүнийг уг албан тушаалд томилуулахаар дүгнэлт гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлд хүргүүлсэн, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэл нь А.Назымыг уг албан тушаалд томилоогүй, нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан “... иргэн /А.Назым/-ийг томилох болно, ... тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул томилгоо хойшлогдсон” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “... төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.6-д “мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж тус тус заасан байхад мэргэшлийн шалгалтанд хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг зохих албан тушаалд нь томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй, хууль бус, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар “...шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай ... шийдвэр гаргаж баталгаажуулах”-ыг эрх бүхий албан тушаалтан болох Г.Нямдэмбэрэлд үүрэг болгосон, уг үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг шүүх тогтоосон, хариуцагч хуулиар тогтоосон үүргээ биелүүлэхэд “шалгарсан иргэн” хүсэлт гаргасан байхыг дээрх хуулийн заалтаар шаардаагүй байх тул гуравдагч этгээдийн “... А.Назым нь ... 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохоор ... /хүсэлт гаргасан нь/ нотлох баримтаар нотлогддоггүй, ... өөрөө хүсэл сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй ... байхад ... тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлтэй уулзахад 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилно гэсэн” гэх үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдсан, хариуцагч уг үйл баримттай маргаагүй, “... цаг хугацааны хувьд ... томилгоо хойшлогдсон” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн зэргээс, давж заалдах шатны шүүхийн “...хөөн хэлэлцэх хугацааг 03 дугаар сарын 02-ны өдрөөс тооцно” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Х.Дүйсенбекийн “...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны   удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн” үйл баримт нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөхөх төрийн албаны шалгалтанд хамгийн өндөр оноо авсан А.Назым-г уг албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамааралгүй тул энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд,  гуравдагч этгээд Х.Дүйсенбек, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/474 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА