Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 769

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,  

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч Э.У, Ө.А тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Б, С овогт Э.У, Т овогт Ө.А нарт холбогдох эрүүгийн 1805057121107 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр аймгийн Баян- суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “хххх” авто засварын газарт засварчин ажилтай, хххххх дүүргийн хх дүгээр хороо, хххх хх гудамж, х тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.Б /РД: 00000000/.

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххх тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Э.У /РД: 00000000/.

3. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр ххххххххх суманд төрсөн, хх настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол хх тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ххххххх овогт Ө.А /РД: 000000000 /.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор” караокены гадна хохирогч Б.М-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун их араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М- мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 00 цагийн үед “Шонхор” караокегоор үйлчлүүлсэн. 02 цагийн үед гараад харин гээд такси барих гээд зогсч байхад караокед зодоон болсон. Би яваад ортол найз Билгүүнбилэгийг газарт унгаачихсан зодож байхаар нь би очоод сугадаад түрүүлээд караокеноос гаргачихаад араас нь гартал найз Б, А 2 зугтаагаад явсан. Тэгээд гараад байж байхад Б-г зодсон гэх хүмүүс гарч ирээд намайг барьж аваад найзыгаа олж ир гээд дарамтлахаар нь би хүн андуураад байна гэж хэлсэн чинь 2 эмэгтэй нь намайг хоёр талаас барьчихаад нэг эрэгтэй нь шууд нүүрлүү зөндөө цохисон. Мөн хамт байсан 2 эмэгтэйн гараараа миний нүүр лүү цохисон. Миний биед эрүүний ооч хугарсан. Доод шүднүүд хугарсан, булгарсан. Одоо цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний хувьд эдгээр хүмүүст гомдолтой байна. Эмчилгээний зардалд 13.735.460 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13222 дугаартай:

“...Б.М-ийн биед эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун их араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх45-р хуудас/,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн:  

“...Хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хохирогч М.Энхтунгалаг-ын мөрнөөс зүүн гараараа барьж урагш татахад хохирогчийн зүүн талд зогсож байсан эмэгтэй баруун гараараа хохирогчийн нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, хар хувцастай эрэгтэй хүн баруун гар талаас нь татаж баруун гараараа нүүр хацар хэсэгт 3 удаа цохиж байх үед цагаан цайвар өнгийн цамцтай эмэгтэй, шаргал өнгийн куртиктэй эмэгтэйн хамтаар хохирогчийн нүүр бие хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хар бараан өнгийн хувцастай залуу татаж чирч гурвуулаа нийлж зодсоор “Шонхор” караокены баруун талын булангаар тойрч бичлэг 03 цаг 58 минут 19 секундэд дуусав...” гэсэн тэмдэглэл /хх85-р хуудас/,

3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би гадаа гараад байж байтал Б-г зодсон гэх залуучууд гарч ирээд намайг барьж аваад “найзыгаа олж ир гэж хэлээд ална шүү” гээд дарамтлахаар нь би “хүн андуураад байна” гэсэн чинь тэгээд байж байснаа 2 эмэгтэй намайг хоёр талаас барьчхаад 1 эрэгтэй нь шууд нүүр лүү гараараа зөндөө цохиод тэр цуг байсан хоёр эмэгтэй нь бас миний нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгээд нэлээн зодуулаад, тэгсэн миний утас уначихлаа гэж хэлсэн чинь намайг тавихаар нь би шууд зугтаасан...” гэсэн мэдүүлэг / хх22-24-р хуудас/, болон түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх26-р хуудас/,   

4. Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Уянгын хажууд тамхи татаж байсан үл таних эмэгтэйг намайг зодсон үл таних эрэгтэйн найз нь байна гэж барьсан чинь найз У-ын найз гэх үл таних эрэгтэй, найз У-ын барьж авсан үл таних эрэгтэйн нүүр хэсэгт 2-3 удаа хүчтэй гараараа савж цохисон. Тэгээд найз У, А нар болон үл таних эрэгтэйн нуруу болон хөл хэсэг рүү гараараа болон хөлөөрөө өшиглөж байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх35-р хуудас/,

5. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 57-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, шүүгдэгч Ө.А-ын жирэмсний хяналтад орсон талаарх Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр,  

6. Хохирогч Б.М-ын гэмт хэргийн улмаас “Эрүү ясны төмөр ялтас авч эрүүний ясны хэлбэр засах мэс засал, мэс заслын өмнөх шинжилгээ, эмнэлэгт хэвтэх төлбөр зэрэг “Төгс ялгуун” эмнэлгийн мэс заслын төлөвлөгөө, эмчилгээ хийлгэсэн 100.000 төгрөгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б, Э.У, Ө.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь хохирогч Б.М-ын биед халдан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.У, Ө.А нарын өмгөөлөгч дүгнэлтдээ “Гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор" караокены гадна хохирогч Б.М-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун их араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх45-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх85-р хуудас/,

-Хохирогч Б.М-ын мэдүүлэг / хх22-24-р хуудас/, гэрч Д.Д-ийн мэдүүлэг /хх35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас 1.050.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна.

Харин шүүх хуралдаанд хохирогч Б.М- нь эмчилгээний зайлшгүй зардалд 13.735.460 төгрөгийг нэмж нэхэмжилсэн ба, үүнээс баримтаар нотлогдож байгаа 332.960 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогчид олгохоор, хохирогч Б.М-ын цаашид гарах эмчилгээний зардал 12.685.460 төгрөг гэж нэхэмжилснийг энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй, баримтгүй тул нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэлийг оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.У, Ө.А нарын өмгөөлөгч дүгнэлтдээ “А нь 7 сартай жирэмсэн, түрээсийн байранд амьдардаг, мөн У нь 1 сартай жирэмсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү, мөн хуулийн 7.6 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч Э.У-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Б, Э.У нарын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэв.     

Харин шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж заасан.

Шүүгдэгч Ө.А нь 7 сартай жирэмсэн болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Шүүгдэгч Ө.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.У нь жирэмсэн гэх боловч энэ талаар холбогдох эмнэлгийн байгууллагын баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 1805057121107 хэрэгт хавсаргасан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Б.Б, С овогт Э.У, Т овогт Ө. А нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар

-шүүгдэгч Б.Б-г 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял;

шүүгдэгч Э.У-г 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ө.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.У нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

6. Шүүгдэгч Ө.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд анхааруулсугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргасан ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар  хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 110.986 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д нийт 332.960 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун жар) төгрөгийг олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М-ын нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 12.685.460 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ