Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч:Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шинжээч: Э.Хүрэлсүх,

Шүүгдэгч: А.О, түүний өмгөөлөгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мангуд овогтой А.О-д холбогдох 1926000000263 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мангуд овогтой А.О

Яллагдагч А.О нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хангамж худалдааны төвд иргэн Я.А-ийг зодож тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдэд няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би А-н эгчийг өөрийн лангуун дээрээ түр хугацаагаар суулгасан байсан. Өөрөө ажиллуулахаар болоод миний лангууг чөлөөлж өгнө үү? гэсэн хүсэлтийг сар гаруй хоногийг өмнөөс тавьж эрхэлсэн.Аэгч 15 хоног ажилчихаад гарна гэж сунгаад сар гаруй хугацаа өнгөрсөн. Би түрээсийн мөнгө авдаг хүн дээрээ ороод хэлсэн чинь А эгч орж ирсэн. Бид хоёр тэнд маргалдсан. Байцаагч хүний юмыг гаргаад өгчих гэж хэлсэн. А эгч уурлаад гараад явсан. Би араас нь очоод дуудсан чинь эргэж хараад намайг алгадсан. Би та яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм бэ гээд өмнөөс нь түлхсэн. Ажил дээрээ байж байсан чинь цагдаа дуудсан байсан. Би биеэ хамгаалсан. А эгч аймаар доголсон явж байсан. Би хараад арай ч хүнийг ингэж зодоогүй гээд инээд хүрч байсан. Би эхлээд шүүх эмнэлгийн эмч дээр очсон.Аэгч намайг 3 удаа алгадаад маажсан. Би энэ дээр гомдол гаргасан гэж бодож байгаа. Шүүх эмнэлгийн эмч А эгчийг баашилсанд нь тийм дүгнэлт гаргасан байх. Би шүүх эмнэлэг болон шүүх үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодоод тэр үедээ тоогоогүй гэв. 

             Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... А-ийн биед учирсан тархи доргилт болон уруулын дотор талд үүссэн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. А.О-ийн биед үзлэг хийхдээ биеийн бодит үзлэг хийж гэмтлийн зэргийг тогтоосон. Мөн тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар баталгаажуулж авч үлдсэн байгаа. О-ийн биед үзлэг хийхэд зүүн чихний дунд урд хэсэгт 1.3х0.3 см, зүүн шанааны үсэн дотор 0.5х0.3 см хүрэн улаан өнгийн зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт 0.4х0.1 см улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэл байгаагүй. А нь зөөлөн эдийн няцралт гэмтлийг дээд уруулын дотор хэсэгт авсан. А-ийн биед дээд уруулын гадна дээд хэсэгт буюу зүүн талд нь О-ийнх уруулынхаа дотор хэсэгт зөөлөн эдийн язралт үүссэн байгаа. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Аль, аль нь мохоо хүчин зүйлээс үүснэ. Мохоо хүчин зүйл гэдэгт гар орно. Зулгаралт, шарх 2 хоорондоо өөр ойлголт мөн няцрал зулгаралт 2 хоорондоо бас өөр ойлголт. О-ийн зүүн чихний урд хэсэгт урагдсан. Зүүн шанаа хэсэгт зулгаралт дээд уруулын гадна хэсэгт зулгаралт шарх үүссэн. Эдгээр нь нийлээд гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн. А.О нь надад үзүүлэхдээ толгой өвдөж байна. Өөр ямар нэгэн зовуур шаналал байхгүй гэж хэлсэн. Аийн хувьд бодит үзлэгээр болон Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн рентгений зургийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Зулгаралтын хувьд энэ сорив арилна гэв.

Хохирогч Я.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Хангамж” худалдааны төвийн 1 давхарт 98 лангуун дээр байж байхад О гэх эмэгтэй ирээд лангуу суллаж өг гэсэн. Тэгэхээр нь Хангамж худалдааны төвийн менежер З-д хэл гэсэн. О гарч яваад удалгүй буцаж орж ирээд З таныг өнөөдөр гар гэж байна гэсэн. Тэгэхээр нь би З дээр ороод намайг өнөөдөр лангуугаа суллаж өг гэсэн юм уу гэсэн чинь З би тэгэж хэлээгүй гээд О рүү утсаар залгаад А-ийг өнөөдөр лангуугаа суллаж өг гэж чамд хэлээгүй гэж хэлсэн. Удалгүй О З-гийн өрөөнд орж ирсэн. Тэгээд О миний нүүрлүү 2 удаа нулимаад цээжрүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд О бид хоёр маргаж байгаад би гараад явж байсан чинь араас луйварчин авгай минь гээд дуудахаар нь эргээд харсан чинь О миний нүүрлүү гараараа 4-5 удаа цохьсон. Тэгээд бас цүнхээрээ нэг удаа цохьсон. Тэгээд Э гарч ирээд яагаад хэрүүл зодоон хийгээд байгаа юм гээд салгасан. Тэр үед би уур хүрээд О-ийг нэг удаа алгадсан. Тэгээд би цагдаа дуудсан.  Э байсан. О намайг цохиж байгааг коридорт зогсож байсан нэг танихгүй эмэгтэй харсан. Э сүүлд орж ирсэн.  Би гомдолтой байна. О-д зодуулснаас болж ажилдаа 7 хоног очиж чадаагүй. Миний тархи хөдлөөд 5 удаа толгойгоо бариулаад 45000 төгрөг гарсан. Бусад гарсан зардлаа сайн санахгүй байна. /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч З.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.... 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим намайг ажил дээрээ байж байхад О эгч ажил дээр ирээд миний лангуу дээр сууж байгаа А эгчийг лангуунаас гаргаад өг гэсэн. Би О эгчид та хоёр өөрсдөө хоорондоо тохироод сууж байгаа болохоор надад хамаагүй. Өөрсдөө учраа ол гээд явуулсан. Удалгүй А эгч өрөөнд орж ирээд чи яахаараа намайг хөөдөг юм. Би Б захиралд хэлсэн байгаа гэхээр нь би тэгэж хэлээгүй О эгчийг дуудаж асууя гэсэн. Тэгээд О эгчийг орж ирэхээр нь би танд А эгчийг гаргана гэж хэлээгүй шүү дээ. Та хоёр наад асуудлаа өөрсдөө учраа ол гэсэн. Тэгсэн чинь О эгч А та хоёр нийлээд байна гээд луйварчин авгай гээд А эгчийг мөр хэсэгт нь 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би өрөөнд битгий хэрэлдээд бай гээд өрөөнөөс гаргасан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Коридорт хэрэлдээд байх шиг байсан. Түрээсийн лангуунаас болоод хэрэлдэж маргасан. О А хоёр манай өрөөнд байж байхад О эгч А эгчийн баруун мөр хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Манай өрөөнд байхад А эгч О-ийг цохьсон зүйл байхгүй. Харин коридорт хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч З.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим хүүхдээ сургууль дээр хүргэж өгчихөөд Хангамж худалдааны төвийн 4 дүгээр давхарт байх ажил дээрээ очих үед манай өрөөний хажууд А, О нар хэрэлдээд зогсож байсан. Тэгээд О нь Аийн нүүрэн хэсэгт нь алгадсан. Харин А Оийн хацарнаас базаад авсан. Би тэр хоёрын дундуур ороод хэрэлдэхээ боль гээд салгасан. А буугаад яваад өгсөн О манай өрөөнд үлдсэн. О нь 2014 онд манай Хангамж худалдааны төвийн А98 дугаар павилоныг гэрээ байгуулж түрээслэж байсан. О 2016 оноос өөрийнхөө оронд А-ийг лангуун дээрээ суулгаж байгаад 2019 оны 10 дугаар сард О би лангуун дээр сууна. Лангуу чөлөөлж өг гээд өгөхгүй байснаас болж хэрүүл болсон. Миний харснаар О нь Аийн нүүрэн тус газар гараа 2 удаа алгадсан. Өмнө нь цохьсон талаар мэдэхгүй байна. А-ийн нүүрний зүүн хэсэг нь улайсан байсан. А О-ийн зүүн хацарнаас нь гараараа базаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. О-ийн зүүн хацар дээр самардуулсан мөр байсан.  /хх-ийн 17-18 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Ганбатын шинжээч томилох тогтоолоор А.О, Я. А нарын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн. Үзлэгээр үзүүлэгч Я.А-ийн биед зүүн хацрын төвгөр хэсэгт хаван хавдар /зөөлөн эдийн няцрал/, зүүн шанаанд 2.8x0.1см улаан хүрэн өнгийн зулгаралт, дээд уруулын зүүн хэсэг хаван хавдартай байх ба уруулын дотор талд хөхөлбөр хүрэн өнгийн 3.2x1 см зөөлөн эдийн няцралттай байсан. Дээрх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн Я.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь мөн адил дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтийг биеийн бодит үзлэг болон 2019.10.22-ны өдрийн ӨВ БОЭТ-н толгойн рентген шинжилгээний хариуг үндэслэж гаргасан. Үзүүлэгч А.О-ийн биед зүүн чихний дунд урд хэсэгт 1,3х0,3см, зүүн шанаанд 0.5х0.3см, дээд уруулын зүүн хэсэгт 0.4х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтийг биеийн бодит үзлэгийг үндэслэж гаргасан. №518 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсэгт  “тархи доргилт гэж бичсэн нь copy past хийж бичвэрийн алдаа гаргасан байсан. Үзүүлэгч А.О-ийн биед тархи доргилт гэмтлийн шинж тогтоогдоогүй.  /хх-ийн 30-31 хуудас/,

Яллагдагч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2014 онд Хангамж худалдааны төвийн Б захиралтай гэрээ байгуулж Хангамж худалдааны төвийн А98 дугаар павилоныг өөрийн эзэмшилд авсан. 2016 оны 03 дугаар сард А гэх хүнтэй аман гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн А98 дугаар павилоныг түр хэрэглүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би А эгч дээр очоод бараандаа явж ирээд лангуугаа авна шүү гэсэн чинь А эгч лангууг чөлөөлж өгч чадахгүй чи надад хугацаагаа тулгаж хэллээ гэсэн. Дараа нь А манай ажил дээр ирээд би лангууг чинь нэг сарын дараа суллаж өгье гээд явсан. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А дээр очоод би маргааш бараандаа явлаа лангуу чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирээд А эгчид бараа ирж байгаа лангуу суллаж өг гэхэд А эгч би Б захиралд хэлсэн би гарах болоогүй гээд лангуу суллаж өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний бараа ирээд, А эгч дээр очоод миний бараа ирсэн лангуу чөлөөлж өг гэсэн чинь Б байж бай гэсэн гээд байсан. Би Б захирал руу залгахад би наад хүнийг чинь танихгүй Заяатай уулз гэсэн. Тэгтэл А эгч би банк орлоо гээд явсан. Намайг 12 цагийн орчим Хангамж төвөөс гараад явж байхад З надруу залгаад А эгч ороод ирсэн байна гэхээр нь за би яваад оръе гэсэн. Би Хангамж төвийн 4 давхарт байх оффисын өрөөнд орсон. Намайг ороход Заяа А эгч, Хангамжид ажилдаг Ичко гэх эмэгтэй байсан. А лангуу чөлөөлж өгөхгүй байна гээд бид хоёр хэрэлдэж байгаад А эгч өрөөнөөс гараад явахаар нь би коридорт араас нь татсан чинь А эгч эргэж хараад намайг нэг удаа алгадсан. Би А эгчийн нүүрлүү нэг удаа гараа цохьсон. Тэр үед Э шатаар өгсөж гарч ирээд та нарын хэрэлддэг газар биш боль гэсэн. А эгч доошоо шатаар буугаад би Э-ны өрөөнд орсон. Намайг ажил дээр ирсэн хойно Цагдаагийн газраас цагдаа дээр ирсэн. Бид хоёр өмнө хэрэлдэж маргаж байсан удаа байхгүй. Хангамж худалдааны төвийн 4 давхарын коридорт А эгч миний зүүн хацарлуу 2 удаа алгадсан. Өөр цохьсон зүйл байхгүй. Миний зүүн чихний урд шалбарсан. Уруулан дээр хэсэгт самардсан. Нүүрний зүүн хэсэг хавдсан. Дараа нь 3 хоног толгой өвдөж эм уусан. Би баруун гараараа А эгчийн нүүрэн хэсэгт нэг удаа алгадсан.  /хх-ийн 39-40, 41-42 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №515 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Я.Аийн биед дархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  /хх-ийн 22 хуудас/,

Шүүгдэгч А.О-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44, 45, 65-66  хуудас/,

Шүүгдэгч А.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуудас/ зэрэг болно,

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.О нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хангамж худалдааны төвд иргэн Я.Аийг зодож тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдэд няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч А.О нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хангамж худалдааны төвд иргэн Я.Аийг зодож тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдэд няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.Аийн О Заяагийн өрөөнд орж ирсэн. Тэгээд О миний нүүрлүү 2 удаа нулимаад цээжрүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд О бид хоёр маргаж байгаад би гараад явж байсан чинь араас луйварчин авгай минь гээд дуудахаар нь эргээд харсан чинь О миний нүүрлүү гараараа 4-5 удаа цохьсон. Тэгээд бас цүнхээрээ нэг удаа цохьсон, гэрч З.Энхзаяагийн  О эгчийг орж ирэхээр нь би танд А эгчийг гаргана гэж хэлээгүй шүү дээ. Та хоёр наад асуудлаа өөрсдөө учраа ол гэсэн. Тэгсэн чинь О эгч А та хоёр нийлээд байна гээд луйварчин авгай гээд А эгчийн мөр хэсэгт нь 2 удаа цохьсон. О эгч А эгчийн баруун мөр хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Манай өрөөнд байхад А эгч Оийг цохьсон зүйл байхгүй, гэрч З.Э-ы Хангамж худалдааны төвийн 4 дүгээр давхарт байх ажил дээрээ очих үед манай өрөөний хажууд А, О нар хэрэлдээд зогсож байсан. Тэгээд О нь Аийн нүүрэн хэсэгт нь алгадсан. Харин А Оийн хацарнаас базаад авсан. Миний харснаар О нь Аийн нүүрэн тус газар гараа 2 удаа алгадсан. Өмнө нь цохьсон талаар мэдэхгүй байна. Аийн нүүрний зүүн хэсэг нь улайсан байсан. Оийн зүүн хацар дээр самардуулсан мөр байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч А.Оийн үйлдлийн улмаас хохирогч Я.Аийн биед гэмтэл учирсан, хохирогч Я.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №515 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, шүүгдэгч А.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч А.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.           

Шүүгдэгч А.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.О-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч А.О нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг,                                     

Хохирогч Я.А нь эмчилгээний зардалд 45000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх хохирлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.А-ийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 45000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,        

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мангуд овогтой А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч  А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч А.О нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.А-ийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 45000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Я.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.