Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

     2020           8            10                                      2020/ШЦТ/731

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр цагаан овогт Д-гийн Бт холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

дугаарын регистртэй, Үхэр цагаан овогт Д-гийн Б.

 

  Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сиркл кей дэлгүүрийн зохион байгуулагчийн ажлын өрөөнөөс Б.П-ий Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019  оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Хаан банктай эцсийн буудалд байрлах “Мандуул” нэртэй үсчин дотроос иргэн Г.У-ийн цүнхтэй эд зүйл, гоо сайхны бараа, цаг зэрэг 98,160 төгрөгийн үнэ бүхий зүйл болон бэлнээр 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 448,160 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн 1 давхарт байрлах Хүүхдийн лангуун дээрээс иргэн Б.Ч-ы эзэмшлийн Делл Ай-5 загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бын өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сиркл кей хоолны газрын ажилчдын өрөөнөөс айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авсан.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хүнсний нэгийн эсрэг талд буузны кафегаас 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр самсунг эс 9 гар утас, мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастын эцсийн орчимд байрлах үсчингээс 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гар цүнх хулгайлсан, дотор нь бэлэн 310,000 төгрөг, мөнгөн гинж байсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Билэг их дэлгүүрийн лангуун дээрээс 2019 оны 12 дугаар сарын сүүлээр нөүтбүүк хулгай хийж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.П-ий өгсөн:

            “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд ээлж солилцох гээд хувцсаа солих гээд өрөөндөө орсон байсан. Тэр хойгуур манай ажлын өрөөнөөс миний айфоне 7 маркийн гар утас алдагдсан. 6, 7 сарын өмнө гар даараас 470,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 9-10/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.У-ийн өгсөн:

            “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Хаан банктай автобусны буудлын хажууд байх “Мандуул” нэртэй миний үсчингийн байранд улаан куртиктэй, бор царайтай, цагаан пүүзтэй, уртавтар үстэй залуу орж ирээд үсээ засуулах гээд толинд өөрийгөө хараад байсан. Тэгээд удалгүй гараад явсан тэгсэн миний цүнх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 75/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ч-ы өгсөн:

            “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажил болох БГД-н 5-р хороо Блэг их дэлгүүрийн Б-1 давхрын хүүхдийн лангуунд 13 цагийн орчимд лангуун дээрээ байж байгаад цаана байрлах триконы лангуунд очиж мөнгө бутлуулаад лангуун дээрээ буцаж ирэхэд ажлын зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 158-159/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 15-16, 82-83, 167-169/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 69-73/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 52/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 87/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сиркл кей дэлгүүрийн зохион байгуулагчийн ажлын өрөөнөөс Б.П-ий Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019  оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Хаан банктай эцсийн буудалд байрлах “Мандуул” нэртэй үсчин дотроос иргэн Г.У-ийн цүнхтэй эд зүйл, гоо сайхны бараа, цаг зэрэг 98,160 төгрөгийн үнэ бүхий зүйл болон бэлнээр 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 448,160 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн 1 давхарт байрлах Хүүхдийн лангуун дээрээс иргэн Б.Ч-ы эзэмшлийн Делл Ай-5 загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сиркл кей хоолны газрын ажилчдын өрөөнөөс айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авсан.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хүнсний нэгийн эсрэг талд буузны кафенаас 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр самсунг эс 9 гар утас, мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастын эцсийн орчимд байрлах үсчингээс 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гар цүнх хулгайлсан, дотор нь бэлэн 310,000 төгрөг, мөнгөн гинж байсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Билэг их дэлгүүрийн лангуун дээрээс 2019 оны 12 дугаар сарын сүүлээр нөүтбүүк хулгай хийж авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.П-ий “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд ... айфоне 7 маркийн гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Г.У-ийн “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд ... миний цүнх байхгүй байсан...” гэх мэдүүлэг, 

 

            хохирогч Б.Ч-ы “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... ажлын зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтууд болон эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 15-16, 82-83, 167-169/-аар тогтоогдсоноор шүүгдэгчээс нийт 1,308,160 төгрөг гаргуулж, хохирогч Б.П-эд 460,000 төгрөгийг, хохирогч Г.У-т 448,160 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 400,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 198 хоногийг түүний эдлэх яляд оруулан тоолсугай.

 

Хэрэгт эд мөргийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди, Sandisk гэсэн бичигтэй хар улаан өнгийн флаш 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдав.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Үхэр цагаан овогт Д-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 198 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөргийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди, Sandisk гэсэн бичигтэй хар улаан өнгийн флаш 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 1,308,160 төгрөг гаргуулж,

Хохирогч Б.П-эд 460,000 төгрөгийг,

Хохирогч Г.У-т 448,160 төгрөгийг,

Хохирогч Б.Ч-д 400,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ