Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

 

   2020            8             12                                     2020/ШЦТ/738                              

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч/хохирогч Л.Э, түүний өмгөөлөгч Э.Одгэрэл,

шүүгдэгч/хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

хэлмэрч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овогт Д-гийн М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л-ийн Э нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн ___ дугаарын регистртэй, Боржигон овогт Л-ийн Э.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ____ дугаарын регистртэй, Мөнх овогт Д-гийн М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Л.Эын нүүрэнд толгойгоороо мөргөж биед нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Д.Мгийн 54-68 УБХ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

“...Тухайн үед хүн машин гаргая гэж байна гэх дуудлагын дагуу гарч ирсэн. Хүний муу үзье гэсэн зорилго байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:

   “...Миний нүдийг гэмтээсэн маш их гомдолтой байгаа. Хорооны цагдаа дуудсан. Гэтэл цагдаа ирээгүй. Би эмнэлгээр явсан. Маш их зардал гарсан. 12 сард сургууль дээр байж байхад ирээд гайгүй юу нүдний гэмтэл нь хэдэн төгрөг болох вэ гэж хэлсэн. Тэр болтол уулзахгүй тоохгүй яваад байсан. Нэг удаа ч болов надаас уучлалт гуйгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ:

“...Тухайн үед машин руу цохисон. Намайг боогоод хашаа руу шахаад толгой руу цохисон. Машины гупрын булан руу өшиглөсөн байсан. Тухайн үед би мэдээгүй. Эцэг эхийн эргүүлийн хүмүүс надад хэлсэн. Дараа нь машинаа харахад гупрын булан халцарсан байсан

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ:

“...Би нүдэндээ гэмтэл авсан одоо ч гэсэн өвчтэй байгаа. Хагалгаа хийлгэсэн...” гэв. 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мгийн өгсөн:

“...тухайн өдөр 22-р сургуулиас хүүхэд аваад гарч ирэхэд Э машин таглаж тавилаа гээд миний өөдөөс муухай хашгираад, намайг түлхээд заамдаж аваад хоолой боосон. Тэгэхээр нь би буцаагаад Эын зүүн нүд рүү мөргөсөн юм. Би Этай уулзаж учир зүйгээ олох гэж оролдсон, бас гэмтэл учруулсандаа уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Эын өгсөн:

“...Би өмнө гэрчийн мэдүүлэг дээр маш тодорхой ярьсан. Одоо дахиад өөрийнхөө зодуулсан талаар ярьмааргүй байна. Би 54-68 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй. Намайг цохиж зодчихоод л машинаа унаад зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 223-224/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Эын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагийн орчим Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 22-р сургуулийн гадаа машинаа тавиад сургууль руу орсон. Өөрийн эзэмшлийн 99-09 УБР улсын дугаартай приус-20 маркийн цагаан өнгийн машинд суугаад 54-68 УБХ улсын дугаартай жолооч руу залгахад одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь дахиад охиноороо нөгөө утас руу залгуулж яриулсан чинь миний машиныг аваад яв гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөгөө дугаар луу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Би их яараад байсан болохоор олон удаа нөгөө машины жолоочийн дугаар луу залгасан. Тэгээд их удаж байж ирэхээр нь би орилоод /ярьж чадахгүй учир/ үйлдлээр өөрийнхөө цаг руу заагаад нөгөө хүн рүү гараараа чичилсэн энэ нь /яасан удаж ирдэг юм/ гэж хэлж байгаа юм. Тэр залуу намайг шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн зүүн мөр лүү нь түлхсэн чинь нөгөө залуу цамцаа тайлаад бид 2 заамдалцаад зогсож байгаад арай цохьчихгүй байх гэж бодтол шууд баруун нүд, хацар орчим руу мөргөсөн. Тэр залуу мөргөнгүүт миний нүд орчим маш их өвдөлт мэдрэгдсэн. Тэр залуу дараа нь намайг уучлаарай гэж хэлэхээр нь би явуулахгүй байсан чинь машиндаа суугаад зугатаасан. Би араас нь очиж машиных нь бариулаас татсан боловч зогсохгүй шууд яваад өгсөн. Би тэгээд гэртээ ороод хэсэг байж байгаад нүүрээ угаагаад нусаа нийх гэтэл миний баруун нүд бүлтрээд гараад ирсэн.

Би маш их гомдолтой байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох гэж байгаа. Мэргэжлийн эмчид үзүүлэхэд нүдний хараанд муугаар нөлөөлнө бас баруун нүдний ухархайны яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мгийн өгсөн:

“...Би 2019 оны 10-р сарын 11-ний өдөр 13 цагийн үед БГД-н 17-р хороо 22-р сургуулийн хойно байрлах явган хүний зам дээр өөрийн 5468 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад дүүгийн хүүхэд болох Анхилууныг авах гээд орсон. Сургууль руу ороод 5 минут болж байхад машинаа холдуул гээд залгаад байна гэхээр нь Анхилууныг хувцаслаад 10 минут болоод аваад гараад ирэхэд нэг залуу юу ч хэлэлгүй ирээд миний цээжин хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би гайхаад гарнаас нь барьцалдаад авсан. Үүний дараа миний хувцасны энгэрээс миний хоолойг боосон. Тэгээд би боолтонд ороод ухаан алдах гээд ирэхээр нь толгойгоороо зүүн талын хацар хэсэг рүү мөргөхөд намайг боож байсан гараа тавьсан. Миний хувцаснаас зууралдаад чирээд, татаад байсан. Хажуу талд байсан торон хашаа руу намайг түлхээд байсан. Би болиулах гээд түлхэхэд машин руу хувцаснаас татаад түлхээд байсан. Би арай гэж өөрийнхөө хувцаснаас хүмүүсийн тусламжтай салгаад машиндаа суугаад зугатаасан. Тухайн үл таних залуу нь намайг машиндаа суухад миний машины шил рүү цохиод байсан. Намайг машинтайгаа зугатаахад миний араас чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын шилийг цуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 190-191/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.А-ийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 17-р хороо 22-р сургуулиас 11 цагийн өмнө тарсан. Манай аав Л.Э намайг сургуулиас авсан. Тэгтэл манай машиныг нэг машин таглаад зогсчихсон байсан. Манай аав өөрийнхөө утсаар машин таглаж зогссон машины жолооч руу залгаад аав ярьж чаддаггүй болохоор би тэр жолоочтой нь машин таглаад зогссон байна гарах гэсэн юм гэж ярьсан. Тэгтэл манай машиныг таглаж зогссон машины жолооч ирэхгүй удаад байсан. Тэгээд аав намайг дахин нөгөө жолоочтой яриулсан. Тэгтэл өөдөөс нөгөө жолооч ах миний машиныг аваад яв гээд байсан. Тэгээд дараа нь дахин 16 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд зөндөө удаж ирсэн. Манай аав хэлгүй болохоор уурлахдаа нөгөө жолооч руу аймар муухай орилсон юм. Тэгээд манай аав, машин таглаж тавьсан жолооч ах 2 бие биенийгээ заамдсан. Би айгаад орилоод уйлсан тэгтэл намайг жижүүр эмээ машиндаа сууж бай гэсэн. Тэгээд би машиндаа сууж байтал манай аавыг тэр ах цохих шиг болсон. Аавын гар утас газарт унаад жижүүр эмээ утсыг нь гарт нь бариулсан.

Тэгээд нөгөө ах заза уучлаарай цагдаа дуудна гэж аавд хэлж байгаад өөрийнхөө машинд суугаад зугатаасан. Тэгтэл манай аав машиных нь хаалганых нь бариулаас атгаад автал аавыг тоолгүй хурдтай хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Л-ын өгсөн:

“...2019 оны 10-р сарын 11-нд Оюуны Ундра сургуулийн гадаа сургуулийн цагдаа хийж байхад хүүхдүүдийн хичээл тарж байсан. Би хүүхдүүдийг зам гарч байхад нь болоон хяналт тавьж байхад замын хажууд хоёр цагаан машинтай хүмүүс хурдтай явсан би тухайн үед яг зодолдсон гэдгийг нь хараагүй тухайн үед нөгөө талд байсан бас нэг сургуулийн цагдаа хоорондоо зогсоолоос болж маргаад зодолдоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 170-171/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Д-ын өгсөн:

“...Би тухайн өдөр би сургуулийн цагдаагаар ажиллаж байсан. Тухайн үед үд дунд 12 цагийн үед байсан санагдаж байна. Өглөө орсон сурагчид тараад өдөр орох сурагчид ирээд бужигналдсан байхад би хүүхдүүдтэй зууралдаад завгүй байсан. Тэгтэл миний хажууханд хоёр танихгүй хүн хоорондоо маргалдаад зууралдаад байсан харагдсан. Яг хэн нь хэнийгээ цохисон гэдгийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 173-174/,  

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:

“...Тухайн үед би эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б-гийн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна 22 дугаар сургуулийн урд талд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлага өгсний дагуу очиход дуудлага өгсөн газраа байгаагүй. Хайгаад үзэхэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Хаан суудал гээд суудлын бүрээс хийдэг газрын орчимд машины маркийг нь санахгүй байна 1 залуу зогсож байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна би машиндаа сууж байсан. Миний санаж байгаагаар машин нь хонхойж салхины шил нь цуурсан зүйл байгаагүй санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 227-228/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Д-гийн өгсөн:

“...Манай гэр Баянбүрд автобусны буудлын тэнд байдаг юм эндээс миний машиныг унаж гарах үед тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй. Тэгсэн 12 цагийн үед М над руу залгаад 1 хүнтэй маргаан үүсээд цагдаа ирчихсэн байна гэж утсаар ярьж байсан. Тэгээд би тухайн үед гэртээ ирэхэд нь машинаа хартал баруун, зүүн талын гупер болон их биеийн доогуур хэсэгт хонхойсон мөн дээвэр хэсэг, баруун талын хаалга зэрэг 3, 4 газар хонхойчихсон байсан. Бас урд талын салхины шилний баруун доод хэсэгт цуурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 229-230/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12378 тоот: 

  1.Л.Э-н биед баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 34/,

 

  - Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 202-203/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68, 239/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 70, 238/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Тус шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэж нотлох баримт хангалтгүй үндэслэлээр 709 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг буцааж шийдвэрлэн нэмэлт ажиллагаа хийсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 29 дүгээр талд хохирогч Л.Эын “...тэр залуу намайг шоолж инээгээд байсан тэгэхээр нь би тэр залуугийн зүүн мөр лүү нь түлхсэн чинь нөгөө залуу цамцаа тайлаад бид 2 заамдалцаад зогсож байгаад арай цохьчихгүй байх гэж бодож байтал шууд баруун нүд, хацар орчим руу мөргөсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч Л.Э нь өөрийн үйлдлийн улмаас өөрийнх нь эсрэг хариу үйлдэл ирж болзошгүй гэдгийг ухамсарлаж хохирогчийн эсрэг довтлогооныг эхлүүлэн заамдаж авсан бөгөөд уг тулгарсан довтолгооны эсрэг шүүгдэгч Д.М нь өөрийн халдашгүй байх эрхийг халдлагаас хамгаалан хохирогч Л.Эыг мөргөсөн үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж шүүгдэгч Д.Мг цагаатгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.  

 

Шүүгдэгч Л.Эыг  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Мгийн 5468 УБХ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч эд зүйлийн үнэлгээг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийлгэсэн мөн энэ гэмт хэргийн талаар хохирогч Д.Мгийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдоогүй зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Эын гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Эыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1 Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.М, Л.Э нарыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Д.М, Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ