| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1300/Э |
| Дугаар | 1343 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1343
2020 07 22 2020/ШЦТ/1343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Мөнхбадрал,
улсын яллагч: Н.Гэрэлмаа,
хохирогчийн өмгөөлөгч: О.Одхүү,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Өлзий-Орших,
шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Б.А-д холбогдох эрүүгийн 2006 01397 1538 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, В овогт Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны гадна Оросын холбооны улсын иргэн П.А.И-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт 4-5 удаа цохиж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, чихний арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 09 цаг өнгөрч байхад нөхрөө гэртээ оруулаад би тамхи татаад орцны гадаа зогсож байсан. Тэгсэн хохирогч миний ард зогсож байгаад надаас тамхи асуусан тэгэхээр нь тэр хүн рүү харсан чинь хохирогчийн царай эвгүй харагдсан. Тэгээд би чиний бие зүгээр үү гэсэн чинь над руу гараараа заагаад юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би “чи яагаад намайг нохой гарахаар хөөгөөд байдаг юм бэ?” гэсэн чинь юу ч хэлээгүй. Тэгээд намайг түлэхээд би орц руу орох шатан дээр унасан. Миний өвдөгийн хаван буугаагүй, мөн 2 уруул хавдаад одоо эдгэрэлт нь 2 өөр байгаа. Би хохирогчийг цохиж маажсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хохирогчийг боохоор нь маажсан нь үнэн гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.А.И-ийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3093 дугаар дүгнэлт /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6860 дугаар дүгнэлт /хх-н 34-35/, “Дамно” ХХК-ний тайлан /хх-н 39/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 67-68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В овогт Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны гадна Оросын холбооны улсын иргэн П.А.И-той тааралдаад намайг нохойгоо салхилуулж явж байхад яагаад хөөгөөд байдаг юм гэж асуусанаас болж хоорондоо маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 4-5 удаа маажиж самардсаны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, чихний арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад нөхрөө гэртээ оруулаад би тамхи татаад орцны гадаа зогсож байсан. Тэгсэн хохирогч миний ард зогсож байгаад надаас тамхи асуусан тэгэхээр нь тэр хүн рүү харсан чинь хохирогчийн царай эвгүй харагдсан. Тэгээд би чиний бие зүгээр үү гэсэн чинь над руу гараараа заагаад юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би “чи яагаад намайг нохой гарахаар хөөгөөд байдаг юм бэ?” гэсэн чинь юу ч хэлээгүй. Тэгээд намайг түлэхээд би орц руу орох шатан дээр унасан. Миний өвдөгийн хаван буугаагүй, мөн 2 уруул хавдаад одоо эдгэрэлт нь 2 өөр байгаа. Би хохирогчийг цохиж маажсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хохирогчийг боохоор нь маажсан нь үнэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.А.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг 45 минутын орчим бага зэргийн согтолттой гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны 5 дугаар орцны урд явж байтал урьд миний зүс харж байсан Монгол царайтай, орос хэлээр сайн ярьдаг, 40-45 орчим насны эмэгтэй надаас байна байна уу? гэж асуугаад нохойны талаар асуугаад миний нүүрэн тус газарт 4, 5 удаа маажиж, самардаад цохьсон, энэ үед тэр эмэгтэйн нөхөр нь гэх монгол эрэгтэй ирээд тэр эмэгтэйг аваад орсон... гэсэн мэдүүлэг /хх-н 14-21/,
Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: А-гийн охин нь гэр лүүгээ орьё гээд байсан ба А болохоор нөгөө хүнийг олж уулзана гээд байсан юм. Ингээд удалгүй П.А.И, эхнэрийн хамт орцноос хамт гарч ирсэн. П.А.И, Б.А нар нохойноос болж хоорондоо маргалдсан гэж ярьж байсан. Гэхдээ П.А.И нь А намайг цохьсон гэж хэлсэн. Тэгэхэд би “чи хүн цохьчихсон л юм байна шүү дээ” гэхэд А нь “ би цохиогүй” гээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Насанд хүрээгүй гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..ээжийг харахад өмсөж байсан өмдний өвдөгний хэсэг нь бага зэрэг урагдаж, сэмэрсэн, өмссөн куртикний зүүн гарын ханцуйны дотор хэсгээр оёдлоорооо урагдсан, дотуур нь өмсөж байсан малгайтай цамц нь энгэр хэсгээрээ урагдсан харагдсан. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй бөгөөд ээжийг гэр лүүгээ орье гэж хэлээд дагуулаад орсон... гэсэн мэдүүлэг /хх-н 26/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3093 дугаартай шигжээчийн дүгнэлтээр: П.А.И-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, чихний арьс зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 28-29/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6860 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.А-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...: Би тэр эрэгтэйгээс Орос хэлээр "чи яагаад намайг нохойгоо салхилуулаад гарахлаар хөөгөөд байдаг юм бэ?" гэж асуусан чинь “чи нохойтойгоо ер нь битгий гарч ирж бай” гэж хэлээд намайг босож ирээд намайг түлхэж унагсан, би биеийн баруун хэсэг хажуугаар орц луу орох 3 шатан дээр унасан. Ингээд би босоод уурлаад “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд би тэр залуугийн куртикний шууны хэсгээс барьсан, тэгэхэд тэр залуу болохоор миний куртикны хоёр захнаас зуурч, боосон. Бид хоёр хэсэг зууралдаж байгаад салсан. Тэр залуу ч өөрөө гэр лүү орчихсон. Би гадаа үлдсэн байсан бөгөөд би байрны хариуцсан ажилтан Дэлгэр гэх эмэгтэйгийн утас руу залгаад "5-р орцны хаалгыг онгойлгоод өг" гэж хэлээд би хүлээгээд зогсож байхад 5-р орцон дотороос хүн гарч ирэхээр нь би орц руу ороод хэдэн тоотыг нь мэдэхгүй болохоор А гээд орос нэрээр дуудсан боловч хүн гарч ирээгүй. Ингээд удаагүй байхад нөгөө орос залуу, эхнэрийн хамт гараад ирсэн байсан бөгөөд намайг нөхрийг нь зодсон гээд орилоод байсан, би тэр хүнд хандан би нөхрийг чинь зодоогүй, миний гар хурууг хар цус болсон зүйл байхгүй, шалбархай болсон ч зүйл байхгүй гэж хэлээд би гэр лүүгээ орчихсон гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны гадна Оросын холбооны улсын иргэн П.А.Итой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт 4-5 удаа цохиж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, чихний арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөь тохирсон байна.
Иймд Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн харижудага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж гшшх дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Б.А нь тухайн хохирогчид цохиулсан, энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл шалгуулж байгаа талаар мэдүүлж байгаа хохиролтой гарсан хохирлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй тул гэм буруутэй эсэхийг тогтоосоны дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухай зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В Б.Агаас эмчилгээний зардалд 313.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч П.А.И-д олгох зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.А-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А-нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овогт Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В овогт Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В овогт Б.А нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В овогт Б.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. В овогт Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В овогт Б.А-гаас 313.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.А.И-д олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В овогт Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН