Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                 Нэхэмжлэгч: Р.Н-ийн нэхэмжлэлтэй

                 Хариуцагч: ОАНДХ-т холбогдох

             Нэхэмжлэлийн шаардлага: “Р.Н-ийн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд тооцохгүй байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэл, үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1 дэх заалтыг үндэслэн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0034/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Эрдэнэт хотын Хууль зүйн хэлтэст ахлах зааварлагчаар ажиллаж байгаад 1991 онд шүүх, прокурорын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор боловсон хүчин бэлтгэх зорилгоор МУИС-д шинээр нээсэн хуулийн түргэвчилсэн сургалттай ангид элсэж суралцаад 1994 оны 01 дүгээр сарын 27-нд төгсөж эрх зүйч-хуульч болсон. Намайг төрийн байгууллагын захиалгаар суралцсан гэж үзэж Монгол Улсын шүүхийн Тамгын газрын даргын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот тушаалаар төгсөхөөс өмнө урьдчилан Эрдэнэт хотын шүүхийн Тамгын газрын даргаар санал авалгүй шууд томилсон. Ийнхүү би төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж 1991 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 01 сарын 27 хүртэл суралцсан болохоо шүүхэд хандан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны 28 тоот шийдвэрээр тогтоолгосон. Энэхүү хугацаагаа би Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан ... аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа-нд хамаарна гэж үзээд Нийгмийн даатгалын хэлтэст материалаа өгөхөд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцоогүй. Ингээд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан. Энэ зөвлөлөөс эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн товч хариулт өгсөн. Миний хувьд хууль зүйн үндэслэл заасан тодорхой хариулт байх ёстой гэж үзсэн. Та энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж болно гэсэн. Ингээд Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өргөдөл өгөхөд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тул Нийгмийн даатгалын Ерөнхий газрын веб сайт руу орж асуулга өгч үзсэн. Миний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхгүй байна гэж асуулга явуулсан. Тэгтэл таны гомдлыг шийдвэрлэсэн ажилласан жилд оруулан тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна гэж мэйлээр ирсэн. Миний хувьд Нийгмийн даатгалын байгууллагад асуулгаа маш тодорхой тавьж байсан. Тэгтэл хариу нь дандаа ерөнхий буюу боломжгүй гэсэн хариу л өгч байсан. Иймд урьдчилан шийдвэрлэх журам хангасан гэж үзээд шүүхэд хандсан.

1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдөж эхэлсэн хуулийн хувьд 1995 оноос хойшхи ажилласан хугацаа гэж ойлгохгүй. Харин тэр өдрөөс хойш тэтгэвэрт гарах хүний ажилласан хугацааг тооцох ёстой болохоос энэ өдрөөс хойшхи хугацааг гэж үзэхгүй. 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1-д “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа гэж заасан байгаа заалтыг хэзээний ямар хугацаа гэж ойлгох юм бэ?. Хуулиар тод заасан байхад Засгийн газрын тогтоол, журамд ингэж заасан гэж ярьж байгаа нь захиргааны хэм хэмжээний актаар хуулийг үгүйсгэх боломж байхгүй. Намайг сурч байхад оюутанд тэтгэлэг өгч байсан. Эндээс нийгмийн даатгал суутгаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэтгэвэр, тэтгэмж гэдэг зүйл өөрөө өнгөрсөн хугацаагаа буюу тэтгэвэрт гарахаас өмнө ажилласан хугацааг тооцдог онцлогтой. Энэ өдрөөс өмнө ажилласан эсэхийг үзэж тооцдог. Тиймээс 1995 оны хууль үүнээс өмнө ингэж ажилласан бол ажилласан хугацаанд оруулан тооцно шүү гэсэн л зүйл.

Иймд Р.Н миний төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд тооцохгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэл, үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1 дэх заалтыг үндэслэн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ОАНДХ-ийн дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Р.Н нь ОАНДХ-т 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа бөгөөд 2018 оны 05 дугар сард Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 1991-1994 онд төрийн байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөн суралцсан хугацааг тэтгэвэр тогтоолгох жилд оруулан тооцуулах тухай өргөдлийг ирүүлсэн билээ. Уг өргөдлийг Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд 1995 оноос өмнөх төрийн байгууллагын захиалгаар суралцсан хугацааг ажилласан жилд оруулж тооцох эрх зүйн үндэслэл байхгүй тухай албан тоот хүргүүлсэн. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалын 2.1.5 дахь заалтад Тухайн онуудад дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангид суралцаж байгаагүй иргэдийг хамруулахаар заасан. Иймд Р.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Н-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь 7 гишүүнтэйгээр хуралддаг. Энд ирсэн өргөдлийг судлаад хурлаа зарлаад 1991-1994 оны хоорондох хугацаанд суралцсан жилийг ажилласан жилд тооцох эсэх талаар хуралдсан. Энэ байдлыг ажилласан жилд тооцож үзэхгүй гэдгийг өөрт нь тайлбарласан. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд 1995 оноос хойшхи хугацаанд нийгмийн даатгал төлсөн хүмүүс дээр тооцдог гэдгийг тайлбарласан. Энэ ажилласан жилд тооцох тухай дурдсан жагсаалтад таны энэ байдал хамаарахгүй байна гэдгийг өөрт нь тайлбарлаад явсан. Энэ асуудал дээр арга хэмжээ аваагүй биш. Өөрөө хуралд оролцоод тайлбарлаж, танилцуулаад явсан. Энэ талаарх баримтаа хэрэгт өгсөн байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шаардаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлох журам, Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д төрийн байгууллагын захиалгаар суралцсан хугацаанд байгууллага нь өөрөө нийгмийн даатгалыг тооцож төлөөд үүний тэдэн хувиар тооц гэж заасан байгаа. Харин 1991-1994 оны хооронд өдрийн ангиар суралцсан хугацааг ажилласан жилд тооцох үндэслэл байхгүй. 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар Засгийн газрын тогтоолд ямар хугацааг ажилласан жилд оруулан тооцох тухай заасан. Энд заасан жагсаалтад Р.Н-ийн тохиолдол байхгүй. Цалин авсан буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад цалин авсан тохиолдолд тэр цалингаас байгууллага нь шимтгэл төлсөн тохиолдолд ажилласан жилд хамаарна гэж заасан байгаа. Гэтэл өдрийн ангийн суралцагч нарт цалин гараагүй учраас ажилласан жилд оруулах боломжгүй байна. Өдрийн ангиар суралцаад цалин аваад цалингаас нь нийгмийн даатгал тооцоогүй учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн хувьд хугацааг урагш хэрэглэх ёстой гэж ойлгож байгаа нь буруу юм. 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор ажилласан жилд эдгээрийг тооцно гэж нэг бүрчлэн жагсааж заасан байна. Энэ тохиолдолд шимтгэл төлсөн бол ажилласан жилд тооцох ёстой. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Нийгмийн даатгалын хэлтэс байгуулагдаад иргэн бүр өөр дээрээ шимтгэлийн дэвтэр нээлгээд өөрийн цалингаас 5 санд хуваагаад шимтгэл авч эхэлсэн. Энэ хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ээс хүмүүсийн шимтгэлийг ингэж авна гэж зааж зохицуулсан байгаа. Ажил эрхлээгүй өдрийн ангиар суралцсан хугацаагаа ажилласан гэж тооцуулах гэж байгаа нь буруу гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Н нь ОАНДХ-т холбогдуулан “Р.Н миний төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд тооцохгүй байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэл, үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоох, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлж, дээрх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр 2012 оны 09 дүгээр сарын 04-ний Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлж, дээрх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1 дэх заалтыг үндэслэн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах гэж өөрчилсөн болно.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Н-ийн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1 дэх заалтад зааснаар шимтгэл төлсөн хугацаанд хамаарахааргүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт /Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа/ нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд хамаарахгүй бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш харилцаанд хамааралтай болно.

Өөрөөр хэлбэл 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан бөгөөд энэ хугацаанд нь төр, аж ахуйн нэгж, байгууллагаас суралцаж байх хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд энэ хугацааг шимтгэл төлсөн хугацаанд хамруулахаар байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааг нэмж тооцно” гэж заажээ.

Үүний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацаа гэдэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанаас гадна 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацааг хамааруулна. Үүнд: Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажилчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна гэжээ.

Тодруулбал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны шимтгэл төлж, ажилласан хугацааг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тооцох юм.

Мөн БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар Ажилласан хугацааг тооцох тухай тогтоолын хавсралтад зааснаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж их, дээд сургуулийн өдрийн ангид суралцсан хугацааг ажилласан жилд тооцдоггүй байсан байна. Харин их, дээд сургуулийн оюутны үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд ажиллагчийн орон тоонд ажилласан хугацааг ажилласан жилд тооцож байжээ.

Иймд ОАНДХ-ээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно/-т зааснаар Р.Н-ийн шимтгэл төлсөн хугацааг харгалзан өндөр насны тэтгэврийг тогтоосон байх тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2, 3-ийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Н-ийн ОАНДХ-т холбогдуулан гаргасан “Р.Н миний төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд тооцохгүй байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэл, үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1 дэх заалтыг үндэслэн төрийн байгууллагын захиалгаар ажлаасаа чөлөөлөгдөж суралцсан 1991 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 27 хүртэлх хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд хамруулан тэтгэврийг шинэчлэн тогтоох, тэтгэвэр тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 18-наас хойшхи зөрүүг тооцон олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Р.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.УУГАНЦЭЦЭГ