Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00141 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч С.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Формула Мото” ХХК-д холбогдох

 

            Хөрөнгө оруулалтын зардал, зээлийн хүүгийн төлбөр болон олох байсан орлогод 168 506 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Т.Баасанбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                     Д.Нарангэрэл

                                                                                  Б.Гантөмөр

Хариуцагчийн төлөөлөгч                                        Ц.Энхбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч                                        Д.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Энхбаатар өөрийн эзэмшлийн “Формула мото" ХХК-ийн барьж байгаад санхүүжилтгүйн улмаас зогссон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамж   22-2 тоотод байрлах дуусаагүй барилгад хөрөнгө оруулах саналыг С.Отгонтуяад 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тавьсан. Ц.Энхбаатар С.Отгонтуяагийн оруулсан хөрөнгө оруулалтыг тус барилгыг 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулан С.Отгонтуяа үйл ажиллагааны орлогоороо оруулсан хөрөнгөө олохоор харилцан тохиролцсон. Тохиролцоо ёсоор тэд 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөр нэг сарын 6 000 000 төгрөг байхаар тооцох бөгөөд барилгыг ашиглалтанд оруулснаас хойш 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх зорилгоор барилгыг бүхэлд нь үнэ төлбөргүй ашиглах тохиролцоонд хүрсэн. Ингээд С.Отгонтуяа 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Ариг” банкнаас өөрийн найзынхаа орон сууцыг бapьцaaлан 30 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөн Ариг банкнаас өөрийн эгчийн xaшaa байшинг барьцаалан 20 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдер өөрийн авто машиныг барьцаалан 4 500 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болон 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус өөрийн ахаас 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг зээлж, 80 000 000 орчим төгрөгөөр 8 сарын турш хөлсний ажилтнуудын хамт ажиллан барилгын дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Үүний дараа барилгын 2 дугаар давхрыг ресторан, 3 дугаар давхрыг караоке, 4 дүгээр давхрыг зочид суудлын зориулалтаар засч тохижуулсан бөгөөд холбогдох бүхий л тусгай зөвшөөрлийг /ресторан зоогийн газрын, кароакены болон согтууруулах ундаагаар үйлчлэх/ авч, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс "Охь" төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2016 он гарсаар Ц.Энхбаатар манай ажил муу байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж байнга мөнгө нэхэх болсон бөгөөд үүний дагуу би өөрийн боломжоор 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр       4 000 000 төгрөг, түүнээс хойш cap бүр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд түрээсийн төлбөр гэж нийтдээ 10 000 000 төгрөг төлсөн боловч Ц.Энхбаатар 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шуурхай зар сонинд дээрх  объетыг бүхэлд нь түрээслүүлэх зар өгсөн байх бөгөөд энэхүү зарын дагуу сонирхсон хүмүүс ирж уулзаж эхэлсэн. Энэ талаар Ц.Энхбаатараас асуухад "хэрэв чи цаашид түрээслэн ажиллуулах хүсэлтэй байгаа бол анхны тохиролцоонд дурдсан 6 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг cap бүр төл” гэсэн шаардлага тавьсан. Цаашилбал Ц.Энхбаатар 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр барилгыг суллах шаардлагыг хүргүүлж, бид аргагүйн эрхэнд барилгаас хөөгдөн гарсан. Түүнчлэн Ц.Энхбаатар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6 000 000 гаруй төгрөгийн хоол, архи дарс ресторан, караокеноос хэрэглэсэн байдаг бөгөөд энэхүү төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. С.Отгонтуяа тухайн барилгад 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн засвар хийж 2015 оны 5 дугаар сард дууссан ба 2015 оны 7 дугаар сарын    6-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан, татвар төлөөгүй, тусгай зөвшөөрлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр авсан байдаг. С.Отгонтуяа сард 1 500 000 орчим орлого олдог байсан, үүнийг хар дэвтэр, ломбардад машин тавьсан баримтаар нотолно. Иймд түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болох барилгыг дуусгахад зарцуулсан нийт зардал 64 500 000 төгрөг (энэхүү тооцоо нь зөвхөн баримтаар нотлогдож байгаа хэмжээ баримтгүйгээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 гаруй сая төгрөг) болсон бөгөөд Ариг банкнаас орон сууц болон хашаа, байшин барьцаалан зээлсэн зээлийн хүүгийн төлбөр 23 778 125 төгрөг, машин барьцаанд тавьж зээлийг эргэн төлж байсны улмаас үүссэн зээлийн хүү 2 250 000 төгрөг, Ц.Энхбаатарын ресторан болон караокегоор үйлчлүүлсний төлбөр 5 978 500 төгрөг, анхны тохиролцооны дагуу үнэ төлбөргүйгээр түрээслэх байсан хугацаанд олох байсан орлого 72 000 000 төгрөг нийт 168 506 625 төгрөгийг “Формула Мото” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Формула Мото” ХХК төлөөлөгч Ц.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 9 дүгээр  Хасбаатарын гудамж 22\2, 3,4 дүгээр хорооллын эцэст байрлалтай 5 давхар үйлчилгээний зориулалттай барилга хотын А зэрэглэлийн бүс, хүн амын төвлөрөл сайтай, зам дагуу, орчин нөхцөл байршил сайтай газар байдаг. Би С.Отгонтуяатай 2014 оны 12 дугаар сард уулзаж өөрийн шинээр барьж байгаа 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад тодорхой хэмжээний өөрийн зардлаар тохижилт хийхээр харилцан ярилцсан. Энэ барилгын 2 давхарт ресторан, 3 давхрын 5 өрөөг" караокены зориулалтаар, 4 давхрыг зочид буудлын зориулалтаар нийтэд нь сарын 6 000 000 төгрөгийн түрээс тооцож гарсан зардлын нийт дүнгээс суутгаж авахаар тохирсон. Энэ тохиролцсон ёсоор С.Отгонтуяа 2 давхрын засварт тодорхой хэмжээний мөнгө гаргаж хөшиг, абжур, ширээ сандал рестораны хэрэглэлүүд авсан. Дээрхи зориулалтаар бидний тооцоогоор нийт 49 275 620 төгрөгийн тооцоо гаргасныг баримтуудыг үндэслэн нотлоно. Харин 64 500 000 төгрөгийг зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Барилга 2015 оны 7 дугаар сард бүрэн ашиглалтанд орж С.Отгонтуяа зарцуулсан хөрөнгөө эргүүлж олж эхэлсэн. Харин ашиг олоогүй гэдэгтэй нь санал нийлэхгүй тэр хүний бизнесийн нууцыг хүндэтгэнэ. С.Отгонтуяа нэхэмжлэлд дурдахдаа хөрөнгө оруулалт зогссон байсан үед нь өөрөө бүх хөрөнгө оруулалтыг хийж дуусгасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Отгонтуяа 2 давхрын рестораны дотор талын тохижилтын зарим хэсгийг, тоног төхөөрөмж бусад хэрэглэлүүд авсан, 3 дугаар давхрын хувьд тохижилтыг хийгээгүй зөвхөн караокены машин, буйдан, обой, гипсэн таазны материал авсан. Бусад 4, 5 дугаар давхрын хувьд манайх дангаараа бүх тохижилт засварыг хийж дуусгасан. Зээлийн хүүгийн төлбөрт 23 778 125 төгрөг, мөн машин барьцаанд тавьсны улмаас үүссэн зээлийн хүүгийн төлбөр 2 250 000 төгрөгийг би хариуцахгүй. Үнэ төлбөргүйгээр түрээслэх байсан хугацаанд олох байсан 72 000 000 төгрөгийн орлогыг яаж тооцсоныг ойлгохгүй байна. С.Отгонтуяаг би хөөж гаргаагүй, одоо ч давуу эрхийнхээ дагуу өмнөх тохиролцсоноороо түрээсээ төлж ажиллаад ашгаа олох бололцоо байсан С.Отгонтуяа өөрөө л гарах санал тавиад гарсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “Формула Мото” ХХК-аас 168 506 625 төгрөг гаргуулахыг хүссэн С.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 000 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол маргаан нь өөр ямар эрх зүйн харилцаа байж болох, ямар харилцаагаар, ямар үндэслэлээр шийдвэрлэх ёстойг дүгнэн зөв шийдвэрлэх байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаарын зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байсан. С.Отгонтуяа нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ариг банкнаас  30 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын       15-ны өдөр 20 000 000 төгрөг тус тус зээлж Ц.Энхбаатарын компаний барилгад болон ресторан, караокены зориулалтаар эд хөрөнгө худалдан авч тохижуулах зэрэг бүхий л ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. 2015 оны 9 дүээр сарын 15-ны өдрөөс "Охь" төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байтал Ц.Энхбаатар нь мөнгө нэхэж 2016 оны 3-6 сард С.Отгонтуяагаас нийт      10 000 000 төгрөг авсан байна. Улмаар Ц.Энхбаатар нь Шуурхай зар сонинд дээрх объектыг бүхэлд нь түрээслүүлэх зар өгч, 2016 оны 8 дугаар сард С.Отгонтуяагийн үйл ажиллагааг зогсоож гаргасан байна. Хариуцагч Ц.Энхбаатар нь би зар өгсөн тул С.Отгонтуяа гарсан гэж тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн нь дээрхийг нотолж байна. Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь банкнаас 2 удаа нийт 50 000 000 төгрөгийн зээл авч "Формула Мото" ХХК-д хөрөнгө оруулсан энэ мөнгөө болон банкинд төлсөн зээлийн хүүгийн төлбөр  23 778 125 төгрөгөө нөхөн аваагүй бөгөөд банкны зээлийн 8 884 868 төгрөгийн өртэй хохирч үлдсэн байна гэжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь хариуцагч “Формула мото” ХХК-д холбогдуулан зээлийн хүүгийн төлбөр 23 778 125 төгрөг, зээлийн хүү 2 250 000 төгрөг, Ц.Энхбаатарын ресторан болон караокегоор үйлчилүүлсний төлбөр 5 978 500 төгрөг, олох байсан орлого 72 000 000 төгрөг барилгыг дуусгахад зарцуулсан зардал 64 500 000 төгрөг нийт             168 506 625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Харин зохигчид хөрөнгө оруулалт болон түрээсийн гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч   нь түрээсийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон хөрөнгө оруулсан мөнгөө буцааж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нарийвчлан тодруулж, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Зохигчид хөрөнгө оруулалт болон түрээсийн гэрээний асуудлаар маргасан байхад шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.

 

Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь хариуцагч “Формула мото” ХХК-д холбогдуулан гэрээний хариуцлагатай холбоотой хохирол шаардсан, анхан шатны шүүх талуудын хоорондын хэлцлээр үүрэг үүсээгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар С.Отгонтуяад шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ямар хууль, эрх зүйн үндэслэлээр юу хүсч шаардаж байгаагаар нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхойлдог бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүйгээс нэхэмжлэгч С.Отгонтуяа хариуцагч “Формула Мото” ХХК-д хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, түрээсийн гэрээг зөрчсөнөөс учирсан хохирол, эсхүл хөрөнгө оруулалтын зардал цуцлагдсанаас ямар хохирол учирсан нь тодорхойгүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт хийсэн барилгын хэсгүүд нь өөр өөр өмчлөгчтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд талуудын маргааны зүйл болж буй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч барилгыг дуусгахад нийт оруулсан зардал 64 500 000 төгрөг болсон гэж, хариуцагч бараа материалын тооллогын хуудас гэсэн баримтын үүнийн дүн               49 275 620 төгрөгийг баримтална гэж маргасан байхад шүүх уг асуудлыг тодруулаагүйгээр хөрөнгө оруулалтын мөнгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/00141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Отгонтуяагаас төлсөн 526 850 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                 ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО