Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           19                                      2020/ШЦТ/752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч Ц.С ,

шүүгдэгч О.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас О.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005010651164 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ..... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Б /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Церкл К” дэлгүүрт хохирогч Ц.С ийн ОРРО А-91 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Ц.С  мэдүүлэхдээ “2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охиндоо гутал авах гээд явж байсан. “Circle K” дэлгүүрт ороод сууж байсан чинь гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн.” гэв.

 

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Церкл К” дэлгүүрт хохирогч Ц.С ийн ОРРО А-91 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Циркл К” дэлгүүрт заалны хэсэгт хохирогч сууж байгааг харуулав. ...гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн халааснаас гар утас хулгайлж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 20-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Циркл К” дэлгүүрт ээж Д , охин Уугантуяа нарын хамт гоймон идэх гээд орсон. Тухайн газарт ороод гоймонгоо авчихаад ширээн дээр сууж байсан бөгөөд ээж, охин хоёртойгоо юм яриад сууж байхдаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд гоймондоо ус хийчихээд ширээн дээрээ очихдоо гар утсаа ашиглачихаад халаасандаа хийсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа гар утсаа шалгатал байгаагүй. Би ширээний ард ээж, охин хоёртойгоо ярилцаж байхдаа гар утсаа алдсан гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “ ОРРО А91 загварын гар утсыг 950.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Циркл К” рүү хоол идэх гэж ороод сууж байхад нэг эмэгтэй хойшоо харсан сууж байсан бөгөөд би ард талд нь урагш харсан сууж байсан. Тэгэхэд тэр эмэгтэйн утас нь куртканы зүүн талын халаасанд байсан бөгөөд ил харагдаж байхаар нь би аваад гарсан. ...тухайн утсыг өөрөө кодыг нь гаргуулаарай гээд 150.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөөрөө тоглоод дууссан. Би тухайн хүнийг мэдэхгүй. Гудамжинд явж байсан хүнд зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 36-39 дүгээр хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хэргийн 63 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 65 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч О.Б  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр хохирогч Ц.С ийн эзэмшлийн ОРРО А-91 загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б  нь хохирогч Ц.С ийн эзэмшлийн гар утсыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван цааш зарж борлуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

         Тиймээс шүүгдэгч О.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С ийн эд хөрөнгөнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 950.000 төгрөг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгч О.Б оос 950.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч О.Б  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч О.Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оос 950.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С т олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

 

хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

        6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО