Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2017/00077

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Шунхлай, 5 гудамж, 12 тоотод оршин суух, ЙС65102809 дугаарын регистртэй, Адууч овогт Жамбын Батцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Батцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Батцэцэг миний бие 1986 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс Хужирт рашаан сувиллын хоол зөөгчөөр 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Гэтэл миний орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ч орсон, гарсан тушаалын хуулбар олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтрээ сүүлд нөхөн бичилт хийлгэсэн учраас хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байна гэсэн. Иймд Хужирт сумын Рашаан сувилалд 1986 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс Хужирт рашаан сувиллын хоол зөөгчөөр 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Батцэцэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”-ын хоол үйлдвэрийн тасагт 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Батцэцэг 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”-ын хоол үйлдвэрийн тасагт зөөгчөөр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Жамба овогтой Батцэцэгт олгогдсон 1986 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №445511 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №242 дугаартай тодорхойлолт, гэрч Ш.Төмөрбатын “...Би 1969 оноос 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Рашаан сувилалд тогоочоор ажиллаж байсан юм. Ж.Батцэцэг нь 1986 оноос 1987 он хүртэл ажиллаж байсан. Ажилд орсон он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ж.Батцэцэг нь ажиллаж байх хугацаандаа зөөгч хийдэг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Хужирт рашаан сувилалд Ж.Батцэцэг нь 1987 он хүртэл ажиллаж байгаад холбоонд тогоочоор ажилд орсон. Ж.Батцэцэг нь Хужирт рашаан сувилалд ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Сүрэнгийн “...Би 1969 оноос 2009 он хүртэл Хужирт рашаан сувилалд тогоочоор ажилладаг байсан. Намайг Рашаан сувилалд тогоочоор ажиллаж байхад Ж.Батцэцэг 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Хужирт рашаан сувилалд хоол зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Ж.Батцэцэг нь 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад холбоонд тогоочоор ажиллах болсон. Хужирт рашаан сувилалд 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоол зөөгчөөр Ж.Батцэцэг нь ажиллаж байсан үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Адууч овогт Жамбын Батцэцэгийг 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”-ын хоол үйлдвэрийн тасагт зөөгчөөр ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Адууч овогт Жамбын Батцэцэгийг 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”-ын хоол үйлдвэрийн тасагт зөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА