Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           11                                      2020/ШЦТ/732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,

хохирогч С.С , түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

шүүгдэгч Л.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Л.Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009020582 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...оны .. дүгээр сарын ..-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л.Ц /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Ххх” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол үйлдэн “Ххх стар” ХХК-ийн 00000 регистрийн дугаартай гэрчилгээ, 000 дугаартай тамгыг хүчингүй болгосонд тооцож, тамга, гэрчилгээг дахин гаргуулж авах эрхийг өөртөө олгосон шийдвэр гаргаж, уг тогтоолдоо хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамчаар үйлдсэн тогтоолоо ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газарт тамга болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж хүсэлт гарган 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ххх стар” ХХК 00000 бүртгэлийн дугаартай тамга, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ: “Ийм явдалд орооцолдсондоо миний хувьд маш их харамсаж байна. Тамга тэмдэг авсан үйл явдлын тухайд би компаний үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд авсан. Би ашиг хонжоо олох гэсэн сэдэл санаа байгаагүй. Би энэ компаний төлөө тусгай зөвшөөрөл авахын тулд  өдөр шөнөгүй хичээсэн. Би зайсангийн эцсийн буудлаас хотын төв болох Сөүл ресторан хүртэл явж тамга даруулдаг байсан. Уг компани байгуулагдсанаас хойш тамга баригчдын барааг хараагүй. П, И  гэх хүмүүс барьдаг байсан. Очоод тамга даруулах гэхээр хөдөө явчихсан байдаг байсан. Тухайн компаний гүйцэтгэх захирлын хувьд хариуцлагыг өөрөө үүрдэг учраас ямар ч хяналтгүй компаниас мөнгө гараад байхаар нь би тус ажилчдыг ажлаас чөлөөлсөн. Бидний ажилд их хүндрэл учруулсан учраас арга буюу уг хэргийг үйлдсэн.” гэв.

 

Хохирогч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэр үйл явдал болоод тамга бол над дээр ирсэн. Хувьцаа эзэмшигчид бол намайг гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад та тамгыг нь аваад үйл ажиллагааг нь хянаад байж байгаач гээд байж байтал 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нягтлан бодогч над руу залгаад банкнаас надад мессеж ирсэн гэж хэлсэн. Би очоод асуу гэж хэлтэл энэ хүн нягтлан бодогчоо халсан байсан. Өөр дээрээ банкны гүйлгээ хийсэн байсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигчид тамгаа дараад хурлын тэмдэглэл хийгээд боллоо гэсэн. Хөлсөөр ажиллах гэрээ хийх асуудал тавигдахад би хөлсөөр ажиллах гэрээ хийхгүй, хувьцаа эзэмшигчийн эрхээр оролцоно гээд хуулинд нийцэхгүй шаардлага тавьсан болохоор гэрээ хийгдээгүй. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би өөрт олгогдсон эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлаж улмаар Л.Ц г ажлаас чөлөөлсөн. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухайгаа баталгаажуулахаар гэрч нарыг дагуулаад очиход ажлаас чөлөөлсөн шийдвэрийг бүгдийг гаргаж шийдээд намайг бас доромжилсон. Хуурамч тамгыг хурааж авсан. Гэтэл 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дахин уг хуурамч тамгыг ашигласан байсан. Хуулийн дагуу хамтран ажиллахаар өөртэй нь уулзъя гэж байгаад хоёулаа уулзсан. Би “чи зүгээр ажлаа хий” гэж хэлсэн. Би жил ажиллаад Америк руу хүүхэд рүүгээ явна чи тэр хугацаанд ажилла гэж хэлсэн. Энэ хүн зөвшөөрөөгүй. 17-ны өдөр энэ хүн банкнаас 500.000 төгрөг шилжүүлж авсан байсан. 2 сарын хугацаанд шинээр хийсэн тамгаа ашиглалгүй хуучин тамгаар ажлаа хийж явсан байсан. Гэтэл тэр шинэ тамгаар цаашаа ямар гэрээ хэлцэл хийж явсаныг бид нар мэдэхгүй. Иймд банкны харилцагч нарын мөнгийг өөртөө завших санаатай юм байна гэж дүгнэсэн. 4 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчийн хурал зарлаад Л.Ц г утсаар дуудахад ярихгүй хэрнээ цаашаа ярьж байгаа нь сонсогдож байсан. Төрийн өмчийг хувьчилж авах гэсэн санаатай байсан байна гэж ойлгосон. Шунахайн сэдэлтэй байсан гэж бодож байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ххх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол үйлдэн “Ххх стар” ХХК-ийн 00000 регистрийн дугаартай гэрчилгээ, 000 дугаартай тамгыг хүчингүй болгосонд тооцож, тамга, гэрчилгээг дахин гаргуулж авах эрхийг өөртөө олгосон шийдвэр гаргаж, уг тогтоолдоо хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамчаар үйлдсэн тогтоолоо ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газарт тамга болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж хүсэлт гарган 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ххх стар” ХХК 00000 бүртгэлийн дугаартай тамга, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Ххх стар” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба нийт 3 хүний 20,0 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан юм. Ингээд 10 хувийг эзэмшдэг Л.Ц  гэгчийг гүйцэтгэх захирлаар нь томилж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. ...90 хувийн хувьцаа эзэмшигч нар нь санхүү аж ахуй болон компаний үйл ажиллагаанд хяналт тавьж бай гээд уг компаний тамгыг надад бариулсан юм. ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкнаас манай нягтлан бодогчид харилцах нууц үг өөрчлөгдсөн гэсэн мессеж гар утсанд нь ирсэн. Бидний зүгээс банкнаас лавлаж асуухад Л.Ц  нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр огноолоод харилцагч 4 банкинд Л.О ыг ажлаас халсан тул банктай би ганцаараа харилцах болно гэсэн бичгийг хүргүүлсэн ба банктай харилцах эрхийг өөр дээрээ шилжүүлсэн байсан. Иймд хувьцаа эзэмшигчдийн банкны бүх үйлчилгээг зогсоох явцад Л.Ц г шинэ тамга тэмдэг авсан болохыг мэдээд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шинээр тамга авсан байсан. Уг тамгыг авахдаа өмнөх тамга, тэмдгийг хаяж гээгдүүлсэн гээд мэдүүлж авсан байсан. ...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкнаас 500.000 төгрөгийг гарган авсан ба юунд зарцуулсан нь тодорхойгүй авсан байсан. ...хувьцаа эзэмшигчид хуралдаж Л.Ц г захирлын ажлаас нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлсөн. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өглөө Л.Ц д тогтоолыг танилцуулсан ба улмаар хуурамчаар гаргаж авсан тамгыг нь хурааж авсан юм. Гэтэл 3 дугаар сарын 30-ны өдөр хуурамч тэмдгийг нь авчихаад байхад мөн өдрийн үдээс хойш өмнө үйлдсэн тамгатай бичгийн 2 дахь хуудсыг ашиглан Баянгол дүүргийн шүүхэд хуурамч нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг юм. Улсын бүртгэлийн газарт хуурамч бичиг баримтаар хийгдсэн ногоон тамга тэмдгийг нь хүчингүй болгох гэж очтол 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр огноолсон компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын тамга гэрчилгээг хүчингүй болгох тухай тогтоолыг олж үзсэн. Уг тогтоол дээр Батболд, Энх-Амгалан нарын гарын үсгийг скайнердаад хуурамч тогтоол үйлдсэн байсан. Энэ тогтоолыг миний бие улсын байцаагч Налжирмаа гэдэг хүнээс олж харсан тогтоол тамгагүй байсан. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн газрын Хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын архивын лавлагааг гаргуулж авахад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ гэрчилгээг гаргуулж авсан байна гэдгийг нь мэдсэн. Гэтэл анхны гэрчилгээ нягтлан О ад хадгалагдаж байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10 орчимд Л.Ц  нь гэрчилгээ эх хувиараа хэрэг болоод байна гэж аваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийлгэсэн тамгаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн гэх хувьцаа эзэмшигчдийн тамга тэмдэг хүчингүй болгосон гэх тогтоол дээрээ шинэ тамгаа дарсан байсан. ...Л.Ц  нь тамга тэмдэг авах талаар бидэнд хандаж байсан зүйл байхгүй. Тамга байхгүйгээр компани доголдохгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол гарах үед би байгаагүй. Энэ тогтоолыг мэдэхгүй. Дээрх тогтоол дээрх гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Гэхдээ би зураагүй скайнердсан байж магадгүй. Л.Ц  захирал нь миний гарын үсгийг дуурайлгаж ашигласан байна. ...Л.Ц  нь дээрх хуурамч бичиг баримт бүрдүүлэх үйлдлийг хийсэн байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг анх ажилд орох үед шинээр “Ххх стар” ХХК нь байгуулагдаж байсан юм. Ингээд захирал Л.Ц  нь ажлаа аваад эхнээсээ эхэлж байгаа тул бүх ажлаа өөрөө шинээр хөөцөлдөж эхэлсэн. Үүнд шинээр тусгай зөвшөөрлүүд авах хэрэгтэй болж хөөцөлдөж эхэлсэн бөгөөд зөвшөөрөл эхнээс нь авч эхэлсэн ...сүүлд нэг мэдэхэд захирал Л.Ц  шинээр тамга авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/,

Гэрч О.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай тамга тэмдэг нь Сөүл групп дээр байдаг байсан ба тоот бичгүүдийг зөвшөөрөл авах гээд хэд хэдэн удаа очиход байхгүй байх тохиолдол олон байдаг ба их хүлээдэг. Ажил явуулахад хэцүү байсан. Сүүлд нэг мэдэхэд захирал Л.Ц  шинээр тамга авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/,

 

Гэрч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “Ххх стар” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2019 оны 10 дугаар сард томилогдон ажиллаж ирсэн юм. Энэ хооронд нэгдүгээр гарын үсэг нь гүйцэтгэх захирал Л.Ц гийн гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг нь миний гарын үсгээр бүх гүйлгээ явагддаг байсан юм. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний гар утсанд Төрийн банкнаас мессеж ирсэн. Банкны мэдээлэл өөрчлөгдсөн талаар мэдсэн ба Компаний хувьцаа эзэмшигчдэд би энэ талаараа мэдэгдсэн. Л.Ц  захирлаас юу болсон талаар асуухад “чамайг ажлаас халсан. Миний хуулийн зөвлөхтэй харьцаад яваарай” гэж хэлсэн. ...Үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ба тамга нь итгэмжлэгдсэн С.С  гэх хүн дээр байдаг байсан. Гэрчилгээ нь надад эх хувиараа байсан юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захирал Л.Ц  нь тусгай зөвшөөрөл хэрэгтэй боллоо гээд надаас компаний гэрчилгээг эх хувиар дүрмийн хамт авч явсан боловч өнөөдрийг хүртэл эх хувийг өгөөгүй байгаа. ...Миний гарын үсгийг зурснаас хойш 500.000 төгрөг авсан ба бусад чиглэлээр 100 гаруй мянган төгрөг гарсан байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол гарах үед би байгаагүй. Энэ бичгийг би сүүлд 2020 оны 4 дүгээр сарын дунд орчимд анх удаа харсан. Л.Ц  захирал нь миний гарын үсгийг дуурайлгаж ашигласан байна. Миний хувьд дээрхи тогтоол дээр гарын үсэг зураагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №2010 дугаартай “1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ххх стар” ХХК-ийн тамга, тэмдгийн хяналтын 00000 дугаарыг олгосон улсын бүртгэлийг хүчингүй болгох;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ххх стар” ХХК-ийн тамга, тэмдгийн хяналтын 000 дугаарыг олгосон улсын бүртгэлийг сэргээх;

3. Хуурамч баримт бичиг үйлдэж Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах.” гэсэн дүгнэлт /хэргийн 57-59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Л.Ц гийн иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл, бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд /хэргийн 66-76 дугаар хуудас/,

 

“Ххх стар” ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 80-81 дүгээр хуудас/,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/07672 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 83-85 дугаар хуудас/,

 

“Ххх стар” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар баримтууд /хэргийн 92-123 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххх стар” ХХК-г үүсгэн байгуулж хувьцаа эзэмшигч болсон юм. Ингээд үйл ажиллагаа явагдаж эхлээд байж байтал Сөүл групп нь компаний үйл ажиллагаанд оролцож ажил хийхэд хүндрэлтэй болгож улмаар тамга гэрчилгээг барьцаалан авч С.С  гэх хүнд тамга өгч ажлыг хүндрүүлж эхэлсэн. ...Би Ө т тамга байх ёстой газраа байх ёстой тамгаа авъя гэхэд хариу хэлдэггүй байсан. ...хариу өгөхгүй байсан тул миний шинээр тамга авах талаар хөөцөлдөж тамга гэрчилгээг шинээр гаргаж авсан юм...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 138-139 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69 дүгээр хуудас/, ............... шагнуулсан” тухай баримт /хэргийн 70-71 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.Ц  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр “Ххх стар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын “...”Ххх стар” ХХК-ийн 00000 регистрийн дугаартай гэрчилгээ, 000 дугаартай тамгыг хүчингүй болгосонд тооцож, тамга, гэрчилгээг дахин гаргуулж авах эрхийг өөртөө олгосон тогтоол үйлдэж, уг тогтоолдоо хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамчаар үйлдсэн тогтоолоо ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газарт тамга болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж хүсэлт гарган 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ххх стар” ХХК 00000 бүртгэлийн дугаартай тамга, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Ц  нь хохирогч “Ххх стар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж, өөртөө эрх олгож, уг тогтоолоо ашиглан компанийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шинээр гаргуулан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц гийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Тиймээс шүүгдэгч Л.Ц г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хөнгөн, хүндрүүлэх шинж байдал нэмэгдсэн тохиолдолд бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлвэл тус гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллага хохирсон гэж үзвэл энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийтгэх тогтоол хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “Торгуулийн хэмжээг ихэсгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн уг дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Мөн шүүгдэгч Л.Ц  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Ц гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ц г “Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Ц д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ххх стар” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин шинээр олгосон 000195303 дугаартай, 00000 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ххх стар” ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр анх олгосон 000188462 дугаартай, 00000 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ххх стар” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин шинээр олгосон 000195303 дугаартай, 00000 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ххх стар” ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр анх олгосон 000188462 дугаартай, 00000 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг даалгасугай.

 

         6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО