Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           13                                      2020/ШЦТ/740

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005021081211 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .... тоотод оршин суух, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.Г  /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххх ” ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Н.А ийн зүүн гарын шуу хэсэгт ир үзүүртэй зүйл болох заазуураар цохиж түүний эрүүл мэндэд зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх, шуу ясны хугарал, шууны судас мэдрэлийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

 

Шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххх ” ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Н.А ийн зүүн гарын шуу хэсэгт ир үзүүртэй зүйл болох заазуураар цохиж түүний эрүүл мэндэд зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх, шуу ясны хугарал, шууны судас мэдрэлийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үүдэндээ ххх  гэсэн хаягтай “Ххх ” группын хашаа байх ба ...ногоон өнгийн асар бүхий талбайн дээд талд баруун иш байхгүй 18:8,5 см хэмжээтэй заазуурны хэсэг байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед 2 шил 0,75 граммтай хараа архи авсан. ...00:35 цагийн орчим иртэл Б.Г тэй Г  хацар дээр тамхи унтраасан гэх шалтгаанаар маргалдаж хоорондоо зодолдсон ба тэр үед Э бид хоёр тэр хоёрыг салгаад Г ийг таксинд суулгаж явуулсан. Тэгтэл Б.Г  агсраад байхаар нь би хүргэж өгөх гэснээ болиод такси барьж өгөх гэхэд явахгүй бүр агсраад намайг маргааш чамайг яланд унагаана гэж үлдсэн. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа гарах гээд ХАБ-ын ажилтантай уулзаж гарын үсгээ зураад үйлдвэрийн хаалгаар гарах гэтэл өөдөөс Б.Г  ирсэн. Тэгснээ гэнэт Б.Г  баруун гартаа ногоон өнгийн иштэй заазуур барьсан явж байснаа үгийн зөрөөгүй ална чамайг гээд шууд заазуураар хэд хэдэн удаа цавчихаар нь би бултаж хоёр гурван удаа зугтаасан. Тэгтэл араас ирээд намайг дахин цавчих зуур би өөрийгөө хамгаалах гээд зүүн гараа өргөж хаахад миний заазуурын их хэсэг миний зүүн гарын шууны гадна хэсгийг цохисон. ...би хаалгаар гараад зугтаахад араас гартаа барьж явсан заазуурыг шидсэн. Би тэр үед оногдоогүй өнгөрсөн. ...Б.Г  хаалгаар гарах гэж хэд хэдэн удаа түлхээд хаалгаар түрж гарч ирэх үедээ гартаа гагнуурын элект род төмөр барьсан гарч ирээд дахиад намайг цохих гэж дайрсан. ...Би тэр чигт нь машинаа асаагаад зугтаад байгууллагын хашаанаас гарсан. ...надад учирсан хохирлын мөнгө болох 500.000 төгрөг Б.Г  барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62, 72 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний өглөө би 08 цагт ажил дээрээ ирээд гал тогоонд байж байсан. Ажилчид маань өглөө ирж цай уудаг юм. Тэгээд байж байхад 08:35 цаг Н.А  гэдэг манай жолооч орж ирээд 08:49 цагийн үед Б.Г  гаднаас эхнэр Баасанжавын хамт ирээд Б.Г  гал тогооноос Хуягаа хаана байна гэж асуухаар нь үйлдвэр дотор байгаа гэж хэлэхэд гал тогооноос заазуур аваад гарахаар нь би хорих гэхэд надаас тавиулаад гараад үйлдвэр орсон. Араас  нь яваад очиход үйлдвэр дотор Б.Г  Н.А ийг заазуураар цохиод буланд шахсан байсан. тэгээд Н.А  гараараа хаах шиг болоход зүүн гарын бугуйн хавьд цохисон. Тэгээд Н.А  гараад гүйхэд араас нь Б.Г  заазуураа шидсэн. ...Н.А  хашаанаас гараад гадаа машинаа барьж чадахгүй зогсохоор нь би машинаараа гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Ийм үйлдэл гарах болсон шалтгаан нь өчигдөр маргалдсанаас л болсон байх. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6841 тоот шинжээчийн “1. Н.А -н биед зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх, шуу ясны хугарал, шууны судас мэдрэлийн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай хамт ажилладаг найз нар болох Н.А , Г , Э , Н.А ийн дүү нар гээд дөрвөн жаахан хүүхдийн хамт заал аваад тоглосон. ...Э , Гочигдорж нартай би маргаан хийгээд машинаас гарсан. Тэгээд намайг Э боогоод унагаасан бөгөөд эргээд сэргэх үед Н.А  намайг гараас сэгсрээд сэрээсэн юм. ...маргааш нь би өглөө ажил дээрээ очоод нөгөө хэдтэй уулзах гээд цайны газар орсон. Гэтэл нэг нь ч байхгүй байхаар нь ширээн дээр ил байсан нэг ногоон өнгийн иштэй заазуур байхаар нь авч гараад айлгах зорилгоор аваад гарсан. Би гараад шууд үйлдвэрийн хаалгаар орох үед Н.А  үүдэн дээр таараад эргээд орсон. Би дотор ороод Н.А т та нар намайг яагаад зодож байгаа юм. Өөдгүй гарууд гадна хаяад явж байхдаа яадаг юм гээд хэлсэн. ...гал тогооноос авч гарсан нөгөө заазуураараа айлгах гээд хэд хэдэн удаа савчсан чинь гараараа хаах гээд байгаа бололтой өөдөөс гарын шуу хэсэгтээ цохиулсан ба энэ үед Н.А  хаалгаар гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 79, 81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 34-43 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас хохирогч Н.А ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г  нь хохирогч Н.А ийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон заазуураар цохиулснаас үүдэлтэй хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Г г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.А т хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн “...500.000 төгрөг бүрэн хүлээн авлаа” гэсэн тэмдэглэл /хэргийн 70 дугаар хуудас/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай “...санал гомдол байхгүй. Хөдөө орон нутаг руу ажлаар явах болсон тул шүүх хуралд очиж амжихгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Г  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Г д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргуулах зардалгүй, шүүгдэгч Б.Г  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО