Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           19                                      2020/ШЦТ/751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Б.Батнасан,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021331154 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “....” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 1,      тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах Икс-2 нэртэй пабын гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр хамар тус газарт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “Би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Б.Б  мэдүүлэхдээ “Би хагалгаанд орох гэхээр мөнгөний боломж байхгүй учраас орж чадаагүй. Б.Б өөс би мөнгө аваагүй. Миний хамрыг цохисныхоо дараа нилээн байж байгаад надад 150.000 төгрөг өгсөн. Намайг эмч хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Намайг залгахаар утсаа авдаггүй. Үеэлийнх нь гэрт нь байж байхад архи уугаад хоорондоо муудалцаад зодолдсон. Чамайг харахаар нүд хорсоод байна гээд гараараа 1 удаа цохисон. Надаас уучлалт гуйгаагүй. Би хамрын хагалгаанд ормоор байна. 760.000 төгрөг болно. Ор хоногийн мөнгөтэйгөө нийлээд 1 сая төгрөг болно. Үүнийг нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах Икс-2 нэртэй пабын гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр хамар тус газарт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Б ийн цагдаагийн байгууллагад гаргасан “...Б.Б  гэх энэ хүн намайг нүүр ам, биед минь удаа дарааллан хүрсэн. Аав ээжид минь согтуу ирж агсам тавьдаг. ...” гэсэн өргөдөл /хэргийн 3 дугаар хуудас/,

 

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч Б.Б ийн гар утсанд үзлэг хийсэн тухай “...Галлерей цэсний Довнлүэд гэх цэс рүү ороход зодуулсан байдлыг харуулсан зурагнууд байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-22 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би 17 цаг 30 минутын үед ажлаасаа гараад миний төрсөн дүү болох Удвалын гэрт 2 хүүхдээ орхисон байсан учраас хүүхдээ авъя гээд нөхөр болох Б.Б  рүү залгахаар утсаа авахгүй байхаар нь би байнга очиж тоглодог х2 нэртэй пабын доод давхарт очсон. ...Б.Б  гарч ирээд машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суугаад над руу чи пизда минь яахаараа машин авдаг юм чамайг харахаар нүд хорсоод байна гэсэн. Тэгэхээр нь би 2 хүүхдээ дүүгийндээ үлдээсэн биз дээ очиж авъя, усанд орчихсон даарна, цуг явъя гэхэд Б.Б  чиний юм байхгүй пизда минь буу гээд машинаас буугаад тойрч ирээд жолооч талын машины хаалга онгойлгоод үсдээд буулгах гэхээр нь би буугаагүй. Рульнээс нь зуурсан. Тэгсэн миний хамар руу гараа атгаад нэг удаа цохисон. ...Бид хоёр 2017 оноос хойш таарамжгүй харилцаатай болж хэрэлдэж маргалдах болсон. ...2017 онд юм байна бид хоёр бас маргалдаад намайг ор руу түлхэж унагаагаад хоолой боож зодоход нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Б.Б ийг эрүүлжүүлэх байранд оруулж байсан. Маргааш нь гомдол саналгүй гээд цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй. Өглөө өөрөө очоод авсан. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах х-2 пабын гадна зодуулсан. 2020 оны 4 дүгээр сард Б.Б  явалддаг хүүхэнтэйгээ манай гэрт 10 хоног амьдарсан байсан. Би тэр үед ажил ойрхон гээд аав ээжийнхээ гэрт байдаг байсан. ...бид хоёр маргалдаж эхлээд Б.Б  намайг шалан дээр түлхэж унагаагаад чиний юм гэж байхгүй, гэрээс хүүхдийнхээ хувцсыг аваад зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй гэсэн чинь намайг үсдэж чирээд гэрийн хаалгаар гаргаад гэрийн хаалгыг гаднаас нь түгжээд Б.Б  охиноо тэврээд явсан. Б.Б  буцаад 5-10 минутын дараа ирсэн. Би гэрийн илүү түлхүүрээр гэрээ онгойлгоод сууж байтал орж ирээд чи ямар даварсан гуйлгачин бэ гээд ор руу намайг түлхэж унагаагаад хөл рүү өшиглөсөн. ...Би хоёрдугаар эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан. Намайг шинжилгээ өгөөд хагалгаанд ор гэсэн. Хагалгаанд ороод 2 сар хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн. Би одоо мөнгөний боломжгүй учраас эмчилгээ хийлгэснийхээ дараа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-41 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Б ийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хэргийн 25-29 дүгээр хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн “...хүчирхийлэл үйлдэгч нь хохирогч болон гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлсэн, дарамталсан. ...” гэсэн үнэлгээ /хэргийн 30-33 дугаар хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх “...зодуулсан” гэх хуудас /хэргийн 35 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бямбабилэг л нуугаад хэлдэггүй байсан болохоос зөндөө зодож байсан. Манайд хэрэлдчихээд ирлээ гээд хувцсаа бариад ирэхдээ гар хөл нь хөхөрсөн харагддаг байсан. Б.Б  манайд ирээд агсам согтуу тавьдаг байсан. ...Ер нь байнга л зоддог байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр гэрт байж байхад төрсөн эгч Бямбабилэг 2 хүүхдээ авахаар ирсэн. Тэгэхэд нь нүүр нь хамраас нь цус гарсан, хамар орчмоороо хавдартай, 2 нүд нь улайгаад хавдчихсан, зовхины доод тал нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. ...Б.Б  ах, Бямбабилэг эгч хоёр байнга хэрэлдэж байдаг. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7108 дугаартай шинжээчийн

“1. Б.Б -н биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.  

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

“Өнө-Энх-Ачлал” эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн компьютер, томографийн дүгнэлт /хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би х2 пабын доор байрлах биллъяардны газарт тоглож байгаад 17 цагийн орчим гадаа гарахад миний машин байхгүй байсан. Бямбабилэгт машины илүү түлхүүр байдаг учраас би машин аваад явсан юм байна гэж ойлгоод Ганданд байрлах Бямбабилэгийн аавынх нь гэр рүү явж байтал урд талын гудамжинд миний машиныг уначихсан явж байсан. ...би машины түлхүүр авах гээд жолооч талын суудал руу тойрч очоод түлхүүрээ сугалаад авах гэсэн өгөхгүй урдаас цамц зулгаагаад ойртуулахгүй байсан. Тэгээд би чамтай ойлголцохгүй юм байна наад машинаа аваад явахгүй юу гээд жолооч талын хаалгыг баруун гараараа хаагаад явсан. Тэр үед л цохисон байх. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/

Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2020.07.21-ны өдрийн 1/848 дугаартай “ Б.Б нь тус эмнэлгийн Зөвлөх полклинкт 2019 оны 11 дүгээр сарын 01-нд чих хамар хоолойн мэс засал болон нүдний даралтын кабинетад, 2019 оны 11 дүгээр сарын 04-нд чих хамар хоолойн мэс засал, 2019 оны 11 дүгээр сарын 05-нд Нүдний кабинетуудад тус тус үйлчлүүлсэн болохыг уламжилж байна.” гэсэн албан тоот, холбогдох баримт /хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 10-11 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 73-74 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 75 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр ... хамтран амьдрагч” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлвэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б , хохирогч Б.Б  нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Б.Б ийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мэдүүлэгт /хэргийн 41 дүгээр хуудас/ “цаашид эмчилгээ хийлгэж байгаад зардлаа нэхэмжилнэ.” гэсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримт байхгүй байх тул хохирогч өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв

 

Шүүгдэгч Б.Б өд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО