Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           17                                      2020/ШЦТ/743

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005016690898 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар 07-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 756 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, С.Г  /РД:УХ67030116/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г  нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20 дугаар байрны урд талын хэсэгт байх ТҮЦ--нээс хохирогч Э.С ын эзэмшлийн “I phone-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г  мэдүүлэхдээ: “Өмнөх мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед архи уусан байсан болохоор өөрийн нэрээ худлаа хэлсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Г  нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20 дугаар байрны урд талын хэсэгт байх ТҮЦ-нээс хохирогч Э.С ын эзэмшлийн “I phone-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Сиди бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны газар нутагт байрлах Алтай хотхоны 20 дугаар байрны урд хэсэгт байрлах Ардын намын байрны гаднах хяналтын камерын бичлэгт ...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 35 минут 00 секундэд саарал өнгийн биеийн тамирын хувцастай, хар гуталтай, улбар шар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн 20 дугаар байрны урд хэсгээр зүүн хойд зүг рүү 12 цаг 35 минут 00 секундээс 12 цаг 35 минут 09 секунд хүртэлх гүйж байгаа бичлэг байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах Алтай хотхоны 20 дугаар байрны урд талын хэсэгт байх сүү мах зардаг ТҮЦ-д сонгууль болох гээд Ардын намын байрны 14 дүгээр байрыг тохижуулаад нэг ажилчины хамт байж байтал 12 цагийн үед гаднаас саарал өнгийн биеийн тамирын хувцастай, шар улаан шар малгайтай, 50 орчим насны бор царайтай намхандуу биетэй эрэгтэй хүн орж ирээд хүүхдээ ажилд оруулах гэсэн юм. Энд Ардын намын байр ажилд орж байгаа юм, энэ ТҮЦ-нээс би олон жил мах сүү авч байна. Сайхан тохижуулж байгаа юм байна, намайг Лувсан-Иш гэдэг. Би Алтай хотхоны 19 дүгээр байранд амьдардаг гэж хэлэхээр нь би ойлголоо, шаардлагатай бол тань руу эргээд холбогдоно гэж хэлээд ойр зуурын юм янзалж байх хооронд тэр хүн гараад явчихсан. Тэр хүнийг гарч явснаас хойш 5 минутын дараа ширээн дээр байсан миний эзэмшлийн ногоон өнгийн Ай фон-11 загварын гар утас алга болсныг мэдээд тэр хүнийг авчихлаа гэж бодоод тэр орчимоор нөгөө хүнийг хайж байтал 30 минутын дараа зүүн талаас нөгөө эрэгтэй хүн малгайгаа авчихсан анх өмсөж явсан хувцастайгаа хажуугаар явж байхаар нь би зогсоогоод та түрүүн манай ТҮЦ-нд орж ирсэн хүн байна. Таныг хэн гэдэг вэ? Хаана амьдардаг гэлээ гэж асуухад Алтай хотхоны 19 дүгээр байранд амьдардаг Лувсан-Иш гэдэг гэж хэлэхэд нь надтай хамт ажиллаж байсан Энхбаярыг дуудаад энэ хүнийг дагаад явж бай утас хулгай хийсэн хүн энэ байна. Цагдааг иртэл саатуулж бай гэж хэлээд өөрөө цагдаа дуудсан юм. Тухайн үед би яг утсаа хулгайд алдсанаа эргэлзээд машинд үлдээсэн байж магадгүй гэж бодоод хойш урагшаа явж байгаад таарсан юм. Тэр хооронд Энхбаяр тэр хүнийг торгоож чадаагүй алдчихсан юм. ...хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн анх орж ирсэн эрэгтэй хүн ТҮЦ-нээс гараад Алтай хотхоны 20 дугаар байрны зүүн хойд хэсгээр зүүн хойд зүг рүү хамаг хурдаараа гүйгээд явж байгаа бичлэг байсан юм. Тэгээд л энэ хүн миний утсыг хулгайлж аваад гүйчихлээ гэдэг нь тодорхой болсон. ...би анх утсаа Теди төвөөс 3.470.000 төгрөгөөр авсан. ...хохирол мөнгөө барагдуулмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч М.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Алтай хотхоны 20 дугаар байрны урд хэсэгт цагаан идээ зардаг ТҮЦ-ийг сонгууль гээд Монгол ардын намын байр байгуулах гээд Э.С ын хамт тохижуулаад байж байтал гаднаас 12 цаг дөнгөж өнгөрч байх үед саарал өнгийн биеийн тамирын хувцастай, улаан шар малгайтай бор царайтай, намхан биетэй, 50 орчим настай эрэгтэй хүн орж ирээд ...нээх сайн анхааралгүй байсан юм. Тэгсэн чинь нөгөө хүн чинь удалгүй гараад явчихсан юм. Тэгсэн Э.С ын гар утас алга болчихлоо гэхээр нь утас руу нь залгаж үзэхэд дуудаж байсан юм. ...намайг дээвэр дээрээс буугаад очих хооронд тэр хүн гэнэт алга болчихсон юм. Тэр орчмоор хайгаад олоогүй. ...ТҮЦ-ний камерыг шүүж үзэхэд ТҮЦ-нээс гараад зүүн хойд зүг рүү гүйж байгаа бичлэг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Ай Фон-11 загварын гар утсыг 3.100.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай хотхон”-ы 22 дугаар байрны 37 тоот гэрээсээ гарч ирээд байж байтал байрны зүүн талд ...0,5 литрийн Хараа нэртэй архи байхаар нь түүнийг авч ганцаараа уугаад тэндээсээ Барс захын орчимд очоод 2 хүн архи хувааж ууж байхаар нь нийлж ууж дуусгаад жаахан согтчихоод гэртээ харих гээд явж байх үед 20 дугаар байрны урд талд ТҮЦ байсан бөгөөд тэр ТҮЦ- рүү ороод гар утас авсан гэж яригдаад байна. Гэхдээ би тэр утсыг авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болсон асуудлын талаар огт санахгүй байгаа юм. ...Би өөрийн хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 75-82 дугаар хуудас/, шүүгдэгч нь эмчийн хяналтад байгаа гэх баримт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Г  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, бусдын эзэмшлийн 3.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-11” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г  нь хохирогч Э.С ын эзэмшлийн 3.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Тиймээс шүүгдэгч С.Г ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.С т 3.100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар 3.100.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч хохирол төлбөрт хохирогчид 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчээс 2.100.000 төгрөг гаргуулж хохирогч Э.С т олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүхээс шүүгдэгч С.Г ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба хохирол төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон дээр дурдсан бусад нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Г ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г ийг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Г т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г аас 2.100.000 төгрөг гаргуулж хохирогч Э.С т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО