Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй

              Хариуцагч: ОАЗДДБТСГ-т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “БТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Биеийн тамир, спорт дасгалжуулалтын албаны даргын ажилд сэргээн тогтоохыг даалгаж, цалингийн зөрүү 4.466.941 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0033/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.С, хариуцагч Н.З, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Д нь 2009 оны 12 дугаар сард АЗДДБТСГ-ын спорт, сургалт дасгалжуулалтын албанд төрийн албаны сонгон шалгаруулалт өгч тэнцэн Орхон аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 12 тоот дүгнэлтээр спорт дасгалжуулалтын албаны даргын албан тушаалд нэр дэвшиж, 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БТСГ-ын 1/12 тоот тушаалаар 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 сар хүртэл ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар ТҮ-6 гэсэн ангилалд мэргэжилтнээр томилж албан тушаалын ангилал буурсан. Ингээд уг тушаалын талаар Орхон аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд хандахад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар намайг албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийн талаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 21 тоот төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс БТСГ-ын дарга Н.З-т уг тогтоолын биелэлтийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай 104 тоот албан бичиг явуулсан боловч миний асуудлыг шийдвэрлэсэнгүй. Манай байгууллагад зайлшгүй байх ёстой орон тоо гэж байгаа. Энэ бүтэц, орон тоо нь цаашдаа энэ байгууллагад хэрэгтэй. Бүх аймгууд ийм бүтцээр явж байгаа. ОАЗДДБТСГ-т холбогдох БТСГ-ын дарга Н.З-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тушаалаар самбо жудо бөхийн дасгалжуулагч ажилтай болсон. Д.Б даргатай уулзаж энэ бүтцийн талаар асууж үзсэн. Тэгэхэд би танай бүтэц дээр өөрчлөлт хийгээгүй. Танай дарга өөрөө санал оруулж ирсэн гэж хариулсан. Төрийн захиргаа-6 гэсэн ангиллаар ажиллаж байгаад дасгалжуулагч болоод төрийн үйлчилгээ-6 гэсэн ангилалд орсноор цалингийн зөрүү үүссэн байгаа. Энэ цалингийн зөрүүг гаргуулах хүсэлтэй байна. Мөн уг албан тушаал бууруулан томилсон тушаалыг хүчингүй болгоод спорт, дасгалжуулалтын албаны даргаар томилохыг даалгаж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Спорт, дасгалжуулалтын албаны дарга нь тухайн албаа удирдан зохион байгуулж хариуцдаг байсан. Ажил үүргийн хувьд самбо, жудо бөхийн дасгалжуулагчийн ажлаа өөрөө хийдэггүй байсан. Удирдан зохион байгуулахтай холбоотой ажлаа хариуцаад явдаг байсан. Анх дээрээс ирсэн бүтэц гэж танилцуулсан. Тэгээд үнэхээр дээрээс ирсэн бүтэц гэж бодоод явсан. Нэг удаа Улаанбаатар хотод сургалтад сууж байхдаа манайхыг хариуцсан бодлого хэрэгжилт хариуцсан даргаас миний ажиллаж байсан албан тушаал ийм боллоо гэж асуухад бид төрийн захиргаа болгох гэж хөөцөлдөж байхад танайх яахаараа ингэдэг юм бэ? гэж байсан. Би Улаанбаатар явахдаа энэ талаар мэдсэн.

Намайг ахлах дасгалжуулагч болгох талаар ярилцсан. Тэгээд ахлах дасгалжуулагч болсон ч төрийн захиргаа болгож чадахгүй гэж хэлсэн. Миний хувьд зөвхөн тэр албан тушаал дээр би ажиллахдаа гол нь биш энэ орон тоо төрийн захиргаа байх ёстой. Алба гэж байгаад үйл ажиллагаа явуулахгүй бол хүнд байдалтай байгаа учраас ингэж байгаа. Төрийн захиргаа болговол нэхэмжилж буй үнийн дүнгээсээ татгалзах болно” гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ОАЗДДБТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалыг илт хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүй болгож, Д.Д-ын 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар томилогдон ажиллаж байсан Спорт, дасгалжуулалтын албаны даргын ажилд сэргээн тогтоож өгөх, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар зэрэглэл бууруулснаас болж гарсан цалингийн зөрүү 4.469.941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаал бол Спорт, дасгалжуулалтын албаны даргын албан тушаалаас шууд бууруулаад дасгалжуулагч болсон. Энэ тушаал нь өөрөө хуулийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Үүнд ОАЗДДБТСГ-ын дарга Н.З дасгалжуулагчийн албан тушаалд томилохдоо өмнөх ажлаас нь чөлөөлөхгүйгээр шууд дасгалжуулагчаар томилсон нь буруу гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тайлбараар хууль зөрчсөн алдаатай тушаал, захиргааны акт гаргасан гэдэг нь харагдаж байна. Энэ дасгалжуулагчийн ажилд томилохдоо цалингийн фонд, төсөв хүрэлцээ муу учир гэж тайлбарлаж байгаа ч яг ямар баримтаар дээд газар буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж очсоноос хойш ОАЗДДБТСГ-ын бүтцийг өөрчил гэснээр ийм тушаал гаргах болсон гэж байна. Гэтэл үүнийг нотолсон тухайн эрх бүхий газрын бүтэц, орон тоог өөрчлөх, цалингийн санг багасгах, нэг орон тоогоор бууруулах албан ёсны баримт байхгүй байна. 2014 онд баталсан бүтцээс харвал ОАЗДДБТСГ нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн алба, спорт, дасгалжуулалтын алба гэж 2 алба ажилладаг. Уг 2 албаны дарга нь төрийн захиргаа-ны албан тушаал байна. Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн албаа үлдээгээд спорт, дасгалжуулалтын албаны даргын орон тоог дасгалжуулагч болгон томилсон. Энэ үйл ажиллагаа нь хуулийг дээдлэх үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Нэгэнт илт хууль бус актыг хууль бусад тооцож хүчингүй болгож өгөөч. Төрийн албаны дээд байгууллага болох төрийн албаны зөвлөл энэ асуудлыг хянаж шийдвэрлээд тухайн тушаалыг хууль бус, хууль зөрчсөн байна гэж үзсэн. Илт хууль бус акт гэж үзэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байна гэв.

         Хариуцагч Н.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймаг, орон нутгийн БТ, СГ-уудын дарга нь төрийн захиргааны албан тушаалтнаар ажилладаг бөгөөд манай байгууллага шиг төрийн захиргааны 3 орон тоотойгоор ажилладаггүй билээ. Энэ бүтцийг бий болгох талаар миний бие олон жил хөөцөлдөж батлуулсан юм. Спортын салбар нь ЭМСЯ-нд харьяалагдаж байгаад удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ЭМШУСЯ-нд харьяалагдсантай холбоотойгоор манай байгууллагын төрийн захиргааны орон тоо илүү байгаа талаар яригдаж эхэлсэн. 2016 оны эдийн засаг, санхүүгийн хямралын үед дээд байгууллагаас болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас цалингийн фондтой уялдуулан бүтэц, орон тоогоо батлуулж, хямралгүй ажиллах талаар удирдах ажилтнуудын зөвлөгөөнд удаа дараа үүрэг, даалгавар өгч манай байгууллагын 2017 оны цалингийн санг 1 хувиар бууруулсан. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/06 тоот захирамжийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд санхүүгийн хямралгүй ажиллах үүднээс 2017 оны бүтцийг шинээр батлуулан ТЗ-6-аар ажиллаж буй 1 орон тоог ТҮ-6, ТҮ-6-аар ажиллаж буй 1 орон тоог ТҮ-5 болгон өөрчилж, батлагдсан цалингийн фондод багтаан байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүйгээр ханган ажиллаж ирсэн. Миний бие нь дээрх аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Анхнаасаа манай байгууллагын бүтэц төрийн захиргаа гэдэг орон тоотой байгуулагдсан эсэхийг шалгаж харах хэрэгтэй. Хэрэв аймгийн Засаг дарга хуучин бүтцээрээ байх боломжтой гээд батлаад өгвөл би хүлээн зөвшөөрч үүргээ биелүүлнэ. Энэ хүний эрхийг боож, хаах эрх надад байхгүй. Засаг даргын баталсан бүтцээр л явж байгаа. Төрийн албаны салбар зөвлөлд би өөрөө хариу албан бичиг хүргүүлсэн. Үүнд танайх өөрсдөө энэ бүтэц орон тооны асуудал дээр анхаарч үзнэ үү? гэж тайлбарласан. 2016 оны сонгуулийн дараа цалингийн фондыг жил тутам хасаж ирсэн. Би бүтцийн санал оруулсан. Яагаад гэвэл цалингийн фонд хассан учраас үүндээ тохируулсан. Би үүнийг мэдэж дураараа хасаж нэмэх боломж байхгүй. Би цалингийн фондод тохируулаад бүтцийн саналаа оруулж үүргээ гүйцэтгэж байгаа. Цаанаас өгсөн орон тооны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Засаг дарга надаас асуусан. Миний санал оруулсан бүтэц дээр гол шийдвэр гаргаж үүрэг өгөх ёстой хүн бол Засаг дарга. Цалингийн фондоо нэмээд шийдвэрээ гаргаад өгвөл татгалзах зүйл байхгүй. Харин Төрийн албаны салбар зөвлөл надад тайлбарласан процессийн хувьд алдаа гаргасан байна. Төрийн захиргааны албан тушаалаас нь халахгүйгээр шууд томилсон байна гэж тайлбарласан. Эхлээд төрийн захиргаа гэсэн албан тушаалаас нь халаад төрийн үйлчилгээ рүү томилох байсан байна лээ. Эрх зүйн хувьд ийм шийдвэр гаргах ёстой байсан байна лээ. Халаагүй шууд шилжүүлсэн байсан. Д.Д нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээрээс гэдгийг юу гэж ойлгох нь хувь хүний асуудал байх. Энэ бол Засаг даргын баталсан бүтэц байгаа. Хуучин бүтцээ батлуулаад албан ёсны болговол асуудал байхгүй. Засаг дарга бүтэц баталсан. Дээрээс ийм сүлжээгээр цалинж гэсэн байгаа. Үүнийг солих нь миний мэдэх зүйл биш. Миний гаргалгаа бол цалингийн сүлжээг ахиулах боломж, эрх байхгүй учраас ахлах дасгалжуулагч гэж орон тоо гаргаад цалингийн хувиа аваад ажиллах боломж байгаа талаар хэлсэн. төрийн үйлчилгээ хэвээрээ байж ахлах мэргэжилтэн болно гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Д нь ОАЗДДБТСГ-т холбогдуулан “БТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Биеийн тамир, спорт дасгалжуулалтын албаны даргын ажилд сэргээн тогтоохыг даалгаж, цалингийн зөрүү 4.466.941 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

             Д.Д нь ОАЗДДБТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэснээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааны дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс Д.Д-ын гомдлыг хянаж үзээд ОАЗДДБТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Д.Д нь ОАЗДДБТСГ-ын Спорт, сургалт дасгалжуулалтын албаны даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч байсан болох нь тус газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/12 дугаартай тушаал, төрийн захиргааны албан хаагчийн тангараг, Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна.

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/06 дугаар “Биеийн тамир, спортын газрын бүтэц, ажиллах журам батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “ОАЗДДБТСГ-ын орон тоо, бүтэц, зохион байгуулалт”-аар Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/83 дугаар “Журам батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан бүтэц, орон тоо өөрчлөгдөж, Спорт, сургалт дасгалжуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо буюу Д.Д-ын ажиллаж байсан төрийн захиргааны албан тушаалын орон тоо хасагдсан байна.

Орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд тухайн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бий болно.

Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 /Төрийн жинхэнэ албан хаагч...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө/-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүтэц, орон тооны өөрчлөлт орж, тухайн төрийн жинхэнэ албан тушаалын орон тоо хасагдсан учраас Д.Д-ыг тухайн төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.

Гэтэл ОАЗДДБТСГ-ын дарга Н.З нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан нь буруутай боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.

Учир нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөний улмаас Д.Д-ын ажиллаж байсан Спорт, сургалт дасгалжуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо үгүй болжээ.

Тодруулбал, ОАЗДДБТСГ-ын бүтэц орон тоог Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/06 дугаартай захирамжаар баталсан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүтэц, орон тоо нь хасагдсан, орон тоо нь үгүй болсон ажлын байранд өмнө ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг эгүүлэн тогтоох боломжгүй юм.

ОАЗДДБТСГ-ын дарга Н.З нь Д.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг самбо, жудо бөхийн дасгалжуулагчийн албан тушаал буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар цалингийн хэмжээг тогтоож, түүнийг ажлын байраар хангаж, цалин хөлс олгож байгааг буруутгах үндэслэлгүй тул ОАЗДДБТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 /Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно/ дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын орон тоо хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлж, түүнийг төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан гэж үзэхээр байна.

ОАЗДДБТСГ нь Д.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар цалин хөлсийг тогтоож олгосон нь түүнийг захиргааны санаачлагаар албан тушаал буруулах буюу төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан зохицуулалтад хамаарахгүй.

          Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 /Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно/-т зааснаар дээрх үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогддог тул тухайн бүтэц, орон тоо нь хасагдсан албан тушаалын ажлын байрыг дахин бий болгосон тохиолдолд Д.Д нь уг албан тушаалын сул орон тоонд нөөцөөс нэр дэвших эрх нээлттэй болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын ОАЗДДБТСГт холбогдуулан гаргасан “БТСГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Биеийн тамир, спорт дасгалжуулалтын албаны даргын ажилд сэргээн тогтоохыг даалгаж, цалингийн зөрүү 4.466.941 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар  зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.УУГАНЦЭЦЭГ