Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

     2020           8           24                                   2020/ШЦТ/758 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Х.Х-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овогт Б-ын Дд холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ___ дугаарын регистртэй, Баатар овогт Б-ын Д.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын замд Тоёота Приус 20 маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Би хохирогч Х- эгчээс уучлалт хүсэж байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн ээж шиг хүнийг гэмтээсэндээ их харамсаж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 13-ны оройн 21 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын замд өөрийн эзэмшлийн автомашинтай явж байтал гарцаар гарч байсан хүнийг анзаараагүй очиж мөргөөд тоормос гишгээд зогссон. Тэгээд машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиж зүгээр үү гэж  асуухад тухайн мөргүүлсэн хүн ёолоод байсан. Тэгээд түргэн ирж байгаа шүү гэж хэлээд 102,103-т дуудлага өгсөн. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 121-122/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Х-гийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажил тараад гэртээ оччихоод гэрээс 2 хүүхдийн хамт гараад гэмтлийн хойд талын эмийн сан орох зорилгоор гарцаар гартал цагаан гэрэл асаасан хурц гэрэлтэй машин шууд орж ирж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. 1-8-р үеийн хавирга хугарал, хүзүү С-1 яс хугарсан нугас руу орсон, элэг бяцарсан, цус алдсан, хагалгаанд орсон, 1 гарын бугалга хугарсан, аарцаг хугарсан, толгой дээр гэмтэлтэй, үс унаж байгаа. Их гомдолтой байна, бүрэн эдгэрмээр байна. Би одоог хүртэл эмчилгээ байнга хийлгэж байгаа, хагалгаанд орно өөрийн хүүхэд болон би өөрөө ажлаасаа гарсан болохоор 20 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Х.Х--н биед хүзүүний 1-р нугалмын их бие, зүүн хөндлөн нүхийг хамарсан бяцарсан хугарал, баруун, 2,3,4,5,6,8-р хавирга, зүүн 3,5-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хуралт, элэгний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, нойр булчирхай, нарийн гэдэсний чацархай, давсагны хананы няцрал, зүүн умдаг, суудал ясны хугарал, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 100-101/,

 

Мөрдөгчийн:

1. Toyota prius-20 маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-ын Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Хавтгай овогтой Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болон гэх үндэслэлгүй байна гэх магадлагаа /хх-н 127/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-н 13/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 16/,

- Хохирлын баримтууд /хх-н 25-38, 137-141/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 60, 61, 125, 126/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 70-89/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын замд Тоёота Приус 20 маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Х-г мөргөж, биед хүзүүний 1-р нугалмын их бие, зүүн хөндлөн нүхийг хамарсан бяцарсан хугарал, баруун, 2,3,4,5,6,8-р хавирга, зүүн 3,5-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хуралт, элэгний язрал, хэвлийн хөндийд цус хуралт, нойр булчирхай, нарийн гэдэсний чацархай, давсагны хананы няцрал, зүүн умдаг, суудал ясны хугарал, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...2020 оны 6 дугаар сарын 13-ны оройн 21 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын замд өөрийн эзэмшлийн автомашинтай явж байтал гарцаар гарч байсан хүнийг анзаараагүй очиж мөргөөд тоормос гишгээд зогссон. Тэгээд машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиж зүгээр үү гэж  асуухад тухайн мөргүүлсэн хүн ёолоод байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Х-гийн “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажил тараад гэртээ оччихоод гэрээс 2 хүүхдийн хамт гараад гэмтлийн хойд талын чин балаг эмнэлгийн эмийн сан орох зорилгоор гарцаар гартал цагаан гэрэл асаасан хурц гэрэлтэй машин шууд орж ирж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. 1-8-р үеийн хавирга хугарал, хүзүү С-1 яс хугарсан нугас руу орсон, элэг бяцарсан, цус алдсан, хагалгаанд орсон, 1 гарын бугалга хугарсан, аарцаг хугарсан, толгой дээр гэмтэлтэй, үс унаж байгаа...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7035 тоот дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хохирлын баримтууд, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Х.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 3,628,028 төгрөг гаргуулж хохирогч Х.Х-д олгож, хохирогч Х.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд түүнд хорихоос өөр төрлийн ял буюу тэнсэх арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Дгийн 657521 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баатар овогт Б-ын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 3,628,028 төгрөг гаргуулж хохирогч Х.Х-д олгож, хохирогч Х.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Дгийн 657521 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ