Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/289

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн 2038000000325 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М.

Монгол улсын иргэн, Т.Б.

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэр “Бага Их-Уулын ар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8.4 м.куб хэмжээтэй түлээний зориулалттай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь бүлэглэн түлшний мод бэлтгэх зорилгоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэр “Бага Их-Уулын ар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, шүүгдэгч Т.Б-ийн ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактороор цагаалж, шүүгдэгч Т.Б- өөрийн эзэмшлийн “Киа бонго-Ж3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, шүүгдэгч Б.М- өөрийн эзэмшлийн “Портер” маркын ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 15.054.567 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14 дүгээр хуудас/,
  • Түлшний зориулалтаар бэлтгэсэн 4.8 куб метр мод, “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг, “Киа бонго-Ж3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-18 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг Бага Их-Уул гэх газарт хууль бусаар иргэд мод бэлтгэж байна гэх дуудлагаар хариуцсан байгаль хамгаалагч Э нар экологийн байцаагчийн хамт явж үзлэг шалгалт хийгээд хууль бусаар мод бэлтгэсэн иргэдийн тээврийн хэрэгсэл, машиндаа ачсан модны хамт Тариалан сумын тамгын газрын хашаанд авчирч журамласан байсан. ЗДТГ-н албан тоотоор уг хэрэгт хохирогчоор оролц гэж томилсон тул уг хэрэгт хохирогчоор оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө манай урд байдаг айлын ах нэрийг нь сайн мэдэхгүй Э- гэж дууддаг манайд ирээд мод хийе гээд аавыг трактортай нь аваад тэр хоёр гэрийн урд талын мод руу явсан. Тухайн өдөр 2 пронтер мод бэлдэж тэр орой нь аваад явсан. Мод ачилцах үед нь би хамт явж ачилцсан. Хоёр машинаар ачсан ба нэг Вонго жи 3 гэдэг манай аавын машин. Нөгөө машин нь урд айлын Э- ахын машинаар ачаад Э- ахын хаваржааны ард талд аваачиж буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  •    “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Д.Даваачимэгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай: “...Иргэн Б.М-ын бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 2.280.864 төгрөг, ...иргэн Т.Б-ийн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 2.737.325 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зураг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
  • “Хуандай Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.710.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
  • “Киа Бонго Ж-3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.900.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • ... ХӨВ улсын дугаартай бага оврын тракторыг 1.666.640 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  • Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний “2.280.864х3=6.824.592, 2.737.325x3=8.211.975” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 84 настай хадам ээж Д, хөгжлийн бэрхшээлтэй эгч М нарт өвлийн түлшний модыг нь бэлтгэж өгөхөөр ойролцоо нутаглаж байсан Б-н хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг Бага Их-Уулын ар гэх газар луу мод бэлтгэхээр явсан. Модоо цагаалахаар Б-ийн пад трактор машиныг авч явсан. Модонд очоод би цахилгаан хөрөөгөөр 6 босоо мод огтолж, 7 унанги мод тайрсан. Т.Б- ярлах, машинаар цагаалах ажлыг хийсэн. Модоо бэлтгэж дуусаад Т.Б- бид хоёр өөрсдийн тус тусын машинаар түлээгээ ачиж манай хаваржааны хащаан дээр буулгасан юм. ...Би түлээний модны гоожин, эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ойролцоо нутаглаж байсан Б.М-ын хамт отор нүүдэл эхлэхээс өмнө өвлийн түлшний модоо бэлтгэж авахаар болж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Бага Их-Уулын ар гэх газраас мод бэлтгэхээр Б.М-ын цахилгаан хөрөөг аваад би өөрөө пад трактороо жолоодоод мод руу явсан. Модонд очоод 5 мод унагааж, 6 ширхэг унанги модыг 160 сантиметрийн хэмжээтэй бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо тэр оройдоо Б.М- бид хоёр тус тусын машинаар ачиж тээвэрлээд Б.М-ын хаваржааны хашаан дээр буулгасан. ... Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/
  • 2019 оны мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 91 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 94 дүгээр хуудас/,
  • Ж.С, М.С нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 95 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Т.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/,
  • 2019 оны мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,
  • Б.О, М.М, Б.Ж нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87-88 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь бүлэглэн түлшний мод бэлтгэх зорилгоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэр “Бага Их-Уулын ар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, шүүгдэгч Т.Б-ийн ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактороор цагаалж, шүүгдэгч Т.Б- өөрийн эзэмшлийн “Киа бонго-Ж3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, шүүгдэгч Б.М- өөрийн эзэмшлийн “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 15.054.567 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Ойн тухай хуулийн 3.1.1-д “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг; 3.1.2-д “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг” гэж заасан байх тул ойгоос хууль бусаар бэлтгэсэн мод нь бүхэлдээ ойн санд хохирол учруулсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Б.М-, Т.Б- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 15.054.567 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.200.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын төрийн сангийн 100171000988 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 114-115/-г шүүх хуралдаанд гаргаж өгсөн,

 Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 5.018.189 төгрөгийн үнэлгээтэй 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт 5.018.189 төгрөгт тооцон шилжүүлж,

мөн шүүгдэгч Б.М-, Т.Б- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг, “Киа бонго-Жи-3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол төлбөрт тооцож, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл

болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлоос 2.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь ойн санд учруулсан 5.018.189 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.054.567 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйгээс 2.200.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдсэн хохирлыг төлж барагдуулах талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 5.018.189 төгрөгийн үнэлгээтэй 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг, шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн  “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.Б-ийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг, “Киа бонго-Ж3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 5.018.189 төгрөгийн үнэлгээтэй 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг,

Мөн шүүгдэгч Б.М-, Т.Б- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг, “Киа бонго-Ж3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол төлбөрт тооцож, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.М-, Т.Б- нар нь хохиролд нийт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 5.018.189 /таван сая арван найман мянга нэг зуун наян ес/ төгрөгийн үнэлгээтэй 8.8 м.куб хэмжээтэй шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол төлбөрт тооцож Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгохыг,

 мөн шүүгдэгч Б.М-, Т.Б- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ... ХӨВ улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг, “Киа бонго-Жи-3” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол төлбөрт тооцож, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-, Т.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ