| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0072/Э/ |
| Дугаар | 74 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 74
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Д-д холбогдох 2016000820077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт М-н Д.
Шүүгдэгч М.Д-н Б гэх хүний нэрийг ашиглан Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Ш.Л-г хуурч 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 09-ний өдөр 40.000 төгрөг, нийт 90.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Бугат сумын хүнээс эхлээд 50.000 төгрөг, дараа нь 40.000 төгрөг, нийт 90.000 төгрөг авсан. Энд нэг хэрэгт холбогдоод байцаагдаад нутаг руугаа явж чадаагүй байж байгаад дараа нь 90.000 төгрөгөө төлсөн ... Тухайн үед мөнгөний хэрэг болоод таньдаг хүнийхээ нэрийг бариад авсан ... Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэл оноож өгнө үү? ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ш.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед миний 9999999 дугаарын утас руу 9999999 дугаараас залгаад “Лхааяа ахаа Б ах намайг тантай яриад ир гээд сүлжээ рүү явууллаа. Б ах өөрөө сүлжээнд гарч чадахгүй байна гээд яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа 2, 3 хоногоос сумын төв орохоороо танд мал өгье гэж байна. Та 5555555555 тоот данс руу 50.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж байна” гэж хэлээд 50.000 төгрөг шилжүүлж авсан юм. 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед мөн адил миний 9999999 дугаарын утас руу 9999999 дугаараас залгаад “Лхааяа ахаа би өчигдөр ярьсан Б ахын дүү нь байна. Б ах 2 хоногоос сум ороод тантай уулзана гэнээ тэгээд таныг дахиад 555555555 тоот данс руу 40.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж байна” гэж хэлээд 40.000 төгрөг шилжүүлж авсан юм. Тэгээд маргаашнаас нь буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл 9999999 дугаар нь орох ярианы эрх хаагдсан гээд байгаа. Б нь сумын төв дээр ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би Бтай уулзаад болсон зүйлийн талаар яриад мөнгөө асуухад Б “би тийм юм мэдэхгүй, бас хүн яриулаагүй, та энэ асуудлаа шийд, би бол мэдэхгүй байна” гэж хэлсэн юм... Би Б гэдэг хүнийг бол танина, харин дүү гэсэн хүнийг нь танихгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ10-12/,
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн Хаан банкны 5555555 дугаарын дансыг мэдэх үү гэсэн асуултад хариулсан “... Би мэднэ. Миний дүү Г-н дансны дугаар байна. Би хамтран эзэмшигчээр байдаг... Миний дүү Г-д карт нь байдаг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ18-19/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г, Г-н эхнэрийх нь төрсөн дүү Га, Га-н нөхөр Н бид 4 “Аялгуу” гэдэг караокед хамт орсон. Тэгээд бид 4 хүний 2 ширхэг лаазтай пиво уугаад сууж байхад нэг залуу орж ирсэн... Тэр залуу над руу ирээд ах би нэг хүнээс мөнгө авах гэсэн юм. Надад карт байдаггүй, та дансныхаа дугаарыг хэлээд өгөөч тэгэх үү? гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу бид 2 гараад төв гудамд байдаг Хаан банкны АТМ-ээс тэр залуу миний Хаан банкны картыг аваад мөнгө авсан. Мөнгөө авчихаад бид 2 салаад явсан. Түүнээс хойш таараагүй...камерийн бичлэг дээр байгаа 2 хүний нэг нь би байна. Тэр мөнгө авсан залууг харсан хүн байна. Нэрийг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /ХХ20-22/,
Шүүгдэгч М.Д-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Фэйсбүүк дээрээс мал худалдаж авна гэсэн Л гэх хүний тавьсан зарыг харж гар утасны дугаар болох 9999999 гэсэн дугаар луу нь залгаж “Би Б-н дүү байна. Та мал авч байгаа юм уу, Б ах намайг тантай яриадах гэсэн юм” гээд худлаа зохиож ярьж, хууран мэхэлж эхлээд 50.000 төгрөгийг Г гэж таньдаг хүнийхээ Хаан банкны данс руу хийлгэж авсан. Дараа нь дэлгүүрийн худалдагч эмэгтэйн Хаан банкны данс руу 40.000 төгрөг хийлгэж авч залилсан. Би Л гэж хүнтэй утсаар ярихдаа Бугат сумын танил ах болох Б гэж хүний нэрийг барьж худал ярьж, хууран мэхэлж мөнгө авсан ... “ гэсэн мэдүүлэг /ХХ74-76/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ34-36/, Хаан банкны 55555555 тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ68/, бэлэн мөнгөний машинаас картаар мөнгө авч байгаа үеийн бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д-н 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 09-ний өдөр 40.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг танил Б гэдэг хүн нь зээлж байгаа мэтээр хуурч 2 удаагийн үйлдлээр бусдын дансанд шилжүүлүүлэн авч, хохирогч Ш.Л-д 90.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна
Энэ нь Л, Б гэх хоёр хүний хоорондын итгэлт харилцааг нь ашиглан Б гэх хүний нэрийг барин түүнийг зээлж байгаа мэтээр хохирогчид ойлгуулан 2 удаагийн үйлдлээр 90.000 төгрөгийг хохирогч Ш.Л-с бусдын дансанд шилжүүлүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.Д-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч М.Д-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Д-д сануулсугай.
5. Шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА